Семинар
123-р хичээл—Сургаал ба Гэрээ 110, 1-р хэсэг: Аврагч ариун сүмд гэгээнтнүүддээ Өөрийгөө үзүүлэх болно


“123-р хичээл—Сургаал ба Гэрээ 110, 1-р хэсэг: Аврагч ариун сүмд гэгээнтнүүддээ Өөрийгөө үзүүлэх болно,” Сургаал ба Гэрээ семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 110, 1-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

123-р хичээл: Сургаал ба Гэрээ 109–110

Сургаал ба Гэрээ 110, 1-р хэсэг

Аврагч ариун сүмд гэгээнтнүүддээ Өөрийгөө үзүүлэх болно

Христ Көртландын ариун сүмд үзэгдсэн нь

1836 оны 4-р сарын 3-нд Их Эзэн Есүс Христ Көртландын ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдэж, “энэ өргөөнд [Өөрийгөө] өөрийн хүмүүст … үзүүлнэ” (Сургаал ба Гэрээ 110:7) гэсэн амлалтаа биелүүлэв. Энэ амлалт өнөөдөр ч бидэнд хамаатай. Энэ хичээл суралцагчдад бидний зохистой байдал биднийг Их Эзэнд Түүний ариун сүмд ойртоход хэрхэн бэлтгэдгийг ойлгоход тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хэрэв та Аврагчтай хамт байсан бол

Хичээлийг эхлүүлэхдээ суралцагчдыг Аврагч Есүс Христтэй биечлэн уулзах боломж олдсон байна гэж төсөөлөхөд урь.

Эсвэл та эртний Америк тивийн хүмүүсийн дундах Аврагчийн тохинууллын зургийг үзүүлэх юм уу “Jesus Christ Appears in the Ancient Americas” видеог цагийн код 11:52-аас 14:05 хүртэл үзүүлж болно. Суралцагчдыг тэнд байсан гэж төсөөлөхөд урь. Видеог үзсэний дараа та дараахтай адил асуултуудыг тавьж болно.

16:44
  • Та Аврагчтай хамт байснаар ямар ямар адислал авч болох вэ?

  • Эдгээр адислал таны амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?

Өнөөдөр судалж байхдаа та Их Эзэнд сүнслэг байдлаар ойртож, Түүний танд өгөхийг хүссэн адислалуудыг хүртэх арга замуудыг хайж ол.

Аврагч Көртландын ариун сүмд үзэгдэв

Сургаал ба Гэрээ 110 хэсэгт цэдэглэгдсэн Көртландын ариун сүмд Аврагчийн гарч ирсэн үзэгдлийг судлахад суралцагчдыг бэлтгэхийн тулд Их Эзэн гэгээнтнүүдийг ариун сүм барьсан тохиолдолд өгөхөөр амласан адислалуудыг суралцагчдад сануулахыг бодоорой (Сургаал ба Гэрээ 97:15–16). Суралцагчид мөн ариун сүмийг онцгойлсон адислах үеэр Иосеф Смитийн залбирсан зарим адислалыг эргэн харж болно (Сургаал ба Гэрээ 109:12).

Дараах догол мөрийг чангаар уншиж эсвэл Сургаал ба Гэрээ 110 хэсгийн түүхэн агуулга, нөхцөл байдлыг гаргаж ирэх үүднээс дүгнэлт хийж болно. Суралцагчдыг эдгээр үйл явдлыг дүрслэн бодож, тэнд байсан бол ямар санагдах байсныг төсөөлөхөд урь.

1836 оны 4-р сарын 3-ны Христийн амилсны баярын ням гаргийн үдээс хойш шинээр онцгойлон адислагдсан Көртландын ариун сүмд ариун ёслолын цуглаан болжээ. Ариун ёслолыг цугласан олонд түгээсний дараа Иосеф Смит, Оливер Каудери хоёр чимээгүй залбирахаар тахилын ширээг бүрхсэн хөшигний ард очив. Тэнд тэд Сургаал ба Гэрээ 110-д цэдэглэгдсэн олон тооны тэнгэрлэг айлчлалыг гэрчлэв. (Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 239–240-ийг үзнэ үү.)

Тайлбар: Дараагийн хичээлд (“Сургаал ба Гэрээ 110, 2-р хэсэг”) Аврагчийг ариун сүмд үзэгдсэний дараах тэнгэрлэг айлчлалуудын талаар үзнэ.

Та Сургаал ба Гэрээ 110:1–4-ийг уншиж байхдаа, хэрэв энэ үзэгдлийн үеэр Иосеф, Оливер хоёртой хамт байсан бол юу бодож, юу мэдэрч болох байсныг тунгаан бод.

  • Таны бодлоор 4-р шүлэг-т Аврагч Өөрийгөө хэрхэн танилцуулсан нь юугаараа онцлог байсан бэ?

  • Таны хувьд Аврагч бол Эцэгийн өмнө биднийг Өмгөөлөгч гэдэг нь ямар утгатай вэ? (Сургаал ба Гэрээ 45:3–5-ыг үзнэ үү).

Аврагч ариун сүмд Өөрийгөө бидэнд үзүүлэхээ амласан

Сургаал ба Гэрээ 110:5–10-ыг уншаад, Аврагчийн яагаад бүх гэгээнтнээ баясах ёстой гэж хэлсэн шалтгаануудыг олж мэд.

сургалтын материалын шигтгээ зураг Хөрвөлтийн зарчмуудад төвлөр. Энэ дасгал ажил нь суралцагчдад хөрвөлтийн зарчмыг тодорхойлоход тусалж болно. Хөрвөлт рүү хөтөлдөг зарчмуудад төвлөрөх талаарх нэмэлт дадлагыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Сургаалыг заах дахь “Есүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хөтлөх үнэнүүдэд төвлөр” гарчигтай сургалтаас үзнэ үү. “Суралцагчдад хөрвөлтийн зарчмуудыг тодорхойлж, илэрхийлэхэд туслах асуултууд тавих” ур чадвараар дадлага хийх талаар бодож үзээрэй.

  • Эдгээр шүлгийн ямар үг, хэллэг танд хамгийн утга учиртай, сонирхолтой байсан бэ?

  • Биднийг ариун сүмд Их Эзэнд ойртоход бэлтгэхэд 5 болон 8-р шүлэг хэрхэн тусалж болох вэ?

    Суралцагчдын эдгээр шүлгээс олж мэдэж болох үнэнүүдийн дундаас хэрвээ бид зарлигуудыг сахиж мөн Их Эзэний өмнө цэвэр ариун байхыг хичээх аваас Тэр Өөрийгөө ариун сүмдээ бидэнд харуулах болно гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.

  • Аврагч биетээр харагдахаас өөр ямар арга замаар ариун сүмд Өөрийгөө бидэнд үзүүлж болох вэ? (Зарим жишээ 8–9-р шүлэг дээр гарна.)

Аврагч бидэнд Өөрийгөө үзүүлж болох өөр арга замууд нь бидэнтэй дуу хоолойгоороо ярих (8-р шүлэг) мөн тэнгэрээс адислал, хишиг, сүнслэг хүчний бэлгийг өгөх (9-р шүлэг) байж болно. Хичээлийн эхэнд суралцагчдын бодож байсантай адил адислалуудыг бид ариун сүмд хүлээн авч чадна. Эдгээр адислалд Аврагчийг илүү сайн таньж мэдэх болон удирдамж, амар амгалан, эдгэрлийг хүлээн авах багтаж болно.

Их Эзэний зарлигуудыг сахиж, цэвэр ариун байх

Суралцагчдад зарлигуудыг хэрхэн сахиж, цэвэр ариун байхыг хичээх талаар илүү сайн ойлгоход нь туслахын тулд та тэднээр ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох асуултуудыг эргэн хараад, өргөөнд нь орохоос өмнө Их Эзэн биднээс юу хүлээж байгааг олж мэдэхийг хүсэж болно (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч ([2022], х. 36–37-г үзнэ үү). Суралцагчид “Сургаал ба Гэрээ 97” гэдэг хичээлийг үзэж байхдаа үүнтэй төстэй зүйлийг аль хэдийн хийсэн байж болно.

Та дараах диаграммыг самбар дээр зурж эсвэл суралцагчдын аль нэгийг зурахад урьж болно. Суралцагчид зургийг судлах тэмдэглэлдээ хуулж зурж болно. Тэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох асуултууд-ыг давтсанаар сурсан зүйлсээ жагсааж болно.

Ариун сүм рүү хөтлөх зам
  • Их Эзэн яагаад ариун сүмд Өөр дээр нь ирэхийн тулд зарлигуудыг дагаасай гэж биднээс хүсдэг гэж та бодож байна вэ?

  • Их Эзэний өмнө цэвэр ариун эсвэл зохистой байна гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ?

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Брадли Р.Вилкокс ах ийн заасан.

Брадли Р.Вилкокс ах

Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш гэдэг нь Бурханы захиас юм. Зохистой байх гэдэг бол үнэнч шударга, хичээл зүтгэлтэй байхыг хэлнэ. Бид Бурханд болон санваарын удирдагчдад мөн биднийг хайрладаг хүмүүст үнэнч байх ёстой. Бид алдаа гаргадаг ч хэзээ ч бууж өгөлгүй Бурханы зарлигуудыг дагахдаа мэрийх ёстой. …

… Өөрчлөлт бол боломжтой зүйл, наманчлал бол үргэлжлэх үйл явц бөгөөд зохистой байх гэдэг бол ямар ч дутагдалгүй байх гэсэн үг биш гэдгийг санаарай. Хамгийн чухал нь Бурхан, Христ хоёр бидэнд нэн даруй туслахад бэлэн байгааг санаарай. …

… Ахлагч Дийтр Ф.Угдорф “Бурханд дутагдалгүй хүн хэрэггүй. Тэрээр ‘зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюун’ [Сургаал ба Гэрээ 64:34]-аа өргөх хүмүүсийг эрэлхийлдэг бөгөөд тэднийг ‘Христэд төгс болгох болно’ [Моронай 10:32–33]” хэмээн хэлсэн. (Брадли Р.Вилкокс, “Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш,” Лиахона, 2021 оны 11-р сар, 62, 67)

  • Ариун сүмд ороход болон Аврагчийн оршихуйд байхад зохистой эсэхдээ эргэлздэг хүнд энэ захиас хэрхэн тусалж чадах вэ?

Ойлгосноо харуулах

Ойлгосон гэдгээ харуулахад нь суралцагчдад туслахын тулд та дараахтай адил жишээг гаргаж болно.

Найз тань ариун сүмд шүтэн бишрэхэд зохистой байхын тулд хичээх нь зүйтэй эсэхэд эргэлзэж байна гэж төсөөлөөд үз. Өөр нэг найз тань хэзээ нэгэн цагт ариун сүм дотор байх хэмжээний зохистой байх боломжтой эсэхэд эргэлзэж байна. Эдгээр нөхцөл байдлын аль нэгийг сонгоод, дараах асуултуудад хариул.

  • Та өнөөдөр сурсан зүйл дээрээ үндэслэн найзынхаа санаа зовоосон асуудалд хэрхэн хариулах байсан бэ?

  • Найз тань Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ болон ариун сүмийн талаар юу ойлгоно гэж та найдаж байна вэ?

Суралцагчдыг бодол санаагаа хуваалцахад урь. Зарлигуудыг сахиж, цэвэр ариун байхыг хичээхдээ Өөрийн ариун сүмүүдэд Өөрийгөө бидэнд харуулах Аврагчийн амлалтын талаар сэтгэгдлээ хуваалцахыг бод.