Асуулт, хариулт
“Бид сүмд явдаг, гэр бүлийн үдэш хийдэг, сайн мэдээгээр амьдрахыг хичээдэг ч, манай гэр бүлд яагаад олон асуудал байдаг юм бол? Бид өөр юу хийж болох вэ?”
Сайн мэдээгээр амьдрах нь адислалуудыг авчирдаг. Гэвч энэ нь танд сорилт бэрхшээл тохиолдохгүй гэсэн үг биш юм. Хүнд сорилт бэрхшээлүүд Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлэхэд таныг өдөөдөг учир итгэлийг тань бэхжүүлнэ. Асуудлыг Түүний тусламжтайгаар шийдэх нь хэрхэн зөв шийдвэр гаргахыг танд заадаг.
Энэ тухай та гэрийнхэнтэйгээ зөвлөж ярилцсан уу? Хамтран зөвлөлдсөнөөр та ашиг тустай санаануудыг олох болно. Шийдлийг олохын төлөө та нар гэр бүлээрээ мацаг барьж, залбирсан уу? Судрууд болон ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг судалсан уу? Гэр бүл тань нөхцөл байдлыг сайжруулах зарим өөрчлөлт хийх шаардлагатай байж болно эсвэл уг хүнд сорилтын үед Их Эзэн өөрийг чинь хүчирхэгжүүлэхийг тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй байж мэднэ (Moзая 24:15-ыг үз).
Хэрэв бусад хүн гэр бүлд тань асуудал бэрхшээл учруулсан бол тэднийг буруутгалгүйгээр уучлахыг хичээ. Уучлах нь асуудлыг тэр даруй шийдэхгүй ч зүрх сэтгэлд чинь амар амгаланг авчирч, асуудлын шийдлийг хөнгөвчилж өгнө.
Гэр бүлүүд бат бөх байх нь Сүмд болон нийгэмд туйлын чухал учраас Сатан гэр бүлүүдийг дайран давшилж байна. Тийм учраас үргэлж тэвчээртэй бай. Сүмд үргэлж яв, гэр бүлийн үдшээ хийж, сайн мэдээгээр байнга амьдар. Дуулгавартай байдал нь Ариун Сүнсийг мэдрэх боломжийг танд олгодог. Түүний удирдамж өөрийн чинь эрж хайж байгаа асуултуудын хариуг олоход амин чухал юм. Бүр асуудлуудыг даван туулах шаардлагатай байгаа ч бат бөх гэр бүлд амьдрах нь чиний хувьд өмнөө тавьбал зохих хамгийн чухал зорилгуудын нэг юм.
Бидэнд өгсөн удирдамжийг ашигла
Аль нэг гэр бүл соригдох хүртлээ хүчирхэгжихгүй байж мэднэ. Аз болоход бид асуудлуудаа шийвэрлэхэд ганцаараа биш Тэнгэрлэг Эцэг хувь хүн болон гэр бүлүүдийг аз жаргалтай, амжилт бүтээлтэй, сайн сайхан яваасай гэж хүсдэг. Тэрээр бидэнд туслахын тулд судрууд, амьд бошиглогч болон Сүмийн бусад удирдагчид, Ариун Сүнс зэрэг чухал хөтчүүдийг өгсөн юм. Эдгээр нь бидэнд болон манай гэр бүлүүдэд баяр баяслыг авчирдаг сайн мэдээний зарчмуудыг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд тусалж чадна. Түүнээс гадна эцэг эхээ дээдлэн хүндэлж, хайрладгаа хэлэхээ хэзээ ч бүү март. Эв нэгдэлтэй, хүчтэй, санаа сэтгэл өөдрөг байх замаар Их Эзэн гэр бүлийг тань хангах болно гэдгийг би мэднэ. Гэр бүл Бурханаас томилогддогийг би мэднэ.
Жаред Л., нас 18, Минданао, Филиппин
Сорилтуудаасаа суралц
Хэчнээн ч хичээж чармайлаа гэсэн сорилт бэрхшээл заавал байх болно. Сорилт бэрхшээлүүд бидэнд өсч хөгжихөд тусалдаг. Өсөлт хөгжилт нь сорилт бэрхшээлүүдэд хэрхэн хариулснаас чинь хамааралтай байна. Хамгийн чухал нь сорилт бэрхшээлүүдээс суралцах явдал мөн. Эргэн тойрондоо болж байгаа үйл явдлуудыг анхааралтай ажиглаж, үнэлэлт дүгнэлт өгч бай. Тохиолдсон сорилт бэрхшээлүүдийн талаар залбирч, тэдгээрийг даван туулахад Их Эзэн өөрт чинь тусална гэсэн итгэлтэй бай. Тэгвэл сорилт бэрхшээл чинь хүч чадал болж хувиран, чи бусдад хүчтэй болоход нь тусалж чадна.
Макензи К., нас 18, Чихуахуа, Мексик
Гэр бүлийн Тунхгийг унш
Бид залбирал хэлсэн ч хэлээгүй ч асуудал бэрхшээл тохиолдох болно. Сорилт бэрхшээл биднийг шийтгэдэг биш харин хүчирхэгжүүлдэг юм. Амьдралд бидэнд тулгардаг асуудлууд гэр бүлүүдийг хамтран ажиллах боломжоор хангадаг. Манай гэр бүл бухимдал, мөнгөний асуудлыг даван туулахдаа бүгдээрээ хамт байж, бие биедээ болон Тэнгэрлэг Эцэгтээ улам ойр дотно байхыг хичээдэг. Цаг үе хүнд хэцүү байгаа үед бидний хийх нэг зүйл бол “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх Тунхаг-” ийг унших явдал мөн. Энэ тунхаг бидний хоорондох ариун хэлхээ болон гэрээнүүдээ сахих нь хэчнээн чухал болохыг бидэнд сануулдаг.
Анна Ж., нас 15, Жоржиа, АНУ
Тэнгэрлэг Эцэгийн хүслийг хүлээн ав
Тэнгэрлэг Эцэг асуудлуудаар дамжуулан биднийг сорьдог гэж би боддог. Тэр бол бидний Эцэг бөгөөд биднийг маш их хайрладаг учраас бидэнд хамгийн сайн сайхныг хүсдэг гэдгийг мартаж болохгүй. Асуудлуудыг даван туулж чадах бидний цорын ганц зам бол тэвчээр хатуужил болон Эцэгийн хүслийг хүлээн авч биелүүлэх явдал мөн гэдгийг би мэднэ.
Хосе К., нас 18, Анкаш, Перу
Их Эзэнд итгэлтэй бай
Манай гэр бүлд, тэр бүү хэл биднийг чадах бүхнээ хийсээр байтал яагаад асуудлууд тулгардаг юм бол гэсэн асуулт гарч ирсэн үед надад тусалдаг зүйл бол Иовын тухай түүх, түүний туулсан олон зовлон зүдгүүр юм. Иов 19:25–26-д: “Миний Гэтэлгэгч амьд гэдгийг болон эцсийн өдрүүдэд Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ. Арьс минь устгагдсан хойно ч, би махан биеэрээ Бурханыг харах болой” гэсэн байдаг. Иовд хамгийн хүнд сорилтууд тулгарсан ч Гэтэлгэгч амьд гэдгийг мэдэж байсан шүү дээ! Бид Иовын адил бодож, амьдарвал, асуудлуудаа түргэн олж харан, эдгээр сорилт бэрхшээлүүдээр дамжуулан туслах Гэтэлгэгч бидэнд байгааг мэднэ.
Меган Б., нас 17, Юта, АНУ
Асуудлыг итгэл найдвараар угт
Асуудалд зөв хандвал энэ нь биднийг улам хүчирхэгжүүлдэг. Чи асуудлыг итгэл найдвар, зоригоор угтах хэрэгтэй. Сүмд явж, сайн мэдээгээр амьдрахын төлөө чадах бүхнээ хийх хэрэгтэй. Ингэвэл асуудлууд өөрийг чинь хатуужуулж, эцэстээ илүү сайн хүн болгодгийг чи мэдэх болно. Мөн хийдэг ямар нэг зүйл чинь зөв үү гэдгийг тогтоож, хэрэв буруу байвал залруулахыг хичээ. Бусдад туслахыг байнга хичээ, тэгвэл асуудлууд чинь хөнгөн юм шиг санагдах болно. Юуны түрүүнд Их Эзэнтэй үргэлж зөвлөж бай. Асуудлынхаа талаар залбирч, өөрийгөө удирдахыг Тэнгэрлэг Эцэгээс гуй.
Раймонд А., нас 18, Ганын Аккра
Эцсийг хүртэл тэвч
Бүтээгчийн төлөвлөгөөнд гэр бүл гол байрыг эзэлдэг учраас сайн мэдээн дээр төвлөрсөн гэр бүл болох бидний аз жаргалтай амьдралыг бусниулах гэж Сатан чадах бүхнээ хийх болно. Амьдрал бэрхшээл зовлонгүй амар хялбар байна гэх юм уу эсвэл нэг удаа сүмд очиж, гэр бүлийн үдшээ нэг удаа хийснээр амьдрал уруу таталтаас чөлөөтэй болчих юм шиг бодож болохгүйг бид мэднэ. Байдал төвөгтэй байгаа үед судруудаа унш, залбир, асуудлыг гэр бүлээрээ ярилц.
Ахлагч Дадли, нас 21, Индонезийн Жакартын Номлол