ҮҮРДИЙН ГЭРЭЭ
Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгтэйгээ байгуулсан гэрээнийхээ хэсэг болгож шийдвэр гаргах болсон үед дэлхий юу гэж хэлэх нь надад хамаагүй юм.
Намайг арваад настай охин байхад манай Залуу Эмэгтэчүүдийн ерөнхийлөгч залуу эмэгтэй бүрд нэг бэлэг: ариун сүмийн зураг өгч билээ. Тэр бидэнд гэрээнүүдийн тухай, цэвэр ариун амьдрах тухай ярив. Тэгээд тэр биднийг нэгэн өдөр ариун сүмд явах зорилго тавиарай гэж уриалав.
Би тэр эгчийн зөвлөгөөг зүрх сэтгэлдээ нандигнан хүлээн авч, ариун сүмд явах бэлтгэлийг эн тэргүүнд тавихаар шийдэж билээ. Тэр үед Коста Рикад ариун сүм байсангүй. Гэвч гэрээ гэж юу болохыг би саяхан болсон баптисмаасаа мэдсэн болохоор Их Эзэнтэй бусад гэрээнүүд хийх боломжтой болохыг тэсч ядан хүлээдэг боллоо.
Тэр үед манай гэрт надаас өөр Сүмийн гишүүн байсангүй. Тиймээс сайн мэдээ манай гэрт заагддаггүй байлаа. Гэсэн ч би сайн мэдээний жишгүүдийг өөрөө мэдэж авч, тэдгээрийг дагахаар шийдэв. Семинарт явах нь миний бэлтгэлд орсон юм. Хэдийгээр семинар өглөө маш эрт хичээллэдэг байсан ч тэр шүү дээ. 16 нас хүртлээ болзоонд явахгүй байхыг бас бэлтгэлдээ оруулсан. Энэ нь миний үе тэнгийнхний дунд мэдээжийн хэрэг нийтээр дагаж мөрддөггүй байсан ариун явдлын хуулиар амьдарна гэсэн хэрэг байлаа. Энэ бол Их Эзэнтэй гэрээ байгуулсан учраас миний хийх ёстой зүйл гэдгийг би мэдэж байлаа.
Семинараар болон өөрөө бие дааж судруудыг судалсан нь цэвэр ариун амьдралаар амьдрах миний шийдвэр төгс байдлыг бэхжүүлсэн юм. Хиламаны 2000 залуу дайчин надад онцгой сүнслэг нөлөө үзүүлснийг би санадаг. Aлмa 53:20–21-д эдгээр залуу эрчүүд “зориг, мөн түүнчлэн хүч чадал хийгээд эрч хүчээрээ үлэмж баатарлаг байв; гэвч болгоогтун, энэ нь бүгд бус—тэд итгэж даалгасан ямар ч зүйлд цаг ямагт үнэнч эрс байлаа. … Тэд үнэн мөн чанд байдлын эрс байв. Учир нь тэд Бурханы зарлигуудыг дагахыг мөн түүний өмнө зөв шударгаар алхахыг заалгасан байв.” Би ч гэсэн надад итгэж даалгасан зүйлүүдэд, түүний дотор баптисмын гэрээнүүддээ үнэнч итгэлтэй байхыг хүсдэг байсан.
Би Эл-Сальвадорын Сан Сальвадор Зүүн Номлолд үйлчлэхээр дуудагдсан үедээ гэрээнүүдийн талаар дэлгэрэнгүй ойлголттой болсон билээ. Намайг ариун сүмд хувийн хишгээ хүлээн авсан үеэр Сургаал ба Гэрээ 82:10-ын: “Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг; гэвч миний хэлснийг та нар үл хийхэд та нарт амлалт байх нь үгүй” гэсэн үгс санаанд минь орж ирж билээ. Хэрэв бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлбэл Их Эзэн хүлээсэн үүргээ биелүүлэх болно гэсэн гэрээний үзэл санаа миний номлолын бүх үеийн турш чадах бүхнээ хамгийн сайнаар хийхэд надад урам хайрласан билээ. Намайг ийнхүү үүргээ биелүүлснээр хамтрагч бид хоёр адислагдсан юм.
Миний номлол олон жилийн тэртээ өнгөрсөн ч би гэрээнүүдээсээ хүч чадлыг олсон хэвээр байгаа. Тэр цагаас хойш би Коста Рикагийн Сан Хосе Ариун сүмд долоон жил үйлчлэхээр адислагдсан. Ариун сүмийн ажилтнаар үйлчилсэн нь хийсэн гэрээнүүдээ байнга санах боломжийг надад олгосон юм. Залуу Эмэгтэйчүүдийн байгууллагад үйлчилсэн нь надад мөн дээрхтэй адил сануулагч болсон юм. Тэнд удирдагчид маань надад заадаг байсан шиг гэрээнүүдийн ач холбогдлыг тийм байдлаар заахыг би хичээдэг байлаа.
Гэрээнүүдээ сахих нь үргэлж амар хялбар байдаггүй. Жишээ нь, олон хүн ариун явдлын хууль (эсвэл зарим тохиолдолд ерөнхийдөө шүтлэг бишрэлийн асуудал байхаа больсон гэдэг утгаар) хуучирсан гэж үздэг. Аз болоход миний итгэл бишрэлийг хуваалцдаггүй эсвэл ариун явдлын хууль хуучирсан гэж үздэг хүмүүсийн зүгээс надад аливаа дарамт шахалт үзүүлдэггүй. Манай удирдагч биднийг ариун сүмийн гэрээнүүд хийхэд бэлтгэж, эдгээр гэрээнүүдээр амьдрахыг урамшуулан дэмжсэн тэр үед залуу эмэгтэй байхад минь төрсөн мэдрэмжийг би эргэн санадаг. Тэр үед гаргасан шийдвэрээ би өнөөдрийг хүртэл дагаж ирсэн.
Тэр шийдвэрүүдийг би зөвхөн өөрөө, зөвхөн өөрийнхөө төлөө гаргаагүй учраас би тэдгээр шийдвэрээ чанд сахиж чаддаг. Харин би тэдгээр шийдвэрийг хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгтэй байгуулсан гэрээнийхээ хэсэг болгон хийсэн билээ. Дэлхий юу гэж хэлэх надад хамаагүй. Би Түүний зарлигуудыг сахих болно гэж Их Эзэнд амласан билээ. Энэ бол нэр төрийн хэрэг. Баптисмын үед байгуулсан гэрээ болон ариун сүмд хийсэн гэрээнүүд өнөөдөр ч анх хийсэн өдрийнх шигээ хүчин төгөлдөр хэвээр байна. Бурхантай байгуулсан гэрээ үүрдийнх юм.
Бид Бурханы хүсэн хүлээдэг арга замаар амьдрах нь амар хялбар байдаггүй ч, энэ нь боломжтой гэдгийг би гэрчилж байна. Бид гэрээнүүдээ сахиж амьдарснаар өөртөө итгэх итгэл, хүч чадлыг олж чадна. Мөн Тэнгэрлэг Эцэг хэзээ ч биднийг ганцааранг нь орхихгүй гэдэгт бат итгэлтэй байж болно. Бид Түүний тусламж дэмжлэгтэйгээр бүхнийг хийж чадна (Moронай 7:33-ыг үз).