2011
Гетсеманий ариусгагч хүч
2011 оны дөрөвдүгээр сар


Сайн мэдээний сонгомол бүтээл

Гетсеманий ариусгагч хүч

Брус Р.МкКонки 1915 оны 6-р сарын 29-нд АНУ-ын Мичиганд төржээ. Тэрээр 1946 оны 10-р сарын 6-нд Далын Нэгдүгээр Зөвлөлд дэмжүүлэн батлагдаж, 1972 оны 10-р сарын 12-нд Төлөөлөгчөөр томилогдсон байна. Тэр 1985 оны 4-р сарын 19-нд Ютагийн Солт Лейк хотод нас баржээ. Энэ үгийг 1985 оны 4-р сарын 6-нд ерөнхий чуулган дээр хэлсэн ажээ.

Зураг
Elder Bruce R. McConkie

Миний тунхаглах хамгийн чухал сургаал бол, бас миний хэлж чадах хамгийн хүчирхэг гэрчлэл бол Их Эзэн Есүс Христийн цагаатгагч золиослол мөн гэж би боддог, бас Сүнс ч үүнтэй санал нийлдэг.

Түүний Цагаатгал бол Бүтээлтээс эхлэн хэзээ ч үл төгсөх үүрд мөнхийн бүх эрин үеийн туршид хэзээ ч тохиож байгаагүй, хэзээ ч үл тохиох хүмүүний ойлголтоос хэтэрсэн, хамгийн гарамгай үйл явдал мөн.

Энэ бол зөвхөн Бурхан л үйлдэж чадах нинжин сэтгэл хийгээд ач ивээлийн дээд оргил болсон үйлдэл юм. Эцэгийн мөнхийн авралын төлөвлөгөөний бүх нөхцөл Цагаатгалаар дамжин үйлчилдэг билээ.

Цагаатгалаар дамжин үхэшгүй байдал ба мөнх амьдрал хүмүүнд ирэх болно. Цагаатгалаар дамжин бүх хүн үхэл, там, чөтгөр, төгсгөлгүй тарчлалаас аврагдах болно.

Мөн Цагаатгалаар дамжин Бурханы алдар суут сайн мэдээнд итгэж, үүнийг дуулгавартай дагадаг бүх хүн, үнэнч итгэлтэй бөгөөд дэлхийг ялдаг бүх хүн, Христ болон Түүний үгийн төлөө мөн Түүний хүмүүс болсны улмаас шүүмжлүүлж, доромжлуулан, зовдог бүх хүн өөрсдийгөө Бүтээгчтэй адил болж, хаан сэнтийд нь Түүнтэй хамт сууж, үүрд мөнхийн алдар сууд Түүнтэй хамт хаанчлах болно.

Би эдгээр гайхамшигт зүйлсийн тухай ярихдаа өөрийнхөө үгийг хэрэглэлээ. Харин эдгээр үгс судрынх, бусад төлөөлөгчид, бошиглогчдын хэлсэн үгс шүү дээ гэж та нар бодож байгаа байх.

Тийм ээ, эдгээр үгсийг анх бусад хүмүүс тунхагласан нь үнэн ч харин одоо минийх юм, учир нь Бурханы Ариун Сүнс эдгээр үгс үнэн гэдгийг надад гэрчилсэн юм. Мөн Их Эзэн эдгээр үгсийг надад анх удаа илчилсэн нь бас үнэн юм. Үүгээр би Түүний дуу хоолойг сонсож, Түүний үгийг мэддэг.

Гетсеманий Цэцэрлэгт

Хоёр мянган жилийн тэртээ Иерусалимын хэрэмний гадна Гетсемани гэдэг нэртэй нэгэн сайхан цэцэрлэг байсан ажээ. Есүс болон Түүний дотны найз нар бясалган бодож, залбирахын тулд тэр цэцэрлэгт ирж заншсан байв.

Тэнд Есүс хаант улсын сургаалуудыг дагалдагчдадаа заадаг байв. Бид бүхний Эцэг болох Түүнтэй тэд бүгд ойр дотно харилцаатай байж, үйлчлэлд нь оролцон, өгсөн үүргийг нь биелүүлж, Түүнд үйлчилдэг байжээ.

Адам, Ева хоёрын амьдарч байсан Еден шиг, Иехова Өөрийн хуулиудыг оргил дээрээс нь өгсөн Синай лугаа адил, Бурханы Хүү амиа олон түмний төлөө золиос болгон өгсөн Калваритай адилхан энэхүү ариун газарт Үүрдийн Эцэгийн нүгэлгүй Хүү, хэрэв тэд наманчилбал, бүх хүмүүний нүглийг Өөр дээрээ үүрсэн юм.

Христ Гетсеманий Цэцэрлэгт юу хийсний бүрэн утга учрыг бид мэдэхгүй, ярьж чадахгүй, мөнх бус хүмүүний ухаан ойлгож чадахгүй юм.

Түүний сүв бүрээс үлэмж их цус шүүрэн, Эцэг нь Түүнд оноосон гашуун аяганы шаарыг шавхан уусан билээ.

Тэр бие, сүнс аль алинаар, үхлийг үзэхгүйгээр ямар ч хүн тэсэн гарах боломжгүй тийм байдлаар зовон шаналсныг бид мэднэ.

Түүний зовлон шударга ёсны шаардлагыг хангаж, бидний ойлгох аргагүй арга замаар наманчлагч хүмүүсийг өвдөлт болон нүглийн шийтгэлээс аварч, Түүний ариун нэрэнд итгэдэг хүмүүст нигүүлслийг боломжтой болгосныг бид мэднэ.

Өвдөлт, сэтгэл санааны тарчлалын хэмжээлшгүй ачаа дарамт Түүнийг дагжин чичирч, тэрхүү гашуун аяганаас уухгүй байж болохгүй юм болов уу гэж бодохдоо Тэр элгээрээ газарт унасныг бид мэднэ.

Алдар суугийн хаант улсаас тэнгэр элч Түүнийг зовлонд нь хүчирхэгжүүлэхээр ирснийг бид мэднэ. Мөн энэ нь мөнх бус хүмүүн байхын тулд хамгийн түрүүнд унасан хүчирхэг Михаил байсан болов уу гэж бид боддог.

Энэхүү хэмжээлшгүй тарчлал, энэхүү юутай ч зүйрлэшгүй зовлон ойролцоогоор гурав, дөрвөн цаг үргэлжилснийг бодоод үз л дээ.

Түүнийг баривчилж, шүүж, ташуурдсан нь

Үүний дараа Түүний бие сульдан хүч тамир нь шавхагдаж, Иудас болон бусад бие махбодтой чөтгөрүүдтэй тулгарснаас зарим нь тэргүүн тахилчид байлаа. Тэгээд ноцтой гэмт хэрэгтнүүд болох Аароны суудалд суусан иудейчүүд, Цезарийн хүчийг атгаж байсан ромчууд Түүнийг шүүхийн тулд зард гарсан гэмт хэрэгтэн лүгээ адил хүзүүгээр нь оосорлон хөтөлж ирсэн юм.

Тэд Түүнийг Анна, Каиаф, Пилат, Херод уруу, эцэст нь дахиад Пилат уруу аваачив. Түүнд ял тулгаж, хараан зүхэж, нулимж байлаа. Тэдний заваан шүлс Түүний нүүрэн дээгүүр хор лугаа адил урсаж, өвдөлтөд буларсан биеийг нь улам сульдуулж байлаа.

Тэд уурлан хилэгнэж Түүний нуруу уруу дахин дахин цохьж байв. Үүргэнэн титмийн өргөс дух уруу нь хатгаснаас нүүрнээс цус гоожиж байлаа.

Бүр түүгээр ч барахгүй шовх үзүүртэй яс, иртэй төмөр үзүүрт нь уясан, олон цацагтай суран ташуураар Түүнийг дахин дахин, нийтдээ 39 удаа ташуурджээ.

Олон хүн зөвхөн ташуурдалтаар нас бардаг байж, харин Тэрээр Калварийн загалмай дээр хүндэтгэлгүйгээр үхэх учиртай байснаас ташуурдалтын тарчлалыг давж гарсан юм.

Тэрээр хүнд загалмай, өвдөлт болон шаналал нь улам ихэссэний улмаас шургаж унах хүртлээ загалмайгаа үүрч явжээ.

Загалмай дээр

Эцэстээ Иерусалимын хэрэмний гадна орших Калвари толгой дээр дагалдагчид нь яаж ч чадахгүй харж, үхэлд ойрхон очсон өвдөлт, шаналгааг өөрсдийн биеэр мэдэрч зогсох үед Ромын цэргүүд Түүнийг загалмай дээр хэвтүүлэв.

Тэд том алхаар төмөр хадаасуудыг Түүний хөл, гар бугуй уруу хадлаа. Тэр үнэхээр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарсан юм.

Тэгээд бүх хүн харж, харааж зүхэн, доог тохуу болгохын тулд загалмайг ноцтой, тэд өглөөний 9:00 цагаас үд хүртэл гурван цагийн турш тийнхүү хорсолтойгоор үйлджээ.

Тэгтэл тэнгэр харанхуйлав. Газрыг гурван цагийн турш харанхуй бүрхсэн нь нифайчуудад бас тохиосон ажээ. Хорвоогийн Бурхан хүртэл зовсон учраас хүчтэй шуурга дэгдлээ.

Тэрээр үд дундаас 15:00 цаг хүртэл дахиад гурван цаг загалмай дээр дүүжлээстэй байх үед Гетсеманий тэрхүү хэмжээлшгүй тарчлал, зүрх шимшрэм өвдөлт дахин давтагдсан юм.

Тэгээд эцэст нь цагаатгагч зовлон тарчлал дээд хэмжээндээ хүрч, ялалт ирэхэд, Бурханы Хүү бүх зүйлээр Эцэгийнхээ хүслийг биелүүлээд, “Энэ нь төгслөө” (Иохан 19:30) гэсэн билээ. Тэрээр өөрийнхөө хүслээр амьсгалаа хураав.

Сүнсний дэлхийд

Нигүүлсэнгүй үхлийн амар амгалан хийгээд тайтгарал нь Түүнийг мөнх бус байдлын өвдөлт, уй гашуугаас чөлөөлж Тэрээр Бурханы диваажинд одсон билээ.

Тэрбээр Мессиагийн үгийн дагуу Өөрийгөө нүглийн төлөөх золиослол болгон өргөж, үр удмаа үзэхэд бэлтгэгдсэн юм.

Өнгөрсөн эрин зуунуудын бүх ариун бошиглогчид болон итгэлтэй Гэгээнтнүүдээс бүрдсэн хүмүүс, Түүний нэрийг өөрсдөдөө авсан бүх хүн , түүнчлэн сүнсээрээ Түүнээс төрж, Түүний хөвгүүд, охид болсон бүх хүн буюу бид, сүнсний дэлхийд цугласан бүх хүн Түүний нүүрийг харж, дуу хоолойг нь сонсох болно.

Иудейчүүдийн тооллоор гурван өдөр, 38 буюу 40 цагийн дараа бидний адислагдсан Их Эзэнийг Ариматын бунханд ирэхэд цогцост нь хагас дутуу гаврын тос түрхэж, Никодем, Ариматын Иосеф хоёр Түүнийг бунханд тавьжээ.

Түүний Амилалт

Дараа нь Тэрээр бидний ойлгох аргагүй замаар ялзралыг үзээгүй цогцсоо босгож, Өөрийг нь амилсан Эцэгтэйгээ адилхан болгосон алдар суут үхэшгүй байдалд амилан босч ирсэн билээ.

Тэгээд Тэр тэнгэр, газар дахь бүх хүчийг хүлээн авч, мөнхөд өргөмжлөгдөн, Магдалын Мариа болон бусад олон хүнд үзэгдэж, тэнгэрт Бүхнийг Чадагч Бурхан Эцэгийн баруун гар талд заларч, мөнхийн алдар суугаараа үүрд хаанчлахаар дээш одсон юм.

Гурав дахь өдрөө үхлээс амилан босч ирсэн нь Цагаатгалын оргил үе болов. Мөн л бид ойлгох аргагүй байдлаар бүх хүн булшнаас амилан босч ирэхийн тулд Түүний Амилалтын үр нөлөө тэдэнд ирэх болно.

Адам үхлийг авчирсан бол Христ амийг авчирсан юм. Адам мөнх бус байдлын эцэг бол, Христ үхэшгүй байдлын эцэг мөн.

Мөнх бус болон үхэшгүй байдлын аль алингүйгээр хүмүүн авралаа биелүүлж, дээд тэнгэрт мөнхийн алдар суундаа үүрд оршин байгаа бурхад болон тэнгэр элчүүд дээр дээшлэн очиж чадахгүй.

Цагаатгалын тухай мэдлэг

Эдүгээ Христийн Цагаатгал сайн мэдээний үндсэн тулгуур сургаал бөгөөд энэ нь бидэнд илчлэгдсэн бүх үнэнүүдээс хамгийн бага ойлгогддог нь юм.

Биднээс олон хүн өнгөц мэдлэгтэй байж, амьдралын хүнд сорилтууд, аюул осол дунд Их Эзэн болон Түүний нинжин сэтгэлд итгэл найдвар тавьдаг.

Харин бид Енох, Елиа нар шиг итгэлтэй байвал тэдний итгэдэг байсан зүйлд итгэж, тэдний мэддэг байсан юмсыг мэдэж, тэдний амьдарч байсан шиг амьдрах болно.

Цагаатгалын тухай үнэн зөв, баттай мэдлэгтэй болохын төлөө надтай нэгдэхэд би та бүхнийг урьж байна.

Бид хүмүүний философи, мэргэдийн цэцэн ухааныг хойш тавьж, биднийг бүх үнэн уруу удирдахаар бидэнд өгөгдсөн Сүнсийг анхааралтай сонсох ёстой.

Бид судруудыг Их Эзэний оюун ухаан, хүсэл, дуу хоолой, авралд хүргэх Бурханы хүч хэмээн үзэж, хичээнгүйлэн судлах ёстой.

Бид судруудыг уншиж, тунгаан бодож, залбирвал Едений Цэцэрлэг, Гетсеманий Цэцэрлэг, Есүс Магдалын Мариа дээр хүрч ирсэн Хоосон Булшны Цэцэрлэг гэсэн Бурханы гурван цэцэрлэгийн дүр зураг бидний санаанд орж ирэх болно.

Бүтээлт, Уналт ба Цагаатгал

Үхэл, нөхөн үржихүй, сорилтын туршлага гэж байхгүйгээр, диваажингийн байдлаар бүтээгдсэн бүх юмсыг бид Еденд хардаг.

Эдүгээ хүмүүнд мэдэгдээгүй ийм бүтээлт нь гагцхүү Уналтыг хангах арга зам байсныг бид мэдэх болно.

Ингээд бид үхэшгүй байдал болон диваажингийн алдар суугаасаа дэлхий дээрх анхны мөнх бус хүмүүн болохоор бууж ирсэн анхны эрэгтэй, эмэгтэй хүн Адам, Ева хоёрыг харна.

Нөхөн үржихүй болон үхлийг өөртөө багтаадаг мөнх бус байдал дэлхийд ирсэн билээ. Нүгэл хилэнцийн улмаас сорилтын байдал байх болно.

Дараа нь Уналтын улмаас бидэнд ирсэн биеийн болон сүнсний үхлээс хүмүүнийг Аварсан Бурханы Хүүг бид Гетсеманид харах болно.

Ингээд бид эцэст нь хоосон булшны өмнө бидний Их Эзэн Христ үхлийн хүлээсийг тас татаж, булшийг үүрд ялсныг мэдэх билээ.

Тийнхүү Бүтээлт бол Уналтын эцэг юм; Уналтаар мөнх бус байдал болон үхэл ирсэн бол Христээр үхэшгүй байдал ба мөнх амьдрал ирсэн юм.

Хэрэв үхэл түүгээр ирсэн Адамын Уналт байгаагүй бол, түүгээр амьдрал ирсэн Христийн Цагаатгал байж чадахгүй байв.

Түүний Цагаатгагч цус

Эдүгээ Бурханы цусаар гүйцэлдсэн энэхүү төгс Цагаатгалын тухайд, энэ нь Гетсемани болон Голготад болж өнгөрснийг би гэрчилж байна, Есүс Христийн тухайд, Тэр бол амьд Бурханы Хүү бөгөөд дэлхийн нүглийн төлөө цовдлогдсоныг би гэрчилж байна. Тэр бол бидний Их Эзэн, бидний Бурхан, бас бидний Хаан. Үүнийг би өөр ямар ч хүнээс хамааралгүйгээр өөрөө мэднэ.

Би Түүний гэрчүүдийн нэг мөн ирээдүйн нэг өдөр Түүний гар, хөлөн дэх шархны сорвийг тэмтэрч үзэн Хөлийг нь нулимсаараа норгох болно.

Гэвч би Түүнийг Бурханы Бүхнийг Чадагч Хүү хэмээн мөн аврал өөр ямар ч замаар биш зөвхөн Түүний цагаатгагч цусаар дамжин ирнэ хэмээн одоогийнхоо мэддэгээс ямар ч илүү зүйлийг тэр үед мэдэхгүй.

Бидний Эцэг Бурхан гэрэлд алхдаг шиг бид бүгдэд гэрэлд алхах боломжийг Бурхан соёрхсон бөгөөд Түүний амлалтын дагуу Түүний Хүү Есүс Христийн цус биднийг бүх нүглээс цэвэршүүлэх болно.

Mиний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг Харри Андерсен Pacific Press Publishing

Tомас эргэлзсэн нь, Карл Хейнрих Блок, Даний Хиллерөд дэх Үндэсний Түүхийн Музейн зөвшөөрлийг ашиглав