2011
Эцэст нь сонссон нь
2011 оны дөрөвдүгээр сар


Эцэст нь сонссон нь

“Энэ эмэгтэй миний багын найз бөгөөд энэ бол болзоо биш шүү дээ” гэж би өөртөө хэллээ. Гэтэл Сүнс яагаад намайг тийшээ очих ёсгүй гэж сэрэмжлүүлсэн юм бол?

Би коллежид сурч байхдаа гэрээсээ хол нэгэн хотод яггүй хэцүү дадлага хийхээр адислагдсан юм. Миний багын найз холгүй амьдардаг байлаа. Бид хоёр адил шүтлэг бишрэлгүй ч энэ ялгаа жирийн найз нөхөд байхад саад болдоггүй байлаа.

Би Маделинтай (нэрийг өөрчлөв) анх танилцахдаа Хожмын Үеийн Гэгээнтний агуу үлгэр жишээ болсон өөр нэг эмэгтэйтэй хамт ажилладаг байлаа. Хоёр залуу эмэгтэйн тодорхой ялгааг Сүнс надад мэдүүлж, өчүүхэн жижиг сонголтууд ч гэсэн хожим нь амьдралд зам зааж болдгийг анхааруулсныг би санаж байна. Сүнсний энэхүү өдөөлтийг би олон жилийн турш санаж явна.

Эдүгээ хэдэн жилийн дараа Маделин бид хоёр уулзаж, нэг удаа цагийг хамт өнгөрүүлэхээр тохирлоо. Орой болоход яагаад ч юм бүү мэд миний дотор цухалдаж эхлэв. Би түүний хот уруу явдаг галт тэргэнд суугаад хотод ойртох тусам “Чи зөвхөн өндөр жишигтэй хүмүүстэй болзох хэрэгтэй” хэмээн нэгэн дуу хоолой миний оюун ухаан, зүрх сэтгэлд шивнэх нь тэр.

“Энэ чинь болзоо биш.” “Би зүгээр л хуучин найзтайгаа уулзах гэж яваа шүү дээ” гэж бодлоо. Сүнс сэрэмжлүүлгээ давтсаар. Тэгээд би энэ нь үнэхээр болзоо байсныг ухаарч найзынхаа одоогийн жишгүүд болон амьдралын хэв маягийн талаар эргэцүүлэн бодож үзлээ. “Намайг Хожмын Үеийн Гэгээнтэн гэдгийг тэр мэднэ шүү дээ” гэж өөрийгөө зөвтгөв. Тэр миний жишгүүдийг мэднэ, тэгэхээр ямар ч асуудал алга.”

Гэвч өмнө нь ажиглагдсан “тодорхой ялгаа” бид хоёрын замыг миний бодож байгаагаас бүр холдуулсан юм биш байгаа гэж би бодлоо. Тэгээд би Сүнсний өдөөлтийг дагаж, уулзалтаа цуцалья гэж найздаа утасдав. Түүнийг гомдоохоос би тун их айсан шүү. Ариун Сүнсний үүрэг зорилгыг үнэлдэггүй найздаа сүнсний өдөөлтийг би хэрхэн тайлбарлаж чадсан гээч?

Бидний төлөвлөсөн үйл ажиллагаануудын нэгнийх нь хувьд би сэтгэл хангалуун биш байна гэдгээ мөн энэ нь тэр оройн уулзалтаас татгалзах үндэслэлтэй шалтгаан болсныг тайлбарлав. Түүний урам хугарч бидний төлөвлөгөөг өөрчлөх санал тавилаа. “Тэр үйл ажиллагаанаас болж Сүнс намайг сэрэмжлүүлсэн байх” гэж бодсон учраас миний дотор онгойж, төлөвлөгөөг өөрчлөхийг зөвшөөрөв. Гэвч нөгөөх санаа зоволт алга болсонгүй.

Бид хоёр тэр орой цагийг хөгжилтэй өнгөрөөсөн ч Сүнс өмнө нь надад өгсөн сэрэмжлүүлгээ чухал шүү гэдгийг үе үе сануулсаар байлаа. Эхний үед энэ нь санаа төдийлөн зовоогоогүй ч, үдэш орой болох тусам бид хоёр ердийн танилаасаа огт өөр чиглэл уруу явж байгаа нь тодорхой болов. Бидний жишгүүд бүр өчүүхэн жижиг зүйлс дээр ч урьдынх шигээ биш байлаа. Түүнийг дарс захиалахад би согтууруулах ундаанд мөнгө төлмөөргүй байна гэдгээ хэллээ. Тэр миний хүсэлтийг хүндэтгэж дарсны үнийг өөрөө төлөв.

Миний сүнсний санаа зоволт орой болох тусам өссөөр байлаа. Зоог дуусахад би гарахад дөхөж явлаа. Учир нь оройн сүүлчийн галт тэрэг удахгүй хөдлөх байв. Түүнээс гадна би таксигаар явахад хэтэрхий хол амьдардаг байлаа. Санаа зовж байгааг найз минь мэдээд байрандаа хонож болно шүү гэв. Харин Сүнс намайг ганцааранг нь орхисонгүй: Энд ирж болохгүй гэж батлан хэлснийг би аль хэдийнээ мэдэж байлаа.

Би тэднийд орсон хойноо тайван байгаа юм шиг харагдах гэж ихэд хичээв. “Чи энд хономооргүй байна уу?” гэж тэр асуулаа. Тийм ээ, хономооргүй байлаа. Тэр намайг шахаж шалсангүй, уурлаж бухимдсангүй. Харин Сүнс надад аянгын дуунаас илүү тодоор чимээгүйхэн шивнэсэн юм. Би галт тэрэгнээс хоцорч болохгүй байлаа!

Би түүнийг дотогшоо ормогц галт тэрэгний буудал уруу хоцрохгүйн тулд харайлгав. Иосеф Египетэд уруу таталтаас хэрхэн мултарсан тухай би бодохгүй байж чадсангүй (Эхлэл 39:7–12-ыг үз).

Тэр орой болсон явдлыг эргээд бодоход би айдас, талархал хоёрыг хоёуланг нь мэдэрдэг. Болж мэдэх байсан уруу таталтаас айсан бол Ариун Сүнс надтай хамт байсны төлөө талархсан юм. Би Ариун Сүнсийг шивнэнгүүт сонсох ёстой байсан ч, эцэст нь сонссондоо баяртай байдаг.

Тэр орой болсон явдлын талаарх миний бодол Их Эзэнийх шиг тийм тодорхой байгаагүй нь мэдээж юм.

“Учир нь миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр” гэж Эзэн айлдаж байна.

“Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.” (Исаиа 55:8–9).

Амьдралд бид зарим сонголтыг түргэн хийгээд, дараа нь мартдаг. Бидний хийсэн зарим сонголтын сургамжийг хэзээ ч мартах аргагүй байдаг. Бид Ариун Сүнсний өдөөлтүүдийг анхааралтай сонсож, тэр даруй дагасан үед Есүс Христ бидэнд зориулан бэлтгэсэн замаар илүү амархан замнаж чадна гэдгийг мэдсэндээ би баяртай байдаг.

Зураг чимэглэлийг Жефф Уорд