2013
Найдварын замаар хамтдаа алхсан минь
Морь 2013


Биднийг дахин уулзтал

Найдварын замаар хамтдаа алхсан минь

Хожмын Үеийн Гэгээнтэн анхдагчид 1846 оны 2-р сард Наувугаас хөөгдсөн юм. Тэд Сионд амар амгаланг олох болно гэсэн агуу итгэлтэйгээр эдүгээ Найдварын зам хэмээн нэрлэгддэг Парлийн гудамжаар алхлан Миссиппи мөрнийг гатлан өрнө зүг одсон билээ.

Намайг Найдварын замаар анх алхалж явахад Наувуд хаврын эхэн сар байлаа. Гурван урсгалтай замаар уруудан алхахад нар алтан шаргал туяа цацруулан, сүүдэр газарт ч дулаахан байлаа. Би гэрэл зурагчны хувьд аппаратынхаа хаалтыг түргэн гэгч нь цэлийтэл онгойлгоход сэтгэл татам сайхан гэрэл аппаратын дуранг дүүргэв.

Энэ замаар алхалж явсан өвөг дээдсийн минь тухай бодол зүрх сэтгэлийг минь алгуурхан эзэмдлээ. Хамгийн түрүүнд Жаред, Корнелиа нар хоёр настай бяцхан хүүгийнхээ хамт миний санаанд орж ирэв. Хүйт даасан жаврыг би мэдэрсэн ч, энэ нь өрнөд нутаг руу хийсэн хүнд хүчир аяны үед Жаред болон түүний гэр бүлд тохиолдсон хүнд сорилтын дэргэд юу ч биш юм. Корнелиа Науву, Солт Лейк хоёрын хооронд хаа нэгтэй нас баржээ. Жаред уйлан хайлж, хүүгээ өргөн тэвэрч аваад аяны замаа цааш нь хэрхэн хөөгөө бол гэдгийг би төсөөлөн бодлоо.

Тэдний тухай бодол намайг орхин одох вий гэхээс айсандаа би зогсолтгүй зураг дарсаар, нүдэнд минь нулимс цийлэгнэж, харагдах зүйлс бүрэлзэж байлаа. Тэгээд би Наувуг орхин явсан Гэгээнтнүүдийн сүүлчийн бүлэгтэй, хайрт хойд ээжийнхээ хамт явсан бяцхан Сараг саналаа. Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг тэднийг хооллохын тулд нэг удаа буудалд нь үй олон бөднө шувууг илгээсэн ажээ. Тиймээс тэд зүрх сэтгэл нь талархлаар дүүрэн цааш аяны замаа хөөжээ.

Сэтгэл догдлон, цээжинд минь баяр талархал багтаж ядан, бяцхан Сара хажууд минь байгаа юм шиг санагдлаа! Жаред, Корнелиа хоёр ч бяцхан хүүгийнхээ хамт миний дэргэд байгаа юм шиг санагдлаа. Бид энэхүү найдварын замаар, үхэл хагацал, нулимсын энэхүү замаар гэрэл ба сүүдэр, одоо ба өнгөрсөн үеийн зааг дундуур хамтдаа алхалж явлаа. Тэд юуны учир ийнхүү миний сэтгэл зүрхэнд надтай хамт байгааг, Есүс Христийн сайн мэдээнээс ирдэг хайраа хуваалцахад намайг өдөөн сэрээсний учрыг би тайлбарлаж чадашгүй нь. Зүрх сэтгэлд миний гэрчлэл шатах лугаа адил төөнөж байгааг би мэдэрлээ. Учир нь гэвэл, яг ийм гэрчлэл тэдний зүрх сэтгэлд нэг үеийнхнээс дараагийн үеийнхэнд уламжлагдан, суурь нь тавигдсаар ирсэн билээ. Би баярын нулимс дуслуулан уйллаа.

Өөр хаа нэгтээ зураг авч байсан нөхөр минь удалгүй хүрч ирлээ. Би нөхөртөө тулж зогсоод өөртөө төрсөн мэдрэмжийн тухай түүнд ярилаа. Нөхөр минь Наувугийн Гэгээнтнүүдийн нэгэн адил, гэр бүлээсээ сайн мэдээнд итгэсэн анхны хүн юм. Тэр бас 150 жилийн тэртээ энэ замаар алхалж явсан хүмүүсийн нэгэн адил, хамгийн түрүүнд итгэгч байсан юм. Жаред, Корнелиа, Сара нарын гэрчлэл мянга мянган үр удмынхныхаа гэрчлэлийг хөгжүүлсэн шиг нөхөр бид хоёрын гэрчлэл эдүгээ бидний хүүхдүүдийн зүрх сэтгэлд шатах лугаа адил төөнөж буй гэрчлэлийн суурийг тавин хөгжүүлсэн юм.

Нөхөр бид хоёр гэрэл зургийнхаа тухай мартан Найдварын замын үлдсэн хэсгээр аажуухан алхлахдаа энэ замаар алхалж явсан анхдагчдын тухай чимээгүйхэн дурсан санаж билээ.