Лиахона
Үл тасрах хэлхээ—Удмын бичиг
2024 оны 1-р сар


Орон нутгийн хуудсууд

Үл тасрах хэлхээ—Удмын бичиг

2023 оны 11-р сарын 14-нд Монгол бахархлын өдрийг тохиолдуулан ЕХХҮГСүмээс зохион байгуулсан “Үл тасрах хэлхээ-Удмын бичиг” нээлттэй хаалганы өдөрлөгт 450 гаруй хүн оролцлоо. Уг арга хэмжээнд Үндэсний Төв Архивын захирал Т.Сайнжаргал, Чингис хааны ургийн модыг бүтээгч Б.Буян, Urgiinbichig.mn сайтын үүсгэн байгуулагч Н.Батбаяр, Олон улсын угийн бичиг судлаач АНУ-ын иргэн Конни Вилиамс нар уригдан ирж илтгэл тавин, оролцогчдын сонирхсон асуултуудад хариулав.

Ялангуяа угийн бичиг судлаач Конни Виллиамс эгчийн илтгэл онцгой сонирхол татлаа. Тэрээр бидэнд гэр бүлийн гишүүдтэйгээ удмын бичгийн талаар ярилцахад туслах олон сайхан санааг өгсөнөөс гадна гэр бүлийн түүхээ мэддэг байхын ач тусыг танилцуулсан юм. Тухайлбал: Гэр бүлийн түүхээ сайн мэддэг хүүхдүүд ямар ч саад бэрхшээлийг даван туулах, стрессийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй, амьдралаа удирдан авч явах илүү их чадвартай, бусдын бодол, сэтгэл хөдлөлийг илүү сайн ойлгодог, өөртөө итгэх итгэл өндөртэй байдгаас гадна өөрсдийн гэр бүлийг амжилттай оршин тогтноно гэдэгт итгэдэг, өөрсдийгөө агуу зүйлийн нэгэн хэсэг гэж мэдэрдэг аж.

Оролцогчид түүний илтгэлээс удмын бичгээ хөтөлснөөр өөрөө өөрийгөө таньж, удам угсаагаа мэддэг болдог төдийгүй асуудал шийдэх, хүнтэй харилцах, мэдээллийн технологийг зөв хэрэглэх, багаар ажиллах, бусадтай холбоо тогтоож сурах зэрэг чадваруудыг давхар эзэмшдэг тухай мэдэж авсан юм.

Түүнчлэн энэ өдөрлөгөөр дэлхийн Гэр бүлийн модны хамгийн том онлайн вэбсайт Family Search дээр ургийн модоо хэрхэн бүтээх; өвөг дээдсийнхээ өв соёлыг хэрхэн хадгалж хамгаалах; өөрөөсөө дээш, доош 9 үеэ хэрхэн зөв нэрлэж сурах; хүүхэд, өсвөр үеийнхэнд гэр бүлийн түүхийн ажлыг хийх сэдэл төрүүлэх гэх мэт тусгай хичээлүүдийг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгууллаа.

Тухайлбал: Олон компьютер зэрэгцүүлэн байрлуулсан танхимд УББГ, УБЗГ-ны гэр бүлийн түүхийн зөвлөхүүд Family Search-д нэвтэрч орох, мобайл аппликэйшн татаж ашиглах, гэр бүлийн модоо бүтээх, өргөжүүлэх, программтай холбоотой гарсан аливаа асуудлыг шийдвэрлэж өгөх зэргээр хүн нэг бүрд биечлэн сургалт, зөвлөгөө өгч байлаа. Ялангуяа шинэ хэрэглэгчид хаяг нээж өгөх, мобайл аппликэйшныг гар утсан дээр татан авч суулгах зэрэг үйлчлэлд өсвөр үеийнхнийг өргөнөөр татан оролцуулсан нь тэдэнд бусдад үйлчлэхийн зэрэгцээ өөрсдөө сурч мэдэх онцгой ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Өөр нэг танхимд “Удмаа дээдэлье” ТББ-ын тэргүүн Ц.Наранчимэг эгч хувийн эд өлгийн зүйлсийн үзмэрүүдээ дэлгэн харуулж, өвөг дээдсийнхээ эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг хэрхэн зөв хадгалж хамгаалах талаар заан; бидний анзаарч хайхардаггүй байсан зүйлс өв соёлын үнэт зүйлс байдаг төдийгүй ирээдүйд залуучуудыг соён гэгээрүүлж, хүндлэл, хайр энэрлийг хөгжүүлэхэд, цаашилбал үндэсний аюулгүй байдалд ч үнэтэй хувь нэмэр оруулж болох юм гэдгийг ойлгуулж байв.

Үүнтэй зэрэгцэн бас нэг танхимд хүүхдүүдтэй хамт удмын бичгийн талаар ярилцах, дуу дуулах, гэр бүлийн мод зурах, монгол оньсон тоглоом тоглох, шагайгаар наадах зэрэг хөгжилтэй үйл ажиллагаанууд явагдсан юм. УББГ-ны гэр бүлийн түүхийн зөвлөх Ш.Баяржав ахаас сэтгэгдлийг нь асуухад “Гэр бүлийн түүхийг сурталчлах энэ өдөрлөгт Сүмийн гишүүдээс гадна гишүүн бус олон хүн хамрагдсан.

Гэр бүлийн түүхийн зөвлөхүүд FamilySearch вэбсайт дээр ургийн модоо бүтээх, гэр бүлийн түүх, зураг, бичлэг хадгалах, программтай холбоотой ямар нэг асуудлыг нь шийдвэрлэж өгөх зэргээр хувь хүн бүртэй маш шаргуу тулж ажилласан. Цаашид бид энэ үйл ажиллагааг улам эрчимтэй явуулах болно” гэж хуваалцав. Мөн УБЗГ-ны гэр бүлийн түүхийн зөвлөх Мартцэцэг эгч: “Миний хувьд Family Search вэбсайтаа Сүмийн гишүүн, гишүүн бус олон хүнд танилцуулсандаа хамгийн их баяртай байгаа. Нэг жишээ хэлэхэд, Сүмийн гишүүн бус Ганбаатар гэдэг хүнд программаа танилцуулахад маш их талархсан, бахадсан байдлаар хүлээн авч; ургийн модоо хэрхэн бүтээх, өргөтгөхийг заалгаад явсан. Энэ арга хэмжээ нь ургийн бичгээ хөтлөхөд бусдыг уриалсан; хөтлөөгүй нь улам их хөтлөх хүсэлтэй болж, бодитоор эхлүүлсэн; хөтөлж эхэлсэн ч гацсан байсан бол асуудлаа шийдвэрлүүлсэн онцгой үйл явдал боллоо” гэж хуваалцлаа.

Энэ арга хэмжээ нь ахлагч Гэррит В.Гонгийн заасанчлан, “Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй. . . . Бид нас барсан ч оршин байхаа болихгүй. Бид хөшигний нөгөө талд үргэлжлүүлэн амьдардаг. Одоо ч гэсэн өвөг дээдэс маань бидэнд санан дурсагдах эрхтэй. . . . Өвөг дээдэстэйгээ нэгдэх нь бидний амьдралыг санаанд оромгүй байдлаар өөрчилж болно. Тэдний зовлон бэрхшээл, ололт амжилтаас бид итгэл, хүч чадал хүлээн авч чадна. Тэдний хайр, золиосыг хараад бид бусдыг уучилж, урагшлах талаар суралцдаг. Бидний хүүхдүүд илүү дасан зохицох чадвартай болно. Бидэнд хамгаалалт, хүч чадал ирнэ. Өвөг дээдэстэйгээ холбогдох нь гэр бүлийн харилцаа, талархал, гайхамшгийг өсгөдөг. Ийн холбогдох нь хөшигний нөгөө талаас тусламж авчирч чаддаг” гэдгийг хүмүүст улам бүр ойлгуулсан үйл ажиллагаа болсон юм.

Хэвлэх