Хамтдаа өсөж хөгжицгөөе
Гэрээгээ сахидаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд бид бие биенээ өргөн дэмжиж, Их Эзэний хүсдэг тийм хүн болоход туслах ёстой.
Бид Ерөнхий чуулганы үеэр зүрх сэтгэлд минь үргэлж гүн нөлөөлж байдаг сүнслэг үгс, хөгжим, залбирлуудыг сонсохын зэрэгцээ Тэргүүн Зөвлөл ба Арванхоёрын чуулгын гишүүдийг мөнхийн ханьтайгаа индрээс хамт буухыг нь харах тун дуртай гэж Халамжийн Нийгэмлэгийн олон эгч надад хэлж байсан. Мөн бид эдгээр ах эхнэрүүддээ хайраа хэрхэн эелдгээр илэрхийлдгийг сонсох дуртай биш гэж үү?
Ерөнхийлөгч Боид К.Пакэр эхнэр Доннагийнхаа тухай “Би энэхүү санваарын албыг атгаж байгаа учраас тэр бол төгс эмэгтэй гэх үнэнийг хэлэх ариун үүрэгтэй”1 гэж хэлсэн байдаг.
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф эхнэр Харриэтийнхаа тухай “Тэр бол миний амьдрал дахь нарны гэрэл”2 гэж хэлжээ.
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг эхнэр Кэтлинийхээ талаар “Тэр намайг үргэлж өөрийгөө хамгийн сайнаараа байхыг хүсэхэд хүргэдэг”3 гэж хэлсэн.
Харин ерөнхийлөгч Томас С.Монсон хайрт эхнэр Франсэсийнхээ тухай ярихдаа “Тэр минь миний амьдралын цорын ганц хайр, хамгийн сайн итгэмжит хань, хамгийн дотны найз минь байсан. Би түүнийгээ санаж байна гэх үгс ч миний сэтгэлийг бүрэн илэрхийлж чадахгүй”4 гэжээ.
Би ч гэсэн хайрт хань Крэйгтээ хайртай гэдгээ илэрхийлмээр байна. Тэр минь миний эрхэм нандин бэлэг юм. Миний патриархын адислал дээрх нөхрийн минь талаар хэлсэн үнэтэй бөгөөд ариун нандин хэсэгт миний болон үр хүүхдүүдийн маань амьдрал “түүний сайн халамжин дор байх болно” гэсэн байдаг. Миний хувьд Крэйг бол энэхүү амлалтын биелэл гэдэг нь тодорхой. Би Марк Твэйний үгээс эш татан, “[Крэйггүй] амьдрал бол амьдрал биш”5 гэж хэлж байна. Би түүнд бүх зүрх сэтгэлээсээ хайртай!
Тэнгэрлэг үүрэг, хариуцлагууд
Өнөөдөр би өөрсдийнхөө хэн гэдгийг мэддэг, мөн гэр бүлээ зөв шударгаар тэргүүлж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах ёстой хэмээн гэр бүлийн тунхагт тодорхойлж өгсөн, Бурханаас өгөгдсөн үүргүүдээ хамгийн сайн биелүүлж байгаа нөхөр, эцэг, ах, хүү, авга, нагац ах нарт хүндэтгэлээ илэрхийлэхийг хүсэж байна. Эцэг эх байх тухай болон гэрлэлтийн тухай сэдвүүд нь олон хүний хувьд эмзэг сэдэв гэдгийг маш сайн мэдэрч байгааг минь ойлгож хүлээн авна уу. Би Сүмийн зарим гишүүн тэдний гэр бүл хэзээ ч хүссэн шиг нь өв тэгш болохгүй гэж боддогийг мэднэ. Олон хүн хайхрамжгүй байдал, хүчирхийлэл, донтолт, зүй бус ёс заншил, өв уламжлалуудаас болж шаналж байгаа. Би санаатайгаар юм уу, мэдлэггүйгээсээ болж гэр бүлдээ уй гашуу, өвчин зовлон, сэтгэлийн зовиур авчирсан эрэгтэйчүүдийн эсвэл эмэгтэйчүүдийн үйлдлийг зөвтгөх гэсэнгүй. Харин би өнөөдөр арай өөр зүйлийн тухай ярих гэсэн юм.
Нөхөр хүн зохистой санваартныхаа хувьд Бурханаас өгөгдсөн үүрэгтээ, тэр дундаа гэр бүлдээ үйлчилж байгаа үедээ эхнэртээ хамгийн их сэтгэл татам байдаг гэдэгт би зүрх сэтгэлийнхээ угаас итгэдэг. Би зохистой нөхөр, эцгүүдэд хандаж хэлсэн ерөнхийлөгч Пакэрийн эдгээр үгэнд дуртай бөгөөд үүнд итгэдэг. Тэрээр “Танд гэр бүлээ хамгаалах Их Эзэнээс шууд ирсэн санваарын хүч бий. Таныг болон таны гэр бүлийг дайсны хор хөнөөлөөс хамгаалах цорын ганц хамгаалалт нь тэрхүү санваар байх цаг ирэх болно”6 гэжээ.
Гэр орон дахь сүнслэг удирдагчид ба багш нар
Би энэ оны эхээр нэгэн гайхалтай эгэл жирийн хүн, нөхрийн маань авга ах Доны оршуулгын ёслолд очсон юм. Авга ах Доны хөвгүүдийн нэг нь эцэг эхийгээ анхны байшингаа худалдан авсны дараахан болсон, хүүхэд насандаа тохиолдсон явдлыг дурсан ярив. Тэдэнд хооллож хувцаслах тавын таван жаахан хүүхэд байсан тул талбайдаа хашаа барих хангалттай мөнгө байгаагүй аж. Авга ах Дон тэнгэрлэг үүргүүдийнх нь нэг болох гэр бүлийнхээ хамгаалагчийн хувьд бүх талбайгаа тойруулж, жижиг модон гадаснууд зоогоод, олсоор хооронд нь холбов. Дараа нь тэр хүүхдүүдээ дуудаж, тэдэнд олс, гадсууд руу заан харуулаад, хэрэв тэд тэрхүү түр тогтоосон хашаанаас гарахгүй л бол аюулгүй гэдгийг тайлбарлав.
Нэг өдөр тэднийд айлчлагч багш нар нь ирэхдээ таван бяцхан хүүхэд олсны дотор талд дуулгавартай гэгч байж, хашааны гадна, зам руу бөмбөг өнхрөхөд хойноос нь гүйлгүй, дагуулан ширтэж байхыг хараад, тун их гайхжээ. Нэг хүүхэд нь аавыгаа дуудаха,д аав нь гүйж ирэн, бөмбөгийг авч өгсөн байна.
Оршуулгын ёслолын төгсгөлд ууган хүү нь хайртай аав шигээ л хүн болох юмсан гэж хамгийн их хүсэж найддаг байснаа нулимс дуслуулан илэрхийлсэн юм.
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон
“Ай, Израилийн нөхрүүд болон эцгүүдээ, та бүхэн гэр бүлийнхээ аврал ба өргөмжлөлийн төлөө маш их зүйл хийж чадна! …
Та нар өөрсдийн хэзээ ч чөлөөлөгддөггүй дуудлага—энэ цаг үед болон үүрд мөнхөд та бүхний хамгийн чухал дуудлага болох Израиль дахь эцгийн ариун дуудлагаа санагтун. …
Та нар Их Эзэний Сүнс орших гэр оронг бий болгоход туслах ёстой”7 хэмээн хэлжээ.
Бошиглогчийн хэлсэн энэ үг өнөөдөр бидэнд ямар их ач холбогдолтой гээч!
Бурхантай гэрээ байгуулсан эрчүүдийн хувьд тэднээс тэнгэрлэг үүрэг, хариуцлагуудаа биелүүлэхийг шаарддагаас гадна “жинхэнэ эр хүн” ямар байх талаар худал хуурмаг үзэл бодлыг илгээгч дэлхийд амьдрах нь тун хэцүү байж таарна. Тэдгээр үзэл бодлын нэг нь “Би бол хамгийн чухал хүн” гэх үзэл юм. Мөн нөхрүүд болон эцгүүд цаашид хэрэггүй хэмээн дорд үзэж, доромжлон тохуурхсан үзэл бодол ч байна. Би та бүхнээс Сатаны худал үгсийг бүү сонс гэж хүсмээр байна! Тэр өөрөө нөхөр эсвэл эцэг байх ариун үүрэг хариуцлагаа алдсан шүү дээ. Өөрийнх нь хэзээ ч гүйцэтгэж үл чадах ариун үүргүүдийг хүлээн авсан хүмүүст атаархдаг учраас л “тэрээр бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг”8 эрэлхийлдэг билээ.
Харилцан бие биенээ нөхөх үүргүүдээ биелүүлэхдээ нэг нэгнээ өргөн дэмжиж, туслах нь
Ах, эгч нар аа, бид бие биедээ хэрэгтэй! Гэрээгээ сахидаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд бид бие биенээ өргөн дэмжиж, Их Эзэний хүсдэг тийм хүн болоход туслах ёстой. Түүнчлэн бид өсөж буй үеийнхнээ дэмжиж, тэдэнд мөнх амьдралын өв залгамжлагчийн тэнгэрлэг хүчин чадалд хүрэхэд нь туслахын тулд хамтран ажиллах хэрэгтэй. Бид ахлагч Робэрт Д.Хэйлс, түүний эхнэр Мэри хоёрын “та намайг өргө, би таныг өргөе, тэгээд хамтдаа өсөж хөгжицгөөе”9 гэсэн үгийг дагаж, тэдэн шиг үйлдэж чадна.
Бид судраас “Хүн ганцаараа байх нь сайн биш” гэдгийг мэдэх билээ. Тийм учраас Тэнгэрлэг Эцэг “түүнд тохирох туслагчийг”10 бүтээсэн. Тохирох гэдэг нь “түүнд нийцэж, зохицохуйц эсвэл тохиромжтой туслагч”11 гэсэн үг юм. Жишээ нь, бидний хоёр гар хоорондоо төстэй ч яг адилхан биш. Үнэндээ тэд бие биенийхээ эсрэг талд байдаг ч, бие биенээ нөхөж, хоорондоо нийцэж, зохицсон байдаг. Хамтдаа тэд илүү хүчтэй байдаг.12
Сүмийн гарын авлагын гэр бүлийн тухай бүлэгт “Эрэгтэй, эмэгтэй хүний сүнсний мөн чанар нь бие биедээ туслан амьдрахад оршино” гэсэн мэдэгдэл орсон байдаг.13 Энд “бие биетэйгээ өрсөлдөн тэмцэлдэх” биш, харин “бие биедээ туслах” гэж хэлснийг анхаараарай. Бид хамгийн сайнаараа байхыг хичээх үедээ бие биедээ тусалж, нэг нэгнээ өргөн дэмжиж, мөн хамтдаа баясахаар энд байгаа билээ. Барбара Б.Смит эгч “Бид зөвхөн өөрсдийн амжилтад биш, харин бусдын амжилтад баяссанаар илүү их аз жаргал авчирна”14 гэсэн ухаалаг зүйл заасан байдаг. Бид бие биетэйгээ “өрсөлдөн тэмцэлдэх” биш, харин “туслахыг” эрэлхийлбэл, нэг нэгнийгээ урамшуулан дэмжихэд илүү хялбар байх болно.
Хэдэн жаахан хүүхэдтэй залуу ээж байхдаа живх сольж, аяга таваг угаан, үр хүүхдүүдээ бөөцийлж өнгөрүүлсэн тэрхүү өдрийн төгсгөлд “Аав гэртээ ирэхэд би маш их баярладаг”15 хэмээх Хүүхдийн хэсгийн дууг надаас өөр хэн ч тийнхүү үнэн голоосоо дуулж байгаагүй биз ээ. Гэхдээ ажлын хүнд өдрийн дараа Крэйгийг баяр хөөртэй гэртээ орж ирэхэд үргэлж баярлан угтаж авдаггүй байсан минь харамсалтай. Тэр үргэлж биднийг нэг нэгээр нь тэвэрч үнсэн, хүнд хэцүү, мөн зарим үед золгүй гэмээр өдрүүдийг хүртэл аавтайгаа өнгөрүүлэх хөгжилтэй мөч болгон хувиргаж чаддаг байсан юм. Би тэр үед хийж амжуулаагүй ажлууддаа санаагаа бага чилээж, мөн түүнтэй адил хамгаас илүү чухал зүйлсдээ л анхаарлаа илүү ухаалаг байдлаар төвлөрүүлдэг байж дээ хэмээн боддог. Тэгсэнсэн бол би гэр бүлийнхээ ариун нандин мөчүүдэд илүү их цаг зав гарган, мөч бүрээ хөгжилтэй өнгөрүүлж, эдгээр мөчид бидний амьдралыг адисалдаг байсанд нь илүү их талархах байсан!
Бие биедээ үргэлж сайхан үгс хэлцгээе
Саяхан Сүмийн нэгэн итгэлтэй эгч надтай удаан залбирч байгаа нэг асуудлынхаа тухай хуваалцсан юм. Түүний асуудал нь тойргийнх нь эгч нарын талаар байлаа. Тэр тэдгээр эгч зарим үед бүр үр хүүхдүүдийнхээ өмнө нөхөртэйгээ харьцахдаа, эсвэл тэдний тухай ярихдаа үл хүндэтгэсэн байдалтай байгааг харахдаа сэтгэл нь өвддөг талаар надад хэлсэн юм. Дараа нь тэрээр залуу эмэгтэй байхдаа зохистой санваартанг олж гэрлэн, түүнтэй хамт аз жаргалтай гэр бүлийг бий болгохыг маш их хүсэж, залбирдаг байснаа хуваалцсан юм. Тэр ээж нь “гэрээ захирч,” аав нь гэр бүлийнхээ уур амьсгалыг амгалан тайван байлгахын тулд ээжийнх нь шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй байдаг байсан гэр бүлд өссөн байв. Гэсэн ч илүү сайн арга зам байгаа гэж боддог байжээ. Тэр уг загварыг өөрийн өссөн гэр оронд олж хараагүй ч, удирдамж хүсэн залбирснаар Их Эзэн түүнийг хэрхэн Ариун Сүнсээр халуун дулаан угтан авдаг гэр оронг нөхөртэйгөө хамт бий болгох тухай мэдлэгээр адисалсан юм. Би тэдний гэрт очиж байсан бөгөөд гэр нь үнэхээр ариун газар байсан гэдгийг гэрчилж байна.
Ах, эгч нар аа, бид “бие биедээ сайхан үгсийг” чин сэтгэлээсээ хэр ойр ойрхон хэлдэг вэ?16
Бид цөөн хэдэн асуултаар өөрсдийгөө шалгаж болох юм. Бид гэрлэсэн, эсвэл ганц бие, мөн бидний гэр бүлийн нөхцөл байдал ямар ч байсан гэсэн эдгээр асуултыг бага зэрэг өөрчлөөд, өөрөөсөө асууж болно.
-
Би хамгийн сүүлд, хэзээ ганцаараа байхдаа, эсвэл үр хүүхдүүдийнхээ хажууд ханийгаа чин сэтгэлээсээ магтсан бэ?
-
Би хамгийн сүүлд, хэзээ түүнд талархаж, хайраа илэрхийлж, эсвэл итгэлтэй байдлаар түүний төлөө залбирсан бэ?
-
Би хамгийн сүүлд, хэзээ түүнийг гомдоож болох үгийг хэлэхээсээ өмнө өөрийгөө болиулж чадсан бэ?
-
Би хамгийн сүүлд, хэзээ түүнээс “хэрэв чи тэгсэн байсан бол” эсвэл “хэрвээ чи тэгээгүй байсан бол” гэсэн үгийг хэрэглэлгүй, уучлалт гуйж, даруухнаар өршөөл хүссэн бэ?
-
Би хамгийн сүүлд, хэзээ өөрийн “зөв” гэдгийг нотлохын оронд аз жаргалтай байхыг сонгосон бэ?
Одоо хэрэв эдгээр асуултын аль нэг нь танд эвгүй эсвэл гэмших мэт мэдрэмж төрүүлсэн бол ахлагч Дэвид А.Бэднарын “гэмшил нь бидний сүнсэн биед мэдрэгдэх өвдөлт адил аюулын талаар сануулж, илүү хор хөнөөл учрахаас хамгаалдаг юм”17 гэж хэлснийг санаарай.
Би та бүхнийг ахлагч Жэффри Р.Холландын “Ах, эгч нар аа, Аврагчтай илүү адил болох гэсэн энэхүү мөнхийн эрэлд хайгуулдаа бид ядаж энэхүү арга замаар, үг хэлээрээ гомдоолгүй, өөрөөр хэлбэл, шинэ хэлээр буюу тэнгэр элчүүдийн хэлээр ярьж, ‘төгс’ эрэгтэй, эмэгтэйчүүд байхыг хичээцгээе”18 гэсэн чин сэтгэлийн хүсэлтэд анхаарлаа хандуулахад урьж байна.
Өнөөдрийн энэ сайхан үйл явдалд бэлтгэж байх үедээ хайрт ханьтайгаа ярилцахдаа, мөн түүнийхээ тухай ярихдаа эелдэг сайхан үгсийг аль болох ойр ойрхон хэлж, гэр бүлийнхээ эрчүүдийг өргөн дэмжиж, тэнгэрлэг үүргүүдээ биелүүлдэг арга замд нь талархаж байхыг Сүнс надад заасан бөгөөд би мөн тийн илэрхийлж байхаар шийдсэн юм. Түүнчлэн би “та намайг өргө, би таныг өргөе, тэгээд хамтдаа өсөж хөгжицгөөе” гэсэн зүйр үгийг дагах шийдвэр гаргасан билээ.
Та бүхэн хайрт тэнгэрлэг эцэг эхийнхээ гэрээт охид, хөвгүүдийн хувьд өөрсдийн харилцан бие биенээ нөхөх үүргүүдээ биелүүлэхэд нь нэг нэгнээ хэрхэн илүү сайн өргөн дэмжихийг заалгахаар надтай хамт Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх үү?
Бид Есүс Христийн Цагаатгалын бүхнийг боломжтой болгогч хүчээр болон Түүнд итгэх итгэлээрээ дамжуулан үүнийг хийж чадна гэдгийг би мэднэ. Бид хамтдаа өсөж хөгжин, аз жаргалтай, үүрд мөнхөд амьдрахын тулд бие биедээ туслахдаа Христэд найдацгаая хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.