Аз жаргалын төлөвлөгөө
Сүмд зохион байгуулагдаж буй бүхий л ажил эцсийн дүндээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хүүхдүүдтэйгээ гэр орондоо аз жаргалтай байж, мөнхөд холбогдохыг харах явдал юм.
Олон жилийн өмнө, Дэлхийн хоёрдугаар дайны дараа би коллежид сурч байхдаа Донна Смиттэй танилцсан юм. Тэр үед би амжилттай гэрлэлтийн хоёр чухал орц нь жигнэмэг, үнсэлт хоёр хэмээн уншсан байлаа. Би тэдгээрийг хоорондоо маш сайн зохицсон гэж боддог байв.
Би өглөөгүүр сургуульдаа явж, үдээс хойш Бригам хот руу буцаж очин, аавынхаа авто засварын газар ажилладаг байв. Доннагийн өглөөний хамгийн сүүлчийн анги нь гэр ахуйн хичээл байсан юм. Би явахынхаа өмнө түүний анги дээр очдог байв. Хаалга нь бараандуу өнгөтэй шилэн цонхтой байсан учраас хэрвээ би шилэнд ойртож зогсвол найз охин маань миний сүүдрийг харж болдог байв. Тэр хаалганы завсраар өгсөн жигнэмэг, үнсэлт хоёртой харьдаг байлаа. Бусад зүйл нь ч гэсэн түүх болон өнгөрч. Бид Солт Лэйкийн ариун сүмд гэрлээд, амьдралын маань агуу их адал явдал эхэлсэн юм.
Би олон жилийн туршид Сүмийн бүх үйл ажиллагааны эцсийн үр дүн нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг үр хүүхдүүдтэй нь гэр орондоо аз жаргалтай, энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбогдохыг харахад оршдог хэмээх нэгэн чухал зарчмыг заасаар ирсэн билээ.
Хамгийн эхэнд:
“Ингээд Бурхад өөрсдийнхөө дүр төрхөөр, Бурхадын дүр төрхөөр хүнийг зохион байгуулахаар тэд түүнийг, эрэгтэй мөн эмэгтэйг бий болгохоор, тэднийг бий болгохоор тэд явцгаав.
“Мөн Бурхад хэлэв: Бид тэднийг адислах болно. Мөн Бурхад айлдав: Бид тэднийг үр төлтэй байж мөн өсөн үржиж, мөн дэлхийг бүрхэн, мөн үүнийг захирах болно”(Абрахам 4:27–28).
“Мөн Адам эхнэртэйгээ унтаж, мөн тэр түүнд хөвгүүд мөн охидыг төрүүлэв, мөн тэд өсөн үржиж, мөн дэлхийг дүүргэж эхлэв.
“Мөн … Адамын хөвгүүд хийгээд охид газар нутагт хоёр хоёроороо хуваагдан, … мөн тэд тэрчлэн хөвгүүд хийгээд охидыг төрүүлэв” (Moсе 5:2–3) гэсэн энэ үеэс эхлэн дэлхий дээрх хүмүүний амьдралын мөчлөг эхэлсэн юм.
Өсөж үржиж, дэлхийг дүүргэх тушаал хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй. Энэ нь гэтэлгэлийн төлөвлөгөөнд нэн чухал байдаг бөгөөд хүмүүний аз жаргалын эх үүсвэр билээ. Энэ хүчийг бид зөв шударга ашигласнаараа Тэнгэр дэх Эцэгтэйгээ ойртож, баяр баяслын бүрэн бүтэн байдлыг тэр ч байтугай бурханлаг байдлыг мэдрэх юм. Үр удмаа үлдээх хүч нь аз жаргалын төлөвлөгөөний хавсарга хэсэг нь биш, харин аз жаргалынх нь түлхүүр бөгөөд энэ бол аз жаргалын төлөвлөгөө билээ.
Хүн төрөлхтөнд хослон амьдрах хүсэл үргэлж байсаар ирсэн бөгөөд энэ хүсэл их хүчтэй байдаг. Мөнх бус амьдрал дахь бидний аз жаргал, баяр баясгалан, өргөмжлөл зэрэг нь бие махбодын энэхүү байнгын, захирангуй хүсэлд ямар хариу өгөхөөс шалтгаална. Үр удмаа үлдээх хүч нь эрэгтэй, эмэгтэй хүний амьдралын эхэн үед боловсорч, хувийн маш нууцлаг мэдрэмжүүд төрж эхэлдэг юм.
Төгс нөхцөл байдалд эр эм болох явц нь хайр дурлалаар эхэлдэг. Ёс заншил өөр өөр байж болох ч энэ нь номонд гардаг хайр дурлалын бүхий л сэтгэлийн хөөрөл, горьдлого болон өрнөн үргэлжилдэг бөгөөд зарим үед татгалзсан хариу авах ч үе тохиолдох нь бий. Сарны туяа, сарнай цэцэг, хайрын захидал, хайрын дуу, яруу найраг, гар гараасаа хөтлөлцөх гээд залуу эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондын өөр бусад хайрын илэрхийлэл байдаг. Хосуудын эргэн тойрон дахь ертөнц үгүй болж, тэд баяр баяслыг мэдэрдэг билээ.
Хэрэв та залуу хүмүүсийн хайрын ид оргил үеийн сэтгэлийн хөөрлийг амьдралын эх булгаас гарч байдаг бүхий л боломж, бололцооны нийт нийлбэр хэмээн бодож байвал та олон жил гэрлэсэн хосуудын хайр халамж, сэтгэлийн тайвшралыг харах хэрэгтэй гэсэн үг юм. Гэрлэсэн хосууд уруу таталт, үл ойлголцол, санхүүгийн хямрал, гэр бүлийн янз бүрийн асуудал, өвчин зовлонгоор соригдож байх үедээ ч тэдний хайр хүчирхэгжиж байдаг. Бүрэн боловсорсон хайр нь шинэхэн гэрлэгсдийн хувьд төсөөлөхийн аргагүй хайр байдаг билээ.
Жинхэнэ хайр нь амьдралын эх булгаас ундрах ариун хүчийг нээж өгөх дур хүслээ гэрлэлтийн дараа хуваалцахаар хадгалахыг шаарддаг. Энэ нь бие махбодын дур хүслээ барих чадварыг алдуулах нөхцөл байдалд орохоос зайлсхийхийг хэлнэ. Цэвэр ариун хайр нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хууль ёсны ёслолоор, мөнхөд үнэнч байх тангаргаа өргөж, болж өгвөл ариун сүмийн лацдан холбох ёслолын дараа, үр удмаа үлдээх хүчийг Бурханы өмнө хайрын бүрэн илрэл болгон чөлөөлж болно гэдгийг мэддэг. Үүнийг зөвхөн, дан ганц мөнхийн ханьтайгаа хуваалцах ёстой.
Зохистой орсон энэ үйл явц нь хайр хэмээх үгтэй холбоотой хамгийн нарийн нандин бөгөөд өргөмжлөгдсөн бие махбодыг, сэтгэлийг болон сүнслэг мэдрэмжүүдийг нэгтгэдэг юм. Амьдралын энэхүү хэсэгтэй хүмүүний бүх амьдралын өөр ямар ч туршлага эн зэрэгцэж, адил байх нь үгүй билээ. Гэрээнүүдийг хийж, сахиж чадвал энэ нь мөнхөд үргэлжлэх юм. “Учир нь та нар хүндэтгэл хийгээд алдар сууг хүлээн авч болохын тулд тэнд ариун санваарын түлхүүрүүд олгогддог” (С ба Г 124:34), “тэрхүү алдар суу нь бүрэн дүүрэн мөн үүрд хийгээд мөнхөд үр удмынх нь хувьд үргэлжлэл байх” (С ба Г 132:19) билээ.
Гэхдээ хайр дурлал нь бүрэн бус бөгөөд энэ нь дөнгөж оршил хэсэг юм. Хайр нь гэрлэсэн хосуудад итгэл хүлээлгэн өгсөн амьдралын эх булгаас урсан гарах үр хүүхдүүд мэндэлснээр тэтгэгддэг. Гэрлэсэн эхнэр, нөхөр хоёрыг нэгдэх үед үр тогтдог. Бяцхан бие махбод сүр жавхлант бүтэц загварын дагуу бүрэлдэж эхэлдэг. Үр хүүхэд нь дэлхий дээрх эцэг эхийнхээ дүр төрхөөр бий болж, төрөлтийн гайхамшгаар ирдэг билээ. Мөнх бус бие дотор сүнслэг зүйлсийг мэдрэх, ойлгож хүлээн авах сүнс агуулагдсан байдаг юм. Энэ хүүхдийн тэрхүү мөнх бус бие дотор өөрийн дүр төрхийн дагуу үр удамтай болох хүч чадал нойрсож байдаг билээ.
“Мөн сүнс хийгээд мөн бие нь хүмүүний бодгаль бөлгөө” (С ба Г 88:15), мөн бид аз жаргалтай байхын тулд сүнслэг болон бие махбодын хуулиудыг дагах ёстой. Мөн “Энэ дэлхийн сууринаас өмнө дээр нь бүх адислал тулгуурлагдсан хууль тэнгэрт эргэлт буцалтгүйгээр тогтоогдсон болой” ( С ба Г 130:20) хэмээх амьдралыг өөр нэгэнд өгөх энэхүү хүч чадалтай холбоотой мөнхийн хуулиуд өгөгдсөн байдаг. Эдгээр сүнслэг хууль нь хүн төрөлхтний ёс зүйн хэмжүүрийг тодорхойлдог юм. (Иосеф Смитийн орчуулга, Ром 7:14–15-ыг [Библийн хавсралт] үзнэ үү; 2 Нифай 2:5; С ба Г 29:34; 134:6). Бидэнд мөнхийн адислалуудыг холбож, лацдаж, хамгаалж мөн өгдөг гэрээнүүд өгөгдсөн байдаг.
Алма өөрийн хүү Шиблонд, “Зоригийг хэрэглэ, гэвч бүү дээрэлх; мөн түүнчлэн чи хайраар дүүргэгдэж болохын тулд бүх хүслээ хазаарлахыг мэдээрэй” (Алма 38:12) хэмээн сануулсан байдаг. Бид морины хазаарыг зааж, чиглүүлж, хяналтандаа байлгахад ашигладаг. Бид дур хүслээ хянаж байх ёстой. Хууль ёсоор хэрэглэж чадах юм бол үр удмаа үлдээх хүч нь биднийг адисалж мөн ариусгана (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 158-ийг үзнэ үү).
Уруу таталтууд байсаар л байна. Бидний дайсан амьдрал бий болгож чадахгүй тул Бурханы хүчийг агуулсан бүх хүнд атаархдаг билээ. Тэр дайсан, түүний дагагсад зайлуулагдаж, мөнх бус биетэй болох эрхээ хасуулсан. “Тэрээр бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг бөлгөө. (2 Нифай 2:27). Тэрээр биднийг уруу татаж, унагаан доройтуулж, бузарлахыг хүсдэг бөгөөд боломж олдвол бидний зохистой байснаар мөнхийн өсөлт рүү хөтлөх энэ бэлгийг устгахыг эрэлхийлэх юм (С ба Г 132:28–31-ийг үзнэ үү).
Хэрэв бид өөрсдийн амьдралын эх булгийг бохирдуулбал эсвэл бусдыг нүгэл рүү хөтөлбөл бүх бие махбодын ямар ч дур хүсэлтэй дүйцэхгүй, илүү “гашуун” бөгөөд “хүчтэй” (С ба Г 19:15-ыг үзнэ үү) шийтгэл амсах болно.
Алма өөрийн хүү Кориантонд “Хүү минь, Их Эзэний мэлмийд эдгээр зүйл жигшүүрт хэрэг гэдгийг; тийм ээ, гэмгүй цусыг урсгах эсвээс Ариун Сүнсийг үгүйсгэхээс бусад бүх нүглүүдээс хамгийн жигшүүрт зүйл болохыг чи мэдэхгүй гэж үү? (Алма 39:5) хэмээн хэлсэн байдаг. Бид хийсэн нүглийнхээ үр дагавраас бултах боломжгүй билээ.
Үр удмаа үлдээх хүчийг ашиглах цорын ганц хууль ёсны, зөвшөөрөгдсөн илрэл нь зөвхөн хуулийн дагуу, хууль ёсоор гэрлэсэн нөхөр, эхнэр, эрэгтэй, эмэгтэй хоёрын хооронд байх ёстой. Үүнээс өөр бүх тохиолдол Бурханы зарлигуудыг зөрчиж байгаа хэрэг болно. Дайсны аймшигт уруу таталтад бүү бууж өг, учир нь нүгэл бүрийн өрнөөс бид “эцсийн кодрантыг төлтлөө тэндээс гарахгүй” (Матай 5:26).
Бурханы өгөөмөр сэтгэл болон нигүүлсэл нь наманчлалд хамгийн их илрэн гарч ирдэг.
Бидний бие махбод гэмтвэл өөрөө өөрийгөө, зарим үед эмчийн тусламжтайгаар сэргээж эмчилдэг билээ. Гэхдээ хүнд гэмтэл учирсан тохиолдолд гэмтлийг сануулах сорви үлддэг.
Бидний сүнсэн биеийн хувьд энэ нь арай өөр. Бид алдаа гаргаж, нүгэл үйлдэхэд бидний сүнсэн бие гэмтдэг. Харин бидний мөнх бус бие махбодтой харьцуулахад наманчлалын үйл явц дуусгавар болох үед Есүс Христийн Цагаатгалын ачаар ямар ч сорви үлддэггүй билээ. “Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй” (С ба Г 58:42) хэмээх амлалт байдаг.
Биднийг гэрлэлт болон гэр бүлийн амьдралын талаар ярих үед бидний оюун ухаанд “Онцгой тохиолдлуудад яах вэ?” гэсэн асуулт гарцаагүй гарч ирдэг. Зарим хүн эрүүл мэндийн байдлаас болоод үр хүүхэдтэй болж чаддаггүй. Зарим нь гэм буруугүй хирнээ эхнэр, нөхрийнхөө үнэнч бус байдлаас болж гэр бүлийнх нь амьдрал сүйрдэг. Зарим нь гэр бүл бололгүй, ганц бие хүний зохистой амьдралаар амьдардаг.
Өнөөдөр би та нарт Бурхан бол бидний Эцэг хэмээн хэлж, энэхүү тайтгарлыг өгөх гэсэн юм. Дэлхий дээрх төгс эцэгт байдаг бүх хайр, өгөөмөр сэтгэл бидний Эцэг мөн Бурхан болох Түүнд бидний мөнх бус оюун ухаанаар ойлгох боломжгүй хэр хэмжээгээр тодорсон байдаг. Түүний шийтгэл нь шударга; Түүний энэрэл нь хэмжээ хязгааргүй; Түүний хүч чадал нь бүх дэлхийн ямар ч хүчийг орлуулж чадах билээ. “Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно” (1 Коринт 15:19).
Би одоо ариун сүм хэмээх үгийг сүсэг бишрэлтэй хэрэглэх гэсэн юм. Би лацдан холбох өрөөнд тахилын ширээний дэргэд өвдөг сөгдөн суух залуу хосыг төсөөлж байна. Ариун сүмийн энэхүү ариун нандин ёслол нь энгийн нэгэн гэрлэлтээс огт өөр байдаг билээ. Учир нь энэ гэрлэлт амлалтын Ариун Сүнсээр холбогддог бөгөөд судруудад “мөн хаан ширээнүүд, хаант улсууд, вант улсууд, мөн хүчнүүд, эзэгнэлүүд, бүх өндөрлөгүүд хийгээд гүнүүдийг өвлөх болно” (С ба Г 132:19) хэмээн тунхагласан байдаг. Би энэхүү сүнслэг бэлгийг хүлээн авч, зохистой хэрэглэсэн хүмүүсийг баяр баясал хүлээж байгаа гэдгийг мэдэж байна.
Донна Смит Пакэр эгч бид хоёр гэрлээд, нэг нэгнийхээ хажууд байсаар бараг 70 жил болсон байна. Надад эхнэр, үр хүүхдүүдийнхээ эхийн талаар хэлэх үг олддоггүй билээ. Миний сэтгэл гүн, талархал маань агуу их тул надад энэ бүхнийг үгээр илэрхийлэх хэцүү байдаг. Энэ амьдралдаа бидний хүлээн авсан, мөн дараах амьдралдаа хүлээн авах хамгийн агуу шагнал бол бидний үр хүүхдүүд, бидний ач зээ нар юм. Мөнх бус амьдралдаа хамтдаа өнгөрөөх сүүлчийн өдрүүдэд би түүнийхээ миний хажууд байсан хором бүрд мөн төгсгөл гэж үгүй хэмээн Бурханы бидэнд өгсөн амлалтад баярлан талархаж байдаг.
Би Есүс бол Христ бөгөөд амьд Бурханы Хүү гэдгийг гэрчилж байна. Тэрээр энэ Сүмийг тэргүүлж байдаг билээ. Түүний Цагаатгалаар мөн санваараар мөнх оршихуйд эхлүүлсэн гэр бүлүүд үүрд мөнхөд хамт байх болно гэдгийг гэрчилж байна. Бид бүгдийг нэг бүрчлэн засварлаж чадах Цагаатгал ямар ч сорви үлдээдэггүй. Энэ нь хэрэв бид үнэнхүү наманчилбал бидний юу хийсэн, бидний хаана байсан, ямар нэгэн зүйл хэрхэн тохиолдсоноос үл хамааран, Тэрээр биднийг цагаатгах болно хэмээн амласан. Тэрээр биднийг гэтэлгэхэд тэрхүү асуудал шийдвэрлэгддэг. Өөрсдийгөө гэм буруутай хэмээн мэдэрсэн, мөн тийм мэт байдаг, түүнээс хэрхэн зугатахаа сайн мэдэхгүй маш олон хүн тийчилж байдаг. Бид Хритсийн Цагаатгалыг хүлээн авснаараа зугатдаг бөгөөд толгойны өвчин болгож байсан бүхий л зүйл гоо үзэсгэлэн, хайр, мөнх оршихуй руу эргэж чадна.
Их Эзэн Есүс Христийн бидэнд өгсөн адислалууд, үр удмаа үлдээх хүч, гэтэлгэлийн хүч, Цагаатгалын төлөө би маш их талархалтай байна. Энэхүү Цагаатгал нь хэчнээн хэцүү, хэчнээн удаан, хэчнээн олон удаа ахин дахин бохирлогдсон байсан ч, толбо бүрийг угааж чадна. Цагаатгал таныг урагш одохоор, цэвэр ариун, зохистой байдлаар амьдралдаа сонгосон замаараа зорихоор дахин чөлөөлж чадна.
Бурхан амьд гэдгийг, Есүс бол Христ гэдгийг, Цагаатгал бол энэ Сүмийн л төлөөх ерөнхий нэг зүйл биш гэдгийг би гэрчилж байна. Цагаатгал бол нэн хувийн чанартай. Таныг зовоож буй ямар нэгэн зүйл байгаа бол заримдаа та бүр санах ч үгүй олон жилийн өмнө болсон бол Цагаатгалыг ашигла. Цагаатгал үүнийг цэвэрлэх болно. Та ч, мөн Тэр ч таны гэм нүглийг санах нь үгүй билээ. Есүс Христийн нэрээр, амен.