Яг таарсан биетэй
Бусдаас өөр байгаа нь Тринад таалагддаггүй.
Саша “Чи ямар жижигхэн юм бэ!” гээд, “Бид чамайг өөдөсхөн Трина гэж байя” гэж хэлэв.
Трина инээмсэглэхийг хичээлээ. Сургуулийн хүүхдүүд түүнийг жижигхэн болохоор нь их шоглодог байв. Тэр жижигхэн төрсөн бас бусад хүүхэдтэй адил хурдан өсөхгүй байгаа ч өөдөсхөн Трина гэж нэрлүүлэх дургүй байлаа. Бусдаас өөр байгаа нь ч түүнд таалагддаггүй байв.
Завсарлагаанаар гарч явах үед Макс “Чи ийм жижигхэн юм чинь өсөхгүй л байх даа” гэлээ.
“Би жижиг гэдгээ мэднэ. Гэхдээ би энэ тал дээр юу ч хийж чадахгүй. Явж тоглоцгооё” гэж Трина хэлэв.
Трина хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглохоор гүйлээ. Тэд бөмбөгөө нааш цааш өшиглөцгөөнө. Бүгдэд нь хөгжилтэй байсан ч
Трина удалгүй ядарч эхлэв. Тэр удаан гэгч сажлан, тоглоомноос гарч, зүлгэн дээр очиж суулаа.
Удалгүй түүний найз Жоси ирэв. Жоси бас Сүмийн Хүүхдийн хэсгийн ангид хамт явдаг байсан.
“Чи зүгээр үү?” гэж Жоси асуув.
Трина “Тийм ээ” гээд, “Зүгээр л түр зуур амсхийх гээд л. Их гүйхээр багтрах гээд байдаг юм. Миний уушиг тийм ч сайн биш л дээ” гэж хэллээ.
Жоси Тринагийн хажууд суугаад, тэд хоёулаа өвс зулгааж, жижиг бөгж, бугуйвч хийв. Тэд сургууль, найз нөхөд, гэрийн даалгаврынхаа талаар ярилаа.
Жоси “Би Сашагийн юу гэж хэлснийг сонссон. Тэр чамайг өөдөсхөн Трина гэж дуудсанд би харамсаж байна” гэв.
Тринаг зүгээр л толгой дохиход,
тэр “Гэхдээ би чамайг яг таарсан биетэй гэж боддог!” гэлээ.
Трина инээмсэглэн, өвсөөр хийсэн бугуйвчаа Жосид өгөв.
Дараагийн ням гарагт Трина сүмдээ явахад бэлэн болсон байв. Тэр даашинзаа өмсөөд, үсээ самналаа. Дараа нь тэр шүүгээнд байсан жижигхэн гутал руугаа хөмсгөө зангидан харав. Хүүхдийн хэсэгт нь ийм жижигхэн гутал өмсдөг хүүхэд байхгүй гэдэгт тэр огтхон ч эргэлзэхгүй байлаа.
Трина хөлөө чирсээр Сүмийн коридороор алхав. Хүүхдийн хэсгийн ангидаа очиход, Жоси гадна нь хүлээж байлаа.
Жоси “Бид чамд гэнэтийн бэлэг бэлдсэн! гээд, Орж ирээд, хар даа!” гэх нь тэр.
Тринаг өрөөнд орж ирэхэд бусад хүүхэд болон багш нь болох Ботт эгч хурц тодоор чимэглэсэн самбар луу заав. Самбарын энд тэндгүй баахан зүрх наасан байлаа. Тэдгээр зүрхэн дээр “Трина сайхан инээмсэглэдэг. Трина том зүрхтэй!” гэж бичсэн байв.
“Чамд таалагдаж байна уу?” гэж Жоси асуугаад, “Ботт эгч энэ бүхнийг хийхэд бидэнд тусалсан юм” гэлээ.
“Надад таалагдаж байна. Баярлалаа” гэж Трина хэлэв.
Ботт эгч “Бид чамд чухал үнэнийг сануулахыг хүссэн юм. Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийг хайрладаг. Намхан, өндөр, том, жижиг. Энэ бүхэн Түүнд чухал биш. Бид бүгд Бурханы хүүхэд бөгөөд Тэр бидний хүн нэг бүрд хайртай” гэлээ.
Трина самбар дээрх зүрхнүүд рүү харж, нүүр дүүрэн инээмсэглэв.