2023
Мормоны Номын 72 ширхэг хувийг хуваалцсан нь
2023 оны 9-р сар


“Мормоны Номын 72 ширхэг хувийг хуваалцсан нь,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Мормоны Номын 72 ширхэг хувийг хуваалцсан нь

Намайг Мормоны Номын тухай ярихаар ам нээх бүрд Ариун Сүнс надтай хамт байв.

Зураг
Мормоны Номын хувиуд бүхий хайрцаг

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

КОВИД-19 цар тахлын үеэр, нөхөр Клодыгоо амьсгал хураах хүртэл бид түүнийг гэртээ асрах боломжоор адислагдсан юм. Хүүхдүүд маань мөн би түүнийг тэнгэр дэх гэртээ тайвнаар очих хүртэл нь асарсан.

Өмнө нь Клод бид хоёр битүүлсэн саравчаа түүнд тав тухтай байлгахын тулд шаардлагатай бүх зүйлийг багтаах боломжтой асаргааны өрөө болгон засах эсэх талаар залбирч байсан юм. Бид тийнхүү үйлдэх хэрэгтэй гэсэн баталгааг хүлээн авсан.

Саравчаа шинэчилж засахын тулд хэд хэдэн ажилчныг гэртээ оруулах шаардлагатай болов. Аз болоход, саравч маань хойноосоо ордог хаалгатай байсан тул ажилчид манай гэрийн үндсэн хэсгээр дамжилгүйгээр тийш орж, гарч болдог байлаа. Энэ нь КОВИД-19-ийн хязгаарлалтын үед агуу адислал байв.

Клодын өрөөг барьж дууссаны дараа сувилагчид өдөр бүр ирдэг боллоо. Тэд эелдэг, хайраар дүүрэн байхын сацуу Клодыг тав тухтай байлгахын тулд бидний юу хийх хэрэгтэйг мэддэг байсан.

Намайг Сүмд нэгдэх үед Сүмийн гишүүн бүр номлогч гэж надад заасан байлаа.1 Би сайн мэдээг хуваалцах дуртай учраас 24 ширхэгтэй Мормоны Номын багцаас гурвыг захиалж авсан. Манай гэрт орсон хүн бүрд би нэг ном бэлэглэнэ гэж амлав.

Өөрийн дарсан Солт Лэйк ариун сүмийн гэрэл зураг бүхий картуудаар ном бүрийн чухал хэсгийг тэмдэглэж, нүүрэн тал дахь хоосон хуудсан дээр гэрчлэлээ наалаа. Тэгээд ажилчид болон сувилагчдад номоо өгөхийн өмнө Мормоны Ном гэж юу болох талаар тайлбарлаж өгөв.

Тэдний хариу үйлдэл намайг ихэд баярлуулж, гайхшируулсан. Ганц л хүн номыг авахаас татгалзсан ба бусад нь энэ тухай сонсох хүсэлтэй байв. Зарим нь Мормоны Номын талаар мэддэг төдийгүй авахыг хүсэж байсан тухайгаа ярьж, надад маш их талархсан. Хэд хэдэн хүн баярласандаа бүр намайг тэвэрч авсан.

Мормоны Номын тухай ярихаар ам нээх бүрд Ариун Сүнс надтай хамт байсан учраас ийм зүйл болсон нь гарцаагүй гэдэгт би итгэсэн. Ажилчид болон сувилагчид Сүнсийг мэдэрсэн гэдэгт би итгэлтэй байна. Би 72 номоо бүгдийг нь тарааж дуусаад, саяхан дахин 24 ном захиалсан.

Эх сурвалж

  1. Марианн Холман, “‘Every Member a Missionary’ for 50 Years”, Ensign, 2009 оны 4-р сар, 77-г үзнэ үү.

Хэвлэх