Айлчлагч багшийн захиас бичиг
Нийгмийн Халамжийн Бүлгийн зорилго
Энэ материалыг залбиран судалж, гэрт нь очиж заадаг эгч нарт аль болох ойлгомжтойгоор харилцан ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд чинь идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.
Манай ерөнхийлөгчийн зөвлөл анх дуудагдахад Нийгмийн Халамжийн Бүлгийн түүхийн тухай зарим лавлах материалуудыг бидэнд өгч билээ. Бид эдгээр материалыг залбирч судлахдаа Нийгмийн Xаламжийн бүлгийн зорилго болон бидний үйлчлэлийн үед Их Эзэн биднээс юу хүсэн хүлээдгийг мэдэхийг хүссэн юм. Бид уг түүхийг анхааралтай судалснаар, Их Эзэний үндэслэн байгуулсан Нийгмийн Халамжийн Бүлгийн зорилго нь Түүний охидыг мөнх амьдралын адислалуудад бэлтгэхэд нь зохион байгуулах, заах, сүнслэгээр нөлөөлөх явдал мөн.
Их Эзэн, Нийгмийн Халамжийн Бүлгийн энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд эгч бүрд болон энэ байгууллагад дараах зүйлсийг хийх итгэмжлэл хүлээлгэсэн билээ:
Итгэл болон хувийн зөв шударга байдлаа өсгөн нэмэгдүүлэх.
Гэр орон, гэр бүлүүдийг бэхжүүлэх.
Их Эзэн болон Түүний хүүхдүүдэд үйлчилснээр бусдад туслах.
Бид хувийн илчлэлтийг эрэлхийлэн, хүлээн авч, түүний дагуу үйлдсэнээр энэ ажлыг Их Эзэний арга замаар хийж чадна. Бид хувийн илчлэлтгүйгээр амжилт олж чадахгүй. Хэрэв бид хувийн илчлэлтэд анхаарал төвлөрүүлбэл бүдрэхгүй. Ариун Сүнс “[бидний] хийвэл зохих тэр бүх зүйлийг” (2 Нифай 32:5) бидэнд үзүүлэх болно хэмээн бошиглогч Нифай зааварласан юм. Бид өөрсдөдөө Сүнсний дуу хоолойг нам гүм орчинд маш анхааралтай сонсох нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
Эгч нар аа, бид Бурханы хаант улсыг байгуулах болон Их Эзэний ирэлтэнд бэлтгэхэд туслах нэн чухал үүрэгтэй билээ. Үнэн хэрэгтээ Их Эзэний ажлыг Түүний охидын туслалцаагүйгээр амжилттай хийж чадахгүй юм. Тийм учраас Их Эзэн биднээс хувь нэмрээ нэмэгдүүлэхийг хүсэн хүлээдэг. Тэрээр Нийгмийн Халамжийн Бүлгийг урьд нь хэзээ ч байгаагүйгээр үүргээ амжилттай биелүүлэхийг хүсэн хүлээдэг.
Жюли Б.Бек, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч.
Судруудаас
Дэд Хууль 6:5–7; Лук 10:30–37; Иaков 1:27; 2 Нифай 25:26; Moзая 3:12–13
Бидний түүхээс
Бошиглогч Иосеф Смит 1842 оны 6-р сарын 9-нд Нийгмийн Халамжийн Бүлгийн хурал дээр, эгч нарын нийгэмлэг “зөвхөн ядуучуудад туслах төдийгүй, бодгалиудыг аврах” ёстойг заасан юм.1 Энэхүү сүнслэг болон материаллаг зорилго нь Нийгмийн Халамжийн Бүлгийг бүх түүхийнх нь туршид тодорхойлж ирсэн. 1906 онд Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит (1838–1918): “[Нийгмийн Халамжийн Бүлэг] зөвхөн ядуучууд, өвчтэй болон тусламж хэрэгтэй хүмүүсийн эн тэргүүний хэрэгцээг шийдвэрлэх төдийгүй, түүний үүргийн нэг хэсэг, бүр томоохон хэсэг нь Сионы эхчүүд болон охидын сүнсний сайн сайхан байдал ба авралд анхаарал тавих явдал мөн. Эдгээр үүргийн алинд нь ч хайхрамжгүй хандаж болохгүй, зовлон зүдгүүр, гай гамшиг, харанхуйн хүч, дэлхийд тэдэнд заналхийлэгч аливаа хилэнцээс бүхнийг хамгаалах ёстой” гэж заажээ.2 2001 онд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллард, “Их Эзэнтэй хийсэн гэрээнүүд, энэ Сүмийн эгч бүр хүмүүсийг аврах, дэлхийн эмэгтэйчүүдийг удирдах, Сионы гэр бүлүүдийг бэхжүүлэх, Бурханы хаант улсыг байгуулахад туслах, заавал биелүүлэх бурханлиг үүрэгтэй юм” хэмээн давтан хэлжээ.3