2010–2019
Сүмийн удирдагчидтайгаа хамт зогсох нь
Дөрөвдүгээр сар 2016


14:0

Сүмийн удирдагчидтайгаа хамт зогсох нь

Та харанхуй болж буй дэлхийд Христийн гэрлийг түгээхийн тулд Сүмийн удирдагчидтайгаа зогсож байна уу?

Бид шинээр дуудагдсан ерөнхий эрх мэдэлтнүүд, бүсийн далууд, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн гайхамшигтай зөвлөлийг халуун дотноор мэндчилж байна. Чөлөөлөгдсөн хүмүүст сэтгэлийнхээ гүнээс талархлаа илэрхийлж байна. Бид та нарын хүн нэг бүрд хайртай.

Хайрт ах эгч нар аа, бид энэ өдрүүдэд Бурханы дуудсан бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг болон бусад удирдагчид, Сүмийн ерөнхий албан тушаалтнуудыг гараа өргөн дэмжин батлах адислагдсан үйл явдалд дөнгөж сая оролцлоо. Би Их Эзэний үйлчлэгчдийг дэмжин батлахдаа болон тэднийг дагахдаа хэзээ ч хөнгөн хуумгай хандаж байгаагүй. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудагдаад хэдхэн сар болж байгаа миний хувьд та бүгдийн дэмжин батлах санал болон итгэл найдварыг авах нь намайг үнэхээр даруусгаж байна. Надтай болон эдгээр бусад удирдагчидтай хамт зогсох та нарын хүсэл эрмэлзлийг би нандигнан санах болно.

Өнгөрсөн 10-р сард дэмжин батлуулсныхаа дараахан би томилолтоор Пакистан уруу явсан бөгөөд тэр улсын гайхамшигтай, үнэнч гэгээнтнүүдтэй уулзсан юм. Тэд тоогоор цөөн боловч сүнсээр дүүрэн байсан. Гэртээ ирээд удалгүй би уулзсан гишүүдийн нэг болох Шакийл Аршад ахаас дараах захидлыг авсан юм: “Ахлагч Расбанд аа, Пакистанд ирсэнд баярлалаа. Сүмийн гишүүд … бид … таныг дэмжиж, таныг хайрладаг гэдгээ хэлэхийг хүсч байна. Бид таныг хүлээн авч сонсох боломжтой байсандаа үнэхээр азтай хүмүүс юм. Бид төлөөлөгчтэй уулзсан өдөр бол надад алтан өдөр байлаа” гэжээ.

Аршад ах шиг гэгээнтнүүдтэй уулзах нь миний сэтгэлийг хөдөлгөж мөн намайг даруусгасан юм. Түүний хэлснээр надад ч бас “алтан өдөр” байсан юм.

Нэгдүгээр сард сүмийн удирдагчид дэлхий даяарх өсвөр үеийнхэн, тэдний удирдагчид, эцэг эхтэй Нүүр нүүрээ харсан шууд нэвтрүүлэгт орсон юм. Шууд нэвтрүүлгийг интернэтээр шууд дамжуулан 146 орны олон газарт хүргэсэн бөгөөд зарим газарт цуглааны байранд олуулаа байсан бол, зарим нь гэрээсээ ганц ганцаараа холбогдсон байсан. Бүгд нийлээд олон зуун мянган хүн оролцсон юм.

Нүүр нүүрээ харсан ярилцлаган дээр ахлагч Расбанд, Оскарсон эгч, Өүэн ах нарын хамт

Уг уулзалтад би, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Оскарсон эгч, Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Стивен В.Оуэн болон уг үйл ажиллагаанд тусалсан өсвөр үеийн хөтлөгчид, хөгжимчид, болон бусад хүн оролцож, маш олон үзэгчтэй холбогдон өсвөр үеийнхний асуултад хариулсан юм.

2016 оны Мючелийн уриа

Бидний зорилго “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүл” хэмээх 2016 оны өсвөр үеийнхний уриаг танилцуулах явдал байлаа. “Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тулд, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” хэмээн бид 2 Нифай 31-р бүлгийн 20-р шүлгээс уншдаг.

Олон зуун өсвөр үеийнхний асуултуудыг уншаад, бид юу ойлгосон бэ? Өсвөр үеийнхэн маань Их Эзэнийг хайрладаг, удирдагчдаа дэмждэг мөн асуултууддаа хариулт авахыг хүсдэг. Асуулт асууна гэдэг нь илүү ихийг сурахыг хүсдэг, олж авсан үнэний гэрчлэлээ нэмэгдүүлэхийг хүсдэг, мөн “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэхэд” бэлтгэлтэй байгааг илтгэж байгаа хэрэг мөн.

Сайн мэдээний сэргээлт өсвөр насны Иосеф Смит асуулт асууснаар эхэлсэн. Аврагчийн тохинууллынхаа үед заасан зүйлсийн олон нь асуултаар эхэлж байсан. “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуухад Петр “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” хэмээн хариулсан. Бид Сүнсний удирдамжаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн хариултуудыг олоход нэг нэгэндээ туслах хэрэгтэй.

Энэ нэвтрүүлгээр би өсвөр үеийнхэнд хандан,

“Та нарт тулгарч байгаа асуудал, санаа зовоодог зүйл, саад бэрхшээлийг энэ Сүмийн удирдагчид ойлгодог.

“Бидэнд хүүхдүүд бий. Бидэнд ач зээ нар бий. Бид дэлхий даяарх өсвөр үеийнхэнтэй ойр ойр уулздаг. Бид хамгийн ариун газруудад та нарын төлөө залбирч, та нарын талаар ярилцдаг бөгөөд бид та нарт хайртай” гэж хэлсэн юм.

Би энэхүү үйл явдлаас хүлээн авсан маш олон хариултын заримыг нь хуваалцахыг хүсч байна.

Канад улсын Алберта мужийн Гранде Прэйригийн Лиса “Нүүр нүүрээ харсан ярилцлага гайхалтай байлаа. Сайн мэдээний гэрчлэлд минь болон үүнд бат зогсоход үнэхээр хүч өгсөн. Бид маш олон төрлийн дуудлагад үйлчлэхээр дуудагдсан сүнслэг удирдагчдаар адислагдсан” гэж бичжээ.

Юта мужийн Плэсэнт Грөүвийн Лиз өмнөх сэдэв дээр “Би хувийн итгэлдээ болон Бурханы бошиглогч, түүнчлэн түүнтэй хамт үйлчилдэг ах эгч нарыг дэмжин батлах боломжтой байгаадаа талархаж байна” гэж бичсэн байв.

Өнөөдөр бид тэнгэрийн илчлэлтээр бидэнд зааж, биднийг удирдахаар дуудагдсан удирдагчдыг дэмжин баталлаа. Тэд биднийг Хүндэтгэлийн өдрийг сахихдаа хайхрамжгүй байх, гэр бүлд заналхийлсэн аюул, шашны эрх чөлөөг боогдуулах, хожмын өдрийн илчлэлтийг үгүйсгэх зэрэг бидэнд өдөр тутам ирдэг аюулаас сэрэмжлүүлдэг юм. Ах эгч нар аа, бид тэдний зөвлөгөөг сонсож байгаа юу?

Чуулган, ариун ёслолын цуглаанд болон хүүхдийн хэсэгт бид “Намайг хөтлөөч, надад замаа олоход минь туслаач” хэмээх уяхан үгсийг олон дуулдаг. Эдгээр үгс танд юу гэсэн утгатай вэ? Үүний талаар бодоход хэн таны бодолд орж ирдэг вэ? Таны амьдралыг өнгөрсөн болон одоо үед адисалсан, Их Эзэний замаар тантай хамт алхдаг, Есүс Христийн шавь нар болох зөв шударга удирдагчдын нөлөөг та мэдэрч байсан уу? Тэд танай гэрт та нарын гарт ойрхон, цуглааны байранд чинь, эсвэл ерөнхий чуулганаар индэр дээрээс тантай ярьж байж болно. Эдгээр дагалдагчид “зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсч байх болно” хэмээн амласан энэ Сүмийн удирдагч, бидний бодгалийн удирдагч, Есүс Христийн гэрчлэлтэй байснаар ямар адислал ирдгийг заах болно.

Ерөнхийлөгч Томас С.Монсон гадасны ерөнхийлөгч Пол Чайлдын гэрт Мелкизедек санваарыг авахад бэлтгэхээр уригдаж байснаа бидэнтэй хуваалцсаныг би санаж байна. Нэгэн өдөр Бурханы бошиглогч болох Аароны санваартан хөвгүүнд үйлчилж байгаагаа мэдээгүй тэр гадасны ерөнхийлөгчид ямар онцгой адислал вэ?

Надад бидний хайрт бошиглогч ерөнхийлөгч Монсоноос суралцах мөч олон байсан. Миний оюун ухаанд эсвэл зүрх сэтгэлд түүнийг дэлхий дээрх Их Эзэний бошиглогч гэдэгт эргэлзэх зүйл огт байдаггүй. Түүнийг илчлэлт хүлээн аваад, үүнийгээ гүйцэтгэхэд нь би үүнийг нь даруухнаар хүлээн авдаг юм. Тэрээр биднийг нэг нэгэндээ гар сунгаж, бие биенээ хамгаалж мөн бусдыг аврахыг бидэнд заадаг. Үүнийг Мормоны усанд ч бас заасан юм. “Түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй” хүмүүс “нэг нэгнийхээ ачааг үүрэлцэж,” мөн “гашуудах тэдний хамт гашуудаж,” “Бурханы гэрчлэгч болж зогсоход” бэлэн байв.

Өнөөдөр би Мөнхийн Эцэг Бурхан, Түүний Хүү Есүс Христийн гэрчээр зогсож байна. Бидний Аврагч амьд бөгөөд Тэр бидэнд хайртай. Тэр Өөрийн үйлчлэгчид болох та биднийг Өөрийн агуу зорилгуудыг энэ дэлхий дээр авчрахаар удирдан чиглүүлдэг гэдгийг би мэднэ.

Урагш тэмүүлэхдээ бид удирдагчдынхаа заавар болон сэрэмжлүүлгийг дагахыг сонгосноор бид дэлхий эсрэг зүгт явж байгаа ч Их Эзэнийг дагахыг сонгодог. Бид төмөр бариулаас зууран барихыг, хожмын үеийн гэгээнтнүүд байхыг, Их Эзэний үйлчлэхийг, “үлэмж агуу баяраар”” дүүрэхийг бид сонгодог.

Өнөөдөр өсч байгаа асуулт нь тодорхой байна: Та харанхуй болж буй дэлхийд Христийн гэрлийг түгээхийн тулд Сүмийн удирдагчидтайгаа зогсож байна уу?

Удирдагчидтайгаа ойр байх нь маш чухал юм. Удирдагчид маань хэдэн настай, хэр хол эсвэл ойр байдаг эсвэл хэзээ бидний амьдралд нөлөөлснөөс үл шалтгаалан тэдний үр нөлөө нь Америк яруу найрагч Эдвин Маркамын хэлснээр:

Хэн ч өөрийн замаар ганцаар явдаггүй.

Хамт явагсад ах дүүс болж

Хажуу дахь хүмүүсдээ зориулсан бүхэн

Хариу буцаж бидэнд ирдэг юм.

Миний пакистан найз Шакийл Аршад намайг ах мөн найзаа хэмээн дэмжсэн. Та нарын олон нь ч бас ингэсэн. Бид гараа сунган, нэг нэгнийгээ өргөн туслахдаа “Хэн ч өөрийн замаар ганцаар явдаггүй” хэмээх хүчит үгсийг баталж байдаг билээ.

Бүхнээс илүүгээр, бидэнд Их Эзэн, Аврагч Есүс Христ хэрэгтэй. Намайг унших бүрд сүнслэгээр нөлөөлдөг судрын нэгэн түүх бол Галилын тэнгис завиар явж байсан дагалдагчидтайгаа нэгдэхээр Есүс Христ усан дээр алхсан явдал юм. Тэд бол индэр дээр суугаа шинэхэн дуудагдсан бидэнтэй адил удирдагчид байсан юм. Энэ түүх Матайн номонд байдаг.

“Харин завь хэдийн эргээс олон бээр холдсон байв. Салхи өөдөөс нь салхилж байсан тул давалгаанд түрэгдэн байлаа.

“Шөнийн дөрөвдүгээр манааны үед Тэр нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явав.

“Нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад шавь нар нь сандарч … айснаасаа болж хашхиралдав.

“Харин тэр даруй Есүс тэдэнд, Зоригтой бай. Би байна. Бүү ай гэжээ.”

Петр Их Эзэний урам хайрласан тэрхүү гайхалтай дуудлагыг сонссон.

“Петр Түүнд, Эзэн, хэрэв Та мөн юм бол, усан дээгүүр алхаж Өөр уруу тань ирэхийг надад тушаагаач” гэв.

“Есүс Ир гэлээ.”

Үнэхээр зоригтой хэрэг. Петр загасчин хүн байсан тул далайн аюулын талаар мэддэг байсан. Гэвч тэр Есүсийг өдөр шөнө, хуурай газар, хөлөг онгоц хаа ч явсан дагахаар шийдвэр төгс байлаа.

Петр хоёр дахь удаагаа урихыг нь хүлээлгүй завинаасаа үсэрч, усан дээгүүр алхалж эхэлснийг би төсөөлж байна. Сударт ч гэсэн үүнийг “тэр усан дээгүүр алхлан Есүс уруу явав” гэсэн байдаг. Салхины хүч нэмэгдэж, давалгаа хөлөн дор эргэлдэх үед Петр “айн, живж эхлэв. Тэгээд, Эзэн, намайг авраач гэж орилоход нь,

“Есүс тэр даруй гараа сунган, түүнийг зууран [авав].”

Үнэхээр хүчтэй сургамж байна. Их Эзэн түүний төлөө тэнд байсан, таны төлөө, миний төлөө ч байх болно. Тэрээр гараа сунган Петрийг Өөртөө татаж аюулгүй байдалд аваачсан.

Надад Аврагчийн тусламжийн мутар шаардлагатай болсон үе маш олон удаа гарсан. Тэр урьд хожид байгаагүйгээр надад ч танд ч хэрэгтэй. Завинаас үсрэх мэт шинэ орчин нөхцөлд өөртөө итгэлтэй орсон ч ганцаараа хийж чадахгүйгээ мэдрэх үеүд надад байсан.

Нүүр нүүрээ харан хийсэн нэвтрүүлгээр ярилцсаны адил Их Эзэн Петрийг аварсан шиг бидний гэр бүл, удирдагчдаар дамжуулан гараа сунгаж биднийг Өөртөө ирэхийг урьдаг.

Та нарт ч бас “Христэд ирэхийг” урин, ахин дахин ирэх урилгад хариулах олон мөч олон тохиох болно. Мөнх бус амьдрал амьдралын утга учир нь энэ биш гэж үү? Дуудлага нь гэр бүлийн гишүүнийг ирж аврах, ирж номлолд үйлчлэх, сүмдээ буцаж ирэх, ариун сүмд ирэх, саяхан “Нүүр нүүрээ харах” ярилцлагаар өсвөр үеийнхний хэлснээр, ирж миний асуултад хариулахад надад туслаач гэх зэрэг байж болно. Цаг нь болохоор бидний хүн нэг бүр “Гэртээ ир” гэх дуудлагыг сонсох болно.

Бидний удирдагчдаар болон гэр бүлийн гишүүдээр ихэнхдээ дамжуулан бидэнд сунгасан Түүний мутрыг гар сунган атгаж, Түүнд ир гэх Түүний дуудлагыг сонсохын төлөө би залбирч байна.

Би Есүс Христ амьдыг мэднэ. Би түүнийг хайрладаг. Тэр бидний нэг бүрийг хайрладаг гэдгийг би бүх зүрх сэтгэлээрээ мэднэ. Тэр бол бидний агуу үлгэр жишээ мөн Эцэгийн бүх хүүхдийн тэнгэрлэг удирдагч мөн. Үүнийг би чин сэтгэлээсээ Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.