Сонголтууд
Бид амархан буруу зүйлийг хийхийн оронд хэцүү ч гэсэн зөв зүйлсийг хийхээр сонгох болтугай.
Ах эгч нар аа, би өнөөдрийн захиасаа хэлэхийн өмнө ойрын хугацаанд баригдахаар төлөвлөсөн дөрвөн шинэ ариун сүмийг зарлахыг хүсэж байна. Үүнд: Эквадорын Кито; Зембабвийн Хараре, Бразилийн Белем, Перугийн Лимагийн хоёр дахь ариун сүм болно.
Намайг 1963 онд Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүн болох үед Сүм даяар нийт 12 ариун сүм үйл ажиллагаа явуулж байсан. Хоёр долоо хоногийн өмнө Прово хотын төв дэх ариун сүмийг онцгойлон адисалснаар одоо дэлхий даяар 150 ариун сүм үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр ариун өргөөнд хүлээн авдаг адислалууддаа бид хэчнээн талархалтай байдаг билээ.
Ах эгч нар аа, энэ өглөө та бүхэнтэй бодлоо хуваалцах боломжтой байгаадаа талархлаа илэрхийлэхийг хүсэж байна.
Би сүүлийн үед сонголтын талаар бодож байна. Түүхийн хаалга жижиг нугасан дээр эргэдэг шиг хүмүүсийн амьдрал ч адилхан гэж ярьдаг. Бидний хийдэг сонголтууд хувь тавиланг маань тодорхойлдог.
Бид сүнсний дэлхийг орхин, мөнх бус амьдралд ирэхдээ сонгох эрхийн бэлгээ авч ирсэн. Бидний зорилго бол селестиел алдар сууг хүртэх бөгөөд бидний хийдэг сонголтууд нь энэ зорилгодоо хүрэх эсэхийг маань их хэмжээгээр тодорхойлдог.
Та нарын ихэнх нь Алиса гайхамшгийн оронд хэмээх Льюс Карролын сонгодог зохиолыг мэднэ. Зурайн үргэлжилсэн эсрэг зүг рүү чиглэх салаа замын уулзвар дээр түүний ирдэг хэсгийг та нар санаж байгаа байх. Тэр аль зам руу эргэхээ бодож байхдаа Чэшир мууртай тааралддаг. Алиса муураас “Би аль замаар явах вэ?” гэж асуудаг.
Муур “Энэ нь чиний хаашаа явахыг хүсч байгаагаас шалтгаална. Хэрэв чи хаашаа явахыг хүсч байгаагаа мэдэхгүй бол аль замаар явах нь тийм ч чухал биш шүү дээ” гэж хариулдаг.
Алисагаас бидний ялгаатай тал гэвэл бид хаашаа явахыг хүсч байгаагаа мэддэг бөгөөд бидний аль замаар явах нь үнэхээр чухал юм. Учир нь энэ амьдралдаа дагадаг зам маань биднийг ирэх амьдрал дахь зорьсон газарт маань хүргэх болно.
Бид дайсны зорилгуудын эсрэг хамгийн үр дүнтэй хамгаалалт болох агуу бөгөөд хүчирхэг итгэлийг буюу биднийг дэмжиж мөн зөвийг сонгох хүслийг хүчирхэгжүүлдэг тийм бодит итгэлийг өөрсдийнхөө дотор хөгжүүлэхээр сонгох болтугай. Ийм итгэлгүйгээр бид хаашаа ч явж чадахгүй. Ийм итгэлтэйгээр бид зорилгуудаа гүйцэлдүүлж чадна.
Бид ухаалаг сонголт хийх шаардлагатай ч бидэнд ухаалаг бус сонголт хийх үе байдаг. Аврагчийн хангаж өгсөн наманчлалын бэлэг нь эрэлхийлж буй селестиел алдар суу руу удирдах тэр зам дээрээ биднийг эргэн ирж болохын тулд амьдралаа засаж залруулах боломжийг олгодог.
Бид нийтэд дэлгэрсэн зүйлийг дагахгүй байх зоригтой байх болтугай. Бид амархан буруу зүйлийг хийхийн оронд хэцүү ч гэсэн зөв зүйлсийг хийхээр сонгох болтугай.
Бид өдөр бүрийн амьдралдаа гаргадаг шийдвэрүүдээ тунгаан бодох үедээ буюу энэ эсвэл тэр сонголтыг хийх талаар бодохдоо энэ нь хэрэв бид Христийг сонговол зөв сонголт байх болно.
Үүнчлэн байх болтугай хэмээн бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн нэрээр чин сэтгэлээсээ, даруухнаар залбирч байна, амен.