2010–2019
Гэтэлгэл
Дөрөвдүгээр сар 2013


15:21

Гэтэлгэл

Бид Христийг дагаснаараа Түүний гэтэлгэлийн ажилд оролцож уг ажилд тус дөхөм үзүүлэхийг хичээдэг.

Колончлолын үед Америкт ажилчид маш их хэрэгцээтэй байлаа. 18 -р зууны үе 19-р зууны эхээр Америкт цагаачлан ажиллах хүсэлтэй олон ажилчдыг Их Британи, Герман болон Европын бусад орнуудаас элсүүлсэн ч тэдний олонхи нь замын зардлаа төлөх чадваргүй байлаа. Эдгээр хүмүүс ажилд орсныхоо дараа замын зардлаа төлөхийн тулд хэсэг хугацаанд цалингүй ажиллахаар тохиролцож тэдэнтэй гэрээ хийсний үндсэн дээр тэднийг далайгаар тээвэрлэн Америкт хүргэх явдал түгээмэл байв. Зарим түрүүлж Америкт ирсэн гэр бүлийн гишүүд нь ирэх хүмүүсийнхээ замын зардлыг төлнө, хэрэв төлж чадахгүйд хүрвэл өөрсдөө хэсэг хугацаанд цалингүй ажиллах болно гэсэн амлалт өгч Америк руу явдаг байжээ. Тэд ихэвчлэн ферм, жижиг үйлдвэрлэлийн газрууд болон гэрийн үйлчлэгчээр ажилладаг байв. Хэсэг хугацаагаар цалингүй ажилладаг байсан цагаачдыг дүрслэн ярихдаа тэднийг “өөрсдийгөө гэтэлгэгчид” эсвэл өөрийгөө аврагч гэсэн нэр томьёог хэрэглэдэг байжээ. Тэд өөрсдийн хөдөлмөрөөр эрх чөлөөгөө худалдан авч замын зардлаа төлөх шаардлагатай болсон ажээ.1

Есүс Христийн олон нэрнээс хамгийн чухал нь Гэтэлгэгч хэмээх нэр юм. Өөрийгөө “гэтэлгэгч” цагаачдын тухай миний дээр дурдсанаар гэтэлгэх гэдэг үг нь өр төлбөр буюу хүлээсэн үүргээ төлж барагдуулах гэсэн утгатай юм. Гэтэлгэхгэдэг нь бас аврах, өр төлбөрийг төлж чөлөөлөх гэсэн утгатай юм. Хэрэв хэн нэгэн алдаа гаргасны дараа, түүнийгээ залруулбал бид түүнийг өөрийгөө гэтэлгэлээ гэдэг. Эдгээр утга тус бүр нь Есүс Христ Өөрийн Цагаатгалаар дамжуулан гүйцэлдүүлсэн агуу Гэтэлгэлийн янз бүрийн хэлбэрийг харуулж байна. Тэдгээрийн нэгийг толь бичигт “нүгэлтний төлөө золиослол хийж, түүнийг нүглээс болон нүглийн шийтгэлээс чөлөөлөх”2 гэж тодорхойлжээ.

Аврагчийн Гэтэлгэл хоёр талтай юм. Нэгдүгээрт: Энэ нь Адамын зөрчлийг цагаатгаж, үүнээс ирсэн Хүмүүний Уналтын шууд үр дагавар болох биеийн үхэл, сүнсний үхэл хоёрыг даван дуулах явдал мөн. Хүмүүс биеийн үхлийг сайн ойлгодог. Сүнсний үхэл бол хүн Бурханаас тусгаарлагдах явдал юм. Паулын үгээр, “Адам дотор бүгд үхдэгчлэн, Христ дотор бүгд амьдруулагдах болно” (1 Коринт 15:22). Биеийн болон сүнсний үхлээс аврах энэхүү хоёр төрлийн гэтэлгэл бүх хүмүүнд хамаатай бөгөөд ямар нэг болзол ба нөхцөлгүй юм.3

Аврагчийн Цагаатгалын хоёр дахь тал нь бид Уналтын шууд бус үр дагавар болох өөрсдийн нүглүүдээс гэтэлгэгдэх явдал билээ Энэ нь Адамын зөрчлөөс ангид юм. Уналтын дагуу ирсэн мөнх бус буюу мөхөлт дэлхийд бид төрсөн бөгөөд энд нүгэл хийгээд бурханлаг хуулиудад дуулгаваргүй байх явдал дүүрэн байдаг. Их Эзэн бид бүгдийн талаар ийн хэлжээ:

“Бүр тэд өсч эхлэхэд нүгэл тэдний зүрх сэтгэлд боловсорч, мөн тэд сайн сайхны үнэ цэнийг мэдэж болохын тулд тэд гашууныг амсах болно.

“Мөн муугаас сайныг ялгаж мэдэх нь тэдэнд өгөгдсөн болой; иймийн тулд тэд өөрсдөдөө чөлөөтэйгөөр сонгогч… билээ” (Moсе 6:55–56).

Бид үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг бөгөөд сонголтууд хийдэг учраас нүглүүдээсээ гэтэлгэгдэх нь болзолтой бөгөөд энэхүү болзол нь нүглээ хүлээн улмаар орхиж, бурханлаг амьдрал руу эргэх буюу өөрөөр хэлбэл наманчлал шаардагддаг (С ба Г 58:43-ыг үзнэ үү). “Иймийн тул хүмүүн хаа сайгүй наманчлах ёстой, үүнийг хүүхдүүддээ заагтун, эс бөгөөс тэд Бурханы хаант улсыг өвлөж чадах нь үгүй, учир нь цэвэр ариун бус зүйл тэнд оршиж чадах нь үгүй, эсвээс түүний дэргэд орших нь үгүй” (Moсе 6:57) хэмээн Их Эзэн зарлиг болгосон билээ.

Аврагч Гетсеманид болон загалмай дээр зовон шаналснаараа бидэн дээр ирэх шударга ёсны шаардлагуудыг хангаж, биднийг нүглээс гэтэлгэсэн юм. Тэрбээр наманчилдаг хүмүүсийг уучилж, ариусгадаг. Цагаатгал нь бас бидэнд бусдын буруу үйлдлээс учирсан зовлон зүдгүүрээс биднийг эдгээж, хохирлыг нөхөн барагдуулах шударга ёсны шаардлагыг хангадаг. “Учир нь болгоогтун, тэрээр бүх хүмүүний шаналлыг тэвчинэ, тийм ээ, амьдрагч бүхний шаналлыг Адамын гэр бүлд багтах, эр, эм мөн хүүхэд аль алиных нь болой” (2 Нифай 9:2; мөн Алма 7:11–12-ыг үзнэ үү). 4

Бид Христийг дагаснаараа Түүний гэтэлгэлийн ажилд оролцож уг ажилд тус дөхөм үзүүлэхийг хичээдэг. Бид энэ амьдралд бусдад үзүүлж чадах хамгийн агуу үйлчлэлээ гэр бүлийнхээ гишүүдээс эхэлж, тэднийг итгэл, наманчлалаар дамжуулан, Христэд авчирч болно. Тэд ингэснээр Түүний Гэтэлгэлийг ойлгож, энэ амьдралд амар амгаланг, ирэх дэлхийд үхэшгүй байдал ба мөнх амьдралыг олж авах болно. Манай номлогчдын ажил бол Их Эзэний гэтэлгэгч хайрын агуу илрэл мөн. Номлогчид нь Их Эзэний эрх мэдэл олгогдсон үйлчлэгчдийн хувьд Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, мөн Ариун Сүнсний бэлгийн юутай ч зүйрлэшгүй адислалыг санал болгож сүнслэг байдлын хувьд дахин төрөх болон гэтэлгэлийн үүд хаалгыг нээдэг .

Бид мөн нас барагсдыг гэтэлгэх Их Эзэний ажилд тусалж чадна. “Энэ эрин үеийн итгэлт ахлагчид болох тэд мөнх бус амьдралаас хагацахдаа Бурханы Төрсөн Ганц Хүүгийн золиослолоор дамжуулан харанхуйд байгаа тэд болон нас барагсдын сүнснүүдийн агуу дэлхийд нүглийн боолчлол дор буй тэдний дунд наманчлалын болон гэтэлгэлийн сайн мэдээг номлох ажлаа үргэлжлүүлдэг болой” (С ба Г 138:57). Бид Бурханы ариун сүмүүдэд төлөөлөн гүйцэтгэх авралын ёслолуудыг нүглийн боолчлолд нас барсан хүмүүст санал болгодог билээ.5

Гэтэлгэлийн хамгийн чухал талууд нь наманчлал ба уучлал байдаг ч бодит үйлс үйлдлүүдийн хувьд бас чухал ач холбогдолтой юм. Есүс өвчтэй болон тахир дутуу хүмүүсийг эдгээж, өлссөн үй олон хүнийг хооллон, хамгийн энгийн аргаар хүмүүст заах зэргээр сайныг үйлдэж явлаа (Үйлс 10:38-ыг үзнэ үү). “Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа бусад бүгдийн төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ” (Maтай 20:28). Тиймээс бид Түүний санваар ба Түүний ач ивээлээр мөн Ариун Сүнсний нөлөөгөөр Их Эзэний үндэслэн буй болгосон гэтэлгэлийн загвараар сайныг үйлдэж явах хэрэгтэй.

Энэ төрлийн гэтэлгэлийн ажил нь хүмүүст бэрхшээлүүдийг даван туулахад нь туслах гэсэн утгатай юм. Энэ нь ядуус болон сул дорой хүмүүст найз нөхөд нь байж, тэдэнд туслан, зовлонг нь нимгэлж, буруу зүйлсийг нь залруулж, үнэнийг хамгаалан, залуу үеийнхнийг хүчирхэгжүүлэн, гэр оронд аюулгүй байдал ба аз жаргалыг бий болгоно гэсэн утгатай юм. Дэлхий дээр бидний хийдэг гэтэлгэлийн ажлын ихээхэн хэсэг нь бусдад өсөн хөгжих болон зөв шударга хүсэл тэмүүллийг нь хэрэгжүүлэхэд нь туслах явдал мөн.

Уран зохиолын нэгэн жишээ нь хэдийгээр бодит биш ч гэсэн сэтгэлийг минь хөдөлгөж, надад үргэлж сүнслэг нөлөө үзүүлсээр байдаг билээ. Энэ бол Виктор Гюгогийн сонгодог роман Шоовдорлогдсон хүмүүс дэх бишоп Бианвенюгийн үзүүлсэн үйлдэл юм. Уг түүхийн бараг эхэнд тэрхүү сайн бишоп, өлбөрч үхэх гэж байгаа эгчийнхээ хүүхдүүдийг хооллох гэж ганц талх хулгайлсны төлөө 19 жил шоронд хоригдож, хүнд хүчир ажил хийсний эцэст суллагдан орон гэргүй болсон Жан Валжанд хоол хүнс, хоноглох байр олгожээ. Зүрх сэтгэл нь хатуурч, хорсолоор дүүрсэн Валжан бишоп Биенвенюгийн сайхан сэтгэлийн хариуд түүний мөнгөн эдлэлүүдийг хулгайлжээ. Хожим нь Валжаныг цагдаа нар сэжиглэн саатуулахад тэрээр мөнгөн эдлэлүүдийг түүнд бэлэглэсэн гэж худал мэдүүлсэн ажээ. Цагдаа нар түүнийг бишоптой нүүрэлдүүлэхээр авчрахад, бишоп Биенвеню мөнгөн эдлэлүүдийг түүнд бэлэглэснээ хүлээн зөвшөөрсөнд Валжан нүд нь орой дээрээ гаран гайхсан гэдэг. Бишоп Биенвеню маш үнэмшилтэйгээр “‘Бас дээр нь! Би энэ лааны мөнгөн тавиуруудыг танд өгсөн шүү дээ. Бусад зүйлсийн адил энэ нь бас мөнгөн эдлэл. Бүгд нийлээд хоёр зуун франк болно. Та лааны тавиуруудыг яагаад тавагнуудын хамт авч яваагүй юм бэ?’ гэжээ … Жан Валжан бараг л ухаан алдаж унах шахсан гэдэг.

“Бишоп түүн рүү хүрч ирэн, намуухан дуугаар:

‘Та эдгээр мөнгөн эдлэлүүдийг шударга хүн болохын төлөө ашиглах болно гэж надад амласнаа бүү март, үүнийг хэзээ ч бүү март’ гэжээ.

Ийм амлалт өгснөө санаагүй Жан Валжан яах ч учраа олохгүй гайхан зогсож байлаа. Бишоп дөлгөөхнөөр цааш нь үргэлжлүүлэн … :

‘Жан Валжан, минь ээ: Та одоо нүгэлтэн биш, харин сайн хүн боллоо. Сэтгэл зүрхийг тань би танд худалдан авч өглөө. Би таны зүрх сэтгэлийг харанхуй бодол санаанаас, мөхлийн ирмэг дээрээс татан гаргаж ирлээ. Одоо би таныг Бурханд тушаалаа!’” гэжээ.

Жан Валжан үнэхээр шударга, шинэ хүн болж, олон хүмүүст тусалсан ажээ. Тэрээр лааны хоёр мөнгөн тавиурыг Бурханд үйлчлэхийн төлөө сэтгэл зүрхээрээ гэтэлгэгдсэний сануулга болгон насан туршдаа нандигнан хадгалсан ажээ.6

Бодит үйлс үйлдлээр гэтэлгэх зарим хэлбэр нь Есүс Христийн Сүмд хүмүүс хамтран ажиллах замаар хэрэгждэг. Аврагч Сүмийн зохион байгуулалтыг бий болгосон нэг шалтгаан нь энэ юм. Бид чуулгууд, туслах бүлгүүд болон гадас, тойрог, салбаруудад зохион байгуулагдсан учраас бие биедээ сайн мэдээг зааж, бие биеэ урамшуулан дэмжихийн хамт амьдралын хүнд хэцүүг даван туулахад туслах хүмүүс болон бусад эх сурвалжуудыг бүрдүүлж чадах юм. Ганц нэгээрээ үйл ажиллагаа явуулдаг хүмүүс эсвэл богино хугацаанд цугласан жижиг бүлгүүд томоохон хэмжээний асуудал сорилтыг шийдвэрлэхэд хүчин мөхөсддөг. Есүс Христийн дагалдагчид болох бид өөрийн нөхөд Гэгээнтэн хамт олон болон бусад олон хүний хэрэгцээг шийдвэрлэхэд туслах зохион байгуулалт бүхий хамт олон бөгөөд тусламжийн гараа дэлхий даяар сунгаж чадна.

Өнгөрсөн жил бидний хүмүүнлэгийн тусламжийн хүч чармайлтын үр дүнд 36 орны 890000 хүмүүс цэвэр усаар хангагдан, 57 орны 70000 хүн тэргэнцэртэй болж, 25 орны 75000 хүн нүдний хараагаа сайжруулан, 52 орны хүмүүст байгалийн гамшигт нэрвэгдсэний дараа эн тэргүүний хэрэгцээт зүйлсээр их хэмжээний тусламж үзүүллээ. Сүм бусад байгууллага, хүмүүстэй хамтран 18 сая орчим хүүхдэд нэн чухал дархлааны вакцин хийхэд тусалснаас гадна Турк, Ливан, Иордан дахь Сирийн дүрвэгчдийн хуарангуудад амьжиргааны эн тэргүүний хэрэгцээт зүйлсээр тусламж үзүүллээ. 2012 онд Сүмийн гишүүд халамжийн болон хүмүүнлэгийн үйлчлэлд сайн дураараа бараг долоон сая цаг ажилласан байна. Мөн тусламж хэрэгтэй Сүмийн гишүүд 150 сая ам.долларын халамжийн бараа, үйлчилгээг хүлээн авчээ. Tа бүхний өгөөмөр нинжин сэтгэлд талархал илэрхийлье.

Энэ бүхэнд хувь хүмүүсийн нинжин сэтгэлийн үйлдэл ба дэмжлэг, гэтэлгэлийн ажилд Христтэй адилаар оролцож, тэдний хандивласан хүнс, хувцас, мөнгө, халамжийн үйлчлэл, тайтгарал ба өрөвч сэтгэлийн мянга мянган үйлдэл ороогүй юм. Би жаахан хөвгүүн байхдаа тусламж хэрэгтэй байсан нэгэн эмэгтэйг миний ээж хэрхэн аварсныг харсан юм. Ээж минь олон жилийн өмнө хүүхдүүдээ бага балчир байхад маш хүнд мэс засал хийлгэж, золтой л өөд болчихоогүй, бараг жил шахам хэвтэрт байсан билээ. Тэр үед гэр бүлийн болон тойргийн гишүүд манай ээжид болон манай гэр бүлд тусалдаг байлаа. Тойргийн Нийгмийн халамжийн бүлгийн ерөнхийлөгч Абрахам эгч нэмэлт тусламж болгож, ажил хийх нь туйлын чухал байгаа тойргийн нэг эгчийг хөлсөөр ажиллуулаач гэж манай аав, ээж хоёроос хүссэн юм. Би энэ түүхийг ярихдаа тэр эмэгтэйг Сара, охиныг нь Анни хэмээн нэрлэе. Би одоо ээжийнхээ тэмдэглэлээс уншиж өгье:

“Би тэр явдлыг ердөө өчигдөрхөн болсон юм шиг тодхон санаж байна. Намайг орондоо хэвтэж байтал Абрахам эгч Сараг унтлагын өрөөнд дагуулж орж ирлээ. Миний дотор эвгүй болоод явчихав. Яс арьс болсон гэмээр туранхай, доожоогүй царайтай, сэгсийсэн үстэй, хавчиг мөртэй, шал руу гөлөрсөн харцтай эмэгтэй зогсож байх нь тэр. Би ийм хүнийг өмнө нь ердөө хараагүй. Тэр халхайж, хэлхийн, хэтэрхий томдсон, хуучин гэрийн халаад өмсчээ. Тэр эмэгтэй огт дээшээ харахгүй бас хэтэрхий аяархан ярих учир үг нь сонсогдохгүй байв. Гурав орчим настай бяцхан охин ард нь нуугдана. Энэ хүнийг би яах билээ? Тэднийг өрөөнөөс гарсны дараа би учиргүй уйлж гарлаа. Надад асуудлууд биш харин тусламж хэрэгтэй байсан шүү дээ. Абрахам эгч Саратай хамт түр зуур байснаа тэд манай гэрийг цэвэрлэж, сайхан хоол хийлээ. Абрахам эгч, энэ эмэгтэйн амьдрал маш хэцүү байгаа, түүнд тусламж үнэхээр хэрэгтэй байгааг хэлээд хэд хоног харж үзээч гэж надаас гуйлаа.

Маргааш өглөө нь Сараг ирэхэд би түүнийг орныхоо дэргэд ирүүлж байж хэлснийг нь сонслоо. Би түүгээр юу хийлгэхийг хүсч байгааг тэр надаас асуусан ажээ. Би түүнд ингэж хэллээ ‘Хамгийн чухал зүйл бол миний хөвгүүд. Тэдэнтэй хамт бай, тэдэнд юм уншиж өг. Хөвгүүд минь гэр орноос илүү чухал шүү.’ Тэр сайн тогооч байснаас гадна манай гэрийг үргэлж цэвэр цэмцгэр байлгаж, хувцас хунар болон бусад зүйлсийг угааж, хөвгүүдтэй сайхан харилцдаг байлаа.

“Би хэдэн долоо хоногийн дараа Сарад тохиолдсон явдлыг мэдлээ. [Тэр сонсголын бэрхшээлтэй учраас сургуульд сайн сурч чадаагүй бөгөөд сургууль завсардсан гэнэ. Тэр бүр залуу байхдаа нэгэн садар самуун эртэй гэрлэсэн ажээ. Анни төрж Сарагийн амьдралд баяр баясгаланг авчирсан гэнэ. Өвлийн нэгэн үдэш нөхөр нь гэртээ согтуу ирж, Сара, Анни хоёрыг унтлагын хувцастай нь машинд хүчээр чихэж суулгаад хэсэг явснаа, тэднийг замын хажууд буулган хаясан гэнэ. Тэд тэр цагаас хойш түүний барааг дахин хараагүй ажээ. Сара, Анни хоёр хөлдөж үхэх шахан, хэдэн километр замыг хөл нүцгэн туулсаар төрсөн гэртээ иржээ. Ээж нь тэр хоёроор гэрийн бүх ажлаа болон хоол ундаа хийлгэж, ахлах сургуульд явдаг эрэгтэй, эмэгтэй хоёр дүүд нь анхаарал тавьж байхыг хүсэн үүний хариуд гэртээ байхыг зөвшөөрсөн гэнэ.

“Бид Сараг чихний эмчид аваачиж үзүүлэхэд түүнд сонсголын аппарат хийж өглөө. … Бид түүнийг насанд хүрэгчдийн сургуульд оруулахад тэр ахлах сургуулийн диплом авсан. Тэгээд оройн сургуульд орж, хожим нь коллеж төгсөөд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заадаг болсон аж. Тэр жижигхэн байшин худалдаж авчээ. Анни ариун сүмд гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон гэнэ. Сара хожим нь чихэндээ мэс засал хийлгэж, эцэстээ сайн сонсдог болсон байна. Тэр олон жилийн дараа тэтгэвэрт гарч, номлолд үйлчилсэн юм. … Сара бидэнд байнга талархал илэрхийлж, надаас их зүйл сурсан төдийгүй ялангуяа хөвгүүд минь гэр орноос илүү чухал гэсэн миний үг түүнд их зүйлийг сургасанхэмээн ярьдаг байлаа. Энэ нь Аннид хэрхэн хандахад түүнд нөлөөлсөн гэж тэр ярьсан. … Хүмүүсийг гадна талаас нь хараад, яаран дүгнэлт хийхгүй байх нь надад агуу сургамж болсон билээ. Сара бол гайхалтай сайхан эмэгтэй.”

Есүс Христийн шавь нар бид бүгд, бусдад зовлон зүдгүүр, ачаа дарамтнаас нь гэтэлгэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Чухам тиймээс, гэтэлгэлийн талаарх бидний хамгийн агуу үйлчлэл тэднийг Христ рүү удирдан хөтлөх явдал байх болно. Хэрэв үхэл, нүгэл хоёроос гэтэлгэсэн Түүний гэтэлгэл байхгүй бол бидэнд зөвхөн нийгмийн шударга ёсны сайн мэдээ л байх байсан. Энэ нь одоо үетэй холбоотой зарим тусламж, эвлэрлээр хангах байсан ч тэнгэрээс төгс шударга ёс хийгээд хязгааргүй нигүүлслийг газар дээр авчрах хүчгүй байх байсан. Төгс гэтэлгэл зөвхөн Есүс Христээр гагцхүү Түүгээр ирсэн юм. Миний бие, Тэрбээр Гэтэлгэгч гэдгийг даруухан бөгөөд талархалтайгаар Есүс Христийн нэрээр хүлээн зөвшөөрч байна, амен.

Эшлэлүүд

  1. Merriam-Webster’s Collegiate Dictionary, 10th ed. (1993), “redemptioner”-ийг үзнэ үү.

  2. Webster’s New World College Dictionary, 3rd ed. (1988), “redeem”-ийг үзнэ үү.

  3. “Эцэг эхийн нүглүүд хүүхдүүдийнх нь толгой дээр байж үл болох анхны гэмийг Бурханы Хүү цагаатгасан билээ. Учир нь тэд дэлхийн сууринаас цэвэр болой хэмээх үг хүмүүсийн дунд эндээс тархсан байлаа” (Moсе 6:54). Христийн Цагаатгалаар бүх хүмүүс булшийг ялж, үхэшгүй байдалд амилуулагдана. Түүнээс гадна, бүх хүмүүс шүүгдэхээр Бурханы оршихуйд буцаж очсоноор сүнсний үхлийг ялах болно. Есүс ийн хэлсэн билээ, “Би загалмай дээр өргөгдөж болохын тулд, загалмай дээр өргөгдсөний дараа би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд би хүмүүнээр өргөгдсөний адилаар хүмүүн миний өмнө зогсож, өөрсдийн үйлүүдээр шүүгдэхээр Эцэгээр өргөгдөх болно” (3 Нифай 27:14). Нүглээсээ цэвэршсэн хүмүүс Бурхантай хамт тэнгэрийн хаант улсад үлдэх болно. Харин наманчлаагүй бөгөөд бузар хэвээрээ байгаа хүмүүс ариун Бурхантай хамт оршиж чадахгүй, тиймээс тэд Шүүлтийн дараа хөөгдөж, сүнсний үхлээр дахин зовон тарчлах болно. Үүнийг заримдаа хоёр дахь үхэл буюу хоёр дахь удаагаа сүнсний үхлээр зовон тарчлах гэж нэрлэдэг. (Хиламан 14:15–18-ыг үзнэ үү.)

  4. Зарим хүмүүс гэтэлгэлийн ач тусыг хүлээн авахгүй хэмээн судруудад өгүүлдэг нь бидний өөрсдийн гэм нүгэлтэй холбоотой юм: “Ёс бусыг үйлдэгчдийн үхлийн хүлээс алдуурахаас бусдаар гэтэлгэл хийгдээгүй мэтээр үлдэнэ” (Алма 11:41). “Наманчлал хүртэх итгэлийг бодитой болгоогүй нь шударга ёсны шаардлагын бүх л хуульд харъяалагдаж байхад нигүүлсэл нь тийн шударга ёсны шаардлагыг хангаж, мөн тэднийг аюулгүйн гараар хүрээлж чадна; тиймийн тул зөвхөн наманчлалд хүргэх итгэлтэй түүнд агуу хийгээд гэтэлгэлийн мөнхийн төлөвлөгөө түүнд үйлчилдэг” (Aлма 34:16). Хэрэв хүн Аврагчийн Цагаатгалыг эсэргүүцвэл, тэр өөртөө шударга ёсыг хангахын тулд өөрийгөө өр төлбөрөөс гэтэлгэх ёстой. Есүс ийн хэлсэн юм, “Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ” (С ба Г 19:16–17). Нүглээсээ гэтэлгэгдээгүй хувь хүний амсах зовлон тарчлалыг там гэдэг. Энэ нь чөтгөрийн эрхшээлд байх гэсэн утгатай бөгөөд судруудад гинжлэгдэх буюу хүхэрт болон галт нууртай зүйрлүүлсэн байдаг. Лихай хөвгүүдээсээ Христийн Гэтэлгэлийг сонгож, харин “тэрээр өөрийн хаант улсад та нарын дээр засаглаж болохын тулд та нарыг доош тамд авчран боолчлох хүчийг чөтгөрийн сүнсэнд өгөх махан бодын таалал мөн түүнд байх тэр хилэнцийн дагуу мөнхийн үхлийг бүү сонгоосой” (2 Нифай 2:29) хэмээн хүсчээ. Чухам иймээс Есүс Христийн Цагаатгалын улмаас там төгсгөлтэй бөгөөд тамын хажуугаар өнгөрөх үүрэг хүлээсэн хүмүүс “эцсийн амилуулалтанд чөтгөрөөс гэтэлгэгдэх болно” (С ба Г 76:85). Харьцангуй цөөхөн “мөхлийн хөвгүүд” бол “хоёр дахь үхэл тэдэн дээр [урт удаан хугацаанд] хүчтэй байх гагцхүү тэд болой; тийм ээ, үнэнээр, түүний хилэгнэлийн зовлонгуудын дараа Их Эзэний тогтоосон цагт гэтэлгэгдэх нь үгүй гагцхүү тэд болой” (С ба Г 76:32, 37–38).

  5. Бошиглогч Иосеф Смит “Дэлхий байхаас өмнө тэднийг шоронгоос гэтэлгэх боломжийг бидэнд олгосон тэр зүйлийг тогтоосон Иммануел Хаанд мөнхийн магтаалын сүлд дууллыг нас барагсад урагш өргөг” (С ба Г 128:22) хэмээн баярлан өгүүлжээ.

  6. Виктор Гюго, Les Misérables (1992), 91–92.