2011
Түүнийг үргэлж сана
2011 оны дөрөвдүгээр сар


Түүнийг үргэлж САНАХЫН ТУЛД

Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль дээр 2009 оны нэгдүгээр сарын 27-нд хэлсэн үгнээс. Энэ үгийг англи хэлээр сонсохыг хүсвэл web.byui.edu/devotionalsandspeeches/default.aspx-хаягаар ор.

Бид Аврагчийг үргэлж санаснаараа, “өөрсдийнхөө чадах бүхнийг зоригтой хийж, Түүний хүч болон биднийг хайрлах хайр нь биднээр дамжин илрэх болно” гэдэгт итгэлтэй байж болно.

Elder D. Todd Christofferson

Их Эзэн Есүс Христийн үндэслэсэн Ариун ёслолын залбирлын гол зорилгуудын нэг нь бид “Түүнийг үргэлж санах” (С ба Г 20:77, 79) явдал гэдгийг баталдаг. Аврагчийг санах гэдэгт Түүний зовлон болон үхлийн бэлгэ тэмдэг болсон талх, усаар төлөөлүүлэн Түүний Цагаатгалыг санах нь ордог нь тодорхой юм. Бидний төлөө Тэр юу хийснийг бид хэзээ ч мартах ёсгүй. Учир нь Түүний Цагаатгал болон Амилалтгүйгээр амьдрал утга учиргүй юм. Гэвч Түүний Цагаатгал болон Амилалтын ачаар бидний амьдрал мөнхийн бурханлиг боломжуудтай юм.

“Түүнийг үргэлж санах” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг би гурван зүйлээр тодруулан тайлбарлахыг хүсч байна. Энэ нь нэгдүгээрт, Түүний хүслийг мэдэж, дагах; хоёрдугаарт, бид бодол санаа, үг хэл, үйлдэл бүрийнхээ төлөө Христийн өмнө үүрэг хариуцлага хүлээдгээ хүлээн зөвшөөрч ойлгох, гуравдугаарт, бид итгэлээр болон өөрсдөдөө хэрэгтэй тусламжийн төлөө Аврагчид үргэлж итгэл найдвар тавьж, айдасгүйгээр амьдрах явдал мөн.

1. Тэрээр Эцэгийн хүслийг биелүүлэхийг хүсч байсан шиг Христийн хүслийг мэдэж, дагахыг эрэлхийл.

Ариун ёслолын талхны адислал нь бид Хүүгийн нэрийг өөрсдөдөө авч, “түүнийг үргэлж санан, [бидэнд] өгсөн түүний зарлигуудыг дагах” (С ба Г 20:77) хүсэлтэй байхад биднийг хөтөлдөг. Мөн “Түүний зарлигуудыг сахихын тулд Түүнийг үргэлж санах” явдал болгон энэ гэрээг ойлгох нь чухал юм. Энэ бол Тэрээр Эцэгийг хэрхэн үргэлж санадаг байсны жишээ мөн. “Би өөрийн санаагаар юуг ч үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд Миний шүүлт шударга. Учир нь би өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг” (Иохан 5:30) гэж Тэр хэлсэн билээ.

Есүс бие, сүнс аль алинаар нь Өөрийгөө Эцэгийн хүсэлд захируулан Эцэгтэй төгс эв нэгдэлтэй байлаа. Есүс Эцэгтээ хандан, “Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг” (Иoхан 8:29) гэсэн юм. Есүс Эцэгийн хүслийн улмаас бүр үхэлд үг дуугүй захирагдан, “Хүүгийн таалал Эцэгийн таалалд багтсан” (Moзая 15:7) билээ. Есүс Эцэгт бүх анхаарлаа төвлөрүүлдэг байсан нь Түүний үйлчлэл тийм тод томруун, хүчтэй байсны үндсэн шалтгаануудын нэг юм.

Та бид бүгдээрээ мөн ийм байдлаар Христийг амьдралынхаа гол төвд тавьснаар, Тэрээр Эцэгтэй нэг байдгийн адилаар бид Түүнтэй нэг болж чадна (Иoхан 17:20–23-ыг үз). Бид хийдэг бүх зүйлээ эргэн харж, цэгнэн, Аврагчийг амьдралынхаа гол төвд тавьж, хамгийн чухал зүйлсийг эн тэргүүнд анхаардаг болж, амьдралаа шинээр төлөвшүүлэхээс эхэлж болно. Түүнийг үргэлж санах боломжийг олгодог юмсыг—байнга залбирах болон судраас судлах, төлөөлөгчдийн сургаалуудыг нухацтай судлах, ариун ёслолоос зохистойгоор хүртэх, ням гарагийн шүтэн бишрэх үйл ажиллагаануудад оролцох, жинхэнэ шавь байх талаар Сүнс болон туршлага юу зааж буйг тэмдэглэн авч санаж байхыг эн тэргүүнд тавих ёстой.

Бусад юмс, ялангуяа амьдралын чинь тодорхой үед өөрт чинь шаардлагатай ямар нэг зүйл санаанд чинь орж ирж болно. Бид амьдралаа Христ дээр төвлөрүүлэхийн тулд дээрх асуудлуудад зохих цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулбал боловсрол, гэр бүлийн үүрэг хариуцлага зэрэг үнэ цэнэтэй бусад зүйлсэд хүч чармайлт гаргаж чадна. Ийм байдлаар бидний амьдрал нэн чухал зүйлсээр биш, харин дан ганц сайн зүйлсээр дүүрч, бага ач холбогдолтой зүйлс хоёрдугаарт тавигдах буюу бидний амьдралаас бүрмөсөн алга болно.

Есүс Христ Өөрийн хүслийг Эцэгийн хүсэлд захируулсан шиг бид амьдралаа Есүс Христийн амьдралтай эгнүүлэх нь амархан биелэгдэх зүйл биш. Ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) бидэнд тохиолддог сорилт бэрхшээлийн тухай ийн өгүүлжээ:

“Тэрээр энэ хүмүүсийг удаан хугацаанд удирдаж, тэдэнд зааж, тэдний төлөө сайн зүйлсийг хийсний дараа ч Бурханд итгэх итгэл дутмаг байгааг та бүхэн ажигладаг уу? Та нар үүнийг өөрсөд дээрээ ажигласан уу? ‘Бригам [ах аа] та үүнийг өөр дээрээ ажигласан уу?’ гэж та нар асууж болно. Тийм ээ, найддаг хүндээ итгэл алдрах нь надад ямар нэг хэмжээгээр байдаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл надад хүч байхгүй байна. Үүний улмаас би унасан хэрэг. …

“… Зарим үед миний дотор ямар нэг зүйл босч ирэх шиг болдог. Энэ нь миний ашиг сонирхол, тэнгэр дэх Эцэгийн минь ашиг сонирхол хоёрын хооронд мэдэгдэхүйц зааг тогтоодог нь миний ашиг сонирхлыг, тэнгэр дэх Эцэгийн минь сонирхолтой нэгдмэл биш болгодог.

”“Бид унасан байдлаа аль болох ихээр мэдэрч, үүнийгээ ойлгодог байх ёстой. Бидний үйлчилдэг Бурханы зорилго бол бидний ашиг сонирхол мөн гэдгийг мөн энэ амьдралд ч, үүрд мөнхөд ч ийм байна гэдгийг бид мэддэг, ойлгодог, бас үүнд итгэдэг байх хэрэгтэй.”1

Энэ нь амаргүй ч бид Их Эзэнд итгэх итгэлээр байнга урагш тэмүүлж чадна. Цаг хугацаа өнгөрөх тусам Аврагчийг үргэлж санаж, дагах бидний хүсэл, чадвар өсөн нэмэгдэх болно гэдгийг би нотолж чадна. Бид энэ зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө тэвчээртэй ажиллаж, өөрсдөдөө хэрэгтэй байгаа ялган таних чадвар, бурханлиг тусламжийн төлөө үргэлж залбирдаг байх ёстой. “Та нар үргэлж залбирах ёстойг мөн шантрах ёсгүйг би та нарт хэлье; та нарын үйл бодгальд чинь золтой байж болохын тулд тэр та нарын үйлийг та нарт ариулахын тулд юун түрүүнд та нар Христийн нэрээр Эцэгт залбирахаас өөр нэгээхэн ч зүйлийг Их Эзэнд үйлдэх ёсгүй” (2 Нифай 32:9) хэмээн Нифай зөвлөжээ.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс бид хоёр гадаадын нэг орны гэр бүлтэй видео ярилцлага хийх даалгавар авсан үедээ залбирлын энгийн жишээг харсан юм. Би студид орохынхоо өмнөхөн гэр бүлийн хосын талаар цуглуулсан мэдээллээ дахин нэг нягталж үзээд өөрийгөө ярилцлагад бэлтгэгдсэн байна гэж бодож билээ. Товлосон цагаас хэдхэн минутын өмнө Ахлагч Өүкс толгойгоо бөхийлгөн ганцаараа сууж байхыг харлаа. Тэр хормын дараа толгойгоо өндийлгөн, “Энэ ярилцлагад бэлтгэх залбирлаа би дөнгөж сая дуусгалаа. Бидэнд ялган таних бэлэг хэрэгтэй шүү дээ” гэв. Тэрээр хамгийн чухал бэлтгэл, бидний амжилтын төлөө, Их Эзэний алдар суугийн төлөөх залбиралд хайхрамжгүй хандсангүй.

2. Бодол санаа, үг хэл, үйлдлийнхээ төлөө Христийн өмнө хариуцлага хүлээхэд бэлтгэ.

Их Эзэн үндэстнүүдийг шүүхээр зогсох шүүлтийн агуу өдөр ирнэ гэдгийг (3 Нифай 27:16-г үз) мөн Тэр бол Христ гэдгийг өвдөг бүхэн сөхөрч, хэл бүхэн хүлээн зөвшөөрөх болно (Ром 14:11; Moзая 27:31; С ба Г 76:110-ыг үз) гэдгийг судруудад тодорхой өгүүлсэн байдаг. Тэрхүү шүүлтийн мөн чанар, хамрах хүрээг Алма Мормоны Номонд:

“Учир нь бидний үгс биднийг буруутгах болно, тийм ээ бүх үйлс маань биднийг буруутгах болно; мөн энэ аймшигт нөхцөлд бид Өөрсдийн Бурхан өөд харж үл зүрхлэх болно, мөн түүний оршихуйгаас биднийг нуухын тулд, өөрсөд дээрээ нуран унахыг хад уулсад бид тушааж чаддагсан бол сэтгэл маань ихэд баяртай байхсан биз ээ.

“Гэвч ийм байх аргагүй юм; бид урагшлан мөн түүний өмнө түүний алдар суугийн дор мөн түүний хүчний дор мөн түүний чадал, сүр жавхлангийн хийгээд эзэгнэлийн дор зогсон түүний бүхий л шүүлтүүд шударга, тэрээр бүхий л үйлстээ шударга, мөн тэрээр хүмүүний үрсэд нигүүлсэнгүй, мөн тэрээр түүний нэрэнд итгэн мөн наманчлалд нийцэх үр жимсийг авчрах хүн бүрийг аврах бүх хүчийг эзэмддэг болохыг үүрдийн ичгүүртээ хүлээн зөвшөөрөх ёстой” (Алма 12:14–15).

Аврагч Өөрийн сайн мэдээг үндэслэх үед энэхүү шүүлт түүнд гол суурийг эзэлсэн юм. Тэр ийн хэлжээ:

“Болгоогтун би өөрийн сайн мэдээг та нарт өгсөн, мөн энэ бол та нарт миний өгсөн тэр сайн мэдээ. Эцэг минь намайг илгээсний учир би Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр дэлхийд ирсэн билээ.

“Мөн би загалмай дээр өргөгдөж болохын тулд би загалмай дээр өргөгдсөний дараа би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд, би хүмүүнээр өргөгдсөний адилаар хүмүүн миний өмнө зогсож, тэд өөрсдийн үйлүүдээр сайн эсвэл хилэнцэт байх эсэхээрээ шүүгдэхээр Эцэгээр өргөгдөхийн тулд Эцэг минь намайг илгээсэн бөлгөө—

“Мөн энэ шалтгааны учир би өргөгдөв; тиймийн тул тэд өөрсдийн үйлүүдийн дагуу шүүгдэж болохын тулд Эцэгийн хүчний дагуу би бүх хүмүүнийг өөртөө татах болно” (3 Нифай 27:13–15).

“Загалмай дээр өргөгдөх” гэдэг нь мэдээжийн хэрэг, Есүс Христийн Цагаатгалыг бэлгэдлээр дүрсэлж байгаа бөгөөд үүгээр Тэр бидэн дээр ирэх шударга ёсны шаардлагыг хангах болно. Өөрөөр хэлбэл, Гетсемани болон Голгота дээрх эдэлсэн зовлон ба үхлээрээ Тэр бидний нүглийн төлөө биднээс шаардагдах шударга ёсны бүх төлөөсийг төлсөн юм. Тиймээс Тэр шударга ёсны төлөө зогсдог бөгөөд шударга ёсны амьд жишээ мөн. Бурхан хайр байдаг шиг, Бурхан бол шударга ёс юм. Бидний өр төлөөсийг эдүгээ Есүс Христ өөр дээрээ авсан билээ. Тиймээс Тэр биднийг шүүх эрхтэй юм.

Тэрхүү шүүлт бидний ажил үйлс дээр үндэслэгдэх болно хэмээн Тэрээр хэлдэг. Ялангуяа Түүний сайн мэдээний “баярт мэдээ” нь Тэрээр бидний наманчлалаар нөхцөлдсөн уучлалын бэлгийг санал болгодогт оршино. Тиймээс хэрэв бидний ажил үйлст наманчлал багтсан бол Тэр бидний нүгэл хилэнц, алдаа дутагдлыг уучилна. Хэрэв бид уучлалын бэлгийг эсэргүүцэж, наманчлахаас татгалзвал Түүний төлөөлдөг шударга ёсны шийтгэл бидэн дээр ирэх болно. “Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ” (С ба Г 19:16–17) гэж Тэр хэлсэн юм.

Тиймээс, Түүнийг үргэлж санана гэдэг нь Түүнээс нууж болдог юм юу ч байдаггүйг бид үргэлж санаж байх явдал мөн. Бидний амьдралын ямар ч тал, үйлдэл, үг хэл, тэр ч байтугай бодол санаа Эцэг, Хүү хоёрт мэдэгдэхгүйгээр өнгөрнө гэж байхгүй. Шалгалтын үеэр залилан хийсэн, дэлгүүр ухсан, үл биелэгдэх тачаангуй хүслэн эсвэл худал хэлэх нь анзаарагдалгүй буюу ажиглагдалгүй өнгөрдөггүй, мартагддаггүй мөн нууж болдоггүй. Бид амьдралаас юуг ч “зайлууллаа”, юуг ч нууж хаалаа гэсэн, цаг нь болоход цэвэр ариун хийгээд төгс шударга Бурхан, Есүс Христийн өмнө аваачигдах болно.

Энэхүү үнэн бодит байдал намайг янз бүрийн үед наманчлах буюу нүглээс зайлхийхэд тусалсан юм. Нэг удаа манайх байшингаа зарах үеэр баримт бичиг бүрдүүлэхэд алдаа гарч, би худалдан авагчаас илүү их мөнгө авах хууль ёсны эрхтэй юм шиг байдалд орж билээ. Нэгэнт л надад ийм эрх байгаа учраас тэр мөнгийг авахыг хүсч байна уу гэж миний үл хөдлөх хөрөнгийн төлөөлөгч асуув. Шударга ёсны төлөөлөл болсон Их Эзэнтэй тулгарна гэдгийг бодоод, би худалдан авагчийн алдааг ашиглан түүнийг завших хууль ёсны эрхтэй болсон юм байна гэдгийг тайлбарлах гэж оролдов. Ялангуяа тэр үед би нигүүлсэнгүй сэтгэл гаргах хэрэгтэй байснаас, худалдан авагчаас илүү мөнгө гаргуулж авах ёстой гэдэгт итгэхгүй байлаа. Илүү мөнгө авах нь шударга бус хэрэг учраас ийм байдлаар цаашид амьдарч болохгүйгээ мэдэж, гэрээг анхны байдлаар нь ойлгохоор болгож залруулах хэрэгтэй гэж би үл хөдлөх хөрөнгийн төлөөлөгчдөө хэллээ. Тэрхүү наймааны талаар надад наманчлах юм юу ч байхгүй гэдгийг мэдэх нь миний хувьд ямар ч мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй байлаа.

Би залуу байхдаа болгоомжгүйгээс дүү нарынхаа нэгийг бага зэрэг бэртээсэн юм. Тэр үед би тэр тэнэг хэргээ хүлээсэнгүй, тэгээд ч уг хэрэг явдал дахь миний оролцоог өөр “хэн ч” мэдээгүй өнгөрсөн. Олон жилийн дараа би Түүний өмнө илүү хүлээн авагдахуйц байхын төлөө миний амьдралд залруулах хэрэгтэй ямар нэг зүйл байгаа эсэхийг Бурхан надад илчилж өгнө үү хэмээн залбирах үед нөгөөх явдал санаанд минь орж билээ. Би энэ тухай мартчихаад байтал энэ бол миний гэмшвэл зохих, шийдвэрлэгдээгүй гэм нүгэл мөн хэмээн Сүнс шивнэсэн юм. Би дүүгээ дуудаж, уучлал гуйхад дүү маань тэр даруй өгөөмөр сэтгэл гарган намайг уучилж билээ. Хэрэв би уг хэрэг явдал болсон даруй уучлал гуйсан бол миний ичих сэтгэл, харуусал бага байхсан.

Олон жилийн тэртээ миний хийсэн тэр хэргийг Их Эзэн мартаагүй нь миний хувьд сонирхолтой бас утга учиртай байлаа. Нүгэл аяндаа шийдвэрлэгддэггүй эсвэл зүгээр алга болчихдоггүй юм. Нүгэл хилэнц үүрд мөнхөд далдлагдан мартагддаггүй юм. Нүгэл хилэнцийг шийдвэрлэх ёстой. Аврагчийн цагаатгагч нигүүлслийн улмаас нүгэл хилэнцийг шударга ёсны шаардлагуудыг ханган, илүү баяр баясалтайгаар шийдвэрлэж болдог нь гайхамшигтай зүйл юм.

Юуг ч анзааралгүй орхихгүй шүүлтэд дуулгавартай байдлын үйлдэл, нинжин сэтгэл, сайн үйлс аль нь ч хэчнээн ч өчүүхэн бай, хэзээ ч мартагдахгүй, тэдгээрээс ирдэг адислал хэзээ ч татан авагдахгүйг санах нь бидэнд урам зориг хайрладаг билээ.

3. Бүү ай, тусламжийн төлөө Аврагчид найд.

Сэргээлтийн анхны өдрүүдэд Мормоны Номыг орчуулахаар ажиллаж байсан бөгөөд удалгүй санваарыг хүлээн авах байсан Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Есүс зөвлөгөө өгч, тэднийг тайтгаруулсан билээ. Тэр үед Иосеф 23-тай, Оливер 22-той байлаа. Хавчлага болон бусад саад бэрхшээл байнгын биш юмаа гэхэд олон удаа тохиолддог байлаа. Ийм нөхцөл байдалд 1829 оны дөрөвдүгээр сард Их Эзэн дараах үгсийг тэдэнд хэлсэн билээ:

“Бүү ай, бяцхан сүрэг; сайныг үйлдэгтүн; дэлхий хийгээд там та нарын эсрэг нэгдэг, учир нь хэрэв та нар миний хадан дээр баригдсан байх аваас тэд дийлэх нь үгүй.

Болгоогтун, би та нарыг зэмлэх нь үгүй; өөрсдийнхөө замаар явж, мөн нүглийг дахин бүү үйлд; та нарт миний зарлигласан ажлыг буурь суурьтайгаар гүйцэтгэгтүн.

Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.

Миний хажуу талыг цоо хатгасан шархыг мөн түүнчлэн миний гар мөн хөлөн дэх хадаасны ормуудыг болгоогтун, миний зарлигуудыг сахигтун. Амен” (C ба Г 6:34–37).

Бодол бүрдээ Аврагч уруу харах гэдэг нь мэдээжийн хэрэг “үргэлж түүнийг сана” гэдгийг өөрөөр хэлж байгаа юм. Бид ингэсэн тохиолдолд эргэлзэх буюу айх хэрэггүй. Аврагч Өөрийн Цагаатгалаар дамжуулан тэнгэр, газар дахь бүх хүчийг өгснийг Иосеф, Оливер хоёрт сануулснаа бидэнд бас сануулдаг (Maтай 28:18-ыг үз) бөгөөд биднийг хамгаалах болон бидний хэрэгцээнд үйлчлэх чадвар, хүсэл аль аль нь Түүнд байдаг. Бид зөвхөн итгэлтэй байх хэрэгтэй мөн Түүнд бүрэн итгэж болно.

Иосеф, Оливер хоёрт ирсэн тайтгаруулах илчлэлтийн өмнө Аврагчид найдвар тавьж, хүмүүний санаа бодол, дарамт шахалт, сүрдүүлэг заналхийллээс айхгүй байхыг захисан зүрх шимширч, сэтгэл өвтгөм туршлагыг Бошиглогч биеэрээ туулсан билээ.

1828 оны зургадугаар сард Иосеф Мормоны Номын эхний 116 хуудас гар бичмэлийг гэр бүлийн гишүүддээ үзүүлэхээр Пеннсильваний Хармонигаас Нью-Йоркийн Пальмира уруу авч явахыг Мартин Харрист зөвшөөрчээ. Мартин амласан хугацаандаа эргэж ирсэнгүйд санаа зовсон Иосеф морин тэрэг хөлсөлж Нью-Йоркийн Манчестер хотод байсан эцэг эхийнхээ гэр уруу яаран гарчээ. Бошиглогч ирсэн даруйдаа Мартиныг ирүүлэхээр хүн явуулав. Мартин ирсэн ч, гар бичмэл нь алга болсон эсвэл хаана байгааг нь мэдэхгүй байна гэв.

“Ай халаг! Бурхан минь, Бурхан минь. … Бүх зүйл ингээд өнгөрдөг байж. Одоо би яана аа? Би нүгэл үйлдлээ. Би Түүнээс буруу юм гуйснаараа Бурханыг хилэгнүүллээ. … Бүхний Дээдийн тэнгэр элч намайг яаж тохуурхах бол оо” гэж дуу алдсаныг ээж Люси Мак Смит нь тэмдэглэсэн байдаг.

Маргааш нь Бошиглогч Хармонид эргэж ирэв. Тэнд ирээд тэрээр, “Би Их Эзэний мутраас нигүүлслийг олж, …түүний хүслийн эсрэг үйлдсэн бүхнийхээ төлөө уучлагдахын төлөө чин сэтгэлийн хүчтэй залбирал хэлж, Түүний өмнө өөрийгөө даруусгав.”2

Бурханаас биш, хүнээс айсных нь төлөө Их Эзэн Иосефыг зэмлэсний дараа түүнд ийн хэлжээ:

“Чи бол Иосеф, мөн чи Их Эзэний ажлыг хийхээр сонгогдсон байсан болой, харин гэм буруугийн улмаас хэрэв чи сонор сэрэмжгүй байх аваас, чи унах болно.

“Гэвч санагтун, Бурхан нигүүлсэнгүй юм; тиймийн тул миний чамд өгсөн зарлигийн эсрэг хийсэн зүйлээ наманчлагтун, мөн чи сонгогдсон хэвээр байгаа, мөн тэр ажилд дахин дуудагдсан бөлгөө” (С ба Г 3:9–10).

“Их Эзэн Урим ба Туммимыг ялтсуудын хамт Иосефоос түр хугацаагаар авсан ч, тэдгээрийг удалгүй түүнд буцааж өгсөн билээ. ‘Тэнгэр элч Урим ба Туммимыг надад буцааж өгөхдөө баяр хөөр болон, Бурхан миний итгэлтэй, даруу байдалд баярлаж, наманчлан, хичээнгүйлэн залбирсанд намайг хайрласан шүү’ хэмээн хэлж билээ. Ингэснээрээ би үүргээ сайн биелүүлж … орчуулгын ажлаа дахин эхлэх боломжтой болсон юм’ хэмээн Бошиглогч дурссан байдаг.Иосеф Их Эзэнээр уучлагдсаныхаа төлөө сэтгэл сэргэн баясаж, Түүний хүслийг биелүүлэх шинэчлэгдсэн шийдвэр төгс байдлаар хүч сэлбэн, өмнөө тулгарсан агуу ажлыг хийхээр явлаа.”3

Бурханд итгэл найдвар тавьж, хүмүүний хийж чадах зүйлээс айхгүй байх Бошиглогчийн шийдвэр төгс байдал энэ туршлагын дараа улам бат бөх болсон ажээ. Тэр явдлаас хойш түүний амьдрал Христийн хүч болон нигүүлсэлд итгэл найдвар тавьснаар Түүнийг санана гэдэг нь чухам юу болохын гайхамшигт үлгэр жишээ болсон билээ. Иосеф энэ ойлголтыг Миссурийн Либертид маш хүнд хэцүү нөхцөлд хоригдож байхдаа дараах үгсээр илэрхийлсэн юм:

“Шуурганы үед маш том хөлөг онгоц нэн жижигхэн залууртай явснаар салхи хийгээд давалгаатай зохицолдон нэн их ашигтай байдгийг ах дүүс минь та нар мэднэ.

“Тиймийн тул эрхэм хайрт ах дүүс минь, өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг зоригтой хийцгээе; мөн тэгээд бид бат итгэлтэйгээр бат зогсож, Бурханы авралыг харна, мөн учир нь түүний гар илчлэгдэх болно” (С ба Г 123:16–17).

Товчоор хэлбэл, “түүнийг үргэлж санана” гэдэг нь бид айж амьдрах ёсгүй гэсэн үг юм. Сорилт бэрхшээл, урам хугаралт, уй гашуу бид бүгдэд янз бүрийн замаар ирэх болно, гэвч бидний бурханлиг Өмгөөлөгчийн улмаас бүх зүйл бидний сайн сайхны төлөө эцэст хамтдаа ажиллах болно гэдгийг бид мэднэ (С ба Г 90:24; 98:3-ыг үз). “Юм бүхэн нааштай үр дүнд хүрэх болно” хэмээн Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) итгэлийг ийнхүү энгийнээр илэрхийлсэн юм.4 Бид Аврагчийг үргэлж санаснаараа, “өөрсдийнхөө чадах бүхнийг зоригтой хийж, Түүний хүч болон биднийг хайрлах хайр нь биднээр дамжин илрэх болно гэдэгт итгэлтэй байж болно.

“[Бид] түүний сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд” (С ба Г 20:77) Түүнийг үргэлж санацгаая. Би Есүс Христийн Цагаатгалын хүчийг гэрчилж байна. Амилсан Их Эзэн амьд гэдэг нь үнэн бодитойг гэрчилж байна. Бид бүгдийг хайрладаг Эцэг, Хүү хоёрын хязгааргүй хайрыг миний бие гэрчилж, тэрхүү хайрын бүхий л илрэлийг бид байнга санаж амьдрахын төлөө залбирч байна.

Эшлэл

  1. Brigham Young, “Discourse,” Deseret News, 1856 оны 9-р сарын 10, 212.

  2. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 69, 71-ийг үз.

  3. Teachings: Joseph Smith, 71.

  4. Жеффри Р.Холланд, “President Gordon B. Hinckley: Stalwart and Brave He Stands,” Лиахона, June 1995 оны 6-р сар, тусгай дугаар, 6.

Амар амгаланг би та нарт үлдээнэ, Уолтер Рейн, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв; Үйрүүлсэн талх, Уолтер Рейн

Гетсемани дэх Есүс, Хенри Хофман, C. Harrison Conroy Сo-ийн зөвшөөрлөөр нийтлэв.

Хоёр дахь Ирэлт Харри Андерсон © IRI

Тэр хараагүй хүний нүдийг тосолсон нь, Уолтер Рейн, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв