2010–2019
Гэр орноо гэрэл ба үнэнээр дүүргэх нь
Дөрөвдүгээр сар 2015


10:25

Гэр орноо гэрэл ба үнэнээр дүүргэх нь

Бид болон бидний гэр бүл дэлхийн дарамт шахалтуудыг эсэргүүцэн зогсохын тулд гэрэл ба сайн мэдээний үнэнээр дүүргэгдэх ёстой..

Эдгээр гэр бүлийг “Бурханы гэр бүл”1 хэмээх ариун нандин үнэний тухай зааж байгааг сонсох үед зүрх сэтгэл минь Сүнсээр дүүргэгдлээ. Сүнслэг дуу хөгжим бол Сүнс биднийг гэрэл ба үнэнээр дүүргэхээр шивнэж буйг мэдрэх олон арга замын нэг юм.

Woman with 1 can of soda that is crushed and one that is not.

Олон жилийн өмнө надад тохиолдсон нэгэн туршлага гэрэл ба үнэнээр дүүргэгдэх тухай ойлголт маш чухал болохыг надад ухааруулж өгсөн юм. Би хүчирхэг сүнс бүхий гэр бүл, гэр оронг бий болгох тухай Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий хорооны гишүүдийн заасан нэгэн цуглаанд оролцож билээ. Залуу эмэгтэйчүүдийн нэг удирдагч үүнийг бодитоор үзүүлэхийн тулд ундааны хоёр лааз харуулав. Тэр нэг гартаа хоосон лааз, нөгөө гартаа онгойлгоогүй, дүүрэн ундаатай лааз барьсан байлаа. Тэр эхлээд хоосныг нь базтал лааз хорчийж, дараа нь хүнд даралтаас болж бүр шамшийв. Дараа нь тэр онгойлгоогүй лаазыг базахад, тэр нь дүүрэн ундаатай байсан учраас хоосон лааз шиг хорчийж, шамшийсангүй.

Бид үүнийг өөрсдийн хувийн амьдрал, гэр орон, гэр бүлтэй адилтгасан юм. Бид Сүнсээр болон сайн мэдээний үнэнээр дүүргэгдсэн үед биднийг тойрон хүрээлж, түлхэх дэлхийн хүчнүүдийг эсэргүүцэн зогсох хүчтэй байх болно. Харин бид сүнслэг байдлаар дүүрэн биш байвал гадны дарамт шахалтыг эсэргүүцэх дотоод сэтгэлийн хүчгүй байж, гаднах хүчнүүдийн түлхэлтэд унах болно.

Бид, бидний гэр бүл дэлхийн дарамт шахалтуудыг эсэргүүцэн зогсохын тулд гэрэл ба сайн мэдээний үнэнээр дүүргэгдэх ёстой гэдгийг Сатан мэддэг. Иймээс тэрээр сайн мэдээний үнэнийг сулруулж, мушгин гуйвуулж, мөн устган, биднийг энэ үнэнээс салангид байлгахын тулд бүх хүчээ дайчилдаг.

Бидний олонх нь баптисм хүртэж; бүх зүйлийн үнэнийг илчилж, заах Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан.2 Энэхүү бэлгийн онцгой боломжтой хамт үнэнийг эрэлхийлэх, мэддэг үнэнийхээ дагуу амьдрах, мөн үнэнийг хуваалцаж, хамгаалах үүрэг хариуцлага ирдэг.

Биднийг гэрэл ба үнэнээр хамгийн сайн дүүргэдэг нэг газар бол бидний гэр орон юм. Бидний сонссон дууны дахилтын үгс “Тэр намайг сайн хүн байхад туслуулахаар гэр бүлийг өгсөн юм”3 гэдгийг бидэнд сануулдаг. Гэр бүлүүд бол Их Эзэний сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрахад бидэнд туслах, Их Эзэний өгсөн дадлагажих газар юм. Бид өөрсдийн гэр бүлд нэг нэгнээ сүнслэгээр хүчирхэгжүүлэх ариун нандин үүрэг хариуцлагатай ирдэг.

Бат бөх гэр бүл, Сүнсээр дүүрэн гэр орон зүгээр нэг хүрээд ирдэг зүйл биш юм. Эдгээр нь агуу хичээл зүтгэл, цаг хугацааг, мөн гэр бүлийн гишүүн бүрээс тус тусын үүрэг хариуцлагаа биелүүлэхийг шаарддаг. Гэр орон болгон өөр боловч, гэр бүлийн нэг л хүн үнэнийг эрэлхийлж байвал өөрчлөлт авчирч болдог юм.

Залбирч, судруудыг болон амьд бошиглогчдын үгсийг судалж, тунгаан бодсоноор сүнслэг мэдлэгээ дээшлүүлэхийг бидэнд зөвлөсөөр ирсэн. Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф гэрэл ба үнэний талаарх гэрчлэлийг хэрхэн хүлээн авах тухай ярихдаа:

“Үүрдийн бөгөөд Бүхнийг чадагч Бурхан … Өөрт нь чин сэтгэлээсээ, шийдвэр төгс хандсан хүмүүстэй ярьдаг.

“Тэрээр тэдэнтэй зүүд, зөн билэг, бодол санаа, зүрх сэтгэлд нь ярих болно.”

“Бурхан таны төлөө санаа тавьж, таныг сонсдог бөгөөд хувийн асуултуудад тань хариулах болно. Таны залбирлын хариу Түүний арга замаар, Түүний цагт ирэх учраас та Түүний дуу хоолойг сонсож сурах хэрэгтэй”4 гэж хэлсэн билээ.

Дараах гэр бүлийн товчхон түүх энэ зөвлөгөөг баталж өгдөг.

Хэдэн сарын өмнө би элэнц эцгийнхээ эгч Элизабэт Стахэли Волкэрийн гэрчлэлийг уншив. Элизабэт хүүхэд байхдаа Швейцариас Америк руу гэр бүлийнхээ хамт цагаачилжээ.

Элизабэт гэрлэснийхээ дараа нөхөр, хүүхэдтэйгээ Невада мужийн хилийн ойролцоо Ютад амьдарч, шуудангийн газар ажиллуулдаг байв. Тэдний гэр аялагчдын түр буудаллах газар болдог байж. Тэд өдөр, шөнийн турш аялагчдад хоол хийж өгөхөд бэлэн байх ёстой байлаа. Энэ нь их хүнд, хэцүү ажил байсан бөгөөд тэдэнд амрах цаг бараг л олддоггүй байсан юм. Гэвч аялагчдын ярьж буй зүйлс Элизабэтийн сэтгэлийг хамгийн их зовоодог байжээ.

Элизабэт Мормоны Ном үнэн гэдэгт, мөн Бурхан бошиглогч Иосеф Смитэд хийсэн зүйлийг нь хийх эрх мэдлийг өгсөн бөгөөд түүний захиас амьдралын ба авралын захиас гэдэгт хэзээ ч эргэлзэж байгаагүйгээ дурдсан байлаа. Гэвч түүний өдөр тутмын амьдрал итгэлийг нь хүчирхэгжүүлэх орчин биш байв.

Тэднийд буудалласан аялагчдын зарим нь олон ном уншсан, боловсролтой, ухаантай эрчүүд байсан бөгөөд Иосеф Смит Мормоны Номыг өөрөө зохиож бичин, зарж мөнгө олсон “луйварчин” байсан гэх яриа тэдний дунд өрнөдөг байжээ. Тэд “Мормоны шашин бол худал” гэж ярин, үүнээс өөрөөр бодох нь тэнэг хэрэг мэт аашилдаг байлаа.

Энэ бүх яриа Элизабэтийг ганцаардмал, уйтгартай болгодог байв. Түүнтэй ярих хэн ч байгаагүй, бүр залбирах цаг ч гардаггүй байсан хэдий ч, тэр ажиллаж залбирдаг байжээ. Тэр шашныг нь доромжилж, гутаасан хүмүүст ямар нэгэн зүйл хэлэхээс айдаг байлаа. Тэр тэдний ярьж байгаа зүйлийг үнэн гэж хүлээн зөвшөөрсөн мэт болох ёстой болдог байсан ба итгэлээ хамгаалъя гэсэн ч амжилт олохгүй байх гэж боддог байж.

Pioneer Family in front of a log home

Хожим нь Элизабэт болон түүний гэр бүл нүүжээ. Элизабэтэд бодох илүү их цаг гардаг болж, үргэлж завгүй байхаа больсон гэж хэлсэн юм. Тэр ихэнхдээ хонгилын өрөө рүү орж, өөрт нь хэцүү санагдаж байгаа зүйлсийнхээ талаар болон сайн мэдээг худал гэж хэлж, Иосеф Смитийг болон Мормоны Номыг муулж байсан ухаантай хүний дүр эсгэсэн хүмүүсийн талаар Тэнгэрлэг Эцэгтээ хэлж, залбирдаг байв.

Нэг орой Элизабэт зүүдэлжээ. Тэрээр “Би нэгэн дов толгодыг тойрон уруудах, нарийхан морин тэргийн зам дээр зогсож байлаа. Толгодын дээхэн талд нэг хүн доошоо хараад залуу хөвгүүнтэй ярьж, мөн тэр хөвгүүн өвдөглөн суугаад, нэгэн нүх рүү тонгойн харж буй мэт харагдав. Түүний гар нүхнээс ямар нэгэн зүйл авах гэж байгаа мэт сунгаастай байхыг, мөн залуугийн тонгойн харж байсан нүхний таглаа байж болох нэгэн чулууг бас олж харав. Зам дээр олон хүн байсан ч толгод дээр буй хоёр хүнийг хэн ч анзаарахгүй байлаа. Зүүдлэхийн сацуу ихэд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн мэдрэмж надад төрсөн болохоор би нойрноосоо сэрсэн юм. … Би зүүдээ хэнд ч ярьж чадаагүй. Энэ нь залуу хөвгүүн Иосефыг алтан ялтсуудыг авах гэж байхад түүнд зааварлаж буй тэнгэр элч Моронай байсан гэж би бодоод, үүндээ сэтгэл хангалуун байсан” гэжээ.

1893 оны хавар Элизабэт ариун сүмийг онцгойлон адислахад оролцохын тулд Солт Лэйк хот руу явжээ. Тэрээр энэ үйл явдлыг ярихдаа “Би тэнд зүүдэндээ харсантай адил дүр зургийг харсан. Энэ нь шилэн цонхон дээрх янз бүрийн өнгөтэй зураг байв. Би Кумора толгодыг өөрийн нүдээр хараад ч, үүнээс илүү бодитой харагдахгүй гэдэгт итгэлтэй байсан. Мөн би тэнгэр элч Моронайг Иосеф Смитэд алтан ялтсуудыг өгч буй дүр зургийг зүүдэнд минь үзүүлсэнд тун их талархсан” хэмээн дүрсэлжээ.

Old portrait of Elizabeth Staheli

Тэрээр энэ зүүднээсээ хойш олон жилийн дараа буюу 88 настай байхдаа, нас барахаасаа хэдэн сарын өмнө хүчтэй сүнслэг өдөөлт хүлээн авчээ. Тэр “Хэн нэгэн надад … ‘Өөрийнхөө гэрчлэлийг газарт бүү бул’ гэж хэлж байгаа мэт тун тодорхой нэгэн бодол надад орж ирсэн”5 гэж хэлсэн байна.

Элизабэтийн гэр бүл түүний гэрчлэлээс үр удам дамжин хүч чадал авсаар иржээ. Бид ч мөн Элизабэттэй адил, бидэнд байдаг үнэнийг доромжилж, эсэргүүцдэг шүүмжлэгч, эргэлзэгчдээр дүүрэн дэлхийд амьдарч байна. Бид эргэлзээ төрүүлсэн түүх, зөрчилдөөнтэй захиасуудыг ч сонсож магадгүй. Бидэнд Элизабэтийнхтэй адил, ялангуяа хүнд хэцүү цагт өөрсдөдөө байгаа гэрэл ба үнэнээс чадах чинээгээрээ зууран барих ёстой үе ч тохиох болно. Бидний залбирлын хариулт ил тод ирэхгүй байж болох ч, бид илүү агуу гэрэл, үнэнийг эрэлхийлэх нам гүм мөчүүдийг олох ёстой. Хэрэв бид үүнийг хүлээн авсан л бол дараа нь үүний дагуу амьдарч, үүнийг хуваалцаж, мөн хамгаалах үүрэг хариуцлагатай болно.

Бид зүрх сэтгэл, гэр орноо Аврагчийн гэрэл ба үнэнээр дүүргэснээр бүхий л нөхцөл байдлыг эсэргүүцэн тэвчих сэтгэлийн дотоод хүч чадалтай байх болно хэмээх гэрчлэлээ би та нарт үлдээж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. “Бурханы гэр бүл,” 2014 оны хуваалцах цагийн тойм: Гэр бүлүүд үүрд мөнх байх болно (2013), 28–29

  2. Моронай 10:5-ыг үзнэ үү.

  3. “Бурханы гэр бүл”

  4. Дийтр Ф.Угдорф, “Гэрэл ба үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авах нь,”Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулганы материал, 21

  5. Элизабэт Стахэли Волкэр, “My Testimony, Written for My Children and Their Children after I Am Gone,” 1939, 22–26, University of Nevada, Las Vegas, Special Collections-ийг үзнэ үү.