Маршаллын арлууд уруу далайгаар зөв замаар хөвдөг байсан нь
Хад чулуутай, амьдралын гүехэн усан дундуур аялах үед тэнгэр дэх гэр орондоо буцаж очиход минь бидэнд туслах итгэлтэй гишүүдийн удирдамжаас бид ашиг тусыг олдог.
Эрт үед далайчид тэнгис, далайгаар аялахдаа нар, сар, оддын байршлаар баримжаалан хөвдөг байжээ. Тэд шөнө болоход Алтан гадас одыг нүд салгахгүй хардаг байж. Энэ одны байршил өөрчлөгддөггүй нь далайчдад тэнгэр дэх зангуу болж, хүрэх газар уруугаа зөв замаар хөвөхөд тусалдаг байсан аж.
Номхон далайн Маршаллын арлуудад далайчид өөр нэг арга техникийг нээж олсон гэдэг. Тэнд далайн арлууд болон шүрэн арлуудын хооронд байнга давалгаа нэг янзын хэлбэртэй байдгийг мэджээ. Туршлагатай далайчин нэг арал буюу шүрэн арлаас нөгөө арал уруу ар араасаа гудамлан хөврөх далайн өндөр, нам давалгаануудыг даган хэдэн зуун километр аялж чаддаг байсан гэнэ. Далайн өндөр, нам давалгаа хаана байгааг болон хаашаа явж байгаагаа мэддэг хүмүүс бусад аялагчдыг хүрэх газар уруу нь аюулгүй удирдаж чаддаг байв.
Сүмийн гишүүд бидний хувьд Есүс Христ бол жинхэнэ гэрэл нь биднийг удирддаг бидний төгс үлгэр жишээ мөн. Түүний хуулиуд болон ёслолууд нь биднийг тэнгэр дэх гэр орон уруу маань дээрх далайн давалгаа лугаа адил аюулгүй удирдаж чадна. Бидэнд үйлчилж, дэмжлэг үзүүлдэг Далайгаар Хөвөгч Эзэний үүргийг гүйцэтгэдэг хүмүүс байдаг. Дараах болсон явдлуудад Маршаллын гурван гишүүн хад чулуутай, гүехэн ус болон амьдралын шуурган дундуур Христ уруу удирдан бусад хүнд хэрхэн тусалсан тухайгаа хуваалцаж байна.
Зөв шударга эмэгтэйн нөлөө
Хиробо Обекетанг буйдандаа буцаж суугаад инээмсэглэв. Дөнгөж сая эхнэр Линда нь дөрвөн хүүхэд, номлогч эгч нартай хамт гэр бүлийн үдшээ хийгээд дуусчээ. Тэд Маршаллын арлуудын нийслэл Махурогийн хүмүүсийн заншлаар загасыг нүд, сүүлтэй нь шаран хоол хийж номлогчдыг дайлжээ. Хиробо амьдралынхаа тухай өгүүлэхдээ Сүмд, сайн мэдээнд болон гэр бүлдээ, ялангуяа гэргийдээ хэчнээн их баярлан талархаж явдгаа илэрхийллээ.
2009 оны зургадугаар сарын нэгэн өдөр Маршаллын арлуудын Махуро гадас байгуулагдахад Хиробо гадасны анхны гүйцэтгэх нарийн бичгийн даргаар дуудагджээ. Хиробо бол гадасны шинэ ерөнхийлөгч Арлингтон Тибоны дүрсэлснээр тус арлын “туйлын бат бөх итгэлтэй удирдагчдын” нэг юм.
Гэвч Хиробо саяхныг хүртэл тийм итгэлтэй байгаагүйгээ өөрөө хэллээ. Хэрэг дээрээ бол амьдралд нь гарсан өөрчлөлтийг тэрээр бат бөх итгэлтэй эхнэрийнхээ ач гавьяа хэмээн үздэг ажээ. Тэрээр, “Би наймтайдаа баптисм хүртсэн ч 16-тайдаа идэвх султай болсон” гэв.
Хэдэн жилийн дараа Линда тэр хоёр хамт амьдардаг болсон ч гэрлээгүй байлаа. Линда Сүмийн гишүүн биш байв. 2000 онд Линда Хиробог хүүхэд байхдаа баптисм хүртсэнийг олж мэдээд удалгүй Сүмийг сонирхож, номлогч эгч нартай уулздаг болов.
“Тэр сайн мэдээг хоёр жил судалсны дараа баптисм хийлгэхээр шийдсэн юм” хэмээн Хиробо өгүүлэв. “Бид хоёр эхлээд гэрлэх ёстой байсан ч би гэрлэхийг сонирхдоггүй байлаа. Би төөрөлдөж, дэлхийн уруу таталтуудад үнэхээр автагдсан байлаа. Би гэр бүлийн ач холбогдлыг ойлгодоггүй, өөр хэн нэгэнд анхаарал халамж тавьдаггүй, бас хэнийг ч сонсдоггүй байлаа.”
Линда баптисм хүртээгүй ч хүүхдүүдээ Сүмд өсгөн хүмүүжүүлсэн юм. Линда баптисм хүртэхийн тулд гэр бүл болъё гэж Хиробог жил бүр гуйдаг байсан ч тэр тухай бүр нь үгүй гэдэг байсан гэнэ. Хэдэн жил өнгөрөхөд охидоос хоёр нь баптисм хүртсэн ч Хиробо тэдний баптисм дээр очоогүй аж.
2006 онд тэдний найман настай хүү Такао цочмог халууран татаж нас барав. Махуро дүүргийн 300 орчим гишүүн энэ гэр бүлийн гашуудлыг хуваалцахаар хүүгийнх нь оршуулганд иржээ.
“Тэдний сэтгэл санааны дэмжлэг надад үнэхээр том зүйл байлаа.” “Бурхан надад ямар нэг зүйлийг хэлэх шиг санагдаж билээ” гэж Хиробо хэлэв.
Тэр өөрөө Сүмийн гишүүн ч, эхнэр нь яагаад баптисм хүртэж чадахгүй байгаагийн шалтгааны талаар бодож эхэлжээ. Түүний итгэл улам бэхжсээр байлаа. Эхнэр минь үнэхээр надад сүнслэг нөлөө үзүүлдэг байсан” гэж тэр ярив.
“Иймээс би суугаад амьдралынхаа өнгөрсөн замналыг эргээд нэг бодож үзэв. ‘Би ер нь зөв юм хийж байна уу? Амьдралынхаа үлдсэн хугацаанд Бурханы төлөө ажиллах боломж надад байна уу? хэмээн өөрөөсөө асуулаа. Би залбирч, Сүмд эргэж очин Бурханы төлөө ажиллах тухай боддог боллоо.”
Хиробо номлогчидтой хамт сайн мэдээг судалж, сургаалаас дахин суралцаж эхлэв. Маршаллын арлуудын Махуро Номлолын ерөнхийлөгч Нелсон Блик болон бусад гишүүн, түүний дотор дүүргийн ерөнхийлөгч Арлингтон Тибоны адилаар түүнтэй найз нөхөд болжээ. Эцэстээ, Хиробо сүмдээ буцаж очихоор шийдсэн аж. Тэр удалгүй зөвхөн ариун ёслолын цуглаанд төдийгүй Ням гарагийн хичээл, санваартны цуглаанд оролцдог боллоо. Эцэст нь Хиробо шийдвэрээ гаргав.
“Би сүмдээ эргэж ирээд, ‘Энэ бол миний шийдвэр” гэж өөртөө хэлсэн.’ Энэ шийдвэр миний амьдралыг бүрмөсөн өөрчилсөн юм.”
Хиробо Линда хоёр 2008 оны наймдугаар сарын 30-нд гэрлэв. Тэр удалгүй Аароны санваар авч, эхнэртээ баптисм хүртээжээ. Хиробо хоёр сарын дараа Мелкизедек санваар авч, дүүргийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар дуудагдав.
Хиробо эхнэрээ хараад инээмсэглэв. “Намайг өөрт нь баптисм хүртээнэ гэж эхнэр маань огт бодоогүй шүү” гэж хэллээ. “Тэр баптисм хийлгэхийн тулд 2000 оноос 2008 он хүртэл бүтэн найман жил хүлээснийг бод л доо. Миний хань гайхамшигтай хүн дээ.”
Зөв шударга эцгийн үлгэр жишээ
Зарим үед бидний хөтөч далайчин лугаа адил бидэнтэй нягт хамтран ажиллаж, амьдралаа өнгөтэй өөдтэй авч явахын тулд юу мэдэх хэрэгтэйг бидэнд заадаг. Далайчин олон тохиолдолд бидний дагах ёстой үлгэр дууриалыг үзүүлснээр энэ үүргээ биелүүлдэг. Ийм үлгэр дууриалын нэг жишээ нь Патрици Хориучигийн аав Франк юм.
Франк номлогчидтой уулзсаны дараа тэднийг хоолонд тогтмол урьдаг болж, удалгүй хичээл авч эхэлжээ. Гэвч гэрийнхнээс нь өөр хэн ч Сүмийг сонирхсонгүй. “Номлогчид ирэхийг хараад би дүү нарынхаа хамт бүгдээрээ гадагшаа гараад явчихдаг байсан” гэж Патрици хэллээ.
Тэгээд 2007 оны 7-р сард номлолын ерөнхийлөгч Нелсон Блик Франкад баптисм хүртээв. Энэ бол Патрици болон түүний дүү нарт шийдвэрлэгч үйл явдал болсон гэнэ.
“Аав минь өөрчлөгдсөнийг би харсан” гэж тэр хэллээ. Сайн мэдээ аавын зүрх сэтгэлд нөлөөлсөн юм чинь миний зүрх сэтгэлд нөлөөлж, амьдралыг минь өөрчилж чадна” гэдгийг би мэдэж байлаа. “Иймээс би сайн мэдээг номлогч эгч нартай хамт судлахаар шийдэхэд тэд намайг Мормоны Ном, Библи хоёрыг унш гэв. Түүнээс өмнө би эрэгтэй дүүтэйгээ сүрхий муудалцаад, түүнийг уучилж чаддаггүй байлаа. Тэгтэл хэрэв чи бусдыг уучилбал Бурхан чамайг уучилна гэдгийг би судруудаас уншлаа.” (3 Нифай 13:14–15-ыг үз.)
Амьдралаа цэвэр ариун болгож өөрчлөн, амар амгалан байхын тулд дүүгээ уучлах ёстойг Патрици ойлгосон аж. Тэгээд дүүгээ уучилжээ.
“Муу зангаа орхиж, зарлигуудыг сахьдаг шинэ хүн болсондоо сэтгэл хэчнээн догдолсон гээч. Үнэн Сүмийн гишүүн болохын тулд баптисм хүртэх ёстойгоо би ойлгосон” гэж тэр ярилаа. “Сүм намайг зөв зам дээр гаргаж, муу нөлөөнөөс тусгаарласан юм. Эцэг эхээ хүндлэхийг, сургуульдаа явахыг, зөв зам дээрээ үргэлж байхыг Сүм надад заасан.
Зөв шударга эр хүний нөлөө
Лидия Каминага, Хиробо Обекетанг шиг Сүмд төрсөн ч, өсвөр насандаа идэвх султай болсон гэнэ. Гэвч сүмд эргэж ирсэн түүний түүх нэн өвөрмөц юм.
Лидия, түүний нөхөр Каминага Каминага хоёул Сүмд өссөн аж. “Би Сүмийн сургаалуудад хэзээ ч, ямар нэг байдлаар эргэлзэж байгаагүй, тэдгээрт үргэлж итгэдэг байсан” гэж Каминага хэллээ.
Харин Лидиягийн хувьд амьдрал өөрөөр эргэсэн ажээ. Тэр долдугаар ангид байхдаа, “Би сургуульдаа цорын ганц Мормон байсан болохоор ганцаархнаа шоовдорлогдсон юм шиг санагддаг” гэж ярьдаг байжээ. Найз нарынхаа хийдэг бүхнийг би хийдэг байсан. Миний эрхэмлэдэг юмс буруу байлаа.”
Лидиягийн эцэг эх нь түүнийг АНУ-ын Ютагийн Прово уруу гэр бүлтэйгээ хамт байлгахаар явуулахдаа тэд түүнд сайн мэдээгээр амьдрахад нь сүнслэг нөлөө үзүүлж магадгүй гэж боджээ. Лидия хожим амьдралд нь тусалсан зүйлсийг сурч мэдсэн ч тэр үедээ Сүмийг сонирхдоггүй байв.
Каминага Японд номлолд үйлчлэн эргэж ирээд ганцхан сар болж байхад Лидия 2002 оны 1-р сард Маршаллын арлуудад буцаж ирэв. Үүний дараахан тэр хоёр танилцжээ. Лидия Сүмийн жишгүүдээр амьдардаггүй байсан ч Каминага, Лидиягийн байшинд амьдардаг түүний ач дүү Гари Закиостой уулзахаар ирж байгаа юм шиг дүр үзүүлэн тэнд байнга очдог байлаа.
Сүүлдээ Каминага Лидиятай зохистой, үйл ажиллагаануудад явж, түүнтэй болзох хүсэлтэй байгаа тухайгаа эцэг эхтэй нь ярилцья гэж шийджээ. Тэд эхлээд үүнийг хэрэггүй гэж түүнд ятгах гэж оролдсон ч, Каминага ‘Энэ нь түүнд өөрчлөгдөх боломж олгоно шүү дээ’ гэж “хэлжээ. Намайг ингэж хэлэхэд өрөөн дэх уур амьсгал бүхэлдээ өөрчлөгдөж билээ. Аав нь уйлж, ‘Би түүнийг Сүмдээ эргэж очоосой гэж өдрийн бодол, шөнийн зүүд болдог хүн.’ Та оролдоод үз’” гэжээ.
Лидия эхлээд Каминагаг нэг их тоосонгүй. Тэр цэвэрхэн хувцасласан нямбай, буцаж ирсэн номлогч байлаа. Харин Лидия идэвхгүй гишүүн байв.
“Гэвч миний хараагүй зүйлийг тэр харсан юм” гэж Лидия тайлбарлав. Лидия өөр хэн нэгэнтэй болздоггүй байсан болохоор түүнтэй хамт гадагшаа явахыг зөвшөөрөв. “Тэр намайг сүмд буцааж авчирсан юм. Түүний найз болсноор би жишгүүдээ сахих хэрэгтэй болсон. Баптисмаар хийсэн гэрээнүүдийг минь тэр надад сануулав. Судар унших, гэр бүлийн үдэш хийх зэрэг миний орхисон олон зүйлийг тэр надад эргэн сануулсан. Каминага бид хоёр хамтран үйлчлэлийн төслүүдийг хэрэгжүүлдэг байлаа. Бид Мормоны Номыг уншиж, галын дэргэдэх ярилцлагуудад очдог байлаа. Амьдралаа хэрхэн өөрчлөхийг тэр надад харуулсан юм. Сүмд явах нь зөвхөн ариун ёслолд төдийгүй бас Ням гарагийн хичээл, Нийгмийн Халамжийн Бүлгийн цуглаануудад оролцох явдал мөн.”
Тэд цэвэр ариун, сэтгэл санаа өргөсөн үйл ажиллагаануудад хамт цагийг өнгөрүүлэхийн хэрээр Лидиягийн амьдрал өөрчлөгдөж, гэрчлэл нь өсөн хөгжиж байлаа. Гэвч зарим нэг нүглийг шийдвэрлэх хэрэгтэй байлаа.
“Сүмд буцаж ирэх нь амаргүй байсан шүү” гэж тэр хэллээ. “Наманчлал амар байсангүй, гэвч надад наманчлалын хүчирхэг гэрчлэл үнэхээр байсан. Бид хоёрын болзоо олон талаар бие биеэ илүү сайн танин мэдэх, намайг сүмд эргүүлж авчрах болон юмсыг өөрөөр харах боломж олгосон юм.”
“Үүний үр дүнд бид хоёр ойр дотно харилцаатай болсон” гэж Каминага нэмж хэллээ.
Лидия, Каминага хоёр 2002 оны 11-р сарын 28-нд гэрлэжээ. Жилийн дараа тэр хоёр Хавайн Лайе Ариун сүмд гэрлэж, Хавайн Бригам Янгийн Их Сургуульд элсэн оржээ. Одоо тэд Маршаллын арлуудад гурван хүүхэдтэйгээ амьдарч байна. Лидия тойргийнхоо Ням гарагийн хичээлийн залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийн багшаар, Каминага Залуу Эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр тус тус үйлчилж байна.
Бид шаргуу тэвчээр хатуужлыг өөрсдөдөө хөгжүүлж, Их Эзэний адислалуудыг эрэлхийлэх юм бол олон зүйл боломжтой болдгийг Хиробо, Патрици, Лидия нар гэрчилж байна. Аврагчийг дагаж, Ариун Сүнсний өдөөлтүүдийг сонсдог хүмүүс, аялагчдыг гэр уруу нь удирддаг байсан эртний далайчин шиг, өөр хүний амьдралд өөрчлөлт гаргаж чадна.