“187-р хичээл—Стресс, түгшүүрээ хянаж удирдах: Есүс Христ биднийг хүчирхэгжүүлж чадна,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Стресс, түгшүүрээ хянаж удирдах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
187-р хичээл—Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд
Стресс, түгшүүрээ хянаж удирдах
Есүс Христ биднийг хүчирхэгжүүлж чадна.
Бид бүгдээрээ стресстдэг. Стресс бидэнд өдөр тутам ажлаа хийх, амьдралын сорилт бэрхшээлийг даван туулахад тусалдаг. Гэвч урт удаан хугацаанд стресс, түгшүүр гэх мэт мэдрэмжийг мэдрэх нь бидэнд сөргөөр нөлөөлдөг. Энэ үед Их Эзэн бидэнд тусалж чадна. Энэ хичээл нь стресс, түгшүүрийг хянаж удирдахын тулд Их Эзэнд хандахад туслах чадваруудыг тодорхойлж, дадлага хийхэд суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Стресс, түгшүүр
Стресс, түгшүүр нь амьдралын ердийн салшгүй хэсэг юм. Энэ нь гэр орны асуудал, сургуулийн шалгалт, чухал шийдвэр зэрэг аливаа шаардлагын хариуд тархи, бие махбодын үзүүлж буй үйлдэл юм. Зохих хэмжээнд стресс, түгшүүрийг мэдрэх нь танд анхаарлаа төвлөрүүлж, зорилгодоо хүрч, бие махбодоо хамгаалахад тусалдаг. Гэхдээ стресст хэт их орох, урт хугацаанд түгшүүр мэдрэх нь асуудал болж болох юм.
-
Та стресс, түгшүүрийн түвшин хэвийн, эрүүл эсвэл хэт өндөр байгааг хэрхэн мэдэж болох вэ?
Хэрэв та хэт их стресс, түгшүүрт орсон бол ойр ойрхон өвдөж, толгой тань янгинаж, цаг үргэлж уурлаж, хоол идэх дуршилд тань эрс өөрчлөгдөж, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болдог. Эрүүл бус түгшүүр нь мөн сандрах, амьсгал давчдах, бие сульдах, нозоорох, нойргүйдэх, хоол боловсруулах систем хямрах, байнга түгшүүртэй байх, цэгцтэй сэтгэж чадахгүй байх зэрэг шинж тэмдгүүдээр илэрч болно.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.
автомашиныхаа халах, хурд нэмэх эсвэл шатахуун дуусах зэрэгт анхаарлаа хандуулдгийн нэгэн адилаар танд эсвэл таны тусалж чадах нэгэнд стрессын шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг ажигла. … Зохих тохиргоонуудыг [хий]. Ядаргаа бол бид бүхний нийтлэг дайсан. (Жэффри Р.Холланд, “Хагарсан сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47)
-
Ерөнхийдөө таны бодлоор ямар түвшний стресс таныг хамгийн сайн тодорхойлж байна вэ?
-
Та өөрийгөө шаардлагатай үед стрессийн түвшнийг бууруулах чадвартай гэж үзэж байна вэ?
Бид бүгдээрээ хэт их стресс, түгшүүрт орсон байгаагаа мэдэх чадвараа сайжруулж чадна. Бид мөн Их Эзэнээс тусламж хүсэх чадвараа хөгжүүлж болно. Та энэ хичээлийг судлахдаа стресс, түгшүүрийг даван гарахдаа Их Эзэний тусламжийг урих арга замыг олж мэд.
Их Эзэний тусламж
Дараах шүлгүүдээс хэдийг нь уншаад, хэт их стресс, түгшүүрт орох үед эдгээр нь хэрхэн бидэнд туслахыг олж мэд. Үүнд: Дуулал 55:22; Исаиа 40:29; Матай 11:28; Мозая 24:14–15.
-
Та эдгээр судраас юу сурч мэдсэн бэ?
-
Эдгээр үнэн нь стресс, түгшүүрт орох үед хэрхэн тус болж болох вэ?
Судрууд дахь жишээ
Эдгээр үнэний талаар хэдэн жишээг ярилцах нь тустай байж магад. Стресс эсвэл түгшүүрт орж байсан хүмүүсийн жишээг судраас хайж олоход хэдэн минут зарцуул.
-
Ийм нөхцөл байдалд стресс ямар түвшинд байх нь хэвийн гэж та бодож байна вэ?
-
Энэ нөхцөл байдалд стресс, түгшүүр нь тухайн хүний биеэ авч явах байдалд хэрхэн нөлөөлсөн байж болох вэ?
-
Стресс, түгшүүрт орохдоо тэр Их Эзэнд хандан тусламж хүсэхийн тулд юу хийсэн бэ?
Стресс, түгшүүрийг хянаж удирдах чадвар
Стресс, түгшүүрийг хянаж удирдахад туслах чадвараар дадлага хийхэд нь суралцагчдад туслахын тулд дараах үйл ажиллагааны аль нэгийг эсвэл хоёуланг нь хийж гүйцэтгэх талаар бодож үз.
Та мэдэрч буй стресс эсвэл түгшүүрийнхээ талаар бод. Дараах чадваруудаар дадлага хийхдээ танд тус болж байна гэсэн шинж тэмдгийг олж мэд.
-
Ухамсарлан бясалгах дадлага хий.
Тодорхойлох: Ухамсарт байдал гэдэг нь мэдэрч буй зүйлээ тайлбарлаж, шүүх гэж оролдохгүйгээр тухайн цаг мөчид оршин байх явдал гэдгийг тайлбарла. Үүнийг энгийн амьсгалын дасгал маягаар, амьсгал дээрээ төвлөрөх замаар хийж болно.
Тайлбарлан, үзүүлэн харуулах: Ангиараа ийн хийх нь танд болон суралцагчдад тань бага зэрэг эвгүй байж болох ч энэ ур чадварыг туршиж үзэх нь олон давуу талтай гэдгийг хэл. Дараах зүйлсийг хийнэ гэдгийг суралцагчдад тайлбарла:
-
Хамраараа хэдэн удаа гүнзгий, урт амьсгал авч, гарга. Ийн амьсгалах болгоныхоо дараа түр завсарла.
-
Мөрөө сулла. Мөрөө хөдөлгөлгүй, хэвлийгээрээ амьсгалахыг хичээ.
-
Амьсгал дээрээ төвлөрөхийг хичээ. Хэрэв бодлоо хянаж чадахгүй байвал амьсгалах мэдрэмждээ эргэж анхаарлаа хандуул.
Эсвэл та дөрвөн секунд амьсгал авч, таван секунд амьсгалаа барьж, зургаан секундэд амьсгал гаргахад суралцагчдыг урьж болно. (Шаардлагатай бол суралцагчид дасгалыг өөртөө тохируулж болно.)
Хичээл эхлэхээс өмнө энэ ур чадвараар өөрөө дадлага хийхийг бод. Та энэ ур чадвараар дадлага хийхийнхээ өмнө болон хийснийхээ дараа судасны цохилтоо хэмжиж болох ба зүрхний цохилт буурсан байвал таны стресс багасаж байгааг илтгэнэ. Энэ ур чадвар танд хэрхэн нөлөөлсөн талаар ангийнхантайгаа хуваалцах талаар бодож үз.
Дадлага: Үйл ажиллагааг хийж гүйцээхэд суралцагчдыг урь. Амьсгалах үедээ уушгиа тэлж, агшиж байгааг мэдэрч анзаарахад суралцагчдыг урамшуул. Тэднийг анхаарал нь сарниж байгаа эсэхийг, ямар бодол, мэдрэмж, мэдрэхүй анхаарлыг нь сарниулж байгааг анзаарахад урь. Суралцагчдыг хянаж шүүхгүйгээр ажиглан, зөвхөн анхаарлаа амьсгалдаа эргүүлэн төвлөрүүлэхийг зааварла.
Мэдэрсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Хүсвэл тэд дасгалын өмнө болон дараа зүрхний цохилтоо хэмжиж, тэмдэглэж, буурсан эсэхээ хэлж болно.
-
Стресс, түгшүүрт орох үед энэ чадвар яагаад бидэнд тус болох вэ?
-
-
Талархалд төвлөр.
Тодорхойлох: Өөрт тань болон энэ дэлхийд байгаа сайн сайхан, эерэг зүйлсийг анзаарч харахад цаг гарга. Ялангуяа Их Эзэн таны болон эргэн тойрны тань хүмүүсийн төлөө юу хийснийг тунгаан бод (Сургаал ба Гэрээ 59:7-г үзнэ үү). Үүнийг талархаж явдаг таван зүйлээ өдөр бүр талархлын дэвтэртээ бичих замаар хийж болно.
Тайлбарлан, үзүүлэн харуулах: Суралцагчид тусад нь тэмдэглэл хөтөлж эсвэл семинарын судлах тэмдэглэл гэх мэт өөрт байгаа тэмдэглэлийнхээ нэг хэсгийг ашиглаж болно гэдгийг тайлбарла. Тэд мөн гар утасныхаа тэмдэглэл дээр бодол санаагаа бичиж болно. Энэ үйл ажиллагаанд дараах алхмууд багтана:
-
Талархаж буй дор хаяж таван тодорхой, ялангуяа Их Эзэний таны төлөө хийсэн зүйлсээ бич.
-
Та яагаад тэдгээрт талархаж байгаагаа бич.
-
Өдөр бүр энэ дасгалыг хийхийг хичээ.
Хичээл эхлэхээс өмнө энэ чадварыг өөрөө хийж үз. Энэ туршлагаасаа, ямар мэдрэмж төрснөө хуваалцаж болно.
Дадлага: Талархаж буй тодорхой таван зүйлээ, ялангуяа Их Эзэний тэдэнд болон тэдний гэр бүл, хайртай хүмүүсийх нь төлөө хийсэн зүйлсийг бичихэд суралцагчдыг урь. Яагаад тэдгээрт талархаж байгаагаа бичихийг тэднээс хүс.
-
Энэ ур чадвараар дадлага хийсний дараа танд ямар мэдрэмж төрж байна вэ?
-
Яагаад энэ чадвар танд стресс, түгшүүрийг мэдрэх үед тус болж болох вэ?
-
Стресс, түгшүүрээ хянан удирдахад ашигладаг бусад чадвараа хуваалцахад суралцагчдыг урь. Зарим жишээг дурдвал: Их Эзэнд хандан залбирах, технологийн хэрэглээг хязгаарлах, богино завсарлага авах, идэвхтэй байх, хүлээлтээ эргэж харах, өөртөө зөөлөн хандах, өөр хүнд анхаарлаа хандуулах гэх мэт.
Төгсгөлд нь юуг, хэзээ хийхээ төлөвлөхдөө мөн стресс, түгшүүрээ хянахад Аврагчийг хэзээ, ямар давтамжтайгаар урихаа мэдэхийн тулд Их Эзэний удирдамжийг эрэлхийл.