Нэмэлт тусламж
Үлэг гүрвэлийн яснууд хэл заслын эмчилгээнээс хамаагүй зугаатай сонсогдов.
“Алэкс, хэл заслын эмчилгээндээ явах цаг боллоо” гэж хатагтай Жэнкинсийг хэлэхэд,
Алэкс толгой дохив. Хэл заслын эмчилгээ бол түүний явдаг тусгай анги юм. Тэр зарим үг, авиаг сайн хэлж чаддаггүй тул долоо хоногт хэдэн удаа хэл заслын ангид явж, дадлага хийх шаардлагатай байсан. Тэр ердийн ангиасаа гарч явах болгондоо их ичдэг байв!
Тэр багш руугаа хараад, “Зөвхөн өнөөдөр очихгүй байж болох уу? гэж шивнэжээ.
Өнөөдөр ноён Тиммонс Алэксын ангид ирж, үлэг гүрвэлийн тухай ярина. Ноён Тиммонс үлэг гүрвэлийн янзын сүртэй ястай музейд ажилладаг. Тэр бүр олон мянган жилийн насжилттай яс авчрах гэж байгаа тул Алэкс үүнээс хоцрохыг хүссэнгүй.
Хатагтай Жэнкинс инээмсэглэв. “Гэхдээ чи хэл заслын ангидаа заавал суух хэрэгтэй. Ноён Тиммонсын өгөх ярианы сүүлчийн хэсэгт амжиж ирж ч магад” гэлээ.
Алэкс хариу инээмсэглэхийг хүссэн ч чадсангүй. Тэр хэл заслын эмчилгээний анги руугаа хөлөө чирсээр явав. Анги дээр тэд нэг авиаг олон удаа давтан хэллээ. Үлэг гүрвэлийн талаар сурах нь илүү зугаатай байх байсан.
“Би энэ тэнэг авиануудыг хэлэх дургүй” гэж тэр хэл заслын багшдаа хэлэв. “Надад яг нялх хүүхэд шиг санагдах юм” гэхэд нь
“Чи нялх хүүхэд биш л дээ. Зүгээр л заримдаа бидэнд нэмэлт тусламж хэрэгтэй болох үе байдаг юм. Би ч бас чиний насан дээр хэл заслын эмчилгээнд явдаг байсныг чи мэдэх үү?” гэж багш нь хэлэв.
Үүнийг сонсоод, Алэксын сэтгэл санаа арай дээрдэв. Тэр үлдсэн цагтаа авиа дуудлагаа хичээнгүйлэн давтлаа.
Алэкс хатагтай Жэнкинсийн ангид эргэж ирэхдээ, найз Кортни нь ангиас гарч явахыг харав.
“Чи хаачих гэж байгаа юм бэ?” гэж тэр асуув.
Кортни доошоо хараад, би уншиж чадахгүй байгаа болохоор уншлагын тусгай ангид орохоор болсон” гэлээ. Кортни ичсэн байдалтай харагдаж байв.
“Аан, зүгээр дээ. Би сая хэл заслын ангиасаа ирлээ. Би хичээлийн туршид нэг л авиаг дахин дахин дуудсан” гэж Алэкс хэлэв. Түүнийг хамраа үрчийлгэн,
“Тийм үү?” гэхэд,
тэр толгой дохиод, “Би хэл заслын ангид хоёр жил сууж байна” гэлээ.
“Би яагаад мэдээгүй юм бол?” гэж Кортниг асуухад,
Алэкс мөрөө хавчаад, “Би хэнд ч хэлж байгаагүй. Тэднийг шоолох байх гэж айж байсан юм” гэв.
Кортни “Би чамайг яасан ч шоолохгүй байсан. Үлэг гүрвэлийн ясыг үзэхээр амжиж ирсэнд чинь би баяртай байна. Үнэхээр гоё шүү!” гэлээ. Тэр гараа даллан, “Би одоо явахгүй бол болохгүй нь. Дараа уулзъя!” гэв.
Удалгүй Кортни тэр хоёроос гадна олон хүүхэд өөр ангид явдгийг Алэкс мэдэж авсан юм. Томми нийгэмтэй харилцах чадварыг сайжруулахад туслах ангид явдаг бол, Бэка гараа гэмтээснийхээ дараа, гарын булчинг хөгжүүлэхэд тусалдаг тусгай багштай хичээллэдэг байлаа.
Одоо Алэкс хэл заслын ангид явж байгаадаа сэтгэлээр унахаа больсон. Тэр бусад хүүхдэд ч гэсэн үүндээ сэтгэлээр унахгүй байхад нь туслахыг хүсдэг болсон юм. Тэр Кортнитой унших дадлага хийж, үдийн цайгаараа Томмитой ярьдаг. Заримдаа хүн бүрд нэмэлт тусламж авах хэрэг гардаг бөгөөд тусламж авах нь байдаг л зүйл!