Бид одоо яах вэ?
Бид бусдыг асран халамжлах үедээ хаант улсыг байгуулдаг. Бид дуу хоолойгоо өргөж, үнэний талаар гэрчилснээр хаант улсыг байгуулдаг.
Есүсийг амилж, тэнгэрт дээшлэн одсоны дараахан Төлөөлөгч Петр “Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн, бас Христ болгосныг … баттай мэдэгтүн” гэж заасан юм. Сонссон хүмүүсийн зүрх нь хөндөгдөж, Петр болон бусад хүнээс “Ах дүү нар аа, бид одоо яах вэ?” гэж асууцгаадаг. Тэгээд тэд Петрийн сургамжийг баяртайгаар дагадаг юм.
Маргааш Христийн амилсны баярын ням гараг. Бид ч бас Аврагчийг хүлээн зөвшөөрч, наманчлан, баяртайгаар дагаж, зүрх сэтгэл маань хөндөгдөнө гэдэгт би найдаж байна.
Энэ ерөнхий чуулганаар бид Сүмийн эрэгтэй, эмэгтэй удирдагчдаас сүнслэгээр өдөөгдсөн удирдамжийг сонсох болно. Тэдний үгс зүрх сэтгэлд минь гүн сэтгэгдэл төрүүлнэ гэдгийг мэдэж байгаа болохоор би энэ үдэш та нараас “Эгч дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асуумаар байна.
150 гаруй жилийн өмнө Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Элиза Р.Снөү эгч нарт хандан “Их Эзэн бидэнд чухал үүрэг хариуцлагыг оноолоо” гэж тунхагласан. Түүний тунхаглал өнөөдөр ч гэсэн үнэн хэвээрээ байгааг би гэрчилж байна.
Их Эзэний Сүмд асран халамжлах, сайн мэдээний үнэнийг хамгаалах, дуу хоолойгоо өргөх онцгой бэлгээ ашигладаг сүнслэгээр өдөөгдсөн эмэгтэйчүүд хэрэгтэй. Бидний урам зориг, зөн совин Бурханы хаант улсыг байгуулахад зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь үнэндээ Бурханы хүүхдүүдэд авралыг авчрахын тулд үүргээ биелүүлнэ гэсэн үг юм.
Асран халамжилснаар хаант улсыг байгуулах нь
Бид бусдыг асран халамжлах үедээ хаант улсыг байгуулдаг. Гэхдээ сайн мэдээнд өсгөн хүмүүжүүлэх ёстой хамгийн эхний Бурханы хүүхэд бол бид өөрсдөө юм. Эмма Смит “Би өөрийн өргөмжлөлд саад болох ямар ч уламжлал болон зан чанараа ялан дийлэх боломжтой байхын тулд өөрийгөө мэдэж мөн ойлгохоор Бурханы Сүнсийг гуйдаг” гэж хэлжээ. Бид өргөмжлөлийн зүг, ариун сүмийн гэрээнүүдээрээ хүчирхэгжин Аврагчийн сайн мэдээнд бат бөх суурийг тавьж, урагшлах ёстой.
Хэрвээ бидний зарим заншил уламжлал Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд таарахгүй байвал яах вэ? Тэдгээрийг ардаа орхиход өөр хэн нэгний сэтгэлийн дэмжлэг, халамж хэрэгтэй байж болно. Надад ч бас тийм хэрэгцээ байсан.
Намайг төрөхөд эцэг эх минь гэрийн ард талын цэцэрлэгт замбага цэцгийн модыг тарьсан бөгөөд өвөг дээдсийнхээ Протестант сүмд хийх хуримын ёслол дээр замбага цэцэг дүүрэн байгаасай хэмээн төлөвлөж байлаа. Гэтэл хуримын өдөр миний хажууд эцэг эх минь ч, замбага цэцэг ч байгаагүй. Сүмд ороод нэг жил болсон хөрвөгчийн хувьд би ариун сүмийн хишгээ хүртэж, сүйт залуу Дэвидтэйгээ лацдан холбогдохоор Юта мужийн Солт Лэйк хот руу аялсан юм.
Би Луйзана мужаас гараад, Юта руу дөхөх үед өөрийн гэх гэр оронгүй мэт мэдрэмжинд эзэмдүүлж билээ. Хуримынхаа өмнө би үеэл эгч Кэрол гэж хайраар дурсдаг Дэвидийн хойд эмээгийн гэрт үлдэх байсан юм.
Ютаг мэдэхгүй би танил бус нэгэн гэр бүлтэй мөнхөд лацдан холбогдохынхоо өмнөхөн үл таних нэгний гэрт хонох гэж байв. (Би ирээдүйн ханийгаа болон Их Эзэнийг хайрлаж, тэдэнд итгэдэг байсан нь ямар сайн хэрэг байсан гээч!)
Үеэл эгч Кэролын үүдэнд очоод зогсож байхад надад нуугдмаар санагдаж байлаа. Хаалга нээгдэх үед би аймхай туулай шиг зогсож байсан ба үеэл эгч Кэрол үг ч хэлэлгүйгээр гараа дэлгэн намайг тэврэв. Өөрийн гэх хүүхэдгүй тэр эгч надад өөрийн гэх хүн хэрэгтэй байсныг хайр халамжаар дүүрэн зүрх сэтгэлдээ мэдэрсэн байлаа. Тэр мөч ямар их тайвшрал, тааламжтай мэдрэмжийг авчирсан гээч! Миний айдас замхарч, сүнслэг байдлын хувьд аюулгүй газар бөхлөгдсөн мэт сэтгэгдэл төрсөн юм.
Хайр гэдэг нь яг л үеэл эгч Кэрол шиг өөрсдийн амьдралд хэн нэгэнд зориулан зай гаргахыг хэлдэг.
Эхчүүд төрөөгүй хүүхдээ халамжлахын тулд өөрсдийн биед бодит зай гаргах хэрэгтэй болдог. Ман тэднийг өсгөхдөө зүрх сэтгэлдээ зай гаргадаг болох нь тодорхой. Гэхдээ халамжлах гэдэг нь хүүхэд төрүүлэхээр хязгаарлагддаггүй. Ева хүүхдүүд төрүүлэхээсээ өмнө “эх” гэж дуудагдсан. “Эх болох” гэдэг нь “амьдрал өгөх” гэсэн утгатай гэдэгт би итгэдэг. Амьдрал өгч чадах олон арга замын талаар бод доо. Энэ нь найдваргүй болсон хүнд өөдрөг сайхан амьдрал бэлэглэхийг эсвэл эргэлзэгч нэгэнд сүнслэг амьдрал өгөхийг хэлж болно. Бид Ариун Сүнсний тусламжтай ад үзэгдсэн, гадуурхагдсан, үл таних хүмүүст сэтгэлзүйн хувьд эдгэрэх боломжийг олгож чадна. Бид эдгээр эмзэг хэдий ч хүчирхэг арга замаар Бурханы хаант улсыг байгуулдаг. Эгч нар аа, бид бүгдээрээ Бурханы төлөвлөгөөний ачаар эдгээр амьдрал өгөх, халамжлах, эх хүний бэлэгтэй дэлхийд ирдэг юм шүү.
Түүний төлөвлөгөөг дагаж, хаант улсыг барих барилгачин болоход амин хувиа үл хичээсэн золиослол шаардагддаг. Ахлагч Оорсон Ф.Витни “Бидний туулдаг, хүлцэн тэвчдэг бүх зүйл, ялангуяа тэсвэр тэвчээрээр давах үед тэдгээр нь … бидний зүрх сэтгэлийг ариусгаж, … биднийг илүү өрөвч, энэрэнгүй болгодог. …Бид хүч хөдөлмөр, зовлон бэрхшээлээр … дамжуулан Тэнгэр дэх Эцэг, Эхтэйгээ илүү адилхан болдог гэсэн мэдлэгийг олж авдаг” гэж бичжээ. Эдгээр цэвэршүүлэгч бэрхшээл нь биднийг эдгээж, авралын ажилд ашигтай болгож чаддаг тэрхүү Христэд авчирдаг.
Дуу хоолойгоо өргөж, гэрчилснээр хаант улсыг байгуулах нь
Бид дуу хоолойгоо өргөж, үнэний талаар гэрчилснээр хаант улсыг байгуулдаг. Бид Их Эзэний загварыг дагадаг. Тэр Бурханы хүч, эрх мэдлээр зааж мөн ярьдаг. Эгч нар аа, бид ч бас тэгж чадна. Эмэгтэйчүүд ерөнхийдөө ярьж, цугларах дуртай байдаг. Бидэнд томилогдон өгөгдсөн санваарын эрх мэдлээр үйлдэх үед, ярьж, цугларах нь сайн мэдээг заах, удирдахад хүргэнэ.
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жюли Б.Бэк эгч “Хувийн илчлэлт хүлээн авахаар зохистой байж, улмаар илчлэлт хүлээн авч, хэрэгжүүлэх чадвар бол энэ амьдралд олж авах нэн чухал чадвар юм. [Үүнд] зориудын хүч чармайлт шаардлагатай байдаг” гэж заажээ.
Ариун Сүнснээс ирэх хувийн илчлэлт нь биднийг мөнхийн үнэнийг буюу Аврагчийн үнэнийг сурч, ярьж, үүний дагуу үйлдэхэд үргэлж өдөөх болно. Бид Христийг хэдий чинээ дагана, төдий чинээ Түүний хайр, удирдамжийг мэдэрч, ийнхүү мэдэрснээр эсэргүүцэлтэй тулгарсан үедээ ч Түүний адил үнэнийг заахыг илүү ихээр хүсэх болно.
Хэдэн жилийн өмнө би утсандаа үл таних хүнээс дуудлага хүлээн авахдаа эх хүн байхыг хамгаалах үгсийг хүсэн залбирсан юм.
Утсаар ярьж байсан хүн “Чи томоохон гэр бүлийн ээж Нийл Марриотт мөн үү?” гэж асуусан юм.
Би баяртайгаар “Тийм!” гэж хариулахдаа утасны цаад талд байгаа хүнийг “Сайн байна” гэх мэтийн үгс хэлэх болов уу гэж бодож байлаа.
Гэтэл эсрэгээр болов. Тэр утасны цаанаас “Хүнээ багтааж дийлэхээ больсон дэлхийд хүүхдүүд төрүүлж байгаад чинь би маш их дургүйцэж байна” гэж тасалдсан дуу хоолойгоор хэлснийг нь би хэзээ ч мартахгүй.
“Өө, танд ямар санагдаж байгааг ойлголоо” гэж би түгдчин хэлсэн юм.
Тэр “Үгүй ээ, чи ойлгохгүй байна!” гэж ширүүнээр хариулсан.
Тэгэхэд нь би “За, би ойлгохгүй ч байж магадгүй” гэж уйлагнах шахам хэлж билээ.
Тэр миний эх болохоор шийдсэн мунхаг сонголтын талаар үглэн гомдоллож эхлэв. Түүнийг тийн ярих зуур би тусламж эрэлхийлэн залбирч эхэлсэн бөгөөд “Их Эзэн түүнд юу гэж хэлэх байсан бол?” гэсэн нэгэн эерэг бодол оюун ухаанд минь орж ирсэн. Би тэгэхэд бат бөх суурин дээр зогсож байгаагаа мэдэрсэн бөгөөд Есүс Христийн талаар бодоод зориг оров.
“Би эх хүн байгаадаа маш их баяртай байдаг. Би хүүхдүүдээ дэлхийг илүү сайн сайхан газар болгох хүмүүс болгон өсгөхийн тулд чадахаараа асран халамжлах болно гэж чамд амлаж байна” гэж хариулсан юм.
Тэр “Тэгнэ гэж найдъя” гэж хэлээд утсаа таслав.
Энэ нь тийм ч сүртэй зүйл байгаагүй—эцсийн эцэст би гал зуухны өрөөндөө аюулгүй зогсож байсан шүү дээ! Би хоёр зүйлийн ачаар гэр бүл, эх хүмүүс, асран халамжлагчдыг өчүүхэн арга замаар ч гэсэн өмгөөлөн ярьж чадсан юм: (1) Би гэр бүлийн талаарх Бурханы сургаалыг ойлгодог, үүнд итгэдэг байсан мөн (2) энэ үнэний талаар гэрчлэх үгсийг олж хэлэхийн төлөө залбирсан.
Дэлхийнхнээс өөр байх нь шүүмжлэлийг авчрах боловч бид дэлхийнхэн хэрхэн хандахаас үл хамааран өөрсдийгөө мөнхийн зарчмуудад бат бөхлөн, тэдгээрийн талаар гэрчлэх ёстой.
Бид өөрсдөөсөө “Бид одоо яах вэ?” гэж асуухдаа “Аврагч юуг үргэлжлүүлэн хийдэг вэ?” гэдгийг асууцгаая. Тэр асран халамжилдаг бас бүтээдэг. Тэр сайн сайхан, өсөлт хөгжлийг урамшуулан дэмждэг. Эмэгтэйчүүд ээ, эгч нар аа, бид эдгээр зүйлийг хийж чадна! Хүүхдийн хэсгийн охид оо, та нарын хайр, найрсаг зан хэрэгтэй хэн нэгэн гэр бүлд чинь байгаа юу? Та нар ч бас бусдыг асран халамжилснаар хаант улсыг байгуулж чадна.
Аврагчийн Эцэгийнхээ удирдлаган доор энэ дэлхийг бүтээсэн нь асран халамжлах агуу үйлдэл байсан. Тэр бидэнд өсч хөгжих, Түүний цагаатгах хүчинд итгэх итгэлээ хөгжүүлэх нэгэн газрыг бэлдэж өгсөн. Бидний Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэл нь эдгэрэл, найдвар, өсөлт хөгжил, зорилгын эцсийн зогсоол юм. Бүх хүнд сүнсний болон бие махбодын хувьд холбоо хамааралтай байх мэдрэмж хэрэгтэй байдаг. Бүх насны эгч дүү нар бид энэ орон зайг бусдад гарган өгч болно; энэ нь ариун нандин орон зай билээ.
Бидний хамгийн чухал үүрэг хариуцлага бол Аврагчийг дагадаг, сүнслэг өдөөлтийн дагуу халамжилдаг мөн зоригтойгоор үнэний дагуу амьдардаг эмэгтэйчүүд болох явдал юм. Бид Тэнгэр дэх Эцэгээс биднийг Өөрийн хаант улсыг барих барилгачин болгохыг хүсэх үед Түүний хүч чадал цутган ирж мөн тэгснээр бид хэрхэн асран халамжлахаа мэдэж, эцэстээ тэнгэрлэг эцэг эхтэйгээ адил болох болно. Есүс Христийн нэрээр, амен.