Сүм тэнд байсангүй
Жюли Измайл, Баруун Австрали, Австрали
Би Газрын Дундад Тэнгисийн бүст аялж явахдаа чадах л хэрээрээ Сүмийн цуглаануудад хичээнгүйлэн оролцож байлаа. Испанийн Севиллд би зочид буудлын хүлээн авагч, орон нутгийн утасны лавлахын тусламжтайгаар хотын газрын зураг ашиглан ХҮГ-ийн цуглааны байр хаана байдгийг олж, хаягийг нь тэмдэглэж, Сүмийн нэрийг испаниар бичиж авав. Бямба гарагийн орой цуглаан хэдэн цагт эхэлдгийг мэдэх гэж залбиртал өглөөний 10:00 гэхэд тэнд очсон байх хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмж төрөв.
Ням гарагийн өглөө 9:30-д сүм уруу явахынхаа өмнөхөн цуглааны байрыг олохын төлөө дахин залбирав. Тэгээд газрын зургаа барьж, тахиралдсан нарийхан гудамжуудыг сүлжин явлаа. Тэр өглөө их сайхан байлаа. Олон кафе, шувууд жиргэн шулганалдсан шувууны захын дэргэдүүр өнгөрөв.
Тэмдэглэж авсан хаягаар хүрч иртэл тэнд сүмтэй төстэй юу ч байсангүй. Гудамжийг өгсөн уруудан алхаж, сүмийг хайгаад олсонгүй. Би будилж төөрчээ, гэтэл бараг 10:00 цаг болж байв.
Тэгээд би Тэнгэр дэх Эцэгтээ хандан: “Та надад сүмд очихыг зарлиг болгосон, би энд ирээд байна, гэвч энд сүм байхгүй байна” гэж залбирлаа.
Тэгтэл сайхан хувцасласан нэг хүн булан тойрон гарч ирэв. Тэр хүн Сүмийн гишүүн юм шиг харагдсан учир түүнийг зогсоож асуумаар санагдлаа. Би сүм эрж яваагаа түүнд ойлгоход хэцүү байдлаар тайлбарлав. Түүнийг нэг юм хэлэхэд би ойлгосонгүй, тэгээд яах ч учраа олсонгүй. Тэгтэл нөгөө хүн цүнхээ онгойлгоход савхин хавтастай хоёр ном гаргаж ирсэн нь судрууд бололтой харагдав. Би түүнд “La Iglesia de Jesucristo” (Есүс Христийн Сүм) гэж бичсэн зурвас цаасаа өглөө. Тэр инээмсэглэн миний хүрч ирсэн замаар буцаж бид хоёр сүм уруу алхав. Сүмийн барилгын хаяг өөр байсан бөгөөд хэдхэн минут явах газар байжээ. Гэвч байгаа газрыг нь яг мэдэхгүй бол төөрөхөд амархан ажээ. Сүм замаас нэлээд зайдуу, жижигхэн талбайд, том хаалгануудын ард байлаа.
Цуглааны байранд ирээд надад тусалсан мөнөөх хүн тойргийн бишоп бөгөөд цуглаан нь 10:30-аас эхэлдэг болохыг мэдэв. Би цагаасаа өмнө ирсэн байлаа.
Мацаг барилт болон гэрчлэлийн цуглаанд би гэрчлэлээ хуваалцмаар санагдлаа. Сүмийг олж ирэх замыг Их Эзэн хэрхэн хангаж өгсөн тухай намайг гэрчлэлээ хэлэхэд нэг номлогч миний үгийг англиас испани хэлэнд орчуулж өглөө. Дараа нь бишоп гэрчлэлээ хуваалцахдаа тэр өглөө машинаа хол тавьсан болохоор ердийнхөөсөө арай хожигдож ирснээ тайлбарлав. Бишоп намайг хараад Сүмийн гишүүн байх гэж бодсон учир надад туслахаар зогссон аж. Тэгээд тэр сүнслэг байдлын хувьд алдагдсан гишүүдийн тухай яриад, Сүмдээ эргэж ирэхэд нь бид тэдэнд туслах ёстой гэв.
Он жилүүд өнгөрөх тусам Севиллын тухай миний дурсамж бүдгэрсэн ч сүмийг хэрхэн олсон нь санаанаас гардаггүй юм. Тэрхүү дурсамж бол биднийг хайрладаг Тэнгэр дэх Эцэгийн агуу хайрыг хийгээд хэрэв бүх юмс “[миний] сайны төлөө хамтдаа ажиллахыг” (Ром 8:28) би эрэлхийлэх юм бол Түүний мутар миний амьдралд харагдах болно гэдгийг надад гэрчилсэн юм.