2010–2019
Итгэхийг сонго
Дөрөвдүгээр сар 2015


11:26

Итгэхийг сонго

Аврагч Өөрт нь итгэж, Өөрийг нь дагахыг сонгодог хүмүүсийг удирдан чиглүүлэхийн тулд сайн мэдээгээ өгдөг.

Өнгөрсөн нэгдүгээр сард долоон настай Сэйлор Гатслэр гэгч охин гэр бүлийнхэнтэйгээ хувийн жижиг онгоцонд суун, Флорида мужаас Иллиной муж руу нисчээ. Сэйлорын аав онгоцыг жолоодож явав. Дөнгөж харанхуй болсны дараа, уг онгоц техникийн асуудлаас болоод Кентаки мужийн маш их бартаатай, толгод дунд осолдон, тас харанхуйд доош унасан юм. Сэйлороос бусад нь бүгд нас барсан байна. Сэйлорын бугуйны яс хугарч, хаа сайгүй шалбарч, зүсэгдсэн байсан ба хоёр гутлаа хоёуланг алдаж, хөл нүцгэн болсон байв. Цаг агаар Цельсийн 3 хэм байсан бөгөөд энэ нь Кентаки мужийн бороотой, хүйтэн өвлийн орой байлаа. Сэйлор зөвхөн богино өмд, богино ханцуйтай цамцтай, мөн нэг хөлөндөө л оймстой байжээ.

Тэрээр аав, ээжийгээ дуудсан боловч, хэн нь ч хариу өгсөнгүй. Тэр охин тусламж эрэхээр бүх л зориг зүрхээ чангалан, өргөст бутан дундуур алхаж, горхи булаг, гуу жалгыг гатлан, хөдөө талыг хөл нүцгэн туулжээ. Эцэст нь тэр нэгэн жижигхэн толгод дээрээс 1км гаруй зайд гэрэл гялалзахыг олж харав. Охин уг гэрлийн зүг харанхуйд, бутан дундуур бүдчин явсаар, эцэст нь огт танихгүй нэгэн найрсаг ахын гэрт хүрч ирсэн бөгөөд тэр хүн даруйхан түүнд туслахаар шамдсанаар Сэйлор айх зүйлгүй болж, түүнийг удалгүй эмнэлэгт хүргэн, эмчилж эхэлжээ.1

Сэйлор хол зайнд буй нэгэн гэрлийг хараад, түүнд хүрэхээр бүх хүчээ дайчлан, эзгүй хээр тал, аймшигт осол, гэмтэл бэртлээ үл тоон зүтгэсэн учраас л амьд гарч чадсан юм. Сэйлорыг тэр орой энэ бүх зүйлийг яаж хийснийг төсөөлөхөд ч хэцүү. Харин хол гялалзах уг гэрэл түүний амьд гарах боломж байсан гэдгийг тэр мэдэж байсныг л бид мэднэ. Түүнд найдвар төрсөн. Тэр орой бүх зүйл хэчнээн аймшигтай байсан ч, тэр гэрэлд хүрвэл аврагдах болно гэж бодоод зориг орсон байна.

Бидний цөөн хэд нь л Сэйлорын туулсан шиг аймшигтай, сэтгэл эмтлэм зүйлийг туулах байх. Гэхдээ бид бүгдээрээ хэзээ нэгэн цагт өөрсдийн сүнслэг зэлүүд газраар бүдчин явж, сэтгэлийн шаналал зовнилын аянг туулах болно. Тэр мөчид хэчнээн найдваргүй, харанхуй мэт санагдсан ч гэлээ, хэрвээ бид эрж хайвал биднийг дуудаж, бидэнд аврал, тусламжийн найдвар өгөх сүнслэг гэрэл үргэлж байх болно. Уг гэрэл нь ертөнцийн гэрэл бөгөөд хүн төрөлхтний Аврагчаас цацардаг.

Сүнслэг гэрлийг ялгаж харах нь бодит гэрлийг олж харахаас ялгаатай. Аврагчийн сүнслэг гэрлийг олж харах нь бидний итгэхэд хэр бэлэн байгаагаас эхэлнэ. Бурхан биднээс эхлээд ядаж итгэх хүсэлтэй байхыг шаарддаг. Бошиглогч Алма “Хэрэв та нар …сэрж мөн чадвараа сэргээх аваас, мөн итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болговол, тийм ээ, бүр та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсөддөө хөгжихийг, бүр та нар [Аврагчийн] үгсийн нэгэн хэсгийг өөртөө байрлуулж чадахаар итгэтлээ зөвшөөр”2 хэмээн заажээ.

Итгэхийг хүсэж, мөн Аврагчийн үгсийг зүрх сэтгэлдээ “байрлуулахыг” зөвшөөр хэмээх Алмагийн уриа итгэл найдвар нь бидний хувийн сонголт, үйлдлээс шалтгаалдаг болохыг бидэнд сануулдаг. Бид “сэрж мөн чадвараа сэргээх” ёстой. Бидэнд өгөгдөхөөс өмнө бид асууж; олохоосоо өмнө бид эрэлхийлж; нээгдэхээс нь өмнө бид тогших хэрэгтэй. Тэгэх аваас “Учир нь гуйсан болгон хүлээн авдаг; мөн эрэлхийлэх тэр нь, олдог; мөн тогшсон түүнд энэ нь нээгдэх болно”3 гэсэн амлалт биелэх болно.

Аврагч дэлхий дээр тохинуулж байхдаа Өөрт нь үл итгэгчдээс итгэхийг гуйж байсан ба үүнээс илүүтэй чин сэтгэлийн гуйлт хэнээс ч ирж байгаагүй юм:

“Хэрэв би Өөрийн Эцэгийн ажлуудыг хийхгүй байвал, Надад бүү итгэ.

Харин хэрэв Би тэдгээрийг хийвэл, та нар Надад итгэхгүй байлаа ч, тэдгээр ажлуудад итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг байгааг, Эцэгийн дотор Би байгааг та нар мэдэж ойлгоно.”4

Бид бүгд өдөр бүр шалгууруудтай тулгардаг. Ийм шалгуурууд амьдралын маань туршид үргэлжилнэ. Бид Түүнд итгэхийг, мөн Түүний сайн мэдээний гэрэл гэгээ бидний дотор өсөн нэмэгдэхийг зөвшөөрөхийг сонгох уу, аль эсвэл бид итгэхээс татгалзаж, харанхуйд ганцаараа аялна гэж зөрөх үү? Аврагч Өөрт нь итгэж, Өөрийг нь дагахыг сонгодог хүмүүсийг удирдан чиглүүлэхийн тулд сайн мэдээгээ өгдөг.

Онгоц осолдсоны дараа Сэйлор сонголт хийх хэрэгтэй байсан. Тэр харанхуйд онгоцны хажууд ганцаараа, айдаст автан, суугаад үлдэж болох байв. Гэхдээ тэр урт шөнийг өнгөрөөх хэрэгтэй байсан бөгөөд бас улам хүйтэн болох байв. Тиймээс тэр өөр замыг сонгосон. Сэйлор толгод өөд авирч, нэгэн гэрлийг олж харжээ.

Түүнийг харанхуй шөнө уг гэрлийн зүг бүдчин зүтгэх үед уг гэрэл аажим тодорч эхэлсэн. Гэхдээ түүнд уг гэрлийг харж чадахгүй болох үе тохиолдож байсан нь гарцаагүй. Түүнийг жалганд ч юм уу, мод бутны ард байхад уг гэрэл харагдахаа больж байсан болов уу, гэхдээ л тэр урагшилсаар байсан. Сэйлор уг гэрлийг харах тоолондоо зөв зам дээр явж байгаагаа баттай мэдэж авч байв. Тэр уг гэрэл яг юу болохыг сайн мэдэхгүй байсан ч, өөрийн мэддэг зүйл дээр үндэслэн, хэрвээ тэр зөв зүг рүү урагшилсаар байвал уг гэрлийг дахиж харах болно гэдэгт итгэж найдан, урагш алхсаар байжээ. Тийн алхсанаараа тэр өөрийн амийг аварсан байж болох юм.

Бидний амьдрал ч үүнтэй адил билээ. Бидэнд гэмтэж, ядрах, амьдрал маань харанхуй, хүйтэн мэт санагдах үе тохиолдож болно. Бид эргэн тойрондоо ямар ч гэрэл олж харж чадахгүй, бууж өгмөөр санагдах үеүд ч тохиолдож магадгүй. Хэрвээ бид итгэхэд бэлэн байж, итгэхийг хүсэн, мөн итгэхийг сонгох аваас, Аврагчийн сургаал ба жишээ өмнөх замыг минь зааж өгөх болно.

Итгэхийг сонго

Сэйлор алсад гялалзах тэр гэрэл өөрт нь аюулгүй байдлыг өгөх болно гэж итгэх хэрэгтэй болсон шиг, бид ч бас Аврагчийн тэнгэрлэг бодит байдал, мөнхийн гэрэл болон эдгээгч нигүүлсэлд зүрх сэтгэлээ нээхийг сонгох ёстой. Үе үеийн бошиглогчид биднийг Христэд итгэхэд урамшуулж, бүр чин сэтгэлээсээ гуйсаар ирсэн билээ. Тэдний уриалга Бурхан биднийг итгэ гэж хүчилдэггүй гэсэн үндсэн баримтан дээр тулгуурласан байдаг. Харин Тэрээр бидэнд заах амьд бошиглогч, төлөөлөгчдийг илгээн, судруудыг бэлдэж өгч, мөн Өөрийн Сүнсээр дамжуулан биднийг дуудсанаар биднийг итгэхэд урьдаг. Бид дотоод сэтгэлд маань дууддаг Аврагчийн сүнслэг гэрлийг олж харахуйц байхыг, мөн тэдгээр сүнслэг урилгуудыг хүлээж авах эсэхээ өөрсдөө сонгох ёстой. Итгэхийг сонгох шийдвэр нь бидний амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэр юм. Энэ нь бидний бусад бүх шийдвэрт нөлөөлдөг.

Бурхан хэдийгээр биднийг адислах төгс хүсэлтэй ч, Тэрээр биднийг зарлигуудыг дага гэж албаддаггүй шиг, биднийг итгэ гэж бас албаддаггүй. Гэхдээ Өөрт нь итгэ гэсэн итгэлийн жижиг хэсгүүдийг бодитой болгож, Түүний үгсийг байрлуулахыг зөвшөөр гэсэн Түүний уриа өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна. Аврагчийн хэлснээр, “наманчилж мөн надад итгэхийг Эцэг газар газрын бүх хүмүүст зарлиг болгодгийг би гэрчилж байна.”5

Найдвар, гэрчлэл, итгэл нь зүгээр сууж байгаад олж авдаг зарчмууд биш юм. Тэдгээр нь бидэнд зүгээр хүрээд ирдэггүй. Найдвар нь бидний сонгодог зүйл бөгөөд бид үүнд найдан, үүний төлөө ажиллаж мөн золиосолдог. Бид санаандгүй байж байгаад гэнэт залбирч, гэнэт аравны нэгээ төлдөггүй шиг, бид санаандгүй байж байгаад гэнэт Аврагчид болон Түүний сайн мэдээнд итгэдэг болчихно гэж байхгүй. Бид бусад зарлигийг дагахыг сонгодог шиг итгэхийг мөн сонгон үйлддэг.

Итгэл найдвараа үйлдэл болго

Сэйлор бут сөөг дундуур бүдчин явахдаа хийж байгаа үйлдэл нь сайн үр дүнд хүргэнэ гэж мэдэхгүй байсан. Тэр төөрч, гэмтсэн байсан, мөн гадаа харанхуй, хүйтэн байсан. Гэхдээ тэр осол болсон газраас холдож, аврагдах найдвар тээн, хол буй гэрлийг олж хартлаа мөлхөн, бүдчин зүтгэсэн. Тэр гэрэл олж харсныхаа дараа харсан зүйлээ санан санан, бүх чадлаараа урагшилсан.

Үүнтэй адил бид эргэлзээг сонгохын оронд итгэл найдварыг сонгох замаар сүнслэг гэрлийг олох болно гэсэн найдварт зай тавьж өгөх ёстой. Бидний үйлдэл найдварын маань нотолгоо, итгэлийн маань илрэл болдог. Бид залбирах үедээ, мөн судраа унших үедээ итгэхийг сонгож байдаг. Бид мацаг барьж, хүндэтгэлийн өдрийг ариунаар нь хадгалж, ариун сүмд шүтэн бишрэх үедээ итгэхийг сонгодог. Бид баптисм болон ариун ёслолоос хүртэх үедээ итгэхийг сонгож байдаг. Бид наманчилж, тэнгэрлэг өршөөл, эдгээгч хайрыг эрэлхийлэх үедээ ч итгэхийг сонгож байдаг.

Хэзээ ч битгий бууж өг

Сүнслэг байдлын хөгжил дэвшил заримдаа удаан, зогсонги мэт санагддаг. Заримдаа бид унаж, алдаа гарган, эсвэл Аврагчийг олох хичээл зүтгэл маань үр дүнгүй байна гэж бодож болно. Хэрэв та ийм бодолтой байгаа бол хэзээ ч битгий бууж өгөөрэй. Түүнд, Түүний сайн мэдээнд болон Түүний Сүмд үргэлжлүүлэн итгээрэй. Өөрсдийн үйлдлийг итгэлтэйгээ нийцүүл. Итгэлийн тань гэрэл бүдгэрэх мөчүүдэд Аврагчийн сайн мэдээнд, мөн Түүний Сүм дэх Аврагчийн хайр, ач ивээлд эргэлзээг тань ялан дийлэх боломж олго. Тэрээр та нарыг хүлээн авахад бэлэн зогсож байдгийг би амлаж байна. Яваандаа та өөрийн хийж чадах хамгийн сайн шийдвэрийг гаргасан юм байна гэдгээ ойлгох болно. Түүнд итгэх таны зоригтой шийдвэр таныг хэмжээлшгүй ихээр, мөнхөд адислах болно.

Итгэл найдварын адислалууд

Би амьдралдаа Аврагчийн нигүүлсэнгүй хайрыг мэдэрч байсан. Би хүнд үеүддээ Түүнийг эрж хайсан ба Тэрээр эдгээгч гэрлээрээ надад тусалсан. Эхнэр Катитайгаа хамт аялан, дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг Сүмийн гишүүдтэй уулзах нь миний амьдралын хамгийн агуу баяр баяслын нэг юм. Эдгээр гайхалтай уулзалт хүүхдүүдээ хайрладаг Бурханы хайрын талаар надад, бидэнд заасан. Тэдгээр айлчлал нь Их Эзэн Есүс Христийн сургаалыг дагахаар сонгодог хүмүүст адислал болж ирдэг, аз жаргалд хүрэх хязгааргүй боломжуудыг надад харуулсан юм. Түүнд мөн Түүний гэтэлгэгч хүчинд итгэхийг сонгох нь “энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг”6 олох жинхэнэ зам юм гэдгийг би мэдэж авсан.

Есүс Христ бол бид бүхний гэрэл болон найдварын эх үүсвэр мөн гэдгийг би гэрчилж байна. Бид бүгдээрээ Түүнд итгэхийг сонгоосой хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.