2011
Ребека Свейн Виллямс: ‘Хичээнгүй мөн гуйвшгүй’
2011 оны дөрөвдүгээр сар


Ребека Свейн Виллямс: ТУУШТАЙ бөгөөд гуйвшгүй

Гэрийнхэн нь Сүмд дайсагнан ханддаг байсан ч анхны энэ хөрвөгч Их Эзэний ажилд итгэлтэй, чин үнэнч хэвээр үлдсэн юм.

1834 оны 6-р сард эцэг нь өвлөх эрхийг нь хассан, нэгэн залуу эх Сэргээлтийн тухай итгэл үнэмшлээ хуваалцсан зоримог бөгөөд сэтгэл догдлом захидал бичжээ. Ребека Свейн аавынхаа бодол санааг өөрчилж чадах магадлал бага гэдгийг мэдэж байсан ч, ирээдүйн үр дагавруудыг нь үл хайхран бат бөх итгэлтэй хэвээр үлдсэн ажээ. Мормоны Ном болон Сүм нь Бошиглогч Иосеф Смитийн тунхагласан шиг үнэн гэдгийг, мөн “Ариун Тэнгэр элч тэнгэрээс бууж ирэн, ялтсуудыг [авчирч], тэдний нүдний өмнө [тавьсныг] харсныг Гурван Гэрч олон хүн оролцсон хурал дээр тунхагласныг” тэрээр сонссон гэдгээ эцэг Айзиктаа хэлжээ.1

Ребекагийн гэрчлэл зөвхөн хүчтэйгээрээ төдийгүй бас гуйвшгүй хийгээд шантаршгүй хүсэл зоригийг илэрхийлснээрээ сэтгэл догдлом юм. Аав нь түүнийг эсэргүүцэж, нөхөр Фредерик Ж.Виллямс нь нэг хэсэг Сүмд сэтгэл дундуур байсан ч Ребека итгэлээрээ хэзээ ч гуйвж байсангүй. Гуйвшгүй итгэлтэй, шантаршгүй зоригтой Ребека, өнөөдөр амьдралын хүнд сорилт бэрхшээлүүдтэй тулгарсан үед, тэр ч байтугай бидний ойр дотны хүмүүс бидний итгэл бишрэлийг эсэргүүцэж, үл ойшоосон үед бид хэрхэн бат бөх, гуйвшгүй байх талаар бидэнд үлгэр жишээ болж байна.

Сүмд хөрвөсөн нь

1798 онд АНУ-ын Пеннсильванид төрсөн Ребека Свейн 10 хүүхдийн отгон нь байжээ.2 Түүнийг ес орчим настай байхад гэр бүл нь Нэгдсэн Улс, Канад хоёрын хилийн ойролцоох Найгарад шилжин ирэв. Тэд Найгара цайзад ойрхон байсан болохоор 1812 оны Дайны үед цайзыг довтолж байсан буун дуу тэдэнд сонсогддог байжээ. Тэгэхэд бяцхан охин Ребека айхыг мэддэггүй зоригтойгоо харуулсан аж. Нэг удаа ганцаараа ойд явж байгаад зам дээр баавгайтай халз тулгарчээ. Тэр барьж явсан нарны шүхрээ баавгайн нүүрний өмнө хэдэн удаа дэлгэж, хумихад баавгай зугтсан гэдэг.3

Ребека 17-той байхдаа Детройтод амьдардаг эгчтэйгээ уулзахаар Онтарио нуурыг гатлан аялав. Тэр уг аяллын үеэр хар нүдтэй, өндөр нуруутай, усан онгоцны жолооч Фредерик Гранжер Виллямстай танилцсан аж. Тэдний байнгын уулзалт хайр болон хувирч тэр хоёр 1815 оны сүүлчээр гэрлэв. Виллямсынхан 1828 оны орчим Көртландад бүрмөсөн суурьшихын өмнө АНУ-ын Баруун Огайогийн их дархан цаазтай газрын ойролцоо шилжин иржээ. Нөхөр нь анагаах ухааны мэргэжилтэй болохоор шийдэж, ур чадвараараа нэлээд нэрд гарахад Ребека ажил төрөлд нь тусалж сурчээ. Тэд дөрвөн хүүхэдтэй болов.

1830 оны намар Көртландад анхны Мормон номлогчид ирэв. Ребека тэднийг анхааралтай сонсож, номлогчдын бүх хурал цуглаануудад оролцохдоо хүүхдүүдээ дагуулж ирдэг байв. Боломж олдох бүрийд Фредерикийн эмнэлгийн ажилд оролцдог байв. Тэр хоёр сайн мэдээг хамт судалж, ярилцан, суралцдаг байсан ч Фредерик төдий л тууштай байсангүй. Харин Ребека сайн мэдээ үнэн гэдэгт бат итгэсэн байлаа.

Гэр бүлийн намтар бичигч нэгэн хожим нь Ребекаг Едений Цэцэрлэгт Еватай адилхан хүн байсныг дүрслэн: тэр бол “сайн мэдээнд бүрэн дүүрэн нөхөрлөхөд хөл тавих “зайлшгүй шаардлагатайг хамгийн түрүүнд харсан хүн” байлаа хэмээн бичжээ.4 Тэр 1830 оны 10-р сард баптисм хүртэв.

Фредерик мөн л тодорхой биш хэвээр байв. Тэр заримдаа Сүмийг орхихыг хүсдэг байсан ч эцэст нь, тэрхүү ариун судрын шинэ ном: Мормоны Номонд сэтгэл татагдахгүй байж чадсангүй. Сүнс түүнтэй ажилласнаар тэрээр сайн мэдээ үнэнийг мэдэж, баптисм хүртэн, Ребекагийн үлгэр дууриалыг дагажээ.

Онцгой үйлчлэл

Сүм Фредерик, Ребека хоёрын амьдралд гол суурийг эзэлснээр гэр бүлд нь үзүүлэх нөлөө нь тэр даруй харагдсан байна. Фредерик баптисм хүртэж, гишүүн болсон даруйдаа ахлагчаар томилогдов. Ердөө маргааш нь тэр Оливер Каудеритай хамт хэдэн долоо хоног номлолд үйлчлэх даалгаврыг урамтайгаар хүлээн авчээ. Тэд гурван долоо хоног номлол хийх ёстой байсан ч тэр нь Миссури уруу хийсэн 10 сарын аялал болсон гэдэг. Тэрээр удаан хугацаанд гэрээсээ хол явсан нь Ребекагийн хувьд анхных нь байлаа. Цаашид ийм явдал олон удаа тохиожээ. Фредерик номлолын ажилд идэвхтэй оролцдог байсан болон Тэргүүн Зөвлөлд дуудагдаж ажлаар байнга гадагшаа явдаг байлаа. Ребека анхны Мормон эмэгтэйчүүдийн адил олон сараар гэр орноо авч яван, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг байв.

Ребека хэчнээн их ажилтай байсан ч итгэлтэй хэвээр байж, хүсэл эрмэлзэлтэйгээр үйлчилдэг байлаа. Смитийнхэн Көртландад анх шилжиж ирэхдээ Бошиглогч Иосеф Смит гэр бүлийнхээ хамт Виллямынд хэсэг хугацаагаар амьдарч байжээ. Ребека Бошиглогч болон түүний гэр бүлд хүнд үед нь анхаарал тавин тусалж, тэдэнд үнэнчээ харуулсан юм. Нэг удаа танхайрагч бүлэг Иосефыг хайж ирэн тэдний гэрийг бүслэхэд, Ребека Иосефт өөрийнхөө бүчтэй малгай, хувцсыг өмсгөн дүрийг нь хувиргаж нуужээ. Иосеф байшингаас гарч бужигнасан олны дундуур эсэн мэнд гарч явсан гэдэг.

1832 оны 3-р сард танхайрагч бүлэг Огайогийн Хайрам дахь Жон Жонсоны ферм уруу дайран орж ирж, Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт бүдүүлгээр халдахад Ребека Бошиглогчид дахин үнэлж баршгүй тусалсан байна. Танхайрагч бүлэг Сиднейг ухаан алдтал зодсоны дараа Иосефын ам уруу хор цутгахыг оролдож, Бошиглогчийн биед давирхай асгаж, өд наасан ажээ. Эмма Смит нөхрөө хараад давирхайг нь цус гэж бодон ухаан алдсан гэдэг.5 Ребека, Фредерик хоёр шөнөжингөө Иосефын шалбарсан биеэс давирхайг салгаж, Смитийн хүүхдүүдэд анхаарал, халамж тавьсан ажээ. Тэдний ачаар Иосеф маргааш өглөө нь номлох хүч чадлыг олсон байлаа.

Сайн мэдээг итгэл үнэмшилтэйгээр хуваалцсан нь

Ребекагийн өдрийн бодол, шөнийн зүүд болсон нэг найдвар нь өөрийнх нь гэр бүл, ялангуяа аав нь сэргээгдсэн сайн мэдээг болон итгэлийн агуу адислалуудыг хүлээн аваасай гэсэн хүсэл байлаа. Тэрээр Лихайн адил Бурханы хайрыг мэдэрч, түүнийг ойр дотны хүмүүстэйгээ хуваалцахыг хүсдэг байлаа (1 Нифай 8:12-ыг үз). Ребека хөрвөлтийн болон гэрчлэлийнхээ тухай, Сүмийн гишүүн болсноор өөрт нь ирсэн агуу баяр баясгалангийн тухай сэтгэл догдлом захидлыг гэрийнхэндээ бичжээ.

Гэвч Ребекагийн хөрвөлт аавыг нь хилэгнүүлсэн аж. Аав нь хэдхэн үгтэй хариундаа түүнийг Сүмээс гарахыг шаардсан байв. Гэвч энэ нь Ребекад огтхон ч нөлөөлсөнгүй. Гэр бүлийн нэгэн түүхчийн бичсэнээр, “Мормоны сургаал үнэн гэдэгт итгэх түүний итгэл үнэмшил, гэрчлэл урьд өмнөхөөсөө улам бат бөх боллоо” хэмээн тэрээр хариулсан ажээ.6 Харамсалтай нь энэ захидал түүний хүсэн хүлээсэн үр дүнд хүргээгүй аж. Аав нь, хэрэв түүнийг Сүмийг орхихгүй бол охиноо гэж үзэхээ больж, түүнээс бүх харилцаагаа таслах болно гэж сүрдүүлжээ.

Гэвч Ребека бууж өгсөнгүй, сайн мэдээг хуваалцах хүч чармайлтаа үргэлжлүүлсээр байв. 1934 онд тэр аавдаа өөр нэг захидал бичсэн нь өдий хүртэл хадгалагдаж үлдсэн бөгөөд тэр захидалдаа гүн итгэл бишрэлээ болон аав нь Мормончуудын юуг нь ч хүлээн зөвшөөрөхөөс татгалздагт нь сэтгэл эмзэглэдгээ илэрхийлсэн аж.

Аав нь Сүмийг, ялангуяа Мормоны Номыг болон Гурван Гэрчийн гэрчлэлийг дайран давшилсан сонины өгүүллүүдийг уншсан байжээ. Иймээс Ребекаг итгэл бишрэлээ орхи хэмээн ятгахыг тэр хичээдэг байжээ.

“Мормоны Номын талаар таны бодол санаа ийм ихээр мушгин гуйвуулагдсаныг сонсоод миний сэтгэл эмзэглэлээ” хэмээн тэр бичжээ. Ребека Мормоны Номын судраас болон Иосеф Смитийн шинэ илчлэлтүүдээс эш татан Мормоны номын тухай гэрчлэлээ хуваалцсан аж. Мөн энэ номыг гэрчлэх гурван гэрчийг сонгон авах болно гэдгийг уг номонд бошиглосныг тэр бас тайлбарлажээ. Тэрээр үүний нотолгоо болгон, “гурван гэрчийн амаар” энэ ном үнэн нь “нотлогдох болно” (Ифер 5:4) хэмээн хэлсэн эртний бошиглогч Иферээс эш татсан аж.7

Тэгээд Ребека Гурван Гэрч—Давид Витмер, Мартин Харрис, Оливер Каудери нарыг өөрийн нүдээр харсныг, мөн тэд тэнгэр элчийг болон алтан ялтсуудыг харснаа гэрчлэхийг нь сонссоноо дүрсэлжээ. Тэр тэдний гэрчлэл болон зан төлөвийг хамгаалаад дараа нь уг ажлыг анхааралтай судалж үзэхийг ааваасаа шаргуу хүссэн аж. Иймээс тэрээр, “хэрэв ээж та хоёр энэ ажлын талаарх бидний байр суурь, нөхцөл байдлыг мэдэхийг хүсч байгаа бол, үүнд итгэхийг би та хоёроос хичээнгүйлэн гуйж байна” гэж аавдаа бичжээ.8

Ребека Мормоны Номын төгсгөл дэх Моронайн амлалтыг давтан, “тэрээр [тэдний] оюун ухааныг үнэний замаар гэгээрүүлж өгөхийг” Бурханаас асуухыг гэр бүлээсээ гуйсан байна. Тэгээд тэрээр эцэг эхдээ туслахын тулд “Сайн мэдээг Есүст байгаа чигээр нь заах чадвартай” нэг номлогчийг тэдэн уруу явуулахаар төлөвлөсөн аж.9 Эцэстээ аав нь энэ талаар ямар ч хариу ирүүлсэнгүй.

Тэр ч байтугай онцгой ойр дотно байдаг ах Жондоо бичсэн Ребекагийн захидлуудыг задалж үзэлгүйгээр буцаадаг байв. Тийнхүү буцаасан захидлуудын нэгнийх нь ар талд, “Аав намайг чиний захидлуудыг унших буюу хариу бичихийг хориглосон юм. Баяртай. Бурхан чамайг үргэлж адислаг. Жон ах чинь” гэж бичсэн байжээ.10

Гэвч Ребекагийн номлолын хүч чармайлт эгч Сара Свейн Кларкийн хувьд амжилт олжээ. Сара 1832 онд Мичиганд Сүмд нэгдсэн аж. Сарагийн охид бас сүмд элсэж, насан туршдаа итгэлтэй байжээ.

Эцсийг хүртэл итгэлтэй байсан нь

Аавынхаа сонголтын улмаас Ребекагийн зүрх шархиран өвддөг байсан ч тэр аавдаа хайртай хэвээр үлдсэн юм. “Би эцгийнхээ мах цусны тасархай учраас зүрх сэтгэлдээ уйлан гашууддаг. … Их Эзэн таныг эцсийн өдөр Ариун Сүнсээрээ тайтгаруулахыг төлөө тэдгээр өдрүүд таны хамгийн сайхан өдрүүд байхын төлөө би залбирдаг. … Оюун ухаан тань энэ ажлыг хүлээн зөвшөөрөх болно гэдэгт би найдна. Их Эзэн биднийг харж байгаа гэдгийг мэддэгтээ бат итгэлтэй байгтун.”11

Ребека зөвхөн эцгийнхээ итгэлгүй байдалтай тэмцэх төдийгүй нөхрийнхөө итгэл тууштай биш байснаас үүдэлтэй асуудлуудыг даван туулах хэрэгтэй байлаа. 1837, 1838 оны турш тэр үед Тэргүүн Зөвлөлийн гишүүн асан, нөхөр Фредерик нь Сүмийн удирдагчидтай удаа дараа санал зөрөлдөж байв. Тэр ч байтугай тэр нэг үе Сүмийг орхиж, улмаар гишүүнчлэлээс хасагджээ. Гэвч Фредерик удалгүй өөрийгөө даруусган, Сүмд дахин нэгдсэн бөгөөд нас барахдаа бүрэн идэвхтэй байлаа. Тэр үе дэх Ребекагийн бодол санааны талаар бидэнд ямар нэг баримт байдаггүй. Гэвч тэр Гэгээнтнүүдэд тууштай үнэнч итгэлтэй хэвээр үлдсэндээ харамсаагүй юм.

Фредерикийн санал зөрөлдөөний талаарх цуу үг Нью-Йоркод байсан Ребекагийн аав Айзикт хүрэхэд тэрээр Ребека бас шүтлэг бишрэлээ орхих болов уу гэж бодсон аж. Гэвч Ребека итгэлдээ үнэнч хэвээр үлдэнэ гэдгийг харуулсан захидлыг аавдаа явуулжээ. Айзик охиныхоо хариуг уншаад, толгойгоо удаан сэгсэрч, “наманчилсан ганц ч үг байдаггүй шүү” гэсэн гэдэг.12

Ребека Иосеф Смитийг болон сэргээгдсэн Сүмийг тууштай хамгаалдаг байлаа. Ребека эцгийнхээ үгийг дагалгүйгээр Сүмийг сонгосны улмаас олон золиослолтой тулгарсан ч түүнийг үргэлж хүндэтгэдэг байв. Аавынхаа заасан зүйлийг тэр өндөр үнэлж, хайр, талархлаа түүнд илэрхийлдэг байлаа. Тэрээр 1834 онд бичсэн захидлаа “хайрт ааваасаа хүлээн авдаг байсан зааврыг … үүрд санаж явах” болно гэсэн үгсээс өөр юу ч бичээгүй төгсгөжээ.13

1839 онд Ребекагийн аав нас барав. Яг гурван жилийн дараа тэр эр нөхрөө алдав. Ребека сэтгэл эмзэглүүлэм хүнд сорилтуудыг даван туулж, итгэл, зоригоор эцсийг хүртэл тэвчсэн юм. Гэгээнтнүүд Ютаг зорин өрнөд уруу хүнд аян хийсэн үед тэрээр хүү Эзрагийнхаа гэр бүлтэй хамт өөрийнхөө морин тэргийг жолоодож явсан ажээ. Хожим нь тэрээр Милл Грийк дэх фермийг хариуцан ажиллуулж байв. Солт Лейкийн Табернекл баригдаж дуусч, Гэгээнтнүүдээс юу чадахаа хандивлахыг хүсэхэд тэр иж бүрдэл мөнгөн халбагануудаа ариун ёслолын ширээнд зориулан тосгуур хийхэд ашигла гэж өгчээ. 1860 онд Ерөнхийлөгч Бригам Янг түүний гэр бүлийг Ютагийн алслагдсан Кач Валлид суурьшуулахаар дуудахад бие нь их муу байсан ч, тэр морин тэргээ дахин жолоодон дуртайгаар шилжин суурьшжээ.

Ребека 1861 оны 9-р сарын 25-нд Ютагийн Смитфиелдэд нас барав. Тэрээр итгэлдээ, үнэний мэдлэгтээ, биеэр үзэж туулсан бүхэндээ чин үнэнч байлаа. Тэрээр “хичээнгүй мөн гуйвшгүй” (Moзая 5:15) хэвээр үлдсэн юм.

Эшлэл

  1. Ребека Свейн Виллямаас Айзик Фишер Свейнд, 1834 оны 6-р сарын 4, Сүмийн түүхийн номын сан, Солт Лейк хот.

  2. Намтрын мэдээллийг дараах өгүүллүүдээс авчээ, Meet Dr. Frederick Granger Williams … and His Wife Rebecca Swain Williams: Read Their True Story in the First Introduction—after 100 Years (1951); and Frederick G. Williams, “Frederick Granger Williams of the First Presidency of the Church,” BYU Studies, боть 12, no. 3 (1972): 243–261.

  3. Виллямс, Meet Dr. Frederick Granger Williams, 5.

  4. Виллямс, Meet Dr. Frederick Granger Williams, 55.

  5. History of the Church, 1:263.

  6. Виллямс, Meet Dr. Frederick Granger Williams, 63.

  7. Ребека Виллямсын 1834 оны 6-р сарын 4-ний өдрийн захидлыг үз.

  8. Ребека Виллямсын захидал, 1834 оны 6-р сарын 4.

  9. Ребека Виллямсын захидал, 1834 оны 6-р сарын 4.

  10. Виллямс, Meet Dr. Frederick Granger Williams, 63.

  11. Ребека Виллямсын захидал, 1834 оны 6-р сарын 4.

  12. Жорж Свейний захидал, 1839 оны 3-р сарын 17, машиндсан хувь, Сүмийн түүхийн номын сан, Солт Лейк Хот

  13. Ребека Виллямсын захидал, 1834 оны 6-р сарын 4

Зураг чимэглэлийг Ричард Халл