2011
Наманчил, Их Эзэн уруу эргэ, тэгвэл эдгэрнэ
2011 оны дөрөвдүгээр сар


Бид Христийн тухай ярьж байна

Наманчил, Их Эзэнд ханд, тэгвэл эдгэрнэ

“Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, Их Эзэн бибээр тэдгээрийг цаашид санах нь үгүй” (С ба Г 58:42).

Миний таньдаг итгэлтэй, нэгэн эмэгтэй машины ослоор хүнд бэртсэнийг би саяхан мэдлээ. Ослоор түүний хэдэн хавирга хугарч, нуруу нь бэртжээ. Сэргээн дасгах эмчилгээний хэсэг болгож, нуруу, хүзүүнд нь бэхэлсэн аппаратыг авахыг хориглодог ажээ. Бэхэлгээний аппарат тун эвгүй харагдаж байсан ч, зайлшгүй шаардлагатай байлаа. Нуруу, хүзүү нь эдгэрч хэвийн болох нөхцөлийг энэ аппарат хангах учиртай аж.

Наманчлал энэ аппараттай адил юм. Бид нүгэл үйлдсэнээр өөрсдийн бодгалийг гэмтээдэг бөгөөд эдгэрч дахин хэвийн байдалдаа ороход бурханлиг эмчилгээ хэрэгтэй болдог. Наманчлал нь Цагаатгалын хүчээр дамжуулан биднийг эдгээх боломжийг Аврагчид олгодог тэрхүү нөхцөлийг бүрдүүлдэг билээ (3 Нифай 9:13-ыг үз). Наманчлалын зарим хэсэг нь бэртсэн нурууны аппарат шиг эвгүй байдаг ч, бид заавал наманчлах хэрэгтэй.

Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф заасан нь, “Жинхэнэ наманчлал нь зөв зүйлийг хийхийг бидэнд буцааж авчирдаг. Бид жинхэнэ ёсоор наманчлахын тулд нүглээ хүлээж, гэмшин эсвээс бурханлиг байдлаар харуусч, нүглээ Бурханы өмнө хүлээж гэмших ёстой. Хэрэв бидний нүгэл ноцтой бол эрх мэдэл олгогдсон санваартны удирдагчид бид нүглээ хүлээн гэмших ёстой. Бид Бурханаас уучлал гуйж, буруу үйлдлийнхээ улмаас учруулсан аливаа хор хохирлыг залруулахын төлөө чадах бүхнээ хийх хэрэгтэй. Наманчлал бол зүрх сэтгэлийн өөрчлөлт бөгөөд бид буруу юм хийхээ больж, зөв зүйлс хийж эхэлдэг. Энэ нь Бурханд, өөртөө болон амьдралд бүхэлд нь хандах шинэ хандлагыг бий болгодог.”1

Бид наманчлалын үйл явцыг амжилттай дуусгасан үед эдгэрэлтийн үр дүн гарч сэтгэл санааны хүнд дарамт арилж, аз жаргалтай болдог. Дороти Ж.Р.Вайт:

“Дотоод сэтгэлээ ариусгасны

гадаад илрэл нь нулимс байдгийг сана” хэмээн бичжээ.2

Их Эзэн биднийг эдгээхийг хүсдэг учраас наманчлах хэрэгтэйг бидэнд шаргуу тэвчээр, хайр энэрэл, сэнхрүүллээр заадаг. Тэр бидний нүглийн төлөөх шийтгэлийг бие болон сүнсээрээ Өөр дээрээ хүлээн зовж шаналсан юм. Иймээс бид наманчлах ёстой. Их Эзэн ийн тайлбарлажээ:

“Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ”

“Гэвч хэрэв тэд үл наманчлах аваас, бүр миний адилаар тэд зовох ёстой”

“Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн тэрхүү зовлон нь–мөн намайг тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор байсан билээ.

Гэсэн хэдий ч, алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн бибээр хүртэж мөн хүмүүний үрсийн төлөө өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ.

“Иймийн тул би чамд наманчлахыг дахин зарлиглаж байна” (С ба Г 19:16–20).

Бүгдээрээ наманчилж, Их Эзэнд хандацгаая, тэгвэл эдгэрэх болно.

Эшлэл

  1. Диетер Ф.Угдорф, “Point of Safe Return,” Лиахона, 2007 оны 5-р сар, 100.

  2. Дороти Ж.Р.Вайт, “Repentance,” Ensign, 1996 оны 7-р сар, 27.

Үрэлгэн хүү даруухнаар эцэгтээ эргэн ирж, Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй” (Лук 15:21) гэсэн билээ. Аав нь түүнийг гэртээ баяртайгаар хүлээн авсан шүү дээ. Биднийг наманчилсан үед Тэнгэрлэг Эцэг маань мөн л ийм байдлаар баярлан угтаж авах болно.

Үрэлгэн хүү эргэж ирсэн нь, Жеймс Тиссот