2010–2019
Дөрвөн нэр
Дөрөвдүгээр сар 2013


19:19

Дөрвөн нэр

Би та бүхэнд ... Бурханы мөнхийн төлөвлөгөөн дэх бидний хувь хүн бүрийн үүрэг болон нөөц бололцоог санваар атгагчдын хувьд таньж мэдэхэд тусалж болох дөрвөн нэрийн талаар яримаар байна.

Хүндэт ах нар, хайрт найзууд минь та бүхэнтэй хамт байгаадаа миний зүрх сэтгэл баяр баясал, талархлаар дүүрэн байна. Хөвгүүд, ач, зээ нараа дагуулан ирсэн эцгүүд, өвөө нар, та бүгдийг би сайшааж байна. Өнөөдөр энд байхаар сонгосон залуу эрэгтэйчүүд та нарт баяр хүргэе. Энэ бол та нарын байх ёстой газар юм. Биднийг нэгтгэдэг ах дүүсэг байдлыг та бүхэн ч мэдэрч байгаа гэж найдаж байна. Энд байгаа ахан дүүсийнхээ дундаас харилцан хамаарал, тусламж дэмжлэг, нөхөрлөлийг олох болно хэмээн би залбирч байна.

Эрчүүд бид заримдаа өөрийнхөө нэрээр өөрсдийгөө таньж мэддэг. Бидний олонх нь олон нэртэй байдаг ба нэр тус бүр нь бидний хэн болох талаар ямар нэгэн чухал зүйлийг өгүүлж байдаг билээ. Жишээлбэл, бидний зарим нэр хүү, ах, нөхөр ба аавын гэх мэт гэр бүлийн үүрэг хариуцлагыг тодорхойлдог. Өөр бусад нэр эмч, цэрэг эсвэл уран дархан гэх мэт дэлхий дэх бидний ажил мэргэжлийг тодорхойлж өгдөг. Мөн зарим нь сүм дэх бидний албан тушаалуудыг тодорхойлж байдаг билээ.

Өнөөдөр би та бүхэнд, дэлхий даяарх санваар атгагчдад байдаг хэмээн миний итгэдэг дөрвөн нэрийн талаар яримаар байна. Эдгээр нэр нь Бурханы мөнхийн төлөвлөгөөн дэх бидний хувь хүн бүрийн үүрэг болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн санваар атгагчдын хувьд бидний нөөц бололцоог таньж мэдэхэд маань тусалдаг юм.

Тэнгэрлэг Эцэгийн Хүү

Хамгийн чухал арга замаар бид бүгдийг тодорхойлдог нэг нэр бол Тэнгэрлэг Эцэгийн хүү. Амьдралд бид хэн ч байсан, юу ч хийдэг байлаа гэсэн бид үнэхээр Бурханы сүнсэн хүүхдүүд гэдгийг хэзээ ч мартах ёсгүй. Бид энэ дэлхийд ирэхээсээ өмнө Түүний хүүхдүүд байсан ба үүрд Түүний хүүхдүүд байх болно. Энэхүү энгийн үнэн нь биднийг өөрсдийгөө, ах, эгч, дүү нараа болон амьдралыг үзэх үзлийг маань өөрчлөх ёстой.

Харамсалтай нь бидний хэн нь ч энэхүү нэрийг илэрхийлж байдаг “бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй” гэдэгт бүрэн нийцэж амьдардаггүй.1

Бурханы хүү гэдэг нь ямар утгатай болохыг ойлгох үедээ бүтэлгүйтэх нь биднийг сэтгэлээр унахад хүргэдэг. Чөтгөр эдгээр мэдрэмжүүдийг тань ашиглах дуртай байдаг. Сатан та нарыг тэнгэрлэг чадавхаараа биш харин гэм нүглээрээ өөрсдийгөө тодорхойлохыг тань илүүд үзэж байгаа. Ах нар аа, түүнийг бүү сонс.

Хөлд орж буй хүүхдийг бид бүгд харж байсан. Тэр тэнтэр тунтар алхаж унаад л, заримдаа бүр уйлдаг. Тэр чармайлтынх нь төлөө бид загнадаг бил үү? Мэдээж үгүй. Ямар эцэг дөнгөж хөлд орж буй хүүхдээ шийтгэх юм бэ? Бид зоригжуулж, урам өгч, алгаа ташин, магтдаг. Учир нь алхах бүртээ тэр жаахан хүүхэд эцэг эхтэйгээ илүү адил болдог.

Одоо ах нар аа, үүнийг Бурханы төгс төгөлдөр байдалтай харьцуулбал, мөнх бус бид нар эв дүйгүй хөлд орж байгаа хүүхдээс ялимгүй л илүү юм. Гэхдээ бидний хайрт Тэнгэрлэг Эцэг биднийг Түүнтэй илүү адилхан болгохыг хүсдэг ба хайрт ах нар минь, бас энэ нь бидний мөнхийн зорилго байх ёстой. Биднийг агшин зуурт биш харин нэг нэг алхам хийж ахиж дэвшсээр Түүнтэй адилхан болно гэдгийг Бурхан мэддэг.

Биднийг шийтгэхийн тулд дүрэм, тушаал гарган дараа нь алдаа хийхийг хүлээж байдаг Бурханд би итгэдэггүй. Биднийг өсөн хөгжиж Түүнтэй адилхан болохын тулд байнга хичээн, чармайх бүрийд баярлан, мөн хайрлаж, халамжилдаг Тэнгэрлэг Эцэгт би итгэдэг. Биднийг алдаж эсвэл бүдрэхдээ сэтгэлээр унахгүй, шантрахгүй буюу өөрсдийн үүрэг хариуцлагаасаа зайлсхийхгүй байхад Тэрээр туслан, харин ч бүх зориг, өөртөө итгэх итгэлийг олж аван, үргэлжлүүлэн хийхэд урам өгдөг.

Бидний Тэнгэр дэх Эцэг Өөрийн хүүхдүүдээ сургаж, заримдаа итгэлтэй мөн Аврагчийг дагах хүсэлтэй тэдэнд урьд нь үзүүлж байгаагүй тэнгэрлэг тусламжийг байнга илгээдэг юм.

Есүс Христийн Шавь

Мөн энэ нь бид бүгдэд нийтлэг байдаг удаах нэр болох: Христийг чин сэтгэлээсээ дагахыг хүссэн бүхэн Түүний шавь хэмээгдэх нэр рүү хөтлөгддөг. Хэдийгээр бид хэн ч төгс төгөлдөр биш гэдгийг мэддэг ч жишгээ бууруулах, өгөгдсөн боломжоо бүрэн ашиглахгүй байх, нүглээ наманчлахаа хойшлуулах, эсвэл бидний Хаан, Багшийнхаа илүү сайн, төгс, цэвэр ариун дагалдагч болж хөгжихөөс татгалзах шалтгааны улмаас энэ нэрээ ашиглаж чадахгүйд хүрдэг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь төгс төгөлдөр, мөнх бус уруу таталтын нөлөөнд автдаггүй эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулан байгуулагдаагүй гэдгийг санагтун. Харин эсрэгээрээ, тан шиг, над шиг хүмүүст зориулан байгуулагдсан. Энэ сүм бидний Цагаатгалаар нь дамжуулан цэвэршигдэн, “нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх”3 болдог Гэтэлгэгч, Их Эзэн Есүс Христийн хадан дээр2 баригдсан юм.

Есүс Христийн Цагаатгалгүйгээр амьдрал утга учиргүй бөгөөд ирээдүй найдваргүй байх байсан. Цагаатгал байгаа тохиолдолд л амьдрал нь бидний Тэнгэрлэг Эцэгтэй хамт орших мөнхийн амьдрал руу удирддаг, сүнслэгээр өргөдөг, урамшуулан дэмждэг өсөлт, хөгжлийн аян болдог юм.

Хэдийгээр Цагаатгал нь бид бүгдийг Христтэй адил болоход туслах гэсэн утгатай ч энэ нь бид бүгдийг ижил болгоно гэсэн үг биш. Заримдаа бид хувь хүний зан чанарыг нүгэлтэй хутгаж ойлгон төөрөлддөг. Хэн нэгэн биднээс өөр учраас тэдгээр хүмүүсийг Бурхан таалахгүй л байгаа хэмээн боддогоос бид алдаа хийдэг. Иймэрхүү бодол нь зарим хүмүүсийг энэ сүм хүн бүрийг ижилхэн харагдах, сэтгэх, мэдрэх, биеэ авч явах ёстой гэдгийг заадаг гэж итгэхэд хүргэж байна. Энэ бол хүн бүрийг ах, дүү нараас нь, эцгийг хүүгээс нь өөрөөр бүтээсэн Бурханы мэргэн ухааны эсрэг зүйл. Үнэндээ усны дусал шиг ижил ихрүүд хүртэл зан араншин, сүнслэг байдлын хувьд адилгүй байдаг.

Мөн энэ нь Бурханы хүүхэд нэг бүрийн ёс суртахууны сонгох эрх болон үүнээс гарах бүх чухал үр дагаврыг хамгаалж, хүлээн зөвшөөрдөг Есүс Христийн Сүмийн зорилт, зорилготой зөрчилдөж байна. Есүс Христийн шавь нарын хувьд бид өөрсдийн Бурханы тушаалуудыг сахина гэсэн амлалтаараа болон дахин сэргээгдсэн сайн мэдээний гэрчлэлээрээ нэгддэг. Гэхдээ бид соёл, нийгмийн байдлаараа болон улс төрийн үзэл бодлоороо ялгаатай.

Бид энэ ялгаатай байдлын давуу талыг олж аван, нэг нэгнээ хөгжиж дэвшихэд, мөн авьяас билгээ ахан дүүс болон бусад гишүүдээ өргөн хүчирхэгжүүлэхээр ашиглахад зоригжуулах үед сүм улам хүчирхэг болж байдаг.

Ах нар аа, шавь байна гэдэг нь насан туршдаа Аврагчийг дагах аялал юм. Бидний Бетлехемээс Голгот хүртэлх буюу төрөлтөөс үхэл хүртэлх замд өөрсдийн шавь байх аяллаа зогсоох олон шалтгууд гарч ирэх болно. Заримдаа, энэ аян зам маань бидний хүсч байснаас ч их зүйлийг шаардах мэт санагддаг. Гэхдээ санваартан ах бид нарын хувьд загалмай маань үүрэхэд хүнд байсан ч гэсэн Гэтэлгэгчээ дагах зоригтой байх ёстой.

Бурханы Хүүг дагах алхам бүр биднийг хараахан төгс төгөлдөр болоогүйг бидэнд сануулдаг. Гэхдээ бүгдээрээ тууштай, үнэнч дагалдагчид байцгаая. Бүгдээрээ бууж өгөхгүй байцгаая. Гэрээнүүддээ үнэнч байцгаая. Бүгдээрээ Түүн рүү урагшлан алхахдаа төгс төгөлдөр бус алхам ар араас нь хийх явцдаа Өмгөөлөгч, Гэтэлгэгчээсээ хэзээ ч хараагаа салгахгүй байцгаая.

Сүнсийг Эдгээгч

Ах нар аа, хэрвээ бид Их Эзэн Есүс Христийг үнэхээр дагадаг бол бид гуравдах буюу сүнсийг эдгээгч гэдэг нэрийг хүлээн авах ёстой. Бурханы санваарт томилогдсон бид “бусдыг эдгээх”4-ээр дуудагдсан.

Бүтээх, засах, хүчирхэгжүүлэх, өргөх, мөн нэг бүхэл болгох нь бидний ажил. Бидний үүрэг бол Аврагчийн жишээг даган, тэдгээр зовж шаналсан хүмүүст хүрэх явдал мөн. Бид “гашуудах тэдний хамт гашуудаж...тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулдаг.” 5 Бид шархадсан нэгний шархыг боодог. Бид “сул доройчуудад тусалж, доош унжсан гарнуудыг өргөж, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгодог.”6

Гэрийн багшийн хувьд бид бол эдгээгчид. Санваарын удирдагчийн хувьд бид эдгээгчид. Эцэг, хүү, ах, дүү, нөхрийн хувьд бид үүрэг хүлээсэн, үнэнч эдгээгчид. Бид нэг гартаа өвчтөнийг адислах ариутгасан тосны савыг, нөгөө гартаа өлссөн нэгнийг хооллох талхны хэлтэрхийг, харин зүрх сэтгэлдээ “шархадсан сүнсийг эдгээгч”7 Бурханы амар амгалангийн үгийг тээж явдаг билээ.

Энэ бол Аароны болон Мелкезедек санваартны аль алинд нь хамаарах санваартан бидний хамгийн анхны мөн хамгийн чухал үүрэг, хариуцлага юм. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ нь биднийг зөвхөн итгэх үед л адисалдаг бус харин үүгээр амьдрах үед илүү ихээр адисалдаг. Энэ бол хувь хүмүүсийг урамшуулж, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлдэг сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэхэд гарч ирдэг зүйл. Энэ бол бидний зөв зүйлийн талаар зөвхөн ярих төдий бус харин зөв зүйлийг үйлдэх онцгой эрх, үүрэг хариуцлага юм.

Аврагч бол гайхамшгийн бүтээгч. Тэрээр агуу Эдгээгч. Тэрээр бидний үлгэр жишээ, хамгийн хүнд хэцүү үед ч гэрэл болдог ба Тэрээр бидэнд зөв замыг зааж өгдөг.

Бид Түүнийг дагах ёстой. Санваар атгагчдын хувьд, өөрсдийн үүргээ гүйцэтгэж, Бурханд болон эргэн тойрныхондоо үйлчлэн эдгээгчид болох ёстой.

Мөнхийн Амьдралыг Залгамжлагч

Бидний дөрөвдэх нэр биднийг энэ нэрсийн жагсаалтын маань хамгийнг эхэнд аваачна. Тэнгэрлэг Эцэгийн хөвгүүдийн хувьд бид Түүнд байгаа бүх зүйлийн өв залгамжлагчид юм.

“Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг”:

“Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм.”8

Хайрт ах нар минь, үүнийг бодоод үзээрэй. Бид Христтэй хамт өв залгамжлагчид юм!

Тэгвэл бид өөрсдийн үнэт цаг, бодол санаа, мөнгө, эрч хүчээ нэр төр эсвэл дэлхийн эд баялаг олж авахын тулд чармайхад эсвэл хамгийн сүүлийн үеийн электрон хэрэгслээр дэгжирхэхийн тулд зарцуулах нь утга учиртай байна уу?

Их Эзэн бидэнд “Учир нь миний ярьсан энэхүү хоёр санваарыг хүртэхэд, мөн дуудлагаа эрхэмлэн биелүүлэхэд итгэлтэй байдаг хэн ч гэсэн... намайг хүлээн авдаг хэмээн Их Эзэн хэлдэг; ... намайг хүлээн авдаг тэрээр Эцэгийг минь хүлээн авдаг;... тиймийн тул Эцэгт минь байгаа бүхэн түүнд өгөгдөх болно”9 гэсэн тэнгэрлэг амлалтыг өгсөн.

Бүх зүйл энэ амлалттай хамааралтай байна гэхэд төсөөлөхийн аргагүй юм. Гэхдээ энэ бол гайхамшигтай, тэнгэрлэг, мөнхийн бөгөөд амьдралдаа бидний гаргасан бүх чармайлт үнэ цэнэтэй гэдгийг би мэднэ.

Үүнийг мэдсэнээр, бид Их Эзэнд болон найз нөхөддөө сайн дураараа, баяр баясгалантайгаар үйлчлэхгүй байж мөн Бурханы санваарын үүрэг хариуцлагаа гүйцэтгэхгүй байж яаж чадах юм бэ?

Өөрсдийн үүргүүдийн дагуу үйлчилж, амьдрах нь бүхий л арга замаар биднийг сорьж өөрсдөдөө байгаа чадваруудыг ашиглахыг шаардах маш нэр төртэй хөдөлмөр юм. Бидэнд тэнгэрээс удирдамж, адислалуудыг хүлээн авч, Ариун Сүнсний өдөөлтөөр замаа заалган, гэрч болох хүсэл байна уу? Тэгвэл бид хөдөлмөрлөж эхлэн өөрсдөөс маань илүү агуу байх энэхүү агуу ажилд хүчин чармайлтаа тавих хэрэгтэй!

Бурханд болон бусдад үйлчлэх нь биднийг сорьж, бидний хэзээ ч бодож байгаагүй ямар нэгэн агуу зүйл рүү уриалдаг.

Гэсэн ч та нар өөрсдийгөө хэн ч биш, хэрэгцээгүй, чухал биш гэж бодож магадгүй юм.

Хэрэв ямар нэг санваартан ингэж бодож байгаа бол надад үнэхээр харамсалтай байна. Мэдээж, Тэнгэрлэг Эцэг чамайг хэрэгцээгүй, чухал биш гэж үзэхгүй. Тэрээр танд хайртай. Мөн би сүмд та хэрэгтэй гэдгийг та бүгдэд хэлж байна.

“Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ”10 гэдгийг та мэдэхгүй гэж үү?

Магадгүй, бид сул дорой гэдэг нь үнэн байж болно. Магадгүй, бид цэцэн, цэлмэг эсвэл агуу биш байж болно. Гэхдээ Бурхан биднээр дамжуулан ажиллах үед хэн ч, юу ч бидний эсрэг зогсож чадахгүй.11

Ийм учраас та хэрэгтэй. Та өөрийн гэсэн онцгой хувь нэмрээ оруулах боломжтой ба Бурхан таны хувь нэмрийг агуу арга замаар өсгөн нэмэгдүүлэх болно. Таны хувь нэмрээ оруулах чадвар зөвхөн Сүмийн дуудлагаас тань хамаарахгүй. Үйлчлэх боломжуудад тань хязгаар үгүй. Хэрвээ та замын хажууд зогсож байгаа бол тоглоомонд оролцохыг уриалж байна.

Бурханы хаант улсыг байгуулахын төлөө бүрэн оролцохоосоо өмнө ямар нэгэн дуудлага авна хэмээн хүлээх хэрэггүй. Санваарыг атгагчийн хувьд, та нар уг ажилд аль хэдийн дуудагдсан болой. Бурханы үгэнд өдөр бүр шамдан суралц, өдөр бүр Тэнгэрлэг Эцэгт хандан залбир, сэргээгдсэн сайн мэдээний зарчмуудыг өөрийн нэг хэсэг болго, Бурханд талархлаа илэрхийлж, удирдамж хүсч асуу. Тэгээд сурсан зүйлийнхээ дагуу эхлээд гэр бүлдээ түүнчлэн амьдралынхаа бүхий л нөхцөл байдалд амьдар.

Агуу хөгжмийн Зохиогчийн маань симфонид та нарын тоглох ёстой хэсэг болон дуулах ёстой нотнууд байгаа. Хэдийгээр та нар тоглолтын үеэр алдаа гаргалаа ч гэсэн симфони үргэлжлэн тоглогдсоор л байх болно. Харин та юу чаддагаа харуулан уг хэмнэлтэй хөлөө нийлүүлбэл Бурханы хүчийг танаар дамжуулан үйлдүүлэхэд зөвшөөрвөл та нарт “тэнгэрийн цонх” нээгдэж, Тэрээр “та нарын төлөө ивээлийг хальтал асгахыг”12 харах болно. Бурханы хүүгийн хувьд, та нар бодит нөөц боломж, чадавхаа хэрэгжүүлбээс гэр бүлдээ, орон гэртээ, нийгэмдээ, улс эх орондоо, чухамдаа энэ дэлхийд сайнаар нөлөөлөх болно.

Бусдад үйлчлэх үедээ “амиа өгснөөр” 13 та нар “Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл”14 өсч хөгжинө. Тэгээд та нар Эцэгт байгаа бүх зүйлийг Христтэй хамт өвлөхөд бэлтгэгдэх болно.

Бурханд та нар чухал

Хайрт ах нар минь, хүндэт найз нар аа, та бүгд чухал. Та нар хайрлагдсан хүмүүс. Та нар хэрэгтэй хүмүүс. Энэ ажил бол үнэн. Та нарын атгаж буй санваар бол үнэхээр Бурханых юм.

Би та нарыг зохистой санваарыг атгагчийн олон нэрийн тухай тунгаан бодохдоо та нарыг урагшаа, Тэнгэрлэг Эцэгийн та нарт зориулан бэлтгэсэн агуу их өв рүү хөтлөх тэнгэрлэг хүч, тусламжийг олж мэдээсэй хэмээн залбирч байна. Би энэ адислал болон гэрчлэлийг Есүс Христийн ариун нэрээр үлдээж байна, амен.