Семинар
188-р хичээл—Гансрал гуниг, сэтгэл гутралыг даван туулах: Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр амьдрал дахь сэтгэл санааны сорилтуудыг даван туулахад бидэнд тусалж чадна


“188-р хичээл—Гансрал гуниг, сэтгэл гутралыг даван туулах: Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр амьдрал дахь сэтгэл санааны сорилтуудыг даван туулахад бидэнд тусалж чадна,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Гансрал гуниг, сэтгэл гутралыг даван туулах,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

188-р хичээл: Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд

Гансрал гуниг, сэтгэл гутралыг даван туулах

Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр амьдрал дахь сэтгэл санааны сорилтуудыг даван туулахад бидэнд тусалж чадна

Хана налан гуниглан суугаа өсвөр насны хүүхэд

Аврагчийн дотор бидний баясал бүрэн хэмээн Тэрээр амласан (Сургаал ба Гэрээнүүд 101:36-г үзнэ үү). Гэвч гансарч гуниглах, урам хугарах мөчүүд бидний мөнх бус амьдралын ердийн нэг хэсэг юм. Заримдаа бид итгэл найдвараа алдаж, сэтгэл гутралыг илүү ихээр мэдэрч болно. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг сэтгэл санааны хувьд хүнд хэцүү үед итгэлээр урагшлахад туслах эх сурвалжуудыг өгсөн. Энэ хичээл нь гансрал гуниг, сэтгэл гутралын үед хэрхэн тусламж авах талаар ойлгож мэдэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сэтгэл хөдлөл нь далайн давлагаатай адил

Жич: Та энэ хичээлийг заахдаа уг сэдвээр мэргэшсэн байх шаардлагагүй гэдгийг мэдэх нь зүйтэй. Ариун Сүнсний удирдамжийн төлөө залбирч, материалын дагуу зааж, суралцагчдадаа итгэ. Хэрэв суралцагчид таны мэдэхгүй зүйлийг асуувал эсвэл өөрсдөдөө тулгарч буй сорилт бэрхшээлээ хуваалцвал Их Эзэн, эцэг эх, Сүмийн удирдагчид болон сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс тусламж эрэлхийлэхэд тэднийг урамшуулан дэмж.

Хичээлээ эхлүүлэхдээ далайн давлагааны зураг эсвэл видео үзүүл. Дараах догол мөрийг хуваалц эсвэл нэгтгэн дүгнэ.

Элсэн дээр гишгэсэн хөл/далайн давлагаа

Далайн эрэг дээр зогсоод, далайн давлагааг харж байна гэж төсөөл. Далайн давлагаа бол бидний мэдрэмжтэй адил юм. Усанд зогсох юм уу ус туучих үед давлагаа хөлийг чинь зөөлөн илбэдэг. Усанд арай гүн орох тохиолдолд давлагаа таныг илүү хүчтэй, бүр огцом цохиж, та тэнцвэрээ алдаж ч болзошгүй. Зарим тохиолдолд том давлагаа таныг хүчтэйгээр ээлжлэн цохиж болно. Та хөл дээрээ бат зогсоход хэцүү болж, тэрчлэн усанд амьсгаа боогдож, амьсгал авч чадахгүйд хүрч ч болно.

Энэ зүйрлэл нь гансрах, урам хугарах, гутрах зэрэг сэтгэл санааны сорилтуудтай хэрхэн холбогдож болохыг тунгаан бод.

Энэ сэдвийн талаарх ойлголтоо үнэлэхэд нь суралцагчдад туслах үүднээс та дараах мэдэгдлүүдийн заримыг өгч болно.

Дараах мэдэгдлүүдийг залбирч байгаад эргэцүүлэн бод. Мэдэгдэл тус бүр танд хэр их хамааралтайг тэмдэглэлдээ бич (“тийм,” “ихэнхдээ,” “бараг л,” “огт хамааралгүй” гэсэн хариултуудыг ашигла).

  • Би гансрал гуниг, урам хугаралт, сэтгэл гутралын хоорондох ялгааг мэддэг.

  • Би сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг мэднэ.

  • Би сэтгэл гутарсан үедээ хаанаас тусламж авахыг мэднэ.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр гансарч гунигласан, сэтгэл гутарсан үед маань надад хэрхэн тусалж чадахыг би ойлгодог.

Гансрал гуниг ба сэтгэл гутрал

Гансрал гуниг, урам хугаралтыг мэдрэх нь хэцүү боловч энэ нь бидний өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Эдгээр нь жижиг давлагаатай адил амьдралын сорилт бэрхшээл, урам хугаралтын үед үзүүлэх ердийн хариу үйлдлүүд юм. Сэтгэл гутрал нь гансрал гунигаас илүү хүнд гэдгийг тайлбарла. Сэтгэл гутрал нь хүний ​​сэтгэн бодох чадвар, мэдрэмж, үйлдэлд (яг том давлагаа адил) байнга сөргөөр нөлөөлдөг. Сэтгэл гутралын шинж тэмдгүүдэд байнгын гансрал гуниг, цөхрөлд автах, үнэ цэнгүй мэт мэдрэх, эрч хүчгүй болох, урьд өмнө нь баяр баясал төрүүлдэг байсан үйл ажиллагаануудыг сонирхохоо болих, эргэн тойрныхоо хүмүүст дарамт болж буй мэт санагдах, үхэх, амиа хорлох тухай бодох зэрэг орно. Түүнчлэн зарим хүн сэтгэл гутралд орсон үедээ Сүнсийг таньж мэдэх чадваргүй болж болно. (“Гансрал гуниг, сэтгэл гутралыг ойлгох,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх [2021], 75.)

Өөрийнхөө амьдралыг эргэцүүлэн бодоод, одоо төрж буй сэтгэл хөдлөлийг ямар давлагаагаар дүрсэлж болохыг тунгаан бод.

Өнөөдөр судалж байх явцдаа та гансрал гунигт автаж, сэтгэл гутралд орсон хүмүүст болон өөртөө туслах Сүнсний өдөөлтийг залбирч байгаад эрэлхийл.

Исаиа 61:1–3 дахь шүлэгт Аврагч бидэнд туслах олон арга замыг дүрсэлсэн байдаг. Эдгээр шүлгийг уншаад, гансрал гуниг, сэтгэл гутралтай хүнд туслах хэллэгүүдийг хайж ол. Эдгээр шүлэгт гарч буй “намайг” гэдэг үг нь Мессиа болох Есүс Христийг хэлдэг.

  • Ямар үг, хэллэг танд утга учиртай санагдсан бэ? Та гансрал гуниг, сэтгэл гутралтай тэмцэж буй хүнд туслах ямар зүйлийг олж мэдсэн бэ?

Эрх чөлөөгүй байгаа эсвэл тэгж санагддаг, гашуудаж байгаа мөн хүнд ачаа үүрсэн мэт санагддаг шархалсан зүрх сэтгэлтэй хүмүүст тусалж, өргөж, тэднийг тайтгаруулдаг Аврагчийн чадварыг суралцагчид дурдаж болно.

Суралцагчдад хуваалцах боломжийг олгосны дараа Рэйна И.Абүрто эгчийн хэлсэн дараах мэдэгдлийг үзүүл. Энэхүү мэдэгдэл нь тайтгарал эрэлхийлэхийн тулд юу хийж чадахаа танин мэдэхэд суралцагчдад тусална.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Рэйна И.Абүрто эгч ийн заасан.

2:3

Үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдээч!

Абурто эгч Аврагч Бурханы бүх хүүхдэд сэтгэл санааны болон бие махбодийн сул дорой байдлаа даван гарахад тусалж чадахыг гэрчлэв.

Рэйна И.Абүрто эгч

Тархи нь хүний биеийн ямар ч эрхтэнтэй адил өвдөж, гэмтдэг мөн химийн найрлагын тэнцвэртэй байдал нь алдагддаг. Оюун ухаан маань зовж шаналж байхад бид Бурханаас болон эргэн тойрны хүмүүс, эмч, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнээс тусламж авах нь зүйтэй. …

… Хааяа нэг гуниглах, санаа зовох бол ердийн зүйл. Гуниглах, сэтгэл түгших зэрэг нь хүний төрөлхийн сэтгэл хөдлөл юм. Гэхдээ хэрэв бид үргэлж гуниглаж, өвчин зовлон маань Тэнгэрлэг Эцэгийнхээ болон Түүний Хүүгийн хайрыг мөн Ариун Сүнсний нөлөөг мэдрэх чадварыг маань хааж байгаа бол бид гутрал, сэтгэлийн түгшүүр юм уу өөр бусад сэтгэл санааны өвчинд нэрвэгдсэн байж магад. (Рэйна И.Абүрто, “Үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдээч!,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 62)

  • Бид Абүрто эгчийн захиаснаас ямар үнэнүүдийг сурч болох вэ?

Оюун ухаан маань зовж шаналсан үед бид Бурханаас, эргэн тойрныхоо хүмүүсээс, эмнэлгийн болон сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс тусламж хүсэх ёстой гэсэн үнэнийг ойлгоход нь суралцагчдад тусал.

Бурханаас, бусад хүнээс мөн мэргэжилтнүүдээс тусламж эрэлхийл

Энэ зарчмыг сайтар ойлгоход нь суралцагчдад туслах зорилгоор товхимол хийх цаас аваад гурван хэсэг болгон нугалахад тэднийг урь. Тэд товхимолдоо гансрал гуниг, сэтгэл гутралын үед тусламж гуйхтай холбоотой олж мэдсэн зүйлээ бичиж болно. Энэ нь одоо эсвэл ирээдүйд тэдэнд болон тэдний хайртай хүнд тус болж болох юм. Суралцагчид “Бурханаас тусламж эрэлхийлэх,” “Бусдаас тусламж эрэлхийлэх,” “Мэргэжлийн хүмүүсээс тусламж эрэлхийлэх” гэсэн гурван хэсэгт гарчиг тавьж болно. тараах материалын дүрс зураг Дараа нь “Тусламж эрэлхийлэх нь” гэсэн гарчигтай тараах материалыг өг. Суралцагчид ганцаарчилж эсвэл жижиг бүлгээр ажиллаж, тараах материалын асуултад өгсөн хариултаа товхимол дээрээ бичиж болно.

Тусламж эрэлхийлэх нь

Бурханаас тусламж эрэлхийлэх

Тэнгэрлэг Эцэг бидэнд мөнх бус байдлын бүх сорилтыг даван туулах тэнгэрлэг тусламжийг амласан. Тэрээр олон арга замаар Өөрийн тусламжийг илгээнэ хэмээн амласан. Бид ямар нэгэн зүйлд Түүний тусламжийг олж харахгүй байсан ч бууж өгөхгүй байх нь ямагт чухал юм. Үргэлжлүүлэн эрэлхийл. Тэр тэнд байдаг.

  • Гансрал гуниг, сэтгэл гутралаа даван туулахад тань туслах итгэлийг төрүүлдэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар ямар зүйлийг та мэддэг вэ?

Иаков 2:8; Алма 26:27–28; Сургаал ба Гэрээнүүд 6:36; 136:29 шүлгүүдийг унш. Гунигласан, сэтгэл гутарсан үедээ Их Эзэний тусламжийг эрэлхийлэх арга замуудыг хай.

  • Эдгээр шүлэгт гунигласан, сэтгэл гутарсан үедээ юу хий гэж бидэнд заадаг вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тусламж хүсэх өөр ямар арга замууд байдаг вэ?

Хэт хувийн чанартай биш бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тусламж хүсэж байсан үеэ хуваалц.


Бусдаас тусламж эрэлхийлэх

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл ийн заасан.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

Бурхан биднийг ажиглаж, дээрээс маань харж байдаг. Гэхдээ Тэрээр ихэвчлэн өөр хэн нэгнээр дамжуулан бидний хэрэгцээг хангадаг. (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 82)

Гунигласан, сэтгэл гутарсан үедээ өөрийгөө бусдаас холдуулах эсвэл тусгаарлахыг хүсэх үе бидэнд бий. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн бидэнд илгээж буй тусламжийг олж харах чадварыг хязгаарлаж болох юм. Бусдад хандах гэдэгт эцэг эх, гэр бүлийн итгэлт хүн эсвэл Сүмийн удирдагчидтай ярилцах зэрэг багтана.

Зовж шаналж буй хэн нэгнийг бусдад хандаж, бусдаас тусламж хүсэхэд туслах хоёроос гурван зүйлийг жагсаан бич.

Хэт хувийн чанартай биш бол гансрал гуниг, сэтгэл гутралтай үед гэр бүлийн гишүүн, найз тань тусалж байсан үеийг хуваалц.


Мэргэжлийн хүмүүсээс тусламж эрэлхийлэх

Тусламж эрэлхийлэх нэг чухал эх сурвалж бол итгэмжлэгдсэн эмнэлэг болон сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүдийн мэргэн ухаан юм. Гансрал гуниг, сэтгэл гутралыг далайн давлагаатай харьцуулсан өмнөх жишээг бод. Бид гансрал гунигтай (жижиг давлагааг мэдэрч буй) үедээ хэзээ мэргэжлийн тусламж авах хэрэгтэйг мэдэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг дагах хэрэгтэй. Гэвч хэрэв бид сэтгэл гутарч эсвэл амиа хорломоор санагдаж байгаа тохиолдолд (том давлагаатай тулгарвал) мэргэжлийн тусламж эрэлхийлэх нэн шаардлагатай.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг уншаад, Тэнгэрлэг Эцэг биднийг зовж шаналах үед ямар зүйлсээр хангасныг олж мэд.

Ахлагч Жэффри Р.Холланд

Мэргэшсэн, мэргэжлийн ур чадвартай, ёс зүйтэй, нэр хүнд бүхий хүмүүсээс зөвлөгөө ав. Тэдэнтэй өөрийн өвчний түүх болон асуудлуудын талаар илэн далангүй ярилцаарай. Тэдний өгсөн зөвлөгөө, зааварт залбирч байгаад, хариуцлагатай ханд. Хэрэв таны мухар олгой үрэвссэн бол Бурхан таныг санваарын адислал авч, бас боломжтой байгаа хамгийн сайн эмнэлгийн тусламж, үйлчилгээг аваасай гэж хүснэ. Сэтгэл санааны хямралуудын хувьд ч мөн адил хандаасай гэж Тэрээр хүсдэг. Тэнгэр дэх бидний Эцэг энэ гайхамшигт эрин үед бидэнд зориулан өгсөн гайхамшигт бэлгүүдээ бүгдийг нь ашиглаасай гэж биднээс хүсдэг юм. (Жэффри Р.Холланд, “Хагарсан сав шиг,” Ерөнхий чуулган, 2013 оны 10-р сар, 46)

Ахлагч Холландын хэлсэн үгээс утга учиртай санагдсан хэсгийг өөрийн товхимол дээр бич.

  • Та яагаад сэтгэл гутралтай үед мэргэжлийн тусламж эрэлхийлэх нь чухал гэж бодож байна вэ?

Мэргэжлийн тусламж авахын тулд хаана хандахаа таньж мэдэхэд суралцагчдад тусал. Сургуулийн зөвлөх, эцэг эх, Сүмийн итгэмжит удирдагчтай ярилцаж, тохирох мэргэжилтнийг олоход суралцагчдад туслах зэрэг санаанууд байж болно. Та харьяа бүс нутгийнхаа амиа хорлохоос урьдчилан сэргийлэх лавлах утас, вэбсайтыг олж мэдэхэд суралцагчдыг урьж болно (тусламжийн утас, эх сурвалжийг suicide.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү). Тэд эдгээр эх сурвалжийг товхимолдоо бичиж болно. Мөн тэд Сүмийн вэбсайт дахь амиа хорлохоос урьдчилан сэргийлэх хуудсыг цахим хэрэгсэл дээрээ тэмдэглэж авч болно.

Амиа хорлолттой холбоотой эх сурвалжийг suicide.ChurchofJesusChrist.org болон энэ хичээлийн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгээс олж болно.

Сэтгэл гутралын улмаас зовж шаналж буй зарим хүн өөрсдийгөө бусдад, тэр ч байтугай Их Эзэнд хэтэрхий их дарамт учруулж байна гэж бодож болно. Өөрийн амьдрал дахь Их Эзэний төгс хайр, тэвчээр, хүч чадлыг мөн ачаагаа үүрэхэд маань Тэр туслахыг хүсдэг гэдгийг санахад нь суралцагчдад тусал. Сэтгэл гутралд орсон, амиа хорлох бодолтой байгаа хүн нэг бүрд найдвар үргэлж байдаг гэдгийг та суралцагчдад хайраар сануулж болно.

Сурсан зүйлсээ эргэн хар

Гансрал гуниг, сэтгэл гутралыг даван туулахын тулд Бурханаас болон бусдаас мөн мэргэжлийн хүмүүсээс тусламж эрэлхийлэх нь яагаад чухал талаар ярилцахад суралцагчдыг урь. Хэт хувийн чанартай биш бол цөөн хэдэн суралцагч өнөөдөр сурч, ойлгосон зүйлээ хуваалцаж болно.

Дараах зүйлсийг хийхдээ Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхэд суралцагчдыг урь.

Судлах тэмдэглэл, товхимолдоо дараах зүйлсийг бич.

  • Гунигтай эсвэл сэтгэл гутралтай үедээ Их Эзэний тусламжийг эрэлхийлэхийн тулд таны хийж чадах зүйлс (үүнд таны унших судрууд, итгэл найдвар төрүүлдэг ариун нандин дуу хөгжим багтаж болно)

  • Гунигтай, сэтгэл гутралтай үедээ бусдад хандахын тулд таны хийх зүйлс

  • Гунигтай эсвэл сэтгэл гутралд орсон хэн нэгэнд туслахын тулд таны хийж чадах зүйлс

  • Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөхөөс тусламж хүсэх эсэхэд эргэлзэж байгаа хэн нэгэнд таны хэлэх зүйлс

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр “нүднээс нулимс бүрийг [минь] арчиж” (Илчлэлт 21:4), “[биднийг] [Өөрийн] хайрынхаа мутарт тэвэрч” (Сургаал ба Гэрээнүүд 6:20) чадна гэдгийг суралцагчдад сануулах талаар бодож үз.