Чухал зочин
Зохиогчид нь Танзанийн Дар эс Салаамд болон АНУ-ын Ютад амьдардаг.
Аммон Ариун Сүнсийг угтан авахад гэр бүлийнхэндээ хэрхэн тусалж чадсан бэ?
”Бурханы өргөө, дэг журмын … өргөөг байгуул” (Сургаал ба Гэрээ 88:119).
Энэ үйл явдал бямба гаргийн үдээс хойш болсон юм. Аммон хөгжилдөхийг хүсэж байв.
“Ээж ээ, би гадаа гарч тоглож болох уу?” гэж тэр асуулаа.
“Эхлээд чи өрөөгөө цэвэрлэх ёстой” гэж ээж нь хэлэхэд,
“Гэхдээ ээж ээ, би өрөөгөө цэвэрлэхээ хойшлуулж болохгүй гэж үү?” хэмээн Аммон хэлэв.
Ээж нь “Бид нэг чухал хүнийг гэртээ зочноор уримаар байна. Тиймээс бид гэрээ цэвэр, эмх цэгцтэй байлгамаар байна” гэлээ.
“Чухал хүн гэнэ ээ? Манай гэрт үү?” гэж Аммон асуухад,
ээж нь “Тийм ээ, харин чи түүнийг урьж авчрахад тусалж болно шүү дээ. Тиймээс явж өрөөгөө цэвэрлэ” гэж хэлэв.
Аммоны сэтгэл догдолж байлаа. Тэр зочин хүлээн авах дуртай байв. Зочин нь хэн байх бол оо гэж тэр бодлоо. Хотын дарга юм болов уу? Сургуулийн захирал юм болов уу? Магадгүй бишоп ч байж болох юм!
Аммон өрөөндөө ороод, эхлээд шалан дээрх хиртэй оймснуудаа олж харав. Тэр оймснуудаа угаалгын сагсанд хийж, ширээн дээрх хичээлийн номнуудаа цэгцэллээ. Зочин нь түүнийг шинэ зүйл сурах дуртай гэдгийг мэдээсэй хэмээн тэр хүсэв.
Аммоны эгч Энжэл өрөөнд нь орж ирээд, “Чи юу хийж байгаа юм?” гэж асуулаа.
“Манайд чухал зочин ирнэ гэж ээж хэлсэн. Тэр намайг түүнийг угтан авахад туслахыг хүссэн юм” гэж Аммон хариулав.
Тэр хоёр хоёулаа хаалганы хажууд зогсож байгаа ээж рүүгээ харлаа.
“Бид зочин хүлээн авахад бэлдэхийн тулд өөр юу хийх хэрэгтэй вэ?” гэж Аммон асуув. “Бид чухал зочноо халуун дулаан угтан авмаар байна.
Чамд өөр ямар санаа байна вэ?” гэж ээж нь асуулаа.
Бид карибу гэж хэлж болох юм” гэж Аммон хэлэв. Свахили хэлээр энэ нь “Та манай гэрт тухлан саатаарай. Та чөлөөтэй байгаарай” гэсэн утгатай үг юм.
“Бид сонсож болно шүү дээ” гэж Энжэл хэлэв. “Сонсох ч чухал шүү.
Сайхан санаанууд байна. Баба (Аав) нь гэртээ ирээд юу гэж хэлэхийг сонсъё” гэж ээж нь хэллээ.
Цаг орчмын дараа Баба гэртээ ирэв.
Аммон түүнийг хүлээж байлаа. “Манайх гэртээ онцгой зочин урьж байгаа гэж ээж хэлсэн. Бид үүнд бэлдэж байлаа” гэж Аммон хэлэв.
Баба инээмсэглээд, “Би баяртай байна. Хүрч ирээд, суу. Ярилцъя. Энжэл ч мөн хүрээд ир” гэлээ.
Бүгдээрээ цуглан суухад Баба “Би ээжтэй чинь онцгой зочныхоо талаар мөн түүнийг хэрхэн тав тухтай байлгах тухай ярилцсан юм. Эхлээд манай зочин хэн болохыг би та нарт хэлье. Тэр бол Ариун Сүнс. Тэр бол хамгийн чухал зочдын нэг” гэж хэллээ.
Аммон, Энжэл хоёр бие бие рүүгээ харав. Энэ нь Аммоны бодож байсан зүйл биш байлаа!
“Харин Тэр бол өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгахаар урьж болох зочин юм. Энжэл, чи баптисм хүртсэнийхээ дараа гишүүнээр батлуулж, нэгэн бэлэг хүлээн авсан. Адислал өгөхдөө Бабагийнхаа юу гэж хэлснийг чи санаж байна уу?” гэж ээж нь асуув.
“Тэр надад Ариун Сүнсийг хүлээн авна уу” гэж хэлсэн хэмээн тэр хариуллаа.
“Зөв байна. Чамайг Ариун Сүнсийг хүлээн авна уу хэмээн урьсан. Тэгэхээр Аммон, би яагаад Түүнийг урьж авчрахад чи тусалж чадна гэж хэлсэн байх уу?” гэж ээж нь асуув.
Аммон бодлоо. Тэр зочноо урих ил захидал бичихээр төлөвлөсөн байсан юм. Харин тэр Ариун Сүнсийг хэрхэн урих вэ? Аммон “Түүнийг тав тухтай байлгах зүйлсийг хийх нь Түүнийг урих нэг арга зам юм болов уу” хэмээн хариулав.
“Яг зөв! Гэр орноо цэвэрлэж, эмхэлж цэгцлэх нь Түүнийг гэртээ урих нэг арга зам юм” гэж Баба хэллээ.
“Тэгээд л ээж биднээс өрөөгөө цэгцлэхийг хүссэн юм уу?” гэж Аммон асуув.
“Тийм ээ! Түүнийг өөрсөдтэйгөө хамт байлгахаар урихын тулд бид өөр юу хийж болох вэ?” гэж ээж нь асуулаа.
“Бид залбирч мөн судраас уншиж болно” гэж Аммон хэлэв.
“Бид сайн сайхан дуу хөгжим сонсож, сүмийн дууллыг хамтдаа дуулж болно” гэж Энжэл хэллээ.
“Бид хоорондоо маргалдахгүй, бие биедээ сайхан хандаж болно” гэж Аммон хэлэв.
Баба “Тийм ээ. Бид Есүс Христийн заасны дагуу хийхийг хичээснээр Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байхад урьдаг. Харин Тэрээр бидний гэр орныг хайр, амар амгаланг мэдрэх газар болгоход тусална” гэж хэллээ.
Аммон минут хэртэй бодсоноо, “Таны зөв, Баба. Ариун Сүнс бол хамгийн чухал зочдын нэг юм байна!” гэж хэлэв.