Номлолын талбараас
Миний адислалын хөтөч
Би Техасын Хьюстоны Өмнөд Номлолд үйлчилсэн испани хэлээр ярьдаг ахлагч. Нэг өдөр хамтрагч бид хоёр заах хүн олохоор хаалга тогшин явж байлаа. Бид хоёр элэгдсэн модон довжоондоо том нүхтэй нэг байшинд ирлээ.
Хижээл насны нэг эмэгтэй хаалга онгойлгож биднийг орохыг урив. Тэр эмэгтэй биднийг ямар улс болохыг, юу хийдгийг мэддэг байсан гэж би бодохгүй байна, харин тэр бидэнд нэн эелдэг уриалгахан байлаа. Бид түүнд эхний хичээлээ зааж эхлэхэд юм бүхэн тун аятайхан байх шиг санагдав. Удалгүй Иосеф Смит болон Анхны Үзэгдлийн тухай миний заах ээлж болов. Эмэгтэйн царайны төрхөнд эргэлзэх нь улам ихсэж байгааг би харлаа. Тэр эмэгтэй өөрт нь миний тайлбарлахыг хичээж байсан зүйлийг огт сонирхохгүй байгаа нь илт байв.
Заасан зүйлийнхээ талаар мөн үүнээс хэдий хэрийг нь ойлгосныг нь мэдэх гэж хэдэн асуулт асуусны дараа тэр эмэгтэй Анхны Үзэгдлийн үзэл санааг ойлгоогүйг мэдээд миний урам хугарлаа. Тэр өдөр урт байсныг яана. Номлогчийн ганц хүсдэггүй зүйл бол өөрийн үнэн гэж мэддэг, хүмүүсийг мэдээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг тэрхүү зүйлийг нь хэн нэгэн нь хүлээж авч ойлгохгүй байх явдал юм.
Хэсэгхэн зуур миний сэтгэл хөдлөл уцаар болж хувирмаар байсныг мэдэрсэн үед миний патриархын адислалаас нэг хэсэг санаанд орж ирлээ. Энэ бол миний ирээдүйн гэр бүлийн тухай хэсэг бөгөөд сайн мэдээний үзэл санааг ирээдүйн хүүхдүүддээ заахыг зөвлөсөн байлаа. Тэр хэсэг миний санаанд орж ирэх үед даруухан энэ эмэгтэйд бага насны хүүхдэд зааж байгаа юм шиг заа гэж Сүнс надад хэлснийг би мэдэрч билээ.
Би түүнд бүр энгийнээр хайраар дүүрэн арга барилаар зааж эхэллээ. Миний өөрийн хүүхдүүд зочны өрөөнд миний өөдөөс хараад сууж байна, тэдний эцэг миний бие Бошиглогч Иосеф Смитийн тухай тэдэнд зааж байна гэж би төсөөлөн бодлоо. Эмэгтэйн нүүрний төрх гэнэт өөрчлөгдөхийг харахад гайхалтай байв. Удалгүй хөмсгөө өргөж, нүд нь гэрэлтэж эхлэв. Эргэлзсэн байдал нь сонирхол, бишрэлээр солигдов. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смит дээр хүрч ирсэн тухай түүхийг ярьтал нүд нь нулимсаар дүүрч, хацрыг нь даган урслаа. Ариун Сүнс өрөөг дүүргэж, миний урам хугаралт агуу баяр баясал болж хувирав.
Би энэ явдлыг хэзээ ч мартахгүй. Би хэзээ нэгэн цагт эдгээр зарчмуудыг хүүхдүүддээ заахыг мөн үүнээс ирэх агуу баяр баяслыг ч бас тэсэн ядан хүлээж байна.