Газар бүрийн анхдагчид
Фэлипэ замаа олсон нь
“Бидэнд замаа олоход туслаач” гэж Фэлипэ залбирав.
Фэлипэ харуй бүрий болж байгааг мэдэж байлаа. Шувуудын жиргээ сонсогдохоо больж, хүрэлзгэний дүнгэнэх чимээ ихэссээр. Тэр ээжтэйгээ хамт хоёр цаг гаруй ой дотор алхан, хаашаа ч явсан очсон газар нь өмнөхтэйгөө яг адилхан харагдана. Тэд яалт ч үгүй төөрсөн байв.
Фэлипэ үнэхээр их айж эхлэв. Энэ ширэнгэн ойд тэд хэр удаан тэсэх бол? Тэр дөнгөж 10 настай шүү дээ. Тэр могой юм уу зэрлэг гахайтай тулалдаж хараахан чадахгүй. Бас нар жаргасны дараа өөр ямар аймшигтай амьтад гэтэн ирэх бол? Ингэж бодохоор нуруугаар нь хүйт даах шиг боллоо.
Зоригтой бай гэж тэр өөрөө өөртөө хэлэв. Тэр зоригтой байх хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа.
Аавыгаа хажууд нь байсан ч болоосой гэж бодсон ч аав нь зургаан сарын өмнө өөд болсон байв. Аавыг нь өнгөрсний дараа Фэлипэ, түүний ээж хоёрт хэцүү байлаа. Тэд мөнгөгүй бас хоол ундгүй болсон байв.
Фэлипэ уулын цаана амьдардаг эгчийндээ удахгүй очно байх гэж найдсаар. Эгч нь тэдэнд будаа авах мөнгө өгөх байв.
Тэр дотроо “Тэнгэрлэг Эцэг минь ээ, бидэнд замаа олоход туслаач. Гуйж байна” гэж залбирлаа.
Тэгтэл наргил моддыг олъё гэсэн бодол орж ирэв. Фэлипийг дээш хартал, тээр тэнд наргил модны төгөл харагдав. Тэр ширэнгэн ойн дундаас цойлон харагдах моддыг олж харсан ба далдуу моддын навчис салхинд найгаж байлаа. Олон цаг явсны эцэст одоо л нэг юм найдвар төрөв.
“Хар даа!” гээд, түүнийг модод руу заахад
ээж нь бүгдийг ойлгожээ. Наргил модод нь тосгон ойрхон буйг илтгэж байсан ба Бурхан Фэлипэгийн залбиралд хариулжээ. Фэлипэ ээжийнхээ гараас барин, нар моддын цаагуур далд орох үед хамтдаа аюулгүй газар луу алхацгаав.
Бурхан залбиралд нь хэрхэн хариулсныг Фэлипэ үргэлж санадаг. Заримдаа ширэнгэн ойд сонссон шиг Бурханы дуу хоолойг сайн сонсдог ч болоосой гэж тэр хүсдэг байв.
Харин найман жилийн дараа, нэгэн өдөр Фэлипэ хэдэн номлогчтой тааралдсан байна. Тэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчид байв. Тэд Бурханы үгийг дамжуулдаг амьд бошиглогчдын талаар түүнд заасан. Энэ нь Фэлипэгийн хүсэн хүлээж байсан зүйл байлаа!
Фэлипэ Сүмд нэгдэнэ гэхээс сэтгэл нь догдолж байв. Тэр Филиппинээс гарч сайн мэдээг хуваалцсан анхны номлогчдын нэг болсон юм. Бурхан Фэлипэд хаашаа явахыг нь ахин нэг удаа харуулсан шиг үргэлж харуулна гэдгийг тэр мэддэг.