Семинар
177-р хичээл—Технологийг хариуцлагатай ашиглах: Технологийг сонгохдоо ухамсартай хандах нь


“177-р хичээл—Технологийг хариуцлагатай ашиглах: Технологийг сонгохдоо ухамсартай хандах нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Технологийг хариуцлагатай ашиглах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

177-р хичээл: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь

Технологийг хариуцлагатай ашиглах

Технологийг сонгохдоо ухамсартай хандах нь

зөөврийн компьютер дээр ажиллаж буй залуу эмэгтэй

Бид технологи хөгжсөн цаг үед амьдрахаар адислагдсан. Технологийн хэрэглээ нь биднийг Есүс Христтэй илүү ойртож, Түүний ажлыг урагшлуулахад тусална. Гэхдээ энэ нь бас биднийг Түүнээс холдуулж чадна. Энэ хичээл нь технологийн хэрэглээндээ хариуцлагатай хандахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Технологийн хэрэглээ

Алтан ялтаснуудын зургийг үзүүлэхийг бод. Бурхан бошиглогч Иосеф Смитэд алтан ялтаснуудыг даатгасан гэдгийг тайлбарла.

алтан ялтаснууд

Иосеф Смит—Түүх 1:46-г уншаад, Моронайн алтан ялтаснуудын талаар Иосеф Смитэд өгсөн сэрэмжлүүлгийг ол.

Самбарын нэг талд Сайн сайхны төлөө ашиглах, харин нөгөө талд нь Буруугаар ашиглах гэсэн гарчиг бичихийг бод. Та дараа нь дараах асуултад суралцагчдын өгсөн хариултуудыг зохих гарчгийн доор бичиж болно.

  • Сатан хэрхэн Иосеф Смитээр алтан ялтаснуудыг буруугаар ашиглуулах гэж оролдсон бэ?

  • Иосеф Смит хэрхэн алтан ялтаснуудыг сайн сайхны төлөө ашигласан бэ?

Гар утсаа эсвэл гар утасны зургийг бариад, Бурхан тэдэнд технологийг хариуцлагатай ашиглах үүрэг өгсөн гэдгийг хэл.

  • Бид технологийг хэрхэн сайн сайхны төлөө ашиглаж болох вэ?

  • Өсвөр насныхан ямар арга замаар технологийг буруугаар ашиглахад уруу татагдаж болох вэ?

Дараах асуултыг дотроо эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

  • Та хэрхэн Их Эзэний хүссэн арга замаар технологийг ашиглаж байна вэ?

Технологийг хэрхэн хариуцлагатай ашиглахтай холбоотой удирдамж хүлээн авахад бэлэн байхад суралцагчдыг урамшуул. Их Эзэн алтан ялтаснуудыг сайн сайхны төлөө ашиглахад Иосеф Смитийг удирдан чиглүүлсэнтэй адил бидэнд ч гэсэн технологийг сайн сайхны төлөө ашиглахад тусална гэдгийг суралцагчидтай хуваалцахыг бод.

Сүнслэг удирдамж

Дараах үйл ажиллагаа нь технологийг хариуцлагатай ашиглах тухай Их Эзэний сүнслэгээр өдөөгдсөн удирдамжаас суралцахад суралцагчдад тусална.

Та ангийг хоёр бүлэгт хуваах замаар дараах хэсгүүдийг судалж болох юм. Бүлэг бүрд нэг нэг хэсгийг оноож өг. Оногдсон хэсгээ бие даан судлаад, судлах тэмдэглэлдээ асуултуудын хариултаа бичин, сурч мэдсэн зүйлээ заахад бэлэн байхад суралцагчдыг урь.

Эсвэл та сонирхож байгаа хэсгээ сонгон судлахад суралцагчдыг урьж болно.

Технологийг хариуцлагатай ашиглах

1-р хэсэг. Технологид цагаа ухаалгаар зарцуулах нь

Сургаал ба Гэрээнд Их Эзэн “санаа сэтгэлээ бүрэн зориулах” болон “цагаа дэмий үрэх” гэсэн нэр томьёог ашигладаг.

  • Эдгээр нэр томьёо ямар утгатай гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 58:27–28; 60:13; 68:31; 75:3 зэрэг судруудыг уншаад, Их Эзэн санаа сэтгэлээ бүрэн зориулах, цагаа дэмий үрэх талаар юу зааж байгаа талаар тунгаан бод.

  • Та Их Эзэний заасан зүйлийг хэрхэн хураангуйлан дүгнэх вэ?

(Хэд хэдэн үнэнээс гадна та дараах үнэнийг тодорхойлж болох юм. Их Эзэн биднийг цагаа дэмий үрэхгүй, сайн сайхны төлөө санаа сэтгэлээ бүрэн зориулаасай гэж хүсдэг.)

  • Технологид цагаа дэмий үрж байгаагаа бид хэрхэн мэдэж болох вэ?

Дараах мэдэгдлийг судлаад, технологийг ухаалгаар ашиглах талаарх ойлголтыг олж мэд.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.

Ахлагч Дэвид А.Бэднар

Амьдралын туршлага маруухан, төөрөлдсөн [хувь хүн] нь байж боломгүй их цагийг видео тоглоом тоглоход, онлайнаар харьцахад эсвэл “юмсыг байгаагаар нь” хүлээн авах боломжгүй болгодог дижитал зүйлсэд зарцуулдаг байж магад. Эхэндээ өдөр тутмын ажлын ачааллаасаа амсхийн хэдхэн минутыг үүнд зарцуулж байгаа нь харьцангуй гэм хоргүй мэт санагдаж магадгүй. Гэвч хүн хоорондын харилцааны ур чадвараа хөгжүүлэх, сайжруулах чухал боломжуудаа алдсан байдаг. … Алгуурхнаар, гэмгүй мэт санагдах зугаа цэнгэл хор хөнөөлтэй боолчлол болсон байх нь бий. (David A. Bednar, “Things as They Really Are,” Ensign, June 2010, 21)

  • Хүмүүс технологид цаг заваа дэмий үрж байгаагаа ямар ямар шалтгаан тоочин зөвтгөдөг вэ?

  • Технологид цагаа дэмий үрэхээс зайлсхийхэд юу танд тусалдаг вэ?

  • Та технологийг ухаалгаар ашигладаг болохын тулд Их Эзэнийг хэрхэн үүнд оролцуулж болох вэ?

2-р хэсэг. Сайн медиа хэрэгслийг сонгох

  • Та ямар медиа хэрэгслийг тогтмол сонгодог вэ?

  • Медиа хэрэгслийг сонгохтой холбоотой туршлагаасаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойртоход туслах юуг та сурч мэдсэн бэ?

Сургаал ба Гэрээ 50:23–24; Итгэлийн тунхаг 1:13; Моронай 7:12–17-г тус тус уншаад, юу нь сайн, юу нь муу болохыг тодорхойлоход бидэнд туслах үнэнийг хайж ол.

  • Та эдгээр шүлгээс ямар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

(Хэдэн үнэнээс гадна та дараах үнэнийг тодорхойлсон байж болно. Сайныг үйлдэхэд ятгадаг, сэнхрүүлдэг тэр зүйл Бурханаас ирдэг.)

  • Ашиглах медиа хэрэгслээ сонгохдоо энэ үнэнд тулгуурлах нь хэрхэн танд туслах вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар ашигладаг медиа хэрэгслийнхээ талаар дараах асуултыг өөрсдөөсөө асуухыг урьжээ.

Ахлагч Дэвид А.Бэднар

Олон янзын техник технологи, мэдээллийн хэрэгслийг ашиглах нь таны амьдралд Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг урьдаг уу эсвэл үүнд саад болдог уу? (David A. Bednar, “Things as They Really Are,” Ensign, June 2010, 23)

  • Та медиа хэрэгслийг сонгохдоо Ариун Сүнсийг хэрхэн урьж болох вэ?

  • Аврагчаас холдуулж болох медиа хэрэгслүүдээс зайлсхийхэд юу танд тусалж болох вэ?

Суралцагчдыг судалж дуусмагц олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Үүнийг ангиараа эсвэл өөр хэсгийг судалсан суралцагчтай суралцагчдыг нийлүүлэн хоёр хоёроор нь ажиллуулах замаар хийж болно. Нэг нэгэндээ заасных нь дараа технологийг аюулгүй ашиглахад туслах дараах хоёр ур чадварын аль нэгээр нь эсвэл хоёулангаар нь дадлага хийхэд суралцагчдыг урь. Нэмэлт тусламж хэрэгтэй бол та ChurchofJesusChrist.org дээрх “Технологийг хариуцлагатай ашиглах” эх сурвалжийг судлахад суралцагчдыг урь.

Урьдчилан төлөвлөх нь бидэнд технологийг хариуцлагатай ашиглахад тусална

Сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах чадвараар дадлага хийхэд суралцагчдад тусал.

Тодорхойл: Технологийг хэрхэн ашиглахаа төлөвлөх нь биднийг сайн үйлсэд санаа сэтгэлээ бүрэн зориулж, цагаа дэмий үрэхгүй байхад тусална. Төлөвлөгөөгөө гаргахдаа Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийл.

Тайлбарлан, үзүүлэн харуулах: Технологийг үр ашигтай ашиглах арга замын талаар бодоход суралцагчдыг урьж, тайлбарлан үзүүлэн харуул. Та дараах асуултыг тавих замаар үүнийг хийх боломжтой:

  • Технологийг хариуцлагатай ашиглахын тулд та ямар ямар арга замаар урьдчилан төлөвлөж болох вэ?

    Дараах хариултуудыг өгч болно.

    • Тэнгэрлэг Эцэг технологийг хэрхэн ашиглаасай гэж танаас хүсэж байгааг бодож үз.

    • Технологийг ашиглахаасаа өмнө зорилго тавь (Жишээлбэл: Утсаар найзтайгаа холбогдох).

    • Технологийг өдөр тутам хэрэглэх цагийн хязгаар тогтоо.

    • Унтлагын өрөө, угаалгын өрөө зэрэг төхөөрөмж үл ашиглах газруудтай бол.

    • Оройн цагаар орноосоо хол газар, гэр бүлийнхээ утас цэнэглэдэг хэсэгт утсаа цэнэглэ.

    • Зохисгүй юм уу аюултай контентыг хаадаг шүүлтүүр ашигла.

  • Төлөвлөгөө гаргах нь яагаад байдлыг өөрчилнө гэж та бодож байна вэ?

Дадлага: Технологийг хэрхэн хариуцлагатай ашиглах төлөвлөгөө гаргахдаа Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлэхэд суралцагчдыг урь.

Төлөвлөгөөгөө ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж байгаа хүн байгаа эсэхийг суралцагчдаас асуу.

Түр завсарлах нь технологийг хариуцлагатай ашиглахад бидэнд тусална

Зохисгүй мэдээлэл гарч ирвэл юу хийхээ ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах ур чадвар тэдэнд хэрэг болж болох юм. Үүнд:

Тодорхойл: Бид зохисгүй мэдээлэл гарч ирэх үед завсарлага авч, технологи ашиглахаа түр больж болно.

Тайлбарлан, үзүүлэн харуулах: Зохисгүй мэдээлэл гарч ирэх үед түр завсарлаж, технологи ашиглахаа болиход нь туслах дараах гурван алхмыг суралцагчидтай хуваалцаж, тэдэнд тайлбарлан, үзүүлэн харуул. Мөн нэмэлт тусламж хэрэгтэй бол “Технологийг хариуцлагатай ашиглах” эх сурвалжийг судлахад суралцагчдыг урь.

  1. Бурууг хүлээн зөвшөөр: Та зохисгүй эсвэл муухай, ганцаардуулах эсвэл тавгүй мэдрэмж төрүүлж буй контентыг хараад, “Энэ эвгүй мэдрэмж төрүүлж байна” гэж хэлж болно. Эдгээр мэдрэмж нь Ариун Сүнсний танд өгч буй удирдамж ч байж мэднэ.

  2. Илүү сайн сонголт хий: Та төхөөрөмжийг унтрааж эсвэл мэдэгдлийн дууг хааж болно. Та төхөөрөмжгүйгээр гадагш гарах юм уу өөр өрөөнд орж болно. Та мөн Есүс Христийн тухай бодох эсвэл Ариун Сүнсийг урьж өөртэйгөө хамт байлгахын тулд дуртай судраа уншиж болно.

  3. Хэн нэгэнтэй холбогд: Та найзтайгаа эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ төрсөн мэдрэмжээ хуваалцаж болно. Та Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч болно.

Дадлага: Зохисгүй мэдээлэл гарч ирвэл түр больж, завсарлага авах арга замуудын талаар бодоход суралцагчдыг урь.

Суралцагчид хүсвэл ангийнхантайгаа санал бодлоо хуваалцаж болно.

Сурч мэдсэн зүйлээ хуваалц

  • Энэ хичээлээс санаж явбал зохих ямар зүйлийг сурч мэдсэн бэ?

Их Эзэн бидэнд технологийг аюулгүй, ухаалгаар ашиглахад тусалж чадна гэсэн гэрчлэлээр төгсгө.