Модны дэргэд үлд.
Лихайн амьдралын модны үзэгдэл бол эцсээ хүртэл тэвчих талаар хүчирхэг нэгэн сургаалт зүйрлэл юм.
Ерөнхийлөгч Хибэр Ж.Грантыг нас барахын өмнөхөн ерөнхий эрх мэдэлтнүүдийн нэг нь түүний гэрт зочилжээ. Түүнийг явахаас өмнө ерөнхийлөгч Грант, “Бурхан минь, намайг гэрчлэлээ алдахгүй байж, эцсээ хүртэл итгэлтэй байхаар адислаач!”1 хэмээн залбирсан аж. Тэрээр Сүмийн ерөнхийлөгчөөр бараг 27 жилийн турш үйлчилсэн ч ийнхүү чин сэтгэлэээсээ залбирсан байв. Түүний энэхүү хүчирхэг үлгэр жишээ нь бидний хэн нь ч, хэдэн ч настай байсан Сатаны нөлөөнөөс ангид байж чадахгүй гэдгийг сануулж байна. Сатаны хамгийн хүчтэй 2 арга мэх бол анхаарал сарниулах болон хууран мэхлэх явдал юм.
Эцсээ хүртэл тэвчих нь жинхэнэ шавийн онцлог шинж бөгөөд мөнх амьдралд шаардлагатай. Гэхдээ бидний амьдралд зовлон бэрхшээл болон сорилтууд ирэх үед биднийг зүгээр л “үргэлжлүүлэн хичээгээсэй” хэмээн хүсдэг. “Үргэлжлүүлэн хичээх” гэдэг нь сургаалын зарчим биш гэдгийг би тодруулж хэлмээр байна. Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь үргэлж Христэд ирж мөн Түүгээр төгөлдөржинө гэсэн үг юм.
Эцсээ хүртэл тэвчих нь мөнх амьдралд шаардлагатай юм бол итгэлтэй байх нь бидэнд яагаад хэцүү байдаг вэ? Бид олон чухал зүйлээс сонголт хийх шаардлагатай болсон үедээ бэрхшээлтэй тулгардаг. Урсгалаараа дуулгавартай байх мөн хайнга байдлаар амлалт хийх зэрэг нь итгэлийг үгүй болгодог. Эцсээ хүртэл тэвчих нь Аврагчид болон хийсэн гэрээнүүддээ бүрэн дүүрэн амлалт өгөхийг шаарддаг.
Лихайн амьдралын модны үзэгдэл бол эцсээ хүртэл тэвчих талаар хүчирхэг нэгэн сургаалт зүйрлэл юм. Лихайн үзэгдлийг залбирч судлаад, тунгаан бодож. өөрсөдтэйгөө адилтга. Та үүнийг хийхдээ эцсээ хүртэл тэвчихэд тань туслах зургаан чухал зарчмыг анхааралтай тунгаан бодоорой.
1. Залбирахаа бүү март.
Лихай ганцаараа “бүрэнхий мөн дүнсгэр зэлүүдэд” байгаагаар эхэлнэ.2 Бидний хүн нэг бүр ганцаардал болон харанхуй үеийг амсдаг. Амьдрал харанхуй мөн дүнсгэр болох үед залбирахаа бүү март”3 Ерөнхийлөгч Хибэр Ж.Грантын үлгэр жишээг дага. Эцсээ хүртэл тэвчих хүч чадлын төлөө залбир. Тэнгэрлэг Эцэгээс Та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ гэж асуу.
2. Христэд ирэгтүн, мөн Түүгээр төгөлдөржигтүн.
Амьдралын мод нь Лихайн үзэгдлийн гол хэсэг байсан юм. Бүх зүйл амьдралын мод руу чиглэдэг. Мод нь Бурханы хайрын яруу тод илэрхийлэл болох Христийг төлөөлдөг. Жимс нь түүний хязгааргүй Цагаатгал бөгөөд Бурханы хайрын агуу нотолгоо болдог. Хайртай хүмүүстэйгээ мөнхөд хамт амьдрах нь бусад бүх зүйлээс илүү амттай бөгөөд хүсүүштэй юм. Бид энэ бэлгийг ухаарч ойлгохын тулд “Христэд ирж, Түүгээр төгөлдөржигтүн”4 Тэр бол “зам, үнэн, амь мөн”5. Бид амьдралаа амжилт ололт болон сайн сайхнаар дүүргэж болох ч эцэстээ хэрэв бид Христийг дагах ариун гэрээнүүдэд орж, тэдгээрийг итгэлтэй сахихгүй бол амьдралын жинхэнэ зорилгыг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй.
3. Итгэлтэй урагш тэмүүл.
Амьдралын мод буюу Христэд хүрэх зам нь давчуу бөгөөд шулуун, хатуу чанга боловч гуйвшгүй байдаг. Бурханы тушаалууд хатуу чанга байдаг ч хорьж хязгаарладаггүй. Тэдгээр нь биднийг сүнслэг болон бие махбодын аюулаас хамгаалж, төөрөн одохоос сэргийлдэг.
Дуулгавартай байдал нь Христэд итгэх итгэлийг бий болгодог. Итгэл нь үйлдэл болон хүч чадлын зарчим юм. Аврагчийн жишээг тууштай дагах нь сүнслэг хүч болон чадавхыг бий болгодог. Цагаатгалын хүчирхэгжүүлэгч, боломжтой болгогч хүчгүйгээр зам дээрээ үлдэж, эцсээ хүртэл тэвчих нь боломжгүй юм.
“Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүл.”6
4. Мормоны Ном нь сүнслэг байдлыг авч үлдэх түлхүүр юм.
Амьдралын аялал хүнд бэрх байдаг. Сатаарч, замаасаа гажиж, төөрөх амархан. Зовлон шаналал нь мөнхийн хөгжил дэвшилд зайлшгүй бөгөөд салшгүй нэг хэсэг юм. Саад бэрхшээл тохиолдох үед бүрэн дүүрэн ойлгохгүй байгаа зүйлээрээ өөрийн мэддэг бүхнээ бүү устга. Тэвчээртэй бай, үнэнээс зууран барь, тэгвэл ойлголт ухаарал ирэх болно. Сорилт бэрхшээлүүд нь бидний мэлмийг сохолж, зүрхийг хатууруулдаг агуу их харанхуйлах манантай адил юм. Бид Бурханы үгнээс “үргэлж тууштай зуурч”7 мөн үүний дагуу амьдрахгүй бол сүнслэг байдлаар сэнхрэх биш сүнслэг байдлаар сохрох болно. Мормоны Ном болон амьд бошиглогчдын үгсийг өдөр бүр, өдөр бүр, өдөр бүр судлаарай. Бид үүнийг хийхгүй байснаараа сүнслэг байдлын хувьд төөрч одох болно.
5. Сарниж, хууран мэхлэгдэхгүй бай.
Анхаарал хандуулах гэдэг нь анхааралтай байх гэсэн үг мөн. Христэд итгэдэггүй хүмүүст анхаарлаа хандуулах нь Түүнийг олоход танд туслахгүй. Интернэтээс #агуу хийгээд нүсэр барилга гэж хайх нь таныг үнэнийг олж авахад удирдахгүй. Тэр агуу хийгээд нүсэр барилгыг тэнд нийтэлдэггүй. Зөвхөн Аврагчид л “мөнх амийн үгс бий.”8 Бусад нь зүгээр л үгс юм. Агуу хийгээд нүсэр барилга нь дэлхийн “хоосон төсөөлөл болоод бардамналыг”9 өөрөөр хэлбэл сарних болон хууран мэхлэлтийг төлөөлдөг. Энэ нь бүх зүйлээр хангагдсан мэт харагдах сайхан хувцасласан хүмүүсээр дүүрэн байдаг. Гэвч тэд Аврагчийг болон Түүнийг дагадаг хүмүүсийг дооглон тохуурхдаг. Тэд “үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрэх боломжгүй юм.”10 Олон нийтийн үзэл бодлын дагуу тэдний зөв байж болох ч сүнслэг байдлын хувьд тэд алдагдсан байдаг.
6. Модны дэргэд үлд.
Лихайн захиас бол модны дэргэд үлдэх явдал юм. Бид Их Эзэнд хөрвөгдсөн учир үлддэг. Алма “Болгоогтун, тэрээр тэдний зүрх сэтгэлийг өөрчилсөн, тийм ээ, тэр тэднийг гүн нойрноос сэрээсэн, мөн тэд Бурханы хувьд сэрсэн”11 хэмээн заажээ. Биднийг зүрх сэтгэлээ Бурханд зориулах үед Ариун Сүнс бидний эгэл чанарыг өөрчилж, бид Их Эзэнд гүн гүнзгий хөрвөгддөг бөгөөд агуу хийгээд нүсэр барилгыг хайхаа больдог. Хэрэв бид гүн гүнзгий хөрвөлтийг авчирдаг тэрхүү зүйлсийг хийхээ боливол сүнслэг байдлын хувьд сул дорой болдог. Урвалт нь хөрвөлтийн эсрэг тал юм.
Номлолын ажлаа дуусгаад ирсэн мөн яг одоо үйлчилж байгаа бүх номлогчид хандан хэлэхэд: ахлагчид болон эгч нар аа, та нар номлолоосоо буугаад, зүгээр л дэлхийн арга барилд эргэн ирж, төгсгөлгүй олон цагаар утга учиргүй компъютер тоглоомын оноо цуглуулснаар гүн гүнзгий сүнслэг нойронд авталгүйгээр үлдэж чадахгүй. Та нар порнограф сонирхон үзэж, ариун журам болон ариун явдлыг үл ойшоосноор аймшигтай сүнслэг үр дагавруудыг амсалгүйгээр үлдэж чадахгүй. Хэрэв та Сүнсийг алдвал төөрч одох болно. Сарниж, хууран мэхлэгдэхгүй бай.
Жинхэнэ шавь нар өдөр бүр хувиараа утга учиртай залбирал хийн, чин сэтгэлээсээ судраасаа судалж, дуулгавартай байдлаа хөгжүүлэн, амин хувиа хичээлгүй үйлчлэл хийснээрээ Бурханд үргэлжлүүлэн ханддаг. Модны дэргэд үлдэж, сэргэг бай.
Хэдэн жилийн өмнө би Вашингтон Такома номлолын ерөнхийлөгчөөр дуудагдсан бөгөөд энэ дуудлага Пийрсон эгч бид хоёрын хувьд үнэндээ гэнэтийн явдал болсон. Би бага зэрэг балмагдаж байсан ч ажиллаж байсан компанийхаа дарга, гүйцэтгэх захирал хоёртой уулзаж, тэдэнд номлолын дуудлагынхаа талаар хэлэв. Тэд компанийг орхиж явах миний гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаа нь илт байлаа. Тэд “Чи хэзээ ийм шийдвэр гаргасан бэ? Чи өмнө нь яагаад энэ талаар бидэнтэй зөвлөлдөөгүй юм бэ?” гэж асууж байв.
Яг тэр мөчид нэгэн гайхалтай хариулт миний бодолд орж ирсэн юм. Би “19 настай залуу байхдаа, ариун сүмд Аврагчийг дагах болно гэж Бурхантай ариун гэрээнүүдийг хийх үедээ энэ шийдвэрийг гаргасан. Би эдгээр гэрээний дагуу бүхий л амьдралаа зориулсан бөгөөд одоо ч гэсэн тэдгээрийг дагах бодолтой байна” гэж хариулсан юм.
Бид Бурхантай нэгэнт гэрээнүүд байгуулсан бол буцах боломжгүй юм. Бууж өгөх, шантрах сонголт байхгүй. Бурханы хаант улсад өргөмжлөгдөхөд шаардлагатай шилдэг жишиг гэж байдаг. Энэ нь зоригтой шавь байхыг шаарддаг! Тэнд дундаж эсвэл хэнэггүй шавь нарт орон зай гэж үгүй. Дундаж байна гэдэг шилдэг байдлын дайсан бөгөөд дундаж амлалт нь тэдэнд эцсээ хүртэл тэвчихэд саад болох болно.
Хэрвээ та зовж шаналж, төөрөлдөж эсвэл сүнслэг байдлын хувьд алдагдсан бол би та нарыг буцаагаад зам дээр тань гаргах нэг л зүйлийг хийхэд урьж байна. Мормоны Номыг дахин залбирч судалж, үүний сургаалуудын дагуу өдөр бүр, өдөр бүр, өдөр бүр амьдарч эхэл! Таны амьдралыг өөрчилж, таны Христийг дагах шийдвэрийг хүчирхэгжүүлж чадах Мормоны Номонд байдаг агуу хүчний талаар би гэрчилж байна. Ариун Сүнс зүрх сэтгэлийг тань өөрчилж “тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь”12 харахад тань тусална. Тэр таны хийх ёстой зүйлсийг харуулах болно. Нифай та нарт хандан
“Мөн би тэдэнд хандан … Бурханы үгийг анхааран сонсох, мөн үүнээс зууран барих хэн боловч, тэд хэзээ ч эрсдэх нь үгүй; бас хортны уруу таталтууд хийгээд галт сумнууд, тэднийг устгал уруу удирдахаар тэднийг харалган болгож давамгайлах нь ч үгүй.
Иймийн тул, би … ухуулав; тийм ээ, Бурханы үгэнд анхаарал тавин мөн түүний зарлигуудыг бүх зүйл дээр үргэлж дагахыг сана хэмээн өөрийн бодгалийн бүх эрч хүчээр мөн өөрт буй бүх чадавхиараа тэдэнд ухуулсан бөлгөө”13 хэмээн амласан.
Ах, эгч нар аа, эцсээ хүртэл тэвчих нь шавь байхын агуу шалгуур юм. Бидний өдөр бүр ямар шавь байх нь бидний мөнхийн хувь тавиланг шийдэх болно. Бурханд ханд, үнэнээс зууран барь, ариун сүмийн ариун нандин гэрээнүүдээ сахиж, модны дэргэд үлд!
Би амилсан амьд Христийг гэрчилж байна. Тэр амьд гэдгийг би мэднэ. Миний хамгийн агуу хүсэл бол би түүний гайхамшигтай жишээг даган, эцсээ хүртэл үнэнч, итгэлтэй байх явдал юм. Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр, амен.