Шинэ амигос (найзууд)
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Брижит испани хэл мэддэггүй байв. Тэр хүмүүстэй хэрхэн танилцах вэ?
“Намайг харь хүн байтал урьж оруулсан” (Матай 25:35).
Гэр бүлээрээ Венесуэлийн Каракас хотын нарийн гудамжаар машинаар явж байхдаа Брижит цонхоор ширтсээр байв. Тод өнгийн байшингууд, том ногоон уулстай сайхан газар байв. Аав, ээж хоёр нь энд амьдрахад шинэ адал явдалтай учрах болно гэж хэлсэн байлаа.
Гэвч Брижитийн сэтгэл тайвширсангүй. Өнөөдөр шинэ оронд ирсний дараа сүмд явж буй анхны өдөр байлаа.
Ээж нь Брижит рүү эргэж хараад, “Хөөрхөн өө, чи зүгээр үү? Чи тийм ч сайнгүй харагдаж байна” гэж хэлэв.
Брижит гараа элгэндээ аван, “Би айж байна. Би испани хэлээр ч ярьж чаддаггүй байж яаж найзтай болох юм бэ?” гэж асуулаа.
Ээж нь Брижитийн гарыг бариад, “Санаа зовж байгааг чинь би ойлгож байна. Гэхдээ бүх зүйл зүгээр байх болно. Жаахан гүнзгий амьсгаа авчих” гэж хэлэв.
Брижит гараа харлаа. Гадаа халуун байсан ч гар нь хүйтэн байв. Машин нь сүмийн байрны машины зогсоол дээр ирэх үед зүрх нь хурдан цохилж, гэдэс нь базлав. Сүм ямар байх бол? Тэр ямар нэг зүйл ойлгох болов уу?
Цуглааны танхим руу алхан орох үед Брижитэд нэг л тухгүй санагдаж байлаа. Эргэн тойронд нь гэр бүлүүд бүгд испаниар ярьж байхыг тэр харав. Дараа нь тэрээр үе тэнгийн бололтой хоёр охиныг олж харлаа.
Охид Брижитийг харангуутаа түүн рүү дөхөж ирээд, маш сайхан инээмсэглэн, баяр хөөр болон шулганалдав.
Гэвч Брижит тэдний юу хэлснийг ойлгосонгүй. Испаниар ярьдаггүйг маань мэдээд тэд надаас холдох байх даа? гэж тэр бодлоо.
Брижит гүнзгий амьсгал аваад, “No hablo español,” “Би испаниар ярьдаггүй” гэж хэлээд, толгойгоо сэгсрэв. Түүний нүдэнд нулимс цийлэгнэж эхэллээ.
Охид мөрөө хавчсанаа, өмнөхөөсөө ч илүү баясгалантай инээмсэглэв. Нэг нь өөр лүүгээ заагаад “Даяана” гээд, нөгөө охин руугаа заагаад “Андрэа” гэлээ.
Брижитийн санаа амрах шиг болов. Тэр охид руу инээмсэглэн, өөр лүүгээ зааж, “Брижит” гэж хэллээ.
Даяана, Андрэа хоёр Брижитийн дэргэд сууж, “судар” болон өөр хэдэн үгийг испаниар хэрхэн хэлэхийг зааж өгөв. Ариун ёслолын цуглаан эхлэх үед Брижитийн сэтгэлд дулаахан, амар тайван мэдрэмж төрлөө.
Хүүхдийн хэсгийн дараа эцэг эхчүүдийг ярилцаж байх зуур Брижит шинэ найзуудтайгаа сүмийн гаднах зүлгэн дээр суув. Даяана, Андрэа хоёрыг Брижитэд өөр хэдэн испани үг заасны дараа, Андрэа мод руу заагаад “Inglés?” (англиар?) гэж асуув
Брижит инээмсэглэн, мод руу заан “tree” (мод) гэж хэлэв. Тэр инээмсэглэл цацруулсаар өөр зүйлс рүү заан англиар хэллээ. Даяана, Андрэа хоёр англи үгсийг давтан хэлж, дараа нь Брижитэд испаниар хэрхэн хэлэхийг заав. Брижит libro (ном), casa (байшин), coche (машин) гэх мэт янз бүрийн хэрэгтэй үгс сурлаа. Хамгийн сайхан нь тэд түүнд amigos (найзууд) гэж хэлэхийг заав.
Удалгүй гэртээ харих цаг боллоо. Брижит Даяана, Андрэа хоёр луу баяртай хэмээн даллав.
“Венесуэл дэх сүмийн анхны өдөр чинь ямар байв даа?” гэж аав нь асуулаа.
Брижит инээмсэглэн, “Сайхан байсан! Би хэдэн найзтай болсон. Тэд надад испани хэл зааж байгаа!” гэж хэлэв.
Аав нь “Гайхалтай! Сайхан өдөр байсанд би үнэхээр баяртай байна” гэлээ.
Даяана, Андрэа хоёр өөрийг нь хэрхэн угтан авсан талаар Брижит бодлоо. Гадны хүн гэсэн мэдрэмж алга болсон байв. Тэнгэрлэг Эцэг найзуудтай болоход нь тусалж байсныг тэр мэдсэн юм. Мөн Каракаст өнгөрүүлэх цаг хугацаанд ямар ямар адал явдал тохиолдох бол гэж тэр тэсэн ядан хүлээж байлаа.