Сонгон суралцах ерөнхий ангийн асуултууд
Багшид зориулсан зааварчилгаа
Суралцахуйг өндөрт гаргах туршлага хөтөлбөрийг Суурийн чулуу ангиас бусад бүх институтийн ангид ашиглаж болно. Энэ нь унших даалгавар гүйцэтгэх, ангид идэвхтэй оролцоход чухал хувь нэмэр оруулах асуултуудаас бүрддэг. Суралцагчдад зарчим, сургаалыг судлах, хэрэгжүүлэх, тэмдэглэн авах, хуваалцахад тусалж, эдгээрийг хийхэд урих нь гэрчлэлээ хүчирхэгжүүлж, хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд нь тусалж чадна.
Таны заавраар суралцагчид суралцагчийн зааварчилгааны хуудсан дээрх долоон асуултын гуравт хариулна. Суралцагчдын хариулт голчлон ангиас юу мэдэж авсан мөн хэрхэн хэрэгжүүлснийг тусгах ёстой. Хичээлийг хэрхэн удирдан явуулахтай холбоотой нарийн ширийн асуудлыг ангиас эсвэл суралцагчдаас шалтгаалан өөрчлөх хэрэгтэй байж болно. Дараах алхмууд танд болон таны суралцагчдад амжилттай туршлага олж авахад тусална.
-
Бэлтгэ: Хичээл эхлэхийн өмнө асуултуудыг хянаж үзэн, Суралцахуйг өндөрт гаргах туршлага хөтөлбөрийг хэрхэн удирдан явуулах төлөвлөгөө гарга. Асуултыг ангид танилцуулах мөн суралцагчийн хариултуудыг хянаж үзэх, илгээх огноо, хариултын хугацаа, хэлбэр зэрэг Суралцахуйг өндөрт гаргах туршлага хөтөлбөртэй холбоотой тавьж байгаа шаардлагуудаа тайлбарлах арга замуудыг бэлтгэлдээ багтааж болно. Танд гурван суралцагчийн хариултыг гурван өөр өдөр сонгон хянаж үзэхийг зөвлөж байна.
-
Тавих шаардлагуудаа тодорхой болго: Анги хичээллэж эхлэхийн өмнө суралцагч бүрд суралцагчийн зааварчилгааны хуудсан дээрх асуултуудыг хувилан тарааж өг. Энэ нь суралцагчдыг хичээлийн хагас жилийн турш асуултуудыг судлах, хэрэгжүүлэх, тэмдэглэж авах хангалттай хугацаагаар хангах болно. Тэдэнд Суралцахуйг өндөрт гаргах туршлагын зорилгыг ойлгоход тусал. Асуултуудыг хянах, илгээх огноо зэрэг тэдний өгөх хариулттай холбоотой юуг хүсэн хүлээж байгаагаа тодорхой ойлгуул.
-
Бататга: Ангид заах явцдаа Суралцахуйг өндөрт гаргах туршлага хөтөлбөрийн асуултуудад хариулан, бөглөхөд нь бүх суралцагчид тусалж, дэмжин, урамшуул. Асуултуудыг хөтөлбөртэй уялдуулах эсвэл ангийн үйл ажиллагаанд тохируулах арга замуудыг ол. Та суралцагчдыг хариултууд дээр нь ажиллуулахдаа ангид болон хичээлээс гадуур эсвэл аль алинаар нь ажиллуулж болно.
-
Шалга: Хянахаар товлосон өдрүүдийг суралцагчдад сануулж, хариултаа ангид авчрахад урь. Тэднийг хариултууддаа ангиас юу сурч, хэрэгжүүлснээ тайлбарлан, хуваалцаж, гэрчлэхэд урь. Суралцагчид нэг нэгнийхээ ажлыг хос хосоороо эсвэл жижиг бүлгүүдэд хуваагдан шалгавал илүү үр дүнтэй байж магадгүй. Хэрэв шаардлагатай бол хариултаа илгээхээс өмнө шаардлагатай засварыг хийхэд суралцагчдыг урьж болно.
-
Хураалга: Суралцагчид таны заавраар гурван асуултад хариулж, үүнийгээ хураалгаснаар Суралцахуйг өндөрт гаргах туршлага хөтөлбөрийг хийж дуусгана. Суралцагчийн хариултад санал бодлоо заавал хэлэх шаардлагагүй ч хэлж болно. Хариултаа хураалгасан суралцагчдын мэдээллийг УХААЛАГ дүнгийн дэвтэрт оруул.
Анхаарах зүйл: Онцгой хэрэгцээ, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эрүүл мэндийн асуудалтай суралцагчдыг бусад суралцагчтай ижил түвшинд энэ шалгалтад оролцуулахын тулд тэдэнд зориулан шаардлагатай зохицуулалт хийсэн байхад анхаар. Хичээлийн материалыг том үсгээр хэвлэх эсвэл аудио бичлэг хэлбэрээр бэлтгэх зэргээр зохицуулж болох бөгөөд энэ нь суралцагчдад бусдын тусламжтай хариулах, хариултаа бичгээр биш амаар өгөх, бичээчээр бичүүлэх, дуу хураах төхөөрөмжөөр бичиж өгөх зэрэг боломж олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусламж үзүүлэх талаар ерөнхий мэдээлэл олж авахын тулд lds.org/topics/disability вэбсайт руу орно уу.
Суралцагчдад зориулсан зааварчилгаа
Энэхүү Суралцахуйг өндөрт гаргах туршлага таныг хичээлдээ оролцож, уншихаар даалгасан материалыг судлахад чухал хувь нэмэр оруулах асуултуудаас бүрдэнэ. Суралцагчдад зарчим, сургаалыг судлах, хэрэгжүүлэх, тэмдэглэж авах, хуваалцахад тусалж, тэдгээрийг хийхэд урих нь гэрчлэлээ хүчирхэгжүүлэх, хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд тусалж чадна.
Энэ ангид мэдэж авсан сургаал, зарчим, мэдээллээ ашиглан, дараах долоон асуултын гуравт хариул. (Танай багш тодорхой хэдэн асуултыг оноож өгч болно.) Ямар хариулт өгөхөө тунгаан бодохдоо “Хариулт” хэсэг дээрх зөвлөгөөг харна уу. Багшийнхаа товлосон шалгах өдөр хариултуудаа авчран, юу ойлгож мэдэн, хэрэгжүүлснээ хуваалцах бэлтгэлтэй ир.
Асуултууд
-
Та Тэнгэр дэх Эцэгээ хэрхэн илүү сайн таньж мэдсэн бэ?
-
Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг илүү бүрэн дүүрэн ойлгож, тэдгээрт найдахад тань юу тусалсан бэ?
-
Сайн мэдээний Сэргээлтийн талаарх таны гэрчлэл хэрхэн өссөн бэ?
-
Ариун сүмийн адислалд илүү бүрэн дүүрэн зохистой байхад танд юу тусалсан бэ?
-
Энэ ангид суралцсан ямар ямар үнэн таны амьдралыг адисалсан бэ?
-
Та __________ -ийн талаарх гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ? (Багш энэ асуултын зарчим, сургаалыг оноож өгөх болно.)
-
Та __________ -ийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлсний ачаар амьдрал тань хэрхэн сайжирсан бэ? (Дараах сургаалын сэдвүүдээс НЭГийг сонго.)
-
Бурхан Тэргүүтэн
-
Авралын төлөвлөгөө
-
Есүс Христийн Цагаатгал
-
Сэргээлт
-
Бошиглогчид ба илчлэлт
-
Санваар ба санваарын түлхүүрүүд
-
Ёслолууд ба гэрээнүүд
-
Гэрлэлт ба гэр бүл
-
Зарлигууд
-
Хариулт
Хариулт бүрдээ дараах зүйлсийг багтаах талаар бодож үз. Үүнд:
-
Энэ ангид оролцсоноор таны хувьд илүү утга учиртай болсон сургаалыг олж тогтоо.
-
Өөрийнхөө үгээр эсвэл судруудын хэсэг, амьд бошиглогчдын үгийг ашиглан сургаалыг тайлбарла.
-
Ойрын үед амьдралдаа сургаалын хүчийг мэдэрсэн туршлагаа хуваалц.
-
Таны туршлага Христийн сайн мэдээнд хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд тань хэрхэн тусалсан талаар хуваалц.
Анхаарах зүйл: Хэрэв та онцгой хэрэгцээ, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эрүүл мэндийн асуудалтай бол багштайгаа ярилцан, энэ хөтөлбөрт хамрагдаж төгсөхөд тань тус болох зохицуулалтыг хийлгээрэй.