Семинар
189-р хичээл—Есүс Христэд төгөлдөржих нь: Аврагчтай илүү адилхан болох үйл явц


“189-р хичээл—Есүс Христэд төгөлдөржих нь: Аврагчтай илүү адилхан болох үйл явц,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Есүс Христэд төгөлдөржих нь,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

189-р хичээл: Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд

Есүс Христэд төгөлдөржих нь

Аврагчтай илүү адилхан болох үйл явц

Зураг
Аврагч Есүс Христ

Амьдралын олон дарамт шахалт, хүлээлт нь биднийг төгс байх үзлээс салж чадахгүй байхад эсвээс өөрийгөө төгс төгөлдөр байх ёстой хэмээн андуурахад хүргэдэг. Аврагчийн агуу золиослолын ачаар бид “түүгээр төгөлдөржиж” чадна (Моронай 10:32). Энэхүү хичээл нь төгс байх үзэлтэй холбоотой бодлын алдааг таньж мэдэн, Их Эзэнд хандахад суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс байх үзэл

Дараах бодлуудын заримыг самбарт үзүүлж, ангиараа хамтдаа унших талаар бодож үз. Суралцагчдад илүү тохирсон бусад төгс байх бодлоор эдгээрийг орлуулан өөрчилж, тохируулж болно.

  • “Би хангалттай сайн болно гэдэгтээ итгэлгүй байна.”

  • “Би энэ тал дээр түүн шиг тийм ч сайн биш. “Би яагаад хичээгээд байгаагаа мэдэхгүй байна.”

  • “Би байгаагаасаа их аз жаргалтай, илүү дээрдсэн мэт дүр эсгэх ёстой юм шиг надад санагддаг.”

Эдгээр бодлын зарим жишээг “Өөрийгөө энэрэн хайрлах нь” (2:58) видеогоор цагийн код 0:00-ээс 0:53 хүртэл үзүүлэхийг бод.

Хамтрагчтайгаа дараах асуултуудад хариулахад суралцагчдыг урь.

  • Энэ мэт бодлууд хэр нийтлэг байдаг гэж та боддог вэ?

  • Хүмүүс яагаад ингэж бодоход уруу татагдаж болох вэ?

Та эдгээр мэдэгдлийг төгс байх бодлын хэв маягийн жишээ гэдгийг тайлбарлаж болно. Та самбарт төгс байх үзэл гэж бичээд, энэ үгийг тойруулан боломжит тайлбаруудыг бичихэд суралцагчдыг урьж болно.

Дараах мэдэгдлийг үзүүлэх талаар бодож үз. Самбарт нэмж бичиж болох нэмэлт ойлголтуудыг хайхад суралцагчдыг урамшуул.

Далын ахлагч Вэрн П.Станфилл ийн тайлбарлажээ.

Зураг
Ахлагч Вэрн П.Станфилл

Төгс төгөлдөр байх үзэл нь байж боломгүй, бусадтай өөрийгөө харьцуулан өөрийгөө хохироогч жишгийг шаарддаг. Энэ нь буруутай, түгшүүртэй мэдрэмж төрүүлж, биднийг бусдаас холдож, өөрийгөө тусгаарлахад хүргэдэг. (Вэрн П.Станфилл, “Дутуу ургац,” Лиахона, 2023 оны 5-р сар, 113)

Амьдралдаа төгс байх үзлийг хэрхэн хардаг, үүнийг хэрхэн даван туулах талаар үнэлэхэд нь суралцагчдад туслах үүднээс та дараах асуултуудыг үзүүлж, суралцагчдыг хариултаа тунгаан бодоход урьж болно.

Та төгс байх бодолд хэр автамтгай эсэхээ бодож үзээрэй. Дараах асуултуудын заримд өгсөн хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж болно.

  • Та өөртөө ямар бодит бус жишгийг тогтоодог вэ?

  • Та өөрийгөө бусадтай эрүүл бус хэв маягаар хэрхэн харьцуулдаг вэ?

  • Та ийм бодлыг арилгахын тулд Их Эзэнд хэрхэн хандаж чадах вэ?

Төгс байх бодлыг даван туулахын тулд Аврагчид хандаж болох арга замуудыг судалж байхдаа Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс илчлэл эрэлхийлэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.

Есүс Христэд төгөлдөржих нь

Ахлагч Вэрн П.Станфилл төгс байх үзэл бодлыг даван туулахын тулд юунд анхаарлаа хандуулах талаар ийн хуваалцсан.

Зураг
Ахлагч Вэрн П.Станфилл

Төгс төгөлдөр байх үзэл, Христээр төгөлдөржих хоёр өөр зүйл гэдгийг санаарай.…

Христээр төгөлдөржих гэдэг нь … Ариун Сүнсний хайранд удирдуулагдан, Аврагчтай илүү адил болох үйл явц юм. Жишгүүдийг өрөвч нинжин сэтгэлтэй, бүхнийг мэдэгч Тэнгэрлэг Эцэг тогтоосон бөгөөд биднийг хүлээн авахад урьсан гэрээнүүдэд тодорхой тусгасан байдаг. Энэ нь бидний гэм буруутай, хангалтгүй гэсэн мэдрэмжийн дарамтыг хөнгөлж, Бурханы мэлмийд бид хэн бэ гэдгийг үргэлж онцолж өгдөг. (Вэрн П.Станфилл, “Дутуу ургац,” Лиахона, 2023 оны 5-р сар, 113)

  • Энэ мэдэгдлээс юу нь танд утга учиртай байсан бэ?

Хэрэв суралцагчид өөрсдөө хуваалцахгүй байвал Христэд төгөлдөржих гэдэг нь ямар утгатайг нэгтгэн дүгнэхэд тэднийг урих талаар бодож үз. Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан самбарт дараахтай адил зарчмыг бич. Есүс Христэд төгөлдөржих нь Ариун Сүнсээр удирдуулагдан, Аврагчтай илүү адил болох үйл явц юм. Самбар дахь төгс байх үзэл гэх үгсийн хажууд Христэд төгөлдөржих гэж бичих талаар бодож үз.

Аврагч Америк тивийн эртний оршин суугчдад айлчлахдаа төгс болох нь Түүний болон Түүний Эцэгийн бид бүгдээс хүсдэг зүйл гэдгийг дахин нэг удаа баталсан. 3 Нифай 12:48-ыг уншаад (мөн Матай 5:48-ыг үзнэ үү), Аврагч юу гэж хэлснийг олж мэд.

Зарим хүн энэ шүлгийг уншиж байхдаа төгс байх үзлээс салж чадахгүй байж магадгүй юм.

  • Ахлагч Станфиллын хэлсэн үг Аврагчийн энэ шүлэгт юу зааж байгааг илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Энэ шүлэг төгс байх бодлоос салж чадахгүй үедээ Их Эзэнд хандахад хэрхэн бидэнд тусалж чадах вэ?

Аврагчтай илүү адилхан болох

Энэ зарчмыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслах зорилгоор “Есүс Христэд төгөлдөржих нь” гарчигтай тараах материалыг өгөх талаар бодож үз.

Суралцагчид судрын эшлэл, мэдэгдлүүдийг жижиг бүлгүүдээр судалж, хүн нэг бүр нэг эсвэл хоёр мэдэгдэл, судрын эшлэл авч болно. Эсвэл та бүлэг тус бүрд нэг мэдэгдэл, судрын эшлэл хуваарилан өгч болно.

Есүс Христэд төгөлдөржих нь

Дараах судрын хэсгүүдийг унш. Төгс бус байдлыг даван туулж, Аврагчтай илүү адилхан болоход Тэр тусалж чадна гэдэгт итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх үг хэллэгүүдийг хайж ол. Та хайж олсон зүйлсээ судлах тэмдэглэлдээ эсвэл тараах материалынхаа ар талд жагсааж болно.

Дараах мэдэгдлийг унш. Төгс байх үзлийг даван туулахын тулд бидний хийж чадах зүйлийг хайж, Есүс Христээр дамжуулан илүү сайн болоход анхаарлаа төвлөрүүл. Та өөрт онцгой санагдсан хэллэгүүдийг тодруулан тэмдэглэж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф Их Эзэн биднээс юуг хүлээдэг болон хүлээдэггүй талаар ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Бурханд дутагдалгүй хүн хэрэггүй. Тэрээр “зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюун” [Сургаал ба Гэрээнүүд 64:34]-аа өргөх хүмүүсийг эрэлхийлдэг бөгөөд тэднийг “Христэд төгөлдөржүүлэх” болно [Моронай 10:32–33]” хэмээн хэлсэн. (Дийтр Ф.Угдорф, “Five Messages That All of God’s Children Need to Hear” [Бригам Янгийн Их Сургуулийн боловсролд зориулсан долоо хоногийн онцгой цугларалт, 2021 оны 8-р сарын 17], 3, speeches.byu.edu)

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өөрсдийн төгс бус байдлыг олж харвал юу хийж болох талаар ийн тайлбарлав.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Өдөр бүр хамгийн сайнаараа хийж, сайжрахаар хичээцгээе. Бид өөрсдөөсөө алдаа дутагдал олж харсан үедээ тэдгээрийг засахаар хичээж чадна. Бид өөрсдөдөө болон хайртай хүмүүстээ байдаг алдаа дутагдалд илүү уучламтгай хандаж чадна. (Рассэлл М.Нэлсон, “Perfection Pending,” Ensign, 1995 оны 11-р сар, 88)

Судалж дууссаны дараа, сурч мэдсэн зүйлээ бүлгийнхэнтэйгээ хуваалцахад суралцагчдыг урь. Эдгээр судар, мэдэгдэл тэдэнд хэрхэн хамааралтай болохыг ярилцахад тусал.

Эдгээр судар, мэдэгдлээс дараах зүйлд тусалсан ямар үг хэллэгийг олсон тухай ярилц.Үүнд:

  • Эдгээр нь өнгөрсөн хугацаанд хүлээлтэд хүрэхгүй байх мэдрэмжийг даван туулахад тусалсан.

  • Танд асуух зүйл байгаа.

  • Та амьдралдаа эдгээрийг хэрэгжүүлэхийг хүсэж байна.

Төгс байх үзэл гэдгийг Есүс Христээр төгс болох гэсэн хэллэгээр орлуулах

Дараах чадвар нь төгс байх бодлыг засаж, Есүс Христээр дамжуулан илүү сайн болохыг хичээхэд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.

Тодорхойлох: Суралцагчид дараах чадварыг ойлгосон эсэхийг шалга. Асуултуудыг самбарт бичих талаар бодож үз.

Төгс байх бодлыг анзаарсан үедээ өөрөөсөө ийн асуу.

  • Аврагч надаас өөрийгөө энэрэнгүй, тэвчээртэй байдлаар харахыг хэрхэн хүсэж болох вэ?

  • Бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэхийн оронд би Аврагчийг болон Түүний надад туслах хүчийг хэрхэн хүлээн зөвшөөрч, үүнд найдаж чадах вэ?

Загвар: Хичээлийн эхэнд дурдсан “Би энэ тал дээр түүн шиг тийм сайн биш. Би яагаад хичээгээд байгаагаа мэдэхгүй байна” гэх мэт төгс байх бодлуудаас нэгийг сонго. Уг бодлыг санангаа, суралцагчдад эхний асуултыг тавь (“Аврагч надаас өөрийгөө энэрэнгүй, тэвчээртэй байдлаар харахыг хэрхэн хүсэж болох вэ?”). Зарим боломжит хариултыг сонсохын тулд “Өөрийгөө энэрэн хайрлах нь” (2:58) видеог цагийн код 0:54-өөс 2:58 хүртэл үз.

Суралцагчид дараах бодлуудын заримыг хуваалцаж болно. Үүнд: Их Эзэн биднийг бусадтай харьцуулахад ямар байгаад санаа зовдоггүй. Хэрэв бид бусдын адил хурдан өсөж хөгжихгүй байвал мөн бусад хүнд өөрийн гэсэн асуудал байдаг гэдгийг ойлговол өөртөө тэвчээртэй хандаж чадна. Ихэнх өсөлт хөгжил аажим явагддаг гэдгийг бид ойлгож чадна. Бид Их Эзэнд хандан Сүнсний өдөөлтүүдийг эрэлхийлж, Их Эзэний цаг хугацааны дагуу өсөж хөгжинө гэдгээ мэдэж чадна.

Дээр дурдсан хоёр дахь асуултыг тавь (“Бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэхийн оронд би Аврагчийг болон Түүний надад туслах хүчийг хэрхэн хүлээн зөвшөөрч, үүнд найдаж чадах вэ?”). Бид наманчилж, Аврагчид хандах үедээ нүглээсээ ангижирч, өсөж хөгждөг, Түүнтэй адил болоход туслах хүч Түүнд бий гэдгийг суралцагчид хуваалцаж болно. Тэр биднийг бусдад анхаарлаа хандуулахаас илүү Өөр дээр нь төвлөрөхөд урьдаг. Бид Аврагчийн үлгэр жишээг дагахыг хичээж, Тэнгэрлэг Эцэг бидний хичээл зүтгэлийг адислахын төлөө залбирч чадна. Бид Түүний тусламжийн нотолгоог болон өсөж хөгжиж буй арга замуудыг залбиран байж эрэлхийлдэг.

Дадлага: Суралцагчдыг дараах үйл ажиллагааг хос хосоороо хийж гүйцэтгэхэд урьж, суралцагч нэг бүрд дадлага хийх боломж олгоорой.

Хичээлийн эхэнд дурдсан төгс байх бодлын нэг жишээг сонго. Уг бодлыг санаад, дээрх асуултуудад хариул.

Хангалттай хугацаа өгсний дараа цөөн хосыг дадлага ажлаас сурч мэдсэн зүйлсээ хуваалцахад урь. Зарим суралцагч Аврагчийг бодол санаандаа урих нь Түүний хайр, тэвчээрийг мэдрэхэд тусалдаг гэдгийг анзаарч болно.

Амьдралдаа эдгээр чадварыг хэрхэн ашиглах талаар тунгаан бодоход суралцагчдыг урамшуулан дэмж. Тэднийг Аврагчийн тусламжийг эрэлхийлэх явцад хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхэд урь.

Та Есүс Христтэй адил болоход гаргасан тасралтгүй хичээл зүтгэлээс ирэх адислалуудыг гэрчилснээр хичээлээ дуусгаж болно.

Хэвлэх