Судрын хүч
Тахитийн идэр насны хоёр залуу нэг үйл явдлыг тохиолдуулан судруудыг судалснаар амьдрал нь өөрчлөгджээ.
Рума судар судлахыг хүсдэггүй, Вейтиаре семинарт явахыг хүсдэггүй байж. Судар судлах хэрэг ч тэдэнд байсангүй гэнэ. Гэвч тэд судар судлахаар сонгосон үед амьдрал нь өөрчлөгджээ.
Яагаад үгүй гэж?
Яагаад идэр насны залуу дөрөв дэх өдрийн орой бүр ээжтэйгээ судар судлахад хоёр цаг зориулж болохгүй гэж? Жилийн өмнө Тахитийн Рума Тероатеа ийм зүйл хийх хэрэгтэй гэвэл гайхах байсан биз.
Харин одоо бол идэр насны хөвгүүн яагаад үүнийг сонгохгүй байх билээ хэмээн асууж мэднэ.
Семинарын гурван жилд Рума багш нар нь дараагийн хичээлд бэлтгэж судрууд унших даалгавар өгөхөд огт анхаардаггүй байсан гэнэ. “Би судар уншихыг хүсдэггүй байсан” гэж тэр хэллээ. “Судрууд үнэхээр миний сонирхлыг татдаггүй байсан.”
Гэтэл тойрог, гадасных нь удирдагчид хэлэх үг, хичээлүүддээ яагаад судруудыг үргэлж хэрэглэдэг юм бол гэж тэр гайхдаг байсан гэнэ. Тэр удирдагчдаа ажигладаг байлаа. Гадасны ерөнхийлөгч нь судруудаас маш амархан эш татаж байгааг ажиглажээ.
Тэгээд семинарынх нь сүүлчийн жилийн турш Тахитийн Фаа гадас семинарын суралцагчдыг төгс эзэмших судрын тэмцээнд оролцох баг болгон хуваахад Рума энэ далимаар судруудыг судлаад үзэхээр шийдсэн гэнэ.
Иймд тэр долоо хоног бүр ээжтэйгээ судар судалж эхэлсэн аж. Тэд пүрэв гарагийн орой бүр маргааш нь болох ангийн тэмцээнд бэлтгэн хамт судар судалж, чухал шүлгүүд хаана байгааг мэдэж, тэдгээрээс олныг нь цээжилдэг байлаа.
Үүний улмаас Румад өөрчлөлтүүд гарч эхэлсэн гэнэ. Судар судалсан нь ээжтэйгээ харилцах харилцааг нь бэхжүүлжээ. Тэрээр судруудын заадаг зүйлс, дэлхийд өнөө үед болж байгаа үйл явдлуудтай давхцаж байгааг олж харжээ. Уншиж байгаа зүйлийнхээ талаар залбирахад тэр нь Бурханаас ирдгийг мэдсэн гэнэ.
Энэ нь гадасны төгс эзэмших судрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэгч байж багаа ялахад тусалжээ.
Рума судар судалснаас хүлээж авсан адислалууд дотор өөрийнх нь сурч мэдсэн хичээл байгааг мэджээ. “Бид Их Эзэний хүссэн зүйлийг хийхээр сонгосон үед тэр даруй адислагддаг” гэж Moзая 2:24-т Бенжамин хаан сургасан байдаг” гэж Рума ярилаа. Түүний хүлээн авсан агуу адислалуудын нэг нь “энэ жил судрууд судалсны дараа Мормоны Ном үнэнийг мэдсэн явдал мөн.”
Юу хийхийг надад бүү хэл
Хичээлийн жилийн эхэнд Вейтиаре Пито бүр Сүмийн гишүүн ч болоогүй байжээ. Өмнө нь семинарт огт явж үзээгүй шинэ гишүүн Фаа гадасны төгс эзэмших судрын аварга шалгаруулах тэмцээнд багтаа хэрхэн тусалж чадсан юм бол?
“Би туршлагагүйдээ санаа зовоогүй шүү” гэж тэр хэлэв. “Би тэдгээр судрын шүлгүүдээс олныг нь номлогчийн хичээлүүдийн үеэр сурсан юм.”
Вейтиарегийн гэр бүлийн ихэнх гишүүд аав нь зуурдаар нас барсны дараа тойргийн номлолын удирдагч тэдний гэрт номлогчдыг дагуулан ирэхэд Сүмд нэгдсэн гэнэ. Номлогчид гэр бүлийн эв нэгдлийн тухай гэр бүл үүрд хамт байх боломжтой тухай ярьжээ. “Энэ нь манай гэр бүлд үнэхээр өөрчлөлт авчирсан шүү” гэж тэр ярилаа.
Гэвч 17 настай биеэ даасан түүнийг тийм ч өөрчлөөгүй аж. “Баптисм хүртсэний дараа хүн болгон л намайг семинарт яв гэдэг байлаа, би хийх ёстой юмаа хүнээр хэлүүлэх дургүй. Иймээс семинарт явахаас хэсэг хугацаанд зайлсхийсэн.”
Эцэстээ тэр семинарт явахаар өөрөө шийдэж, энэ нь түүнд таалагдсан байна. Түүнийг Румагийн адилаар төгс эзэмших судрын багийн гишүүн болгосон аж.
Эхлээд тэр даалгаварт өгсөн судруудыг унших гэж чармайдаггүй байв. Гэвч судруудыг судлах хэрэгтэй гэж шийдсэнээр үүнээс олон адислал ирдгийг мэджээ.
“Судрууд бол агуу ашиг тустай зүйл” гэж тэр хэллээ. “Би судруудаас олон зүйл, түүний дотор залбирлын ач холбогдол болон Тэнгэрлэг Эцэг залбиралд минь хариулах болно гэдгийг сурсан.”
Тэр ямар нэг юм хийхээр, тухайлбал семинарт явахаар эсвэл судар уншихаар шийдсэн л бол, үүнийг хийх ёстой учраас эсвэл “хийх ёстой юм байх” гэж бодохын оронд ямагт тууштай байхыг сурсан гэнэ.
Одоо хичээлийн жил дуусч байна. Вейтиаре семинарт явахаар, судруудыг судлахаар сонгосондоо баяртай байна: “Судруудыг уншсанаар бид адислагддагийг би мэднэ.”