Хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдсэн байх нь
Биднийг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнээс суралцаж мөн хайрлах хувь хүний үүрэг хариуцлагаа биелүүлэхээр хичээх үед зохих адислалууд ирнэ.
Сүүлийн үеийн Ерөнхий чуулгануудад зарлагдсан олон өөрчлөлтөөс харахад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хөтөлбөр, үйл ажиллагаа аль болох гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн байдлаар явагддаг болж байгаа билээ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд зөвлөн, “Өөр олон зүйл болох болно. … Витаминуудаа ууж, хангалттай амарч ав. Сүмийн ирээдүй гайхалтай сайхан байх болно” гэж хэлсэн.
Би Их Эзэний Сүмд гарч буй эдгээр өөрчлөлтийн хэд хэдэн гол үр дагаварыг биднийг хамтдаа авч үзэхэд Ариун Сүнсийг туслахыг урин, үүний төлөө залбирч байна.
Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн нөхцөл байдалд сайн мэдээнээс суралцах нь
Ахлагч Крэйг К.Кристэнсэн саяхан болж өнгөрсөн санваарын удирдлагын чуулганд надтай хамт оролцож, гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн зарчмыг онцлохдоо хоёр энгийн асуултыг ашигласан юм. Тэрээр биднийг ням гарагт Сүмийн цуглаануудын дараа гэртээ хариад, “Та нар Аврагч, Түүний сайн мэдээний талаар юуг өнөөдөр Сүмд ойлгож мэдсэн бэ?” гэж асуухынхаа оронд Сүмийн цуглаанууд дээрээ “Та нар Аврагч, Түүний сайн мэдээний талаар юуг энэ долоо хоногт гэртээ ойлгож мэдсэн бэ?” гэж асуухыг зөвлөсөн. Хүндэтгэлийн өдрийг зохих ёсоор сахих явдал, хичээлийн шинэ хөтөлбөр, цуглааны өөрчлөгдсөн хуваарь зэрэг нь бүгдээрээ бидэнд сайн мэдээг гэр орон, сүмийн аль алинд нь суралцахад тусалдаг.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бүр Их Эзэний сургаалаас суралцаж, тэдгээрийн дагуу амьдрах мөн зохих эрх мэдлээр авралын болон өргөмжлөлийн ёслолыг хүлээн авах хувь хүний үүрэг хариуцлагатай. Үнэнч шавь нар болж, зоригтой тэвчдэг байхын тулд бидний мэдвэл зохих болон хийх шаардлагатай бүх зүйлийг байгууллагын хувьд зааж эсвэл хэлж өгнө хэмээн бид Сүмд найдах ёсгүй. Харин сурах ёстой зүйлдээ суралцан, амьдрах ёстойгоороо амьдарч, Багшийнхаа хүссэн тийм хүмүүс болох нь бидний хувийн үүрэг хариуцлага юм. Бидний гэр орон бол суралцаж, дагаж амьдарч, өөрсдийгөө хөгжүүлэх анхдагч орчин билээ.
Хүүхэд байхдаа Иосеф Смит гэр бүлийнхнээсээ Бурханы талаар мэдэж авсан. Өөрийнхөө талаарх Бурханы хүслийг олж мэдэх хичээл зүтгэл нь Иосефыг Христийн олон өөр шашнаас үнэнийг эрж хайн, судруудыг хичээнгүйлэн тунгаан бодож, Бурханд чин сэтгэлээсээ залбирахад хүргэжээ. Залуу Иосеф Смит Бурханыг Хүүтэйгээ хамт үзэгдсэний дараа Ариун ойн цоорхойгоос тэр даруй гэртээ эргэж ирээд, хамгийн түрүүнд ээжтэйгээ ярилцсан байдаг. Түүнийг “пийшин налан зогсож байтал ээж [нь түүнээс] юу болсныг асуув. ‘Зүгээр ээ, бүх юм сайн—би дажгүй ээ’ хэмээн [Иосеф] хариулав. Тэгээд [тэр] ээждээ, ‘би өөрөө мэдэж авлаа’ хэмээн хариулав.” Иосефын туршлага бидний хүн нэг бүрийн даган дуурайх ёстой, суралцах хүчирхэг загварыг өгдөг. Бид ч бас өөрсдөө бүх зүйлийг мэдэж авах хэрэгтэй.
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний ерөнхий зорилго бол Өөрийнх нь хүүхдүүд Өөртэй нь илүү адил болох явдал юм. Иймээс, Тэрээр бидэнд өсөж хөгжин, ахиж дэвших боломжийг олгодог. Үнэнийг мэдэж авч, түүний дагуу амьдрах бидний амлалт нь “үймээн самуунд байх,” илүү их төөрөлдөж, ёс бус болсон дэлхий дээр улам чухал болсоор байгаа юм. Бид зүгээр л Сүмийн цуглаанд оролцож, хөтөлбөрүүдэд хамрагдсанаар биднийг “тэр цөвүүн өдөрт, эсэргүүцэх” чадвартай болгох сүнслэг сэнхрэл болоод хамгаалалтыг бүгдийг нь хүлээн авна гэж найдаж болохгүй.
“Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх нандин үүрэгтэй юм.” Сүнслэгээр урамшуулагдсан Сүмийн удирдагч, багш нар, үйл ажиллагаанууд нь сүнслэгээр өсөж хөгжих хувийн болоод гэр бүлийн хичээл зүтгэлд тусалдаг. Хэдийгээр бид бүгдэд гэрээний зам дээрээ урагш зүтгэхэд маань тусламж хэрэгтэй ч сүнслэг хүч чадал, тэсвэр хатуужлыг хөгжүүлэх үндсэн үүрэг хариуцлага бидний хүн нэг бүрд оногдсон.
Бошиглогч Лихайн хүү Нифай аавынхаа амьдралын модны үзэгдлээс ойлгож ухаарсан зүйлсийг Ариун Сүнсний хүчээр өөрөө харж, сонсож, мэдэж авахыг хэрхэн хүссэнийг санацгаая. Нифайд өсвөр насанд нь “буянт сайн эцэг эх[ийнх нь]” үлгэр жишээ болон заавар хэрэгтэй байсан нь тодорхой бөгөөд тэр тэдгээрээр адислагдсан билээ. Гэсэн ч Иосеф Смитийн адил тэрээр өөрөө суралцаж, мэдэж авахыг хүссэн.
Хэрвээ Есүс Христийн тухай болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаар таны эсвэл миний мэддэг бүх зүйл бусад хүний бидэнд заасан юм уу хэлсэн зүйл байдаг бол Түүний, Түүний хожмын үеийн сүр жавхлант ажлын талаарх бидний гэрчлэлийн суурь элсэн дээр баригдсан гэсэн үг юм. Бид бусад хүний, тэр тусмаа хайрладаг, итгэж найддаг хүмүүсийнхээ сайн мэдээний гэрэл, мэдлэг дээр л тулгуурлаж эсвэл түүнээс нь зээлээд байж болохгүй.
Бошиглогч Иосеф Смит заахдаа “биднийг энэ дэлхийд ирэхэд Бурханы төлөвлөгөө ямар үүрэг гүйцэтгэсэн, бидний ирэлтийн зорилго юу болохыг” хожмын үеийн гэгээнтэн бүр өөрөө өөрсдөө ойлгох хэрэгтэй гэсэн.
“Хүмүүн Бурхантай болон тэнгэр элчүүдтэй ирээдүйд хэрхэн харилцах талаар Адамын үеэс хойш бичигдсэн бүхнийг бид уншиж, ойлгож чадлаа гэхэд маш бага зүйлийг мэдэх болно. Бусдын туршлагыг эсвэл тэдэнд өгөгдсөн илчлэлтийг унших нь бидний нөхцөл болон Бурхантай жинхэнэ ёсоор харилцах тухай бүрэн ойлголтыг бидэнд өгч чадахгүй. Эдгээр зүйлийн тухай мэдлэгийг зөвхөн дээр зорилгын төлөө бий болгосон Бурханы ёслолуудаар дамжуулан олж авч чадна.”
Хувь хүн, гэр бүлүүдийг энэхүү агуу сүнслэг зорилгыг биелүүлэх боломжтой болгох нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн энэ тодорхой цаг үед Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хөтөлбөр, үйл ажиллагаанууд гэр оронд илүү их төвлөрсөн, Сүмээс дэмжсэн байдлаар явагддаг болж байгаагийн нэг үндсэн шалтгаан юм.
Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн суралцах хөтөлбөрийн үр дүн
Сайн мэдээнээс суралцах явдал нь гэр оронд илүү их төвлөрсөн, Сүмээс дэмжсэн байхын цөөн энгийн үр дүнг би товч дурдъя.
Номлогчийг бэлтгэх анхдагч төв нь бидний гэр орон бөгөөд хоёрдогч төвүүд нь Прово, Манила, Мехикод болон бусад газарт байрладаг. Бидэнд хамгийн сургамжтай Ням гаргийн ангиуд нь гэр орондоо хувиараа болон гэр бүлээрээ суралцах явдал байдаг бөгөөд тус нэмэр болох хоёрдогч Ням гаргийн ангиуд нь цуглааны байруудад маань болдог.
Одоо гэр оронд маань гэр бүлийн түүхийн төв байдаг болсон. Гэр бүлийн түүхийн судалгааны ажилд маань зориулсан нэмэлт дэмжлэг манай цуглааны байруудад бий.
Ариун сүмийн бэлтгэлийн үндсэн чухал ангиуд гэр оронд маань болдог. Ариун сүмийн бэлтгэлийн чухал боловч хоёрдогч ангиуд цуглааны байруудад маань үе үе явагдаж болно.
Бид гэр орноо ариун өргөө болгон, “ариун газрууд дээр зогсо[ж]” чадах газар болгох нь хожмын энэ өдрүүдэд зайлшгүй чухал. Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн сайн мэдээнээс суралцах хөтөлбөр нь өнөөдөр бидний сүнслэг хүч чадалд болон хамгаалалтад чухал байгаагийн адил ирээдүйд бүр илүү чухал болох болно.
Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн суралцах хөтөлбөр ба ариун сүмийн бэлтгэл
“Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн” зарчим нь Их Эзэний өргөөнд ариун нандин ёслол, гэрээнүүдийг хүлээн авах хувь хүний бэлтгэл, зохистой байдалд хэрхэн хамаарах талаар бодож үзээрэй.
Чухамдаа, ариун сүмийн бэлтгэл гэр оронд маань хамгийн үр дүнтэй хийгддэг. Гэвч Сүмийн олон гишүүн ариун сүмийн гадна байхдаа ариун сүм доторх туршлагынхаа талаар юуг яривал зохих, зохихгүйг сайн мэддэггүй.
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон энэ тодорхой бус байдлын шалтгааныг ийн тайлбарласан.
“Ариун сүм бол ариун газар бөгөөд ариун сүмд явагддаг ёслолууд нь ариун нандин шинж чанартай. Үүний ариун нандин байдлаас шалтгаалан бид заримдаа үр хүүхэд, ач зээ нартаа ариун сүмийн талаар ямар нэг зүйлийг хэлэхдээ наазгай ханддаг.
Үүнээс болж олон хүн ариун сүмд орох чин хүслээ нэмэгдүүлдэггүй эсвэл ариун сүмд орсон ч тэднийг байгуулах гэж буй гэрээ, хүлээх үүрэг хариуцлагад нь бэлтгэх мэдлэг мэдээлэл багатай ордог.
Зохих ойлголт эсвэл мэдээлэл нь өсвөр үеийнхнийг маань ариун сүмд ороход хэмжээлшгүй ихээр тусалж, … [мөн] Абрахамын нэгэн адил санваарын өөрсдийн адислалуудаа эрэлхийлэх хүслийг тэдний дотор бадраах болно гэдэгт би итгэдэг.”
Ерөнхийлөгч Бэнсоны онцолсон тэрхүү зохих ойлголтыг олж авахад бидэнд хоёр үндсэн удирдамж тусалж чадна.
Удирдамж #1. Бид Их Эзэнд хайртай учраас Түүний ариун өргөөний талаар үргэлж бишрэл хүндэтгэлтэй ярих хэрэгтэй. Бид ариун сүмийн ёслолуудаар хүлээн авсан гэрээнүүдтэй холбогдох тодорхой бэлгэдлүүдийг бусдад хэлэх эсвэл дүрслэх ёсгүй. Мөн илчлэхгүй хэмээн ариун сүмд онцгойлон амласан ариун нандин мэдээллийн талаар ярилцаж болохгүй.
Удирдамж #2. Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Ариун сүмд байгаа бүх зүйл биднийг Аврагч, Есүс Христ рүү маань чиглүүлдэг. Бид ариун сүмийн ёслол, гэрээнүүдийн үндсэн зорилгууд, холбогдох сургаал, зарчмуудын талаар ярилцаж болно.
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр (1907–1995): “Ариун сүмд мэдэрдэг сүнслэг мэдрэмжүүдээ хүүхдүүдтэйгээ хуваалцдаг байцгаая. Их Эзэний өргөөний зорилгын тухай хэлж болох зүйлсээ хүүхдүүддээ илүү чин сэтгэлээсээ мөн чөлөөтэй заая” хэмээн зөвлөсөн.
Бошиглогч Иосеф Смитээс ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хүртэлх бүх үеийн Сүмийн удирдагчид ариун сүмийн ёслол, гэрээнүүдийн сургаалын зорилгын талаар маш их заасаар ирсэн. Тосолгооны ёслолууд болон хишиг хүртэх, гэрлэх, бусад лацдан холбох ёслолын талаар суралцахад маань туслах хэвлэмэл, аудио, видео болон бусад хэлбэрийн эх сурвалжуудын баялаг сан хөмрөг бий. Дуулгавартай байдлын болон золиосын хууль мөн сайн мэдээний болон ариун явдлын хууль, түүнчлэн бүхнээ зориулах хуулийг сахихын тулд гэрээнүүдийг хүлээн авч, сахиснаар Аврагчийг дагах тухай мэдээлэл бас байдаг. Сүмийн бүх гишүүн temples.ChurchofJesusChrist.org вэбсайтад байгаа гайхалтай сайн материалуудыг мэддэг болох хэрэгтэй.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ариун сүмийн ёслолуудын ариун нандин мөн чанар, ариун сүмийн талаар Сүмээс гаргаж буй зөв, зохистой, нийтэд хүртээлтэй үнэт мэдээллийн хоорондох чухал тэнцвэртэй байдлыг онцолсон байдаг. “Гишүүдэд … Судруудын удирдамжаас ариун сүмтэй холбоотой ‘тослох, тос түрхэх,’ ‘гэрээ,’ ‘золиослол,’ ‘ариун сүм’ зэрэг тайлбар хэсгүүдийг уншихыг би зөвлөж байна. Бас та нар Гэтлэл 26–29-р бүлэг, Леви 8-р бүлгийг уншихыг хүсэж болох юм. Хуучин Гэрээ, Агуу Үнэт Сувд дахь Мосе болон Абрахам номуудад ариун сүмийн ажил болон ёслолууд эрт дээр үеэс эхлэлтэй, урт удаан хугацаанд оршиж байгааг тэмдэглэсэн байдаг” хэмээн тэрээр зөвлөсөн.
Тэгэхээр танай хүү эсвэл охин “Ариун сүмд сонин хувцас өмсдөг гэж сургуулийн маань хэн нэгэн надад хэлсэн. Үнэн юм уу?” гэж асуулаа гэж төсөөлье. “Sacred Temple Clothing” гэдэг богино хэмжээний дүрс бичлэг temples.churchofjesuschrist.org вэбсайтад байгаа. Энэ гайхалтай эх сурвалжид эрт дээр үеэс эмэгтэй, эрэгтэй хүмүүс ариун нандин хөгжим, залбирлын өөр өөр хэлбэрүүд, шашны бэлгэдэл бүхий хувцас, үйл хөдлөл, зан үйлийг Бурханд үнэнч гэдгээ дотоод сэтгэлээсээ илэрхийлэхдээ ашигладаг байсан гэж тайлбарладаг. Тиймээс, энэ дүрс бичлэг гэх мэт гайхалтай эх сурвалжуудаар болон үндсэн зааварчилгаагаар дамжуулан ариун сүмийн агуу адислалуудад гэр орондоо төвлөрч бэлтгэхийг Сүмээс дэмждэг юм. Хэрэгтэй их мэдээлэл танд нээлттэй байгаа.
Бид Их Эзэний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхахыг хичээх үедээ ариун сүмийн ариун нандин ёслол, гэрээнүүдийн талаар юуг ярилцах нь зохистой, зохисгүй талаар зайлшгүй тэнцвэрт байдлыг ойлгож, үүнийг гэр орондоо бий болгохоор адислагдах болно.
Амлалт ба гэрчлэл
Та нарын зарим нь сайн мэдээнээс суралцах явдал гэр оронд төвлөрч, Сүмээс дэмжсэн байж чадах эсэхэд эргэлздэг байж магадгүй. Та гэрээсээ ганцаараа Сүмийн гишүүн юм уу хань ижил тань дэмждэггүй эсвэл ганц бие эцэг эсвэл эх байж болно. Эсвэл та ганц бие юм уу гэр бүлээсээ салсан хожмын үеийн гэгээнтний хувьд ганцаараа амьдардаг байж болно. Тиймээс, танд эдгээр зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар асуух зүйлс байгаа байх. Бие биен рүүгээ хараад, “Бид үүнийг хийж чадах уу?” гэж асууж байгаа эхнэр, нөхрийн аль нэг нь та байж болох юм.
Тийм ээ, та үүнийг хийж чадна! Үүнийг хийх боломж олгох адислалууд таны амьдралд ирэх төдийгүй, илт тодорхой байх болно гэдгийг би амлаж байна. Хаалга нээгдэж, гэрэл тусах болно. Таны чадавх хичээнгүй, тэвчээртэй, шаргуу байхаар өсөн нэмэгдэх болно.
Биднийг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнээс суралцаж мөн хайрлах хувь хүний үүрэг хариуцлагаа биелүүлэхээр хичээх үед зохих адислалууд ирнэ гэдгийг би гэрчилж байна. Бид “хэрэгтэй юм болгоныг олж авахад” үнэхээр бэлтгэгдэж чадна. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр амлаж мөн гэрчилж байна, амен.