Өршөөлийн эдгээх тос
Уучлал нь гайхамшигтай, эдгээх чадвартай зарчим юм. Бид хоёрдахь удаагаа золиос болох шаардлагагүй. Бид уучилж чадна.
Бурханаас ирдэг бүх зүйл хайр, гэрэл, үнэнийг агуулдаг. Гэсэн хэдий ч хүн төрөлхтөн бид унасан бөгөөд зарим үед харанхуй бүдүүлэг, төөрөгдлөөр дүүрэн дэлхийд амьдардаг билээ. Ийм нөхцөлд алдаа гаргах, шударга бус зүйлтэй учрах, нүгэл үйлдэх нь гарцаагүй. Үүний үр дүнд хэзээ нэгэн цагт хэн нэгний хайнга, хор хөнөөлтэй үйлдлийн, тэр ч байтугай нүгэлт байдлын золиос болоогүй бодгаль гэж байхгүй. Энэ нь бид бүхний нийтлэг тал юм.
Бурхан хүүхдүүдээ хайрлаж, нигүүлсдэг учраас бидэнд амьдралын эдгээр үйл явдлыг, заримдаа хүнд ширүүн үйл явдыг удирдан залахад туслах арга замыг бэлтгэж өгсөн нь талархаж байх ёстой зүйл юм. Тэрээр бусдын буруу үйлдлийн золиос болсон хүн бүрд гарах арга замыг өгсөн төдийгүй бидэнд бусдыг уучилж болдог гэдгийг зааж өгсөн! Бид нэг удаа золиос болсон байж болно, гэхдээ үзэн ядалт, уур хилэн, зовлон шаналал, гомдол бухимдал, бүр өшөө авалтыг сэтгэлдээ тээн, хоёр дахь удаа золиос болох шаардлагагүй. Бид уучилж мөн чөлөөлөгдөж чадна!
Олон жилийн өмнө нэгэн намайг удаа хашаа хороогоо засаж байх үед модны жижигхэн хэлтэрхий хуруунд минь зоогдсон юм. Би өргөсийг авах гэж оролдон, авсан гэж бодсон боловч үнэндээ авч чадаагүй байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өргөсний дээгүүр арьс урган, хуруун дээр булдруу үүсэв. Энэ нь их тээртэй, зарим үед өвддөг байв.
Хэдэн жилийн дараа би арга хэмжээ авахаар шийдэж, зүгээр л булдруу дээр нь тос түрхээд, шархны боолтоор боолоо. Би энэ эмчилгээг ойр ойрхон давтан хийв. Нэг өдөр шархныхаа боолтыг авахад өргөс хуруунаас гараад ирсэнд нь би ямар их гайхсаныг та нар төсөөлөхгүй байх.
Тос арьсыг зөөллөж, намайг олон жилийн турш өвтгөн зовоож байсан зүйлийг гаргах замыг нь бэлдэж өгсөн байв. Өргөсийг авсны дараа хуруу маань хурдан эдгэрч, ямар ч шархны ором үлдээгүй юм.
Үүнтэй адил, уучилдаггүй зүрх сэтгэл юунд ч хэрэггүй их зовлонг тээдэг. Биднийг Аврагчийн Цагаатгалын эдгээх тосыг түрхэх үед Тэрээр бидний зүрх сэтгэлийг зөөллөж, өөрчлөгдөхөд маань туслах болно. Тэрээр шархадсан бодгалийг эдгээж чадна (Иаков 2:8-ыг үзнэ үү).
Бидний ихэнх нь уучлахыг хүсдэг боловч хийхэд маш хэцүү гэж боддог гэдэгт би итгэл дүүрэн байна. Бидэнд шударга бус явдал тохиолдох үед тэр даруй “Тэр хүн буруу зүйл хийсэн. Тэр шийтгэлээ хүртэх ёстой. Шударга ёс хаана байна вэ?” гэж хэлж ч магадгүй. Хэрэв уучлах юм бол шударга ёсны хууль үйлчлэхгүй, шийтгэл оногдохгүй гэж бид бас буруу боддог.
Энэ бол буруу юм. Нигүүлсэл шударга ёсыг дээрэмдэж чадахгүй (Алма 42:25-ыг үзнэ үү) учраас Бурхан тохирох шийтгэлийг оноох болно. Бурхан та бидэнд хайраар “Шүүлтийг зөвхөн надад үлдээгтүн, учир нь энэ нь минийх бөгөөд би хариуг нь төлөх болно. Амар амгалан та нарт байг” (С ба Г 82:23) хэмээн амласан билээ. Бурхан “та нарыг зовлонд чинь тайтгаруулна, мөн тэрбээр та нарыг өмгөөлж, мөн та нарын устгалыг эрэлхийлэх тэдэнд шударга ёсыг доош илгээх болно” (Иаков 3:1) хэмээн Мормоны Номын бошиглогч Иаков амласан байдаг.
Бид золиос болох үедээ итгэлтэй байх юм бол Бурхан бидэнд учирсан бүхий л шударга бус зүйлийн хохирлыг барагдуулна гэдгийг мэдээд, агуу тайтгарлыг олж авч чадна. Ахлагч Жозэф Б.Вөртлин, “Их Эзэн итгэлтэй хүмүүст алдсан болгоныг нь нөхөж өгдөг. … Өнөөдрийн урсгасан гашуун нулимс бүрийг баяр талархлын нулимсаар хэдэн зуу дахин эргүүлэн төлнө” хэмээн хэлжээ.
Бид бусдыг уучлах гэж хичээж чармайх үедээ сүнслэг байдлаараа бүгд өөр өөр түвшинд өсөж хөгжиж байгаа гэдгээ санаарай. Бие махбод маань өөрчлөгдөж, өсөж буйг олж харахад амар хэдий ч сүнснийхээ өсөлт хөгжлийг олж харахад хэцүү.
Бусдыг уучлах нэг түлхүүр бол тэднийг Бурханы нүдээр харахыг хичээх явдал юм. Зарим үед Бурхан бидэнд хөшгийг нээж өгөн, гомдоосон хүнийхээ зүрх сэтгэл, бодьгал, сүнсийг харах боломж олгогч бэлгээр адисалдаг. Энэ ойлголт нь бидэнд цаад хүнээ агуу ихээр хайрлахад хүргэж болно.
Бурхан хүүхдүүдээ төгс хайрладаг гэдгийг судрууд бидэнд заадаг. Тэрээр тэдний өнгөрсөн амьдралаас үл шалтгаалан сайн сайхныг үйлдэх чадавхыг мэддэг. Бүхий л түүхийн туршид Тарсын Саулаас илүү Есүс Христийн дагалдагчдын хэрцгий, харгис дайсан гэж байгаагүй. Гэхдээ л Бурхан Саулд гэрэл, үнэнийг харуулсны дараа түүн шиг үнэнч, идэвхтэй, шийдэмгий Аврагчийн шавь байгаагүй билээ. Саул төлөөлөгч Паул болсон бөгөөд түүний амьдрал Бурхан хэрхэн хүмүүсийг зөвхөн одоо байгаа байдлаар нь биш, харин хэн болж чадах талаас нь хардаг гэдгийн гайхамшигтай жишээ болсон юм. Бид бүгдийн амьдралд Саултай адил боловч Паултай адил чадавхтай хүмүүс бий. Хэрэв бид бүгд бие биенээ Бурханы биднийг хардгийн адил харахыг хичээх юм бол гэр бүл, нийгэм, дэлхий бүхэлдээ хэрхэн өөрчлөгдөж болохыг төсөөлж байна уу?
Бид ихэнхдээ өөрсдийгөө гомдоосон хүнийг мөсөн уул харж байгаатай адил хардаг. Бид зөвхөн оройг нь хардаг ч усан доорх хэсгийг нь хардаггүй. Бид тэр хүний амьдралд юу болж байгааг мэддэггүй. Бид тэдний өнгөрсөн амьдрал, зовлон бэрхшээл, тээж явдаг зовлон шаналлыг мэддэггүй. Ах эгч нар аа, миний хэлж байгаа үгийг битгий буруугаар ойлгоорой. Уучлах гэдэг нь зөвтгөх гэсэн үг биш юм. Бид муу зан авирыг өөгшүүлж, тулгарч байгаа саад бэрхшээл, өвчин зовлон, сул дорой байдлаасаа болж бидэнтэй зохисгүй харьцахыг бусдад зөвшөөрөх ёсгүй. Гэхдээ бид илүү өргөн хүрээнд харж чадвал илүү агуу ойлголт, амар амгаланг олж авч чадна.
Сүнслэг байдлаараа хараахан боловсроогүй хүмүүс үнэхээр ноцтой алдаа гаргаж магадгүй ч бидний хэнийг ч зөвхөн хийж байсан хамгийн муу зүйлээр нь тодорхойлох ёсгүй. Бурхан бол төгс шүүгч бөгөөд усан доорх хэсгийг хардаг. Тэрээр бүхнийг мэддэг, бүхнийг хардаг (2 Нифай 2:24-ийг үзнэ үү). Тэрээр “Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” (С ба Г 64:10) хэмээн хэлсэн юм.
Христ Өөрөө шударга бусаар яллагдан, хэрцгийгээр зодуулан жанчуулж, загалмай дээр зовж шаналах яг тэр үедээ ч гэсэн “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” (Лук 23:34) хэмээн хэлсэн.
Заримдаа бид харалган байдлаасаа болж бидэнтэй адил үйлдэж, боддоггүй хүмүүст дургүйцэх нь амархан байдаг. Бид өрсөлдөгч талын спортын багийг дэмжих, улс төрийн өөр үзэл бодолтой байх, өөр шашин шүтдэг байх зэрэг өнгөцхөн зүйлүүд дээр үндэслэн, тэвчээргүй зан авир гаргадаг байж болно.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Өөр өөр шашны мөн өөр өөр улс төрийн үзэл бодолтой хүмүүсийг сонсох боломж нь тэвчээртэй байж, суралцах явдлыг дэмждэг” хэмээх ухаалаг зөвлөгөөг өгсөн.
Мормоны Номонд “сүмийн хүмүүс өөрсдийн нүдэн дэх бардамналдаа хөөрцөглөж, мөн … бие биенээ тохуурхах болов … тэдний хүсэл мөн тааллын дагуу сүсэглээгүй тэднийг хавчиж эхэлсэн” цаг үеийн талаар өгүүлдэг (Алма 4:8). Бурхан биднийг спортын багийн цамцны өнгөөр, мөн улс төрийн намын болон одоогийн шашны харьяаллаар маань хардаггүй гэдгийг санаарай. Харин Аммоны тунхагласнаар “[Бурхан] бүх хүмүүний үрсийг дээрээс доош хардаг; мөн тэр бүх зүрхний бодлууд хийгээд санааг мэд[нэ]” (Алма 18:32). Ах эгч нар аа, хэрэв бид амьдралын уралдаанд ялах юм бол ач ивээлтэй ялцгаая, харин ялагдах юм бол мөн адил ач ивээлтэй ялагдацгаая. Учир нь хэрэв бид нэг нэгэндээ ач ивээлээ үзүүлбэл эцсийн өдөр ач ивээл бидний шагнал байх болно.
Бид бүгд ямар нэгэн байдлаар бусдын алдааны золиос болдгийн адил өөрсдөө ч бусдыг гомдоодог. Бид бүгд алдаа гаргадаг ба бидэнд ач ивээл, нигүүлсэл, өршөөл хэрэгтэй. Бид бусдыг хэрхэн уучилна, түүн дээр тулгуурлан бидний өөрсдийн нүгэл, алдааг мөн уучилна гэдгийг санах ёстой. Аврагч:
“Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна.
Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй” (Матай 6:14–15) хэмээн хэлсэн.
Аврагч өөрийн маш богинохон бөгөөд Их Эзэний залбиралд хэлж болох байсан бүх зүйлээс “Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач” (Матай 6:12; 3 Нифай 13:11) гэсэн үгийг сонгосон нь тун сонирхолтой.
Өршөөл бол Бурхан Өөрийн Хүүг илгээх болсон шалтгаан учраас бүгдээрээ эдгээнэ гэсэн Түүний өргөлд баярлацгаая. Аврагчийн Цагаатгал нь зөвхөн наманчлах шаардлагатай хүмүүст төдийгүй бусдыг уучилж чадахгүй байгаа хүмүүст ч гэсэн зориулагдсан юм. Хэрэв та нарт хэн нэгнийг уучлахад хэцүү байгаа бол Бурханаас тусламж хүс. Уучлал нь гайхамшигтай, эдгээх чадвартай зарчим юм. Бид хоёр дахь удаагаа золиос болох шаардлагагүй. Бид уучилж чадна.
Би Бурханы хүүхдүүдээ гэсэн дундаршгүй хайр энэрэл, тэсвэр тэвчээрийг болон биднийг Өөртэйгөө адил бусдыг хайрлаасай гэсэн хүслийг нь гэрчилж байна (Иохан 15:9, 12-ыг үзнэ үү). Бид үүнийг хийснээр энэ дэлхийн харанхуйг гэтэлж, тэнгэр дэх Бурханы хаант улсын алдар суу, сүр жавхлан өөд явж, эрх чөлөөтэй болох болно. Есүс Христийн нэрээр, амен.