Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг
Их Эзэний дуу хоолой
Сургаал ба Гэрээ газар бүрийн бүх хүмүүсийг Есүс Христийн дуу хоолойг сонсохыг урьдаг (С ба Г 1:2, 4, 11, 34; 25:16-г үзнэ үү). Энэ ном сонгогдсон бошиглогчдод өгөгдсөн Түүний захиас, сэрэмжлүүлэг болон урам хайрласан үгсээр дүүрэн юм. Бурхан бидний итгэлийн залбиралд хэрхэн заавар, сэрэмжлүүлэг, амар амгалангийн мэдрэмжээр хариулдгийг бид эдгээр илчлэлтээс харж болно.
Бид залбирлаараа дамжуулан Бурхан биднээр юу хийлгэхийг хүсч байгааг, энэ амьдрал болон ирэх амьдралд амар амгаланг олохын тулд бид юу хийх ёстойг тэрчлэн ирээдүйд юу биднийг хүлээж байгааг мэдэхийг эрэлхийлдэг билээ. Сургаал ба Гэрээ нь жирийн хүмүүс болон бошиглогчдын даруухан залбирлаар гуйсан асуултуудад өгсөн хариултуудаар дүүрэн юм. Бид материаллаг байдал болон мөнхийн авралын тухай асуултууддаа хариу авахад энэ ном бидэнд үнэ цэнэтэй удирдамж болдог.
Даруу зан болон Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл нь гол түлхүүр юм. Оливер Каудери Мормоны Номыг орчуулахад туслах хүслийнхээ талаар Их Эзэнээс дараах хариуг хүлээн авсан юм: “Итгэлгүйгээр чи юу ч хийж чадахгүй гэдгийг санагтун; тиймийн тул итгэлд асуу. Эдгээр зүйлүүдэд бүү хөнгөн хуумгай ханд; гуйх ёсгүй зүйлийг чи бүү гуй.” (С ба Г 8:10).
Их Эзэн Өөрийнх нь тусламжийг хүлээн авахаас өмнө итгэл, даруу байдал зайлшгүй чухал болохыг Сургаал ба Гэрээнд биднээс дахин давтан шаардсан байдаг. Үүний нэг шалтгаан нь Түүний хариу бидний хүсэн хүлээсэн байдлаар ирэхгүй байж болдог явдал мөн. Нөгөөтэйгүүр хариу хүлээн авах нь үргэлж амар хялбар байдаггүй.
Үүнийг бид Сүмийн түүх болон өвөг дээдсийнхээ туршлагаас харж чадна. Миний элэнц эцэг Хенри Айринг 1855 онд сэргээгдсэн сайн мэдээг заалгасан үедээ юу хийх ёстойгоо мэдэхийн тулд шаргуу залбирахад хариу нь зүүдээр нь дамжин ирсэн юм.
Тэрээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Эрастус Снөү, Виллям Браун хоёртой хамт нэг ширээнд сууж байна гэж зүүдэлсэн гэдэг. Ахлагч Снөү сайн мэдээний зарчмуудыг нэг цаг орчим заах шиг болсон гэнэ. Ахлагч Снөү, “Би танд баптисм хүртэхийг Есүс Христийн нэрээр зарлиг болгож байна. Энэ хүн [Ахлагч Браун] … танд баптисм хүртээнэ” гэжээ.1 Элэнц эцэг минь АНУ-ын Миссурийн Сейнт Люист борооны усанд тогтсон цөөрөмд өглөөний 7:30-д даруухнаар баптисм хүртэх итгэлтэй байсанд манай гэр бүлийнхэн баярлан талархаж явдаг. Ахлагч Браун түүнд баптисм хүртээсэн юм.
Залбирлынх нь хариу Их Эзэний сонсогдохуйц чанга дуу хоолойгоор ирээгүй юм. Хариу Лихайд ирсэнтэй адил зүүдэнд нь шөнө ирсэн ажээ (1 Нифай 8:2-ыг үзнэ үү).
Залбирлын хариу бас тодорхой мэдрэмж болон ирж болдгийг Их Эзэн бидэнд заасан билээ. Тэрбээр Сургаал ба Гэрээнд “Тийм ээ, болгоогтун, чамд ирж мөн зүрх сэтгэлд чинь орших Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно” (С ба Г 8:2) хэмээн Оливер Каудерид заасан юм.
Мөн Тэрбээр Оливерт: “Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриагүй бил үү? Бурханаас илүү агуу ямар гэрч чамд байж болох билээ?” хэмээн урам хайрлан дэмжжээ. (С ба Г 6:23).
Сургаал ба Гэрээ, Сүмийн түүх болон баптисмынхаа дараахан үйлчилсэн номлолынхоо талаар Хенри Айрингийн хөтөлсөн түүх нь залбирлын хариу сэрэмжлүүлгийн болон амар амгалангийн мэдрэмжээр ирж болдгийг надад заасан юм.
1857 оны 4-р сард Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Парли П.Пратт АНУ-ын Оклахомад нэгэн чуулганд оролцжээ. Ахлагч Праттын “оюун санаа гутрангуй бодлоор дүүрч … ирээдүйг угтан харах буюу хүнд байдлаас хэрхэн мултрах арга замыг мэдэх чадваргүй байсныг” Хенри Айринг тэмдэглэжээ.2 Хенри энэ тухай Төлөөлөгчийг алагдсаны дараахан тэмдэглэсэн ажээ. Бошиглогч Иосеф Картейж шорон руу тэргүүнээ мэхийлгэлгүй очсон шиг Ахлагч Пратт аюулыг мэдэрсэн ч аялалдаа зоригтой гарсан юм.
Их Эзэн итгэлийн даруухан залбиралд үргэлж хариулдгийг би гэрчилж байна. Сургаал ба Гэрээ болон бидний хувийн туршлага залбирлын хариуг хэрхэн таних болон энэ нь удирдамж байна уу, үнэний баталгаа буюу сэрэмжлүүлэг байна уу ялгаагүй хэрхэн итгэлээр хүлээн авахыг бидэнд заадаг билээ. Их Эзэний хайрын дуу хоолойг бид үргэлж анхааралтай сонсож, танин мэддэг байхын төлөө би залбирч байна.