2011
Улаан Өндөгний баярын долоо хоног
2011 оны дөрөвдүгээр сар


Улаан Өндөгний баярын долоо хоног

Та нар Улаан Өндөгний баярт бэлтгэхдээ Исүс Христийн Цовдлолт ба Амилалтын өмнөх долоо хоногийн тухай судалж болно. Улаан Өндөгний баяр эхлэхээс найм хоногийн өмнөөс эхлэн өдөр бүрд зориулан жагсаасан үйл явдлууд болон судрын шүлгүүдийг унш.

Бямба гараг

Улаан Өндөгний Баяр хэмээн нэрлэдэг байсан чухал баяр болоход ердөө зургаахан хоног үлдээд байлаа. Олон хүн тэр өдөр сүмд өргөл өргөхөөр Иерусалимд ирж байлаа. Есүс Иерусалимын ойролцоох Бетани тосгонд явган явж ирэв. Тэр Өөрийн найз Лазар, Мариа, Марта нартай тэнд тав хонов. Мариа Түүний хөлийг тослов.

(Иохан 12:1–3-ыг үз.)

Ням гараг

Есүс Бетанигаас Иерусалимд явган явж ирэв. Тэрээр Хуучин Гэрээнд өгүүлсэнчлэн, илжиг унан хотод орж иржээ. Ард түмэн Түүнийг хаанаа гэж үзэн, “Хозанна,” “Хозанна” хэмээн уухайлж, Аврагчийг тоос булахаас хамгаалан илжигнийх нь өмнө далдуу модны навч дэвсэж байлаа. Есүс сүм дээр очоод тэндээсээ Бетанид буцаж ирэв.

Зехариа 9:9; Maтай 21:1–11; Maрк 11:1–11-ийг үз.

Даваа гараг

Сүм дотор хүмүүс наймаа хийж байхыг Есүс харжээ. Тэрээр сүмийг “залбирлын өргөө” байлгахыг хүсдэг учир тэднийг тэндээс хөөж гаргажээ. Дараа нь Тэр хазгар доголон, хараагүй хүмүүсийг эдгээв. Атаархуу тахилчид Түүнд уурлан хилэгнэж байв.

Maтай 21:12–17; Maрк 11:15–19-ийг үз.

Мягмар гараг

Есүс ариун сүмд бас Чидуний Уул хэмээх толгой дээр хүмүүст зааж байлаа.

Тахилчид Есүсийг алахаар хуйвалдав. Дагалдагчдынх нь нэг Искариотын Иудас Есүсийг гучин мөнгөн зоосоор тахилчдад барьж өгөхөөр зөвшөөрчээ.

Maтай 25:31–46; 26:14–16-г үз.

Лхагва гараг

Есүс энэ өдөр юу хийсэн тухай судруудад байдаггүй. Тэр дагалдагчидтайгаа энэ өдрийг өнгөрүүлсэн байж магадгүй. Та арван онгон охины тухай сургаалт зүйрлэл, Түүний Хоёр дахь Ирэлтэнд бэлтгэхэд нь тэдэнд туслахын тулд дагалдагчдадаа Есүс хэрхэн заасан тухай түүхийг уншиж болно.

Матай 25:1–13-ыг үз.

Пүрэв гараг

Есүсийн дагалдагчид Дээгүүр Өнгөрөх Баярын зоогийг бэлдсэн байлаа. Есүс зоогийн үеэр дагалдагчдадаа тэдний нэг нь Өөрөөс нь урвах болно гэдгийг хэлжээ. Тэгээд Өөрийгөө санахад тэдэнд туслахын тулд Тэрээр ариун ёслолыг анх удаа тэдэнд өгөв. Есүс бидний нүглийн төлөө зовж, Бурханд хандан залбирахаар Гетсеманий Цэцэрлэг уруу явав. Хүмүүс илд зэвсэгтэй ирж, Түүнийг баривчлав. Дагалдагчид нь айж зугтав.

Maтай 26:17–29, 36–56-г үз.

Баасан гараг

Есүсийг тэргүүн тахилч Каиаф дээр аваачив. Есүсийн дагалдагч Петр Түүнийг таньдгаа үгүйсгэв. Захирагч Пилат, Херод нар Есүсийг байцаав. Түүнийг загалмай дээр үхэх ёстой гэж ял тулгав. Есүс цовдлогдов. Иосеф гэдэг баян хүн өөрийн булшийг Есүст өгчээ. Есүсийн ээж Мариа, Магдалын Мариа хоёр булшин дээр хүрч ирэв.

Maтай 26:57–72; 27:1–2, 27–37; Лук 23:44–46, 50–56-г үз.

Бямба гараг

Есүсийн цогцсыг булшинд тавив. Хаалгыг нь том чулуугаар таглав. Булш уруу хэн ч орж чадахгүйн тулд гадаа нь харуул тавихыг хорон санаат тахилчид Пилатаас хүсчээ.

Maтай 27:57–66-г үз.

Улаан Өндөгний баярын ням гараг

Христ амилжээ! Тэр булшнаас амилан боссон юм. Тэнгэр элч тэнгэрээс бууж ирэн чулууг өнхрүүлэн зайлуулсан байв.

Есүс дагалдагчдадаа бусад хүмүүст зааж, тэдэнд баптисм хүртээ гэж захиад, тэдэнтэй үргэлж хамт байх болно гэж амлажээ.

(Матай 28-ыг үз.)

Маттью Рейерийн гэрэл зураг; дээд талд, зүүнээс: Есүс Бетани уруу үдэш гарсан нь, Жеймс Тиссот; Христ Иерусалимд ялгууснаар ирсэн нь, Харри Андерсон © IRI; Хараагүй хүнийг эдгээсэн нь, Харри Андерсон, Pacific Press Publishing, Inc-ийн зөвшөөрлөөр нийтлэв, хуулбарлаж болохгүй; Тэнгэрээс ирсэн дуу хоолой, Жеймс Тиссот; Тэдний тав нь мэргэн ухаантай байлаа, Уолтер Рейн, Сүмийн түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв; Христ Гетсеманид, Харри Андерсон © IRI; Цовдлолт, Харри Aндерсон © IRI; Христийн оршуулга, Карл Хейнрих Блок, Данийн Хиллерөдийн Фредериксборг дахь Үндэсний түүхийн музейн зөвшөөрлийг ашиглав, хуулбарлаж болохгүй; доод талд: Тэр Амилсан, Дел Парсон