Таны хаанчлал ирэх болтугай
Их Эзэний хаант улсыг байгуулахад Түүний гайхамшгуудыг бидний харж, итгэх нь Түүний мутар бидний амьдралд оролцон ажиллаж байгааг харж, итгэхэд маань тусалж чадна.
Биднийг дууллаас дуулж байх хооронд яг энэ мөчид 150 улс орны гайхамшигтай 75 өөр өөр хэлээр1 хэдэн зуун мянган, магадгүй сая сая итгэгч гэгээнтнүүдтэй хамт бид дуу хоолойгоо Бурханд өргөж буйгаа бодоход сэтгэл зүрх минь ихэд догдолж байна.
“Та, Хаадын Хаан ирээч!”3 Бид дэлхий даяарх итгэгчдийн, Их Эзэн Есүс Христийн шавь нарын томоохон гэр бүлийн нэг хэсэг билээ.
Бид Түүний нэрийг өөрсөд дээрээ авч, долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхдээ Түүнийг санаж, зарлигуудыг дагана хэмээн амладаг. Бид бүгд төгс болох болоогүй ч итгэлдээ чин сэтгэлээсээ ханддаг. Бид Түүнд итгэн, Түүнийг шүтэн биширч, дагадаг. Бид Түүнийг гүнээ их хайрладаг. Түүний ажил бол дэлхий дээрх хамгийн агуу ажил юм.
Ах, эгч нар аа, бид итгэгчдийн эрин үе бүрд олон зууны турш хүсэн хүлээсээр ирсэн Их Эзэний Хоёр дахь ирэлтийн өмнөх өдрүүдэд амьдарч байна. Бид энэ дэлхий дайн дажин, дайны цуурхал, байгалийн гамшиг, эргэлзээ, үймээн самуунаар дүүрсэн цаг үед амьдарч байна.
Бид сайн мэдээ бүх дэлхийд номлогдож буй Сэргээлтийн гайхамшигтай цаг үед амьдарч байна. Мөн Их Эзэний “цэвэр ариун хүмүүсийг өөртөө бэлтгэн,”4 “зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр”5 зэвсэглэх болно хэмээн амласан цаг үед амьдарч байна.
Бид эдгээр өдөрт баясаж; зовлон бэрхшээл, айдас эргэлзээг зоригтой даван туулах боломжтой байхын төлөө залбирдаг. Зарим хүний зовлон бэрхшээл бусдынхаас илүү хэцүү байдаг ч, хэн ч үүнээс дархлагдаагүй. Ахлагч Нийл А.Максвэлл нэгэн удаа “Хэрэв одоогийн байдлаар бүх зүйл төгс санагдаж байвал түр хүлээ” гэж хэлсэн. Энэ бол бидний мөнх бус байдал юм.
Хэдийгээр Их Эзэн бидэнд “эмээх хэрэггүй”6 гэж дахин дахин баталж айлдсан ч, зовлон бэрхшээлийг туулахдаа энэ амьдралын цаадахыг давуулан харж, тодорхой дүрсэлнэ гэдэг үргэлж амархан байдаггүй.
Ерөнхийлөгч Томас С.Монсон мөнхийн дүр зургийг харах талаар надад нэг чухал сургамж өгсөн билээ.
Би арваннайман жилийн өмнө Швейцарьт ерөнхийлөгч Монсонтой хамт галт тэргээр аялж байхдаа хүнд үүрэг хариуцлагуудынх нь талаар асуусан юм. Харин түүний хариулт миний итгэлийг хүчирхэгжүүлсэн. Ерөнхийлөгч Монсон “Бид Тэргүүн Зөвлөлд энэ ажлыг урагшлуулахын тулд чадах бүхнээ хийдэг. Гэвч энэ бол Их Эзэний ажил бөгөөд Тэр үүнийг удирддаг. Түүнд эрх мэдэл нь байдаг. Тэрээр бидний онгойлгож чадахгүй хаалгыг онгойлгож, миний эргэлзэж байсан гайхамшгуудыг гүйцэлдүүлэх үед бид бүгд гайхширч хоцордог”7 гэж хэлсэн юм.
Ах, эгч нар аа, дэлхий дээрх хаант улсаа байгуулахдаа үйлддэг Их Эзэний гайхамшгуудыг харж, итгэх нь Их Эзэний мутар бидний хувийн амьдралд ч мөн байдаг гэдгийг ойлгож, харахад бидэнд тусалдаг.
Их Эзэн “би өөрийн ажлыг хийж чадна”8 хэмээн тунхаглажээ. Бид бүгд өөрсдөөсөө шалтгаалах зүйлсийг хийхийг хичээдэг боловч Тэрээр бүх зүйлийн Бүтээгч юм. Тэрээр Эцэгийнхээ удирдамжаар энэ дэлхийг бүтээсэн. “Бүх зүйл түүгээр хийгдсэн байв; мөн хийгдсэн зүйлүүдийн аль нь ч түүнгүйгээр хийгдээгүй билээ.”9 Бид сүнсээрээ сэрүүн мөн сэрэмжтэй байгаа үедээ Түүний мутрыг дэлхий даяар төдийгүй өөрсдийнхөө хувийн амьдралд ч хардаг.
Би нэгэн түүх хуваалцмаар байна.
1831 онд Сүм ердөө 600 гишүүнтэй байх үед Их Эзэн “Бурханы хаант улсын түлхүүрүүд дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдсэн болой, мөн тэндээс сайн мэдээ өвч дэлхийг дүүргэх хүртлээ гараар урагш өнхрүүлэлгүй уулнаас таслагдсан чулуу лугаа адил дэлхийн бүх хязгааруудад урагш түгэх болно”10 хэмээн тунхагласан юм.
Бошиглогч Нифай энэ үеийн Сүмийн гишүүд дэлхийн хүн амтай харьцуулахад “цөөн” байх боловч “бүх дэлхийн гадаргуугаар”11 оршин байхыг харжээ.
Ерөнхийлөгч Монсон өнөөдөр ариун сүмүүдийг зарласан нь Их Эзэний мутар Өөрийн хаант улсыг байгуулахад оролцож байгаагийн гурван гайхамшигтай жишээ болж байна. Хэдхэн арван жилийн өмнө Гайти, Тайланд болон Зааны Ясан Эргийн улсуудад ариун сүм баригдана гэдгийг хэн ч төсөөлж чадахгүй байсан биз ээ?
Ариун сүмийг барих газар нь зөвхөн газар зүйн хувьд тохиромжтой газар байдаггүй юм. Үүнийг Их Эзэнээс бошиглогчдоо илчлэлтээр өгдөг бөгөөд Тэрээр агуу ажил хийгдэх ёстойг мэдэгдэн, зөв шударга гэгээнтнүүд үе үеэрээ Түүний өргөөг нандигнан, торддог гэдгийг хүлээн зөвшөөрдөг.12
Би хоёр жилийн өмнө эхнэр Кэйтитэйгээ хамт Гаити улсад зочилсон юм. Бид 30 жилийн өмнө тэр үед ахлагч байсан Томас С.Монсон Порт-ау-Принсийн дээрх уулын орой дээр тухайн улсыг онцгойлон адисалсныг тэмдэглэхээр Гаитигийн гэгээнтнүүдтэй нэгдэв. Бид бүгд Гаитид 2010 онд болсон гамшигт газар хөдлөлтийг хэзээ ч мартахгүй. Итгэлтэй гишүүдийн болон ихэнх нь гаитичуудаас бүрдсэн номлогчдын ачаар энэ арал дээрх Сүм улам бүр өсөж, хүчирхэгжсээр байна. Цагаан өмсгөлтэй, Бурханы эдгээр зөв шударга гэгээнтэн ариун санваарын хүчээр Их Эзэний өргөөн дэх ариун нандин ёслолуудыг удирдан, гүйцэтгэнэ хэмээн төсөөлөхөд итгэл минь өргөгдөж байна.
Бангкокийн үзэсгэлэнт сайхан хотод Их Эзэний өргөө баригдана гэдгийг хэн төсөөлөх билээ? Буддын шашинтай энэ оронд Христийн шашинтан ганцхан хувийг эзэлдэг. Их Эзэн Гаититай адилаар дэлхийн сонгогдогсдыг Бангкокт цуглуулж байна. Би Бангкокт хэдэн сарын өмнө зочлохдоо Сатхит, Жутамас Кайвалватана болон тэдний хайртай хүүхдүүдтэй нь уулзсан юм. Сатхит 17 настай байхдаа Сүмд нэгдэж, өөрийн төрөлх нутагт номлолд үйлчилжээ. Хожим нь тэр Жутамастай институтэд танилцаж, тэд Пилиппиний Манилагийн ариун сүмд лацдан холбогдсон юм. 1993 онд Кайвалватаныхан хагас нойртой явсан жолоочийн ачааны машинд мөргүүлж, Сатхит чээжин биенээсээ доош мэдээгүй болжээ. Тэдний итгэл хэзээ ч ганхаагүй юм. Сатхит Бангкок дахь Олон улсын сургуулийн хүндтэй багш бөгөөд Тайландын Бангкок хойд гадасны ерөнхийлөгчөөр үйлчилдэг. Бурханы гайхамшгуудыг Түүний гайхамшигтай ажилд төдийгүй бидний хувийн амьдралд ч тохиодгийг бид хардаг.
Кот д’Ивуар дахь Сүмийн гайхамшгийг Филипп ба Аннэлийс Ассард мөн Люсиэн ба Агатэ Аффоуэ нарын хоёр хосгүйгээр төсөөлөх ч аргагүй юм. Тэд залуу хос байхдаа-нэг нь Германд, нөгөө нь Францад Сүмд нэгджээ. 1980 онд Филипп, Люсиэн хоёр Бурханы хаант улсыг байгуулахын тулд төрөлх Африк нутаг руугаа явах ёстой гэж мэдэрсэн байна. Герман үндэстэн Ассард эгч гэр бүлээ, харин Ассард ах амжилттай байсан механик инженерийн ажлаа орхиход тэднээс агуу итгэл шаардаж байлаа. Энэ хоёр хос Кот д’Ивуарт анх удаа бие биетэйгээ уулзаж, Ням гаргийн ангийг эхлүүлж байжээ. Энэ нь бараг 30 жилийн өмнө болсон юм. Өнөөдөр энэхүү үзэсгэлэнт Африк улсад найман гадас, 27 000 гишүүн байна. Аффоуэгийнхэн саяхан Аккра Гана ариун сүмд номлолоо дуусгасан Ассардынхны адил даруухнаар үргэлжлүүлэн үйлчилж байна.
Та нар Өөрийн ажлыг урагшлуулж буй Бурханы мутрыг харж байна уу? Та бүхэн Гаитигийн номлогчдын амьдралд эсвэл Тайландын Кайвалватанасыханд Бурханы мутар оролцож байгааг харж байна уу? Мөн та нар Ассард, Аффоуэ нарын гэр бүл дэх Бурханы мутрыг харж байна уу? Та нар өөрсдийн амьдрал дахь Бурханы мутрыг харж байгаа юу?
“Мөн бүх зүйл дээр түүний гарыг хүлээн зөвшөөрдөггүй … тэднээс бусад хүмүүн ямар ч зүйлээр Бурханд гэм бурууг үйлддэггүй.”13
Бурханы гайхамшгууд зөвхөн Гаити, Тайланд улсуудад, эсвэл Зааны Ясан Эргийн улсуудад тохиолдож байгаа биш юм. Эргэн тойрноо хар.14 “Хүмүүс болгоныг Бурхан анхааран үздэг … тийм ээ, тэрээр өөрийн хүмүүсийг тоолж, мөн нигүүлслийнх нь зүрх сэтгэл бүх дэлхийг бүрхдэг билээ.”15
Бид заримдаа Их Эзэний мутрыг бусдын амьдралаас олж хардаг хэрнээ “Би хэрхэн өөрийнхөө амьдралд Түүний мутрыг олж харах вэ?” хэмээн гайхдаг.
Аврагч:
“Бүү эргэлз.”16
“Бүү ай.”17
“Эцэгийн тань [зөвшөөрөлгүйгээр] [бор шувуу] тэдний нэг нь ч газарт унахгүй. …
“Иймээс бүү ай. Та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй”18 хэмээн айлджээ.
Дайснуудынхаа дунд бошиглогч Елишад хандан, “Аяа, эзэн минь! Бид яах билээ? хэмээн дуу алдсан залууг сана.19
Элиша:
“Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв.
“Тэгээд Елиша залбиран, …Эзэн, … түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. Эзэн зарцын нүдийг нээж, тэр уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байхыг [харав].”20
Та нарыг тушаалуудыг дагахад, өөрсдийнхөө амьдралд Их Эзэний мутрыг харахаар итгэлтэй залбирах үед Тэрээр та нарын сүнсний мэлмийг нээх ба та нар ганцаараа биш гэдгээ тов тодорхой мэдэх болно гэдгийг би та нарт амлаж байна.
Судрууд бидэнд “ирэх зүйлд итгэх сүсэг бишрэлд гуйвшгүй [зогсох]”21 ёстой хэмээн заадаг. Юу ирэх ёстой вэ? Аврагч:
“Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг.
“Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай”22 хэмээн залбирдаг.
Бид бүгдээрээ “Та, Хаадын Хаан ирээч” хэмээн дуулсан билээ.
Энэ дэлхийд Аврагчийн ирэх гайхамшигтай өдрийг харуулдан хүлээх үед маань бидний итгэл өсдөг. Түүний ирэлтийн тухай бодоход бодгаль минь баясдаг. Энэ нь гайхамшигтай байх болно! Хэр хэмжээ, сүр жавхлан, агуу их ба гоо үзэсгэлэн нь мөнх бус мэлмий хэзээ ч харж, мэдэрч байгаагүйгээр арвижих болно.
Тэрхүү өдөр Тэрээр малын тэвшинд даавуунд өлгийдөгдөн ирэхгүй23, харин “тэнгэрийн үүлэн дотор сүр хүч хийгээд агуу алдар суунд, бүх ариун тэнгэр элчүүдийн хамт”24 үзэгдэх болно. Бид “тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дууг”25 сонсоно. Нар, сар хувирч, “одод байрнаасаа [шидэгдэх] болно.”26 Та, би, мөн биднийг дагаж буй хүмүүс “гэгээнтнүүд дэлхийн [зүг бүрээс] урагш гарч,”27 “шинэчлэгдэж … түүнийг угтахаар дээш аваачигдах болно.”28 Зөв шударга байдалд нас барсан хүмүүс “тэнгэрийн … дор түүнийг угтахаар дээш аваачигдах болно.”29
Үүнийг төсөөлөх аргагүй ч, Их Эзэн “бүх махан бодь намайг хамтдаа харах болно”30 хэмээн хэлсэн байдаг. Энэ нь хэрхэн тохиолдох бол? Бид мэдэхгүй. Гэхдээ энэ нь бошиглосны дагуу биелэгдэнэ гэдгийг би гэрчилж байна. Бид хүндэтгэлтэй байдлаар өвдөг сөгдөнө. “Мөн Их Эзэн дуу хоолойгоо илэрхийлэх болно, мөн дэлхийн бүх хязгаарууд үүнийг сонсох болно.”31 “Энэ нь их усны дуу хоолой мэт … агуу их аянгын дуу хоолой мэт байх болно.”32 “Мөн Их Эзэн, бүр Аврагч өөрийн хүмүүсийн дунд зогсох болно.”33
Дараа нь дэлхий дээр тэнгэр элчүүд ба гэгээнтнүүдийн хэзээ ч мартагдахааргүй цугларалт болно.34 Хамгийн чухал нь, Исаиа “дэлхийн бүх хязгаар бидний Бурханы авралыг үзнэ,”35 мөн Тэрээр “бүх махан бодь дээр хаанчлах болно”36 хэмээн тунхаглана.
Тэр өдөр үл итгэгчид чимээгүй болж, Есүс бол Христ, Бурханы Хүү, дэлхийн Аврагч ба Гэтэлгэгч гэдгийг “чих бүхэн үүнийг сонсож, мөн өвдөг бүхэн сөхөрч, мөн хэл бүхэн хүлээн зөвшөөрөх болно”37.
Өнөөдөр бол Аврагчийн амилсны баярын өдөр. Бид дэлхий даяарх бусад Христийн шашинтнуудын хамтаар Түүний алдар суут Амилалтад болон бидэнд амлагдсан амилуулалтад баясдаг. Хайрладаг хүмүүстэйгээ хамт, оюун санаандаа эдгээр гайхамшигт үйл явдлуудыг ахин дахин тунгаан, Түүнийг ирэхэд бэлтгэх, болтугай. “Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай”38 гэсэн Түүний залбирал биднийх байх болтугай. Тэр амьд гэдгийг “Та, Хаадын Хаан ирээч” хэмээн би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.