Ерөнхий чуулган
Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй

Та зөрчилдөөн, эвлэрэл хоёрын аль нэгийг сонгох эрхтэй. Би та нарыг одоо бас үргэлж амар тайвныг тогтоогч байхыг сонгоорой хэмээн уриалж байна.

Хайрт ах эгч нар аа, та нартай хамт байгаадаа би баяртай байна. Өнгөрсөн зургаан сарын турш би та нарыг үргэлж оюундаа санаж, залбиралдаа оруулдаг байсан. Та нарт хандан ярьж байхад Ариун Сүнс Их Эзэний та нарыг сонсоосой гэж хүссэн зүйлийг дамжуулах болтугай хэмээн би залбирч байна.

Олон жилийн өмнө мэс заслын дадлага хийж байхдаа би өндөр халдвар бүхий, үхжилт явагдсан хөл тайрах хагалгаа хийж байсан мэс заслын эмчид туслах болсон юм. Мэс засал хүнд байлаа. Асуудал багадсан юм шиг нэг баг маань ажлаа муу хийснээс болж эмч уураа барьж чадсангүй. Тэр уурласандаа бөөн нянтай мэс заслын хутгаа шидсэн бөгөөд тэр нь миний шуун дээр буув!

Галзууртлаа уурласан эмчээс бусад нь мэс заслын дүрмийг аймшиггүй зөрчсөн энэ үйлдлээс айж цочирдсон байлаа. Аз болж би халдвар авсангүй. Гэсэн ч энэ үйл явдал надад мартагдашгүй үл мөр үлдээсэн юм. Би яг тэр мөчид мэс заслын өрөөнд маань юу ч болж байсан, сэтгэл хөдлөлөө барих чадвараа хэзээ ч алдахгүй гэж өөрөө өөртөө амлаж билээ. Мэс заслын хутга байна уу, үг байна уу—юуг ч хэзээ ч уурандаа шидэхгүй гэж би бас амласан.

Одоо, олон арван жилийн дараа өнөөгийн бидний харилцан яриа, дэндүү олон хүний хувийн харилцаанд халдварладаг хорт зөрчилдөөн миний гаран дээр унасан бохир мэс заслын хутганаас илүү хор нөлөөтэй болов уу гэж би бодох боллоо. Хэт туйлшрах, санал зөрөлдөөнөө уур омгоор илэрхийлэх болсон энэ цаг үед боловсон, эелдэг харилцаа үгүй болсон мэт.

Бүдүүлэг үг хэлж ярих, буруутныг хайх, бусдыг муулж ярих нь хэвийн үзэгдэл болж. Дэндүү олон шинжээч, улс төрч, соёл урлагийнхан болон бусад инфлүэнсэр гутааж доромжилсон үгсийг байнга шидэлж байна. Өөртэй нь санал нийлэхгүй хэнийг ч буруутгаж, хараан зүхэж, гүтгэн доромжлох нь хэвийн зүйл мэт хүлээн зөвшөөрөгдөх болсонд миний сэтгэл ихээхэн эмзэглэх боллоо. Ихэнх нь зүрх шимшрүүлэм, мэс мэт хурц үгсээр өөр нэгний нэр хүндийг унагахыг хүснэ.

Уур хилэн хэзээ ч ятгаж чаддаггүй. Дайсагнал хэнийг ч сайхан харагдуулдаггүй. Зөрчилдөөн хэзээ ч сүнслэгээр өдөөгдсөн шийдэлд хүргэдэггүй. Харамсалтай нь, заримдаа бидний хүрээлэлд ч зөрчилдөөн гарахыг бид хардаг. Хань ижил, үр хүүхдээ дорд үздэг, бусдыг загнан зандарч удирддаг, “дуугаа хурааж,” гэр бүлийнхнээ шийтгэдэг хүмүүсийн талаар бид сонсдог. Бусдыг дээрэлхдэг хүүхэд, өсвөр үеийнхэн мөн хамт ажиллагсдынхаа нэр төрд халддаг ажилтнуудын талаарх мэдээ бидний сонорт хүрдэг.

Хайрт ах эгч нар аа, ийм байж болохгүй. Есүс Христийн шавийн хувьд бид бусадтай, ялангуяа үзэл санаа нийлэхгүй үед тэдэнтэй хэрхэн харьцахыг үлгэрлэн харуулах ёстой. Есүс Христийн жинхэнэ дагалдагчийг хамгийн амархан тодорхойлж болох нэг арга зам бол тухайн хүн бусдыг хэрхэн өрөвдөн хайрлаж байгааг олж харах явдал юм.

Аврагч үүнийг дэлхийн бөмбөрцгийн хоёр талд байх дагалдагчдадаа айлдсан сургаалдаа “Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ!”1 “Хэрвээ хэн нэгэн баруун хацар дээр чинь цохивол, зүүн хацраа тавьж өг”2 хэмээсэн. Мэдээж, дараа нь Тэрээр хүн нэг бүрийг “Дайснуудаа хайрла, чамайг зүхэх тэднийг адисал, чамайг үзэн ядах тэдэнд сайныг үйлд, мөн чамайг хүнлэг бусаар ашиглах мөн чамайг хавчин гадуурхах тэдний төлөө залбир”3 хэмээн зөвлөн уриалсан.

Нас барахынхаа өмнө Аврагч арван хоёр төлөөлөгчдөө “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун”4 хэмээн зарлиглаад, “Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно”5 хэмээжээ.

Аврагчийн захиас тодорхой. Нөхцөл байдал хэр хүнд байхаас үл хамааран Түүний жинхэнэ шавь бусдыг хөгжүүлж, өргөж, урамшуулан дэмжиж, ятгаж, сүнслэгээр өдөөдөг. Есүс Христийн жинхэнэ шавь бол амар тайвныг тогтоогч юм.6

Өнөөдөр Далдуу модны ням гараг. Бид дэлхийн түүхэнд бичигдэж байсан хамгийн чухал бөгөөд гайхамшигтай үйл явдал болох Есүс Христийн Цагаатгал болон Амилалтыг тэмдэглэхээр бэлдэж байна. Аврагчид хүндлэл үзүүлэх хамгийн шилдэг арга замын нэг бол амар тайвныг тогтоогчид болох явдал юм.7

Аврагчийн Цагаатгал бидэнд зөрчилдөөнийг оролцуулаад, бүх хилэнцийг ялан дийлэх боломжийг олгосон. Зөрчилдөөн бол хилэнц гэдгийг бүү март! Есүс Христ “зөрчилдөөний сүнстэй” хүмүүс нь Түүнээс бус, харин “зөрчилдөөний эцэг болох чөтгөрөөс болой, мөн тэрбээр хүмүүний зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг”8 хэмээн тунхагласан. Өөрсдөө үүнийгээ ухаарч ойлгоогүй байж болох ч зөрчилдөөнийг өдөөдөг хүмүүс чөтгөрийн дүрмээр тоглож байгаа хэрэг. “Нэг ч хүн хоёр эзэнд зэрэг үйлчилж чадахгүй.”9 Бид үг хэлээрээ дайрч доромжлон, чөтгөрийг дэмжихийн сацуу Бурханд үйлчилж болно гэж бодож болохгүй.

Хайрт ах эгч нар аа, бидний бие биедээ хэрхэн хандаж байгаа байдал нэн чухал! Гэртээ, сүмдээ, ажил дээрээ, онлайнаар гээд бусадтай ярьж байгаа болон бусдын талаар хэрхэн ярьж байгаа байдал маань үнэхээр чухал. Бид бусадтай илүү дээд, ариун нандин арга замаар харилцдаг байгаасай гэж би та нараас өнөөдөр хүсэж байна. Одоо чих тавин сонсоорой. Ил ч, далд ч, хэн нэгний талаар хэлэх “ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол”10 бид үүнийг харилцааныхаа жишиг болгох ёстой.

Хэрэв танай тойргийн хос салбал, эсвэл залуу номлогч номлолоосоо эрт буувал эсвэл өсвөр насны хүүхэд гэрчлэлдээ эргэлзвэл тэдэнд таны шүүмжлэл хэрэггүй. Тэд таны үг, үйлдлээс Есүс Христийн цэвэр хайрыг мэдрэх хэрэгтэй.

Хэрэв найз тань таны итгэл үнэмшилтэй нийцэхгүй нийгэм, улс төрийн үзэл бодлоо олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илэрхийлбэл таны ууртай, ширүүн үгс үүнд ямар ч нэмэргүй. Ойлголцох гүүрийг тавихад таны зүгээс асар их хүчин чармайлт шаардлагатай ч найзад тань энэ л хэрэгтэй.

Зөрчилдөөн үүсэх тоолондоо Сүнсийг үргээдэг. Зөрчилдөөн нь энэ бол асуудлыг шийдвэрлэх арга зам гэсэн худал хуурмаг мэдрэмжийг төрүүлдэг хэдий ч хэзээ ч тийм байгаагүй. Зөрчилдөөн бол сонголт. Амар тайвныг тогтоох ч гэсэн сонголт. Та зөрчилдөөн, эвлэрэл хоёрын аль нэгийг сонгох эрхтэй. Би та нарыг одоо бас үргэлж амар тайвныг тогтоогч байхыг сонгоорой хэмээн уриалж байна.11

Ах эгч нар аа, шууд утгаараа бид нэг хүн, нэг харилцаанаас эхлэн дэлхийг өөрчилж чадна. Хэрхэн өөрчлөх вэ гэж үү? Бид үзэл бодлын зөрчлөө харилцан бие биеэ хүндлэх, нэр төртэй шударга шийдвэрлэхийг үлгэрлэн үзүүлэх замаар өөрчилнө.

Үзэл бодлын зөрчил бол амьдралын салшгүй хэсэг юм. Би асуудлыг заримдаа өөр өөр өнцгөөс хардаг Их Эзэний үнэнч үйлчлэгчидтэй хамт өдөр бүр ажилладаг. Ярилцсан бүх зүйл, ялангуяа эмзэг асуудлын талаарх тэдний бодол санаа, бодит мэдрэмжийг сонсохыг хүсэж байгааг маань тэд мэднэ.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ба ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Миний журамт сайн зөвлөхүүд болох ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг хоёр, нэн ялангуяа санал нийлэхгүй үед бодол санаагаа хэрхэн илэрхийлэхийг өөрсдийн биеэр үлгэрлэн харуулдаг. Тэд үүнийг бие биеэ гэсэн цэвэр хайраар илэрхийлдэг. Аль аль нь өөрсдийгөө бүхнийг мэддэг учраас байр сууриндаа хатуу зогсох ёстой гэдэггүй. Аль аль нь өрсөлдөх хэрэгтэй гэсэн сэтгэгдэл төрүүлдэггүй. Хоёулаа “Христийн цэвэр хайр”12 болох энэрлээр дүүрэн тул бидний хэлэлцүүлэг Их Эзэний Сүнсээр удирдагдах боломжтой. Би энэ хоёр агуу хүнийг ямар их хайрлаж, хүндэтгэдэг гээч!

Энэрэл бол зөрчилдөөний ерөндөг. Энэрэл нь бидэнд амиа боддог, өөрийгөө хамгаалдаг, бардам, атаархуу эгэл хүнээ орхиход тусалдаг сүнслэг бэлэг юм. Энэрэл нь Есүс Христийн жинхэнэ дагалдагчийн гол зан чанар.13 Энэрэл амар тайвныг тогтоогчийг тодорхойлдог.

Бурханы өмнө өөрийгөө даруусгаж, зүрхнийхээ бүхий л эрч хүчээр залбирвал Тэрээр бидэнд энэрлийг өгнө.14

Бурханлаг бэлгээр адислагдсан хүмүүс удаан тэсвэрлэдэг, сайхан сэтгэлтэй байдаг. Тэд бусдад атаархдаггүй, өөрсдийгөө бусдаас чухал гэж үздэггүй. Тэд амар өдөөн хатгагддаггүй, бусдыг муугаар боддоггүй.15

Ах эгч нар аа, өнөөдөр биднийг зовоож буй зөрчилдөөнийг Есүс Христийн цэвэр хайраар шийдвэрлэж болно. Энэрэл нь нэг нэгнийхээ ачааг хүндрүүлэхийн оронд “нэг нэгнийхээ ачааг үүрэлцэхэд бэлэн бай[х]”16 хүсэлтэй болгодог. Христийн цэвэр хайр нь “бүх цаг мөчид, бүх зүйлд, бүх газарт, (нэн ялангуяа хурцадмал нөхцөл байдалд) Бурханы гэрч болон зогс[ох]”17 боломжийг бидэнд олгодог. Энэрэл нь, ялангуяа хурц шүүмжлэлд өртөхөд Христийн хүмүүс хэрхэн ярьж, үйлддэгийг харуулах боломжийг бидэнд олгодог.

Би “ямар ч үнээр хамаагүй амар тайвныг тогтоох”18 тухай ярьсангүй. Харин ариун ёслолоос хүртэхдээ, байгуулсан гэрээнүүдтэй нь нийцсэн арга замаар бусдад хандах тухай ярьж байна. Та Аврагчийг үргэлж санана гэж гэрээ байгуулдаг. Би та нарыг зөрчилдөөнөөр дүүрсэн, хурцадмал нөхцөл байдалд Есүс Христийг санахад уриалж байна. Түүний хэрхэн хэлэх, үйлдэх байсныг дагах зүрх зориг, мэргэн ухаантай байхын төлөө залбир. Энх амгалангийн Ханхүүг дагаснаар бид амар тайвныг тогтоогчид болно.

Яг одоо энэ захиас хэн нэгэнд үнэхээр тус болно гэж та бодож байж болох юм. Танд илүү сайхан ханддаг болоход нь тэдэнд туслах ч юм бил үү гэж та найдаж байж магад. Би тэгж найдаж байна! Гэхдээ би та нарыг ч мөн өөрсдийн зүрх сэтгэл рүү өнгийн, амар тайвныг тогтоогчид болоход тань саад болж буй бардамнал, атаархлын хэлтэрхий байгаа эсэхийг харна19 гэж найдаж байна.

Хэрэв та Израилыг цуглуулахад туслахыг мөн мөнхөд үргэлжлэх харилцаа холбоог хөгжүүлэхийг чухалчилдаг бол өшөө хорслоо ардаа орхих цаг тань одоо иржээ. Зөвхөн өөрийнхөө арга замаар зүтгүүлэхээ яг одоо боль. Хүмүүс таныг гонсойлгох вий гэсэндээ эмээж, өлмий дээрээ явах шахам болгоомжлоход хүргэдэг зүйл хийхээ яг одоо боль. Дайн тулааны зэвсгээ булах цаг яг одоо ирээд байна.20 Таны үгийн сан доромжилсон, буруутгасан үгсээр дүүрсэн бол тэдгээрийг яг одоо устга.21 Тэгвэл та сүнслэг байдлын хувьд Христийн хүчирхэг эрэгтэй, эмэгтэй хүн болон гарч ирнэ.

Ариун сүм бидний энэ аян замд тусална. Тэнд бид бүхий л зөрчилдөөнийг өдөөгч Сатаныг ялан дийлэх чадварыг өгдөг Бурханы хүчийг хүлээн авдаг.22 Чөтгөрийг харилцаанаасаа хөөн зайлуул! Бид бас үл ойлголцлыг арилгаж, гомдохоос татгалзах бүрдээ дайсныг дарж байдгийг санаарай. Оронд нь бид Есүс Христийн жинхэнэ шавийн зан чанар болох эрхэм нигүүлслийг үзүүлж чадна. Амар тайвныг тогтоогчид нь дайсныг зогсоодог саад юм.

Бүгдээрээ толгод дээрх жинхэнэ буюу “нууцлагдах аргагүй”23 гэрэл болцгооё. Ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэх хүндэтгэлтэй арга зам, зөрчилдөөнийг арилгах амар тайван, гэгээлэг арга зам бий гэдгийг харуулцгаая. Таныг Есүс Христийн жинхэнэ дагагчдаас харагддаг энэрлийг үзүүлэхэд Их Эзэн таны хичээл зүтгэлийг төсөөллөөс тань хол давсан их хэмжээгээр өсгөн нэмэгдүүлэх болно.

Сайн мэдээний сүлжээ бол дэлхий дээрх хамгийн том сүлжээ юм. Бурхан “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм”24 гээд бүх хүнийг Өөр дээрээ ирэхэд урьсан. Хүн бүрд багтах орон зай бий Гэхдээ тэнд ямар ч гадуурхал, буруушаалт, зөрчилдөөнд орох орон зай үгүй.

Хайрт ах эгч нар аа, бусдыг өргөн дэмжихэд амьдралаа зориулсан хүмүүсийг сайн сайхан зүйлс хүлээж байгаа. Өнөөдөр би та нарыг шавийн хувьд ямар түвшинд байгаагаа өөрийнхөө бусдад хэрхэн ханддагаар дүгнэхэд урьж байна. Би та бүхнийг Есүс Христийн жинхэнэ дагалдагчийн эрхэмлэдэг, хүндэтгэлтэй, Түүнийг төлөөлж чадахуйц байдлаар биеэ авч явахын тулд шаардагдах аливаа өөрчлөлтийг гаргаасай хэмээн адисалж байна.

Дайтвал гуйж, дайсагнавал ойлгож, зөрчилдвөл амар тайвнаар шийдвэрлэх болтугай хэмээн би адисалж байна.

Бурхан амьд! Есүс бол Христ. Тэр бол энэ Сүмийн тэргүүн. Бид Түүний үйлчлэгчид. Тэр бидэнд амар тайвныг тогтоогчид байхад тусална. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.