Яагаад гэрлэлт ба гэр бүл дэлхийн хаана ч чухал байдаг вэ
Гэр бүл бол амьдралын төв нь бөгөөд мөнхийн аз жаргалд хүрэх түлхүүр юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард надад ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, бишоп Жэралд Коссэй нартай хамт Италийн Ром хотын Ватиканд болсон гэрлэлт ба гэр бүл сэдэвт чуулганд оролцох онцгой боломж тохиосон юм. Уг чуулганд 6 тивийн 14 өөр шашны төлөөлөгчид оролцсон бөгөөд тэд өнөө үед дэлхий дахинаа гэр бүлд юу тохиолдож байгаа талаарх итгэл үнэмшлээ илэрхийлэхээр уригдсан байлаа.
Ромын пап Францис Чуулганы эхний хуралдааныг: “Бид одоо илүү олон хүн гэрлэлтийг нийтээрээ дагах ёстой амлалт гэдэгт итгэхээ больж, зуурдын зүйлсийг эрхэмлэдэг соёлоор амьдарч байна. Зан авир, ёс суртахууны энэхүү өөрчлөлтийг эрх чөлөөний илэрхийлэл хэмээн үздэг боловч яг үнэндээ энэ нь тоо тоомшгүй олон хүнд, ялангуяа хамгийн ядуу ба эмзэг бүлгийнхэнд сүнслэг болон материаллаг хохирол авчирлаа. … Энэ хямралын үед ийм хүмүүс л хамгийн их зовдог” гэсэн мэдэгдлээр эхлүүлэв.1
Тэрээр хойч үеийнхэнд хандан, тэд “зуурдын зүйлийг эрхэмлэх хор хөнөөлтэй ойлголтыг хүлээн зөвшөөрөх бус, харин жинхэнэ бөгөөд удаан үргэлжлэх хайрыг эрэлхийлж, нийтлэг загварын эсрэг явах эргэлт хийх хувьсгалчид байх нь чухал” хэмээн хэлсэн билээ.2
Ийнхүү шашны удирдагчид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлт хэмээх сэдвээр гурван өдрийн турш үг хэлж, хэлэлцсэн юм. Би дэлхий даяарх, миний төсөөлж ч байгаагүй тийм олон шашны удирдагчид гэрлэлтийн ариун нандин байдал, нийгмийн үндсэн нэгж болох гэр бүл чухал гэсэн байр суурин дээр бие биенийхээ итгэл үнэмшлийг дэмжиж, бүрэн санал нэгдэж байгааг сонссон билээ. Бид нэг зорилготой, нэгдмэл санаатай болохыг би хүчтэй мэдэрч байв.
Энэхүү нэгдмэл байдлыг мэдэрч, илэрхийлсэн олон хүн байсан бөгөөд үүнийгээ өөр өөр арга замаар илэрхийлсэн юм. Иранаас ирсэн Лалын шашинтай нэгэн эрдэмтэн манай Сүмийн гэр бүлийн тухай тунхгаас хоёр догол мөрийг үгчлэн эш татсан нь надад тун их таалагдлаа.
Өөр өөр итгэл, бүлэглэл, шашин нь гэрлэлт ба гэр бүлийн асуудал дээр нэгдмэл байвал гэр бүлийн нэгжтэй холбоотой ёс суртахууны жишиг, үнэнч байдал, амлалт зэрэгт ч бас нэгдмэл байр суурьтай байдгийг би чуулганы үеэр анзаарсан юм. Гэрлэлт ба гэр бүлийн асуудал нь улс төр, эдийн засгийн, эсвэл шашны ямар ч ялгааг харгалзахгүйгээр илүү чухал гэдгийг харах нь надад гайхалтай байсан. Бид эхнэр нөхрийн хайр, хүүхдүүдийнхээ төлөөх итгэл найдвар, сэтгэлийн зовнил, хүсэл мөрөөдлөөрөө бүгд адил юм.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирж, илтгэл тавьсан хүмүүс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлт чухал гэдгийг онцлон ярьсан энэ хуралд оролцсон нь гайхалтай байв. Өөр бусад шашны удирдагчид нэг нэгнийхээ хэлсэн үгийг гэрчилж байлаа. Чуулганы сүүлчийн гэрчлэлийг ерөнхийлөгч Хэнри Б.Айринг хэлсэн юм. Тэрээр үнэнч гэрлэлтийн давуу тал, мөнхийн гэр бүлд амлагдсан адислалд итгэх бидний итгэлийн талаар хүчирхэг гэрчлэл хуваалцав.
Ерөнхийлөгч Айрингийн гэрчлэл энэ онцгой гурван өдөр яригдсан сэдэвт гайхалтай тохирсон төгсгөл байв.
Та нар “Хэрэв олонх нь гэр бүлийг чухалчлах байдал ба үзэл бодлоороо ижил төстэй байж, тэдгээр итгэл үнэмшил, шашин шүтлэг нь гэрлэлт ямар байх ёстой талаар санал нэгдэж, тэд бүгд гэр орон, гэр бүлийн харилцаанд үзүүлэх ач холбогдол дээр санал нэг байгаа юм бол бид юугаараа ялгаатай юм бэ? Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь дэлхийн бусад сүмээс юугаараа онцгой, ялгаатай юм бэ?” гэж асууж болох юм.
Хариулт нь энэ байна. Бид гэр бүлийн талаарх ойлголт дээр дэлхийн шашнуудтай санал нийлэх зүйл олон байгааг харах гайхалтай байсан боловч зөвхөн бидэнд л сэргээгдсэн сайн мэдээний мөнхийн ойлголт байдаг.
Гэрлэлт ба гэр бүлийн тухай асуудалд сэргээгдсэн сайн мэдээний хувь нэмэр маш агуу, үнэхээр чухал бөгөөд үүнийг үүнээс илүү хангалттай онцлох боломжгүй юм. Бид энэ сэдвийг мөнхийн талаас нь хардаг! Бид гэр бүлүүд нь дэлхий бүтээгдэхээс өмнө байсан бөгөөд мөнхөд орших болно гэдэгт итгэдэг учраас гэрлэлтийн амлалт ба ариун нандин байдлыг илүү агуу түвшинд авч үздэг.
Рут Гарднерийн бичсэн “Гэр бүлүүд мөнхөд хамт байж чадна” хэмээх Хүүхдийн хэсгийн дууны үг энэ сургаалыг маш энгийн байдлаар, хүчтэй, мөн гайхалтай заадаг. Дэлхий даяар эдгээр үгийг өөрсдийнхөө төрөлх хэл дээр, өндөр дуугаар, зөвхөн гэр бүлийн хайраас л ундран гардаг урам зоригтой дуулж буй Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийг бодоод үз:
Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөснөөр
Гэр бүл үүрд хамт байх болно.
Би тэдэнтэйгээ үргэлж хамтдаа баймаар байна,
Их Эзэн юу хийхийг заасан.3
Бидэнд буй сэргээгдсэн сайн мэдээний шашны номлол бүхэлдээ гэр бүлүүдэд болон гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд төвлөрсөн байдаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бид мөнх бус байдлын өмнөх амьдралд Бурхан Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд байсан гэдэгт итгэдэг. Бид энэ амьдралын өмнө мөн одоо ч гэсэн Түүний гэр бүлийн гишүүд гэдэгт итгэдэг.
Бид гэрлэлт ба гэр бүлийн харилцаа нь нас барсны дараа ч үргэлжилж чадах ба Түүний ариун сүмд зохих эрх мэдэлтэй хүнээр гүйцэтгэгдсэн гэрлэлт нь ирэх дэлхийд ч хүчинтэй байх болно гэдэгт итгэдэг. Бидний үйлддэг гэрлэх ёслолд “үхэл биднийг хагацаах хүртэл” гэсэн үгс байдаггүй бөгөөд оронд нь “энэ амьдралд болон үүрд мөнхөд” гэсэн үгсийг хэрэглэдэг.
Бид уламжлалт гэр бүлүүд нь тогтвортой нийгэм, эдийн засаг, ёс суртахууны зарчим бүхий соёлын үндсэн нэгж төдийгүй, засгийн газрын болон Бурханы хаант улсын, мөн мөнх амьдралын үндсэн нэгж гэдэгт итгэдэг.
Тэнгэрийн зохион байгуулалт, засгийн газар нь гэр бүлүүдэд түшиглэн байгуулагдана гэдэгт бид итгэдэг.
Бид гэрлэлт ба гэр бүл нь мөнхийн зүйл гэдэгт итгэдэг учраас Сүмийн хувьд тэр хүмүүсийг хүчирхэгжүүлэх дэлхий даяарх хөдөлгөөнүүдэд тэргүүлэгч бөгөөд оролцогч байхыг хүсдэг. Зөвхөн идэвхтэй шашин шүтдэг хүмүүс л бат бөх гэрлэлт ба гэр бүлийн хүчтэй харилцааны талаар нийтлэг санал бодолтой байдаггүй гэдгийг бид мэднэ. Шашингүй хүмүүсийн ихээхэн хэсэг нь амлалт бүхий гэрлэлт ба гэр бүлийн амьдралын хэв маяг нь амьдрах хамгийн шилдэг, санхүүгийн хувьд хамгийн зөв, хамгийн аз жаргалтай арга зам гэдгийг мэддэг.
Эцэг эх нь гэрлэсэн, хүүхэдтэй өрх гэрээс илүү үр дүнтэй, хойч үеийнхнийг өсгөх арга замыг ямар ч хүн бодож олж чадаагүй юм.
Яагаад гэрлэлт ба гэр бүл нь хаа сайгүй чухал байх ёстой вэ? Олон нийтийн санал асуулга гэрлэлт нь бүх насныхны болон ялангуяа өөрийн сонголтоор ганц бие амьдрах, хувийн эрх чөлөө, мөн гэрлэлт бус хамтран амьдрах үзэл давамгайлдаг 21-р зууны үеийнхний мөрөөдөж, найддаг зүйл хэвээр байгааг харуулдаг. Дэлхийн хүн амын ихэнх хувь нь хүүхэдтэй болж, хүчирхэг гэр бүлүүдийг бий болгох хүсэлтэй хэвээр байгаа нь бодит үнэн юм.
Гэрлэж, хүүхэдтэй болсны дараа хүн төрөлхтний дундах нийтлэг зүйлүүд илүү тодорхой болдог. “Гэр бүлд төвлөрсөн” хүмүүсийн хувьд хаана амьдардаг, эсвэл ямар шашин шүтлэгтэй гэдгээс үл хамааран бидний бэрхшээл, дасан зохицох шаардлага, хүүхдүүдийнхээ төлөөх итгэл найдвар, сэтгэлийн зовнил, хүсэл мөрөөдлүүд ижил байдаг.
Нью Йорк Таймс coнины сэтгүүлч Дэвид Брүкс хэлэхдээ: “Хүмүүс юу хүссэнээ хийх асар их хувийн эрх чөлөөтэй байснаараа илүү дээр амьдардаггүй. Тэд хувийн сонголтоос илүү чухал амлалтууд болох гэр бүл, Бурхан, ажил мэргэжил, улс орноо гэсэн сонголтуудыг хийснээрээ илүү дээр амьдардаг”4 гэжээ.
Дэлхий даяарх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үзвэр үйлчилгээ нь олонхын эрхэмлэдэг зүйлүүдийг харуулдаггүй нь нэг асуудал болж байна. Яагаад ч юм бэ, маш олон телевизийн нэвтрүүлэг, кино, дуу хөгжим болон интернэт нь олонх болж харагдах гэсэн цөөнхийн үзэл бодлыг л харуулж байна. Балмад хэрцгийллээс эхлээд зугаа цэнгэлийн бэлгийн харьцаа хүртэлх ёс суртахуунгүй байдал, ёс бус зан авирыг хэвийн зүйл мэт харуулж байгаа нь ёс журамтай биднийг хоцрогдсон эсвэл өнгөрсөн үеийн сэтгэлгээтэй гэж итгүүлэхийг оролдож байгаа мэт санагддаг байж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба интернэт давамгайлсан энэ дэлхийд хариуцлагатай хүүхдүүд өсгөж, гэрлэлт болон гэр бүлүүдийг авч үлдэхэд урьд урьдынхаас илүү хэцүү бэрх байгаа юм.
Хэвлэл мэдээлэл ба үзвэр үйлчилгээний салбарууд юуг ч харуулсан бай, зарим хүний хувьд гэрлэж, гэр бүлтэй болох хүсэл буурч байгаа хэдий ч, хүн төрөлхтний ихэнх хэсэг нь гэрлэлт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой гэдэгт итгэсэн хэвээр байна. Тэд гэрлэлтийн харилцааны үнэнч байдалд болон “өвчин зовлонтой ба эрүүл энх” үед, мөн “үхэл хүртэл хамтдаа” гэсэн үгсэд итгэдэг.
Гэрлэлт ба гэр бүл нь ихэнх хүний хүсэн тэмүүлдэг зүйл хэвээр байгаа бөгөөд тэдгээрт итгэдэг нь зөвхөн бид биш гэдэг бодит үнэнийг Ромд болсон чуулган надад сануулсантай адил бид үе үе үүнийг өөрсдөдөө сануулж байх хэрэгтэй. Ажил мэргэжил, гэр бүл, хувийн хэрэгцээнийхээ хоорондох боломжит тэнцвэрийг олоход бидний амьдарч буй энэ үеэс илүү бэрхшээлтэй үе байгаагүй юм. Сүмийн хувьд бид хүчирхэг гэрлэлт болон гэр бүлүүдийг бий болгож, дэмжихийн тулд чадах бүхнээ хийхийг хүсдэг.
Ийм учраас Сүм гэр бүлийг хүчирхэгжүүлэх шашны нэгдсэн хүчин чармайлтад оролцож, мөн удирдах үүрэг гүйцэтгэдэг. Иймээс бид гэр бүлд төвлөрсөн үнэт зүйлүүдээ хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцдаг. Ийм учраас бид гэр бүлийн түүхийн болон гэр бүлийн бичээсүүдээ бүх үндэстэнтэй хуваалцдаг.
Бид Бурханы үндэслэсэн гэр бүл хэмээх нэгдлийг орлохыг оролддог аливаа хуурамч болон уламжлалт бус амьдралын хэв маягийн эсрэг дуу хоолойгоо өргөхийг хүсдэг. Мөн бид уламжлалт гэр бүлүүд нь баяр баясгалан, сэтгэл ханамж авчирдаг гэдэгт дуу хоолойгоо өргөхийг хүсдэг. Бид гэрлэлт ба гэр бүл нь яагаад чухал болох, мөн яагаад үргэлж чухал байхыг тунхаглах замаар энэ үзэл бодлоо үргэлжлүүлэн илэрхийлэх ёстой.
Ах, эгч нар аа, сэргээгдсэн сайн мэдээ гэрлэлт ба гэр бүл дээр төвлөрдөг. Бид гэрлэлт ба гэр бүлийн тал дээр бусад шашинтай хамгийн их санал нэгдэж чадна. Гэрлэлт ба гэр бүлийн асуудал дээр бид дэлхий нийттэй хамгийн их санал нэгдэж чадна. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн уулан дээрх гэрэл байх хамгийн агуу боломж нь гэрлэлт ба гэр бүл юм.
Би (ерэн насыг зооглосны хувьд үүнийг сайн мэдэж байна) өтлөх тусмаа гэр бүл бол амьдралын төв бөгөөд аз жаргалд хүрэх түлхүүр гэдгийг илүү сайн ойлгодог хэмээн гэрчилж, үгээ төгсгөе.
Би эхнэр, хүүхэд, ач, зээ, жич нартаа, мөн бүх үеэл, худ ураг, төрөл төрөгсдөдөө талархаж байна. Тэд миний амьдралыг баялаг бөгөөд мөнхийн болгодог. Би энэ мөнхийн үнэний талаар би хамгийн хүчтэй, ариун нандин гэрчлэлээ Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.