Нас барсан өвөг дээдсийн төлөөх баптисм гэж юу вэ?
Есүс зохих эрх мэдлээр гүйцэтгэгдсэн баптисм тэнгэрт ороход шаардлагатай хэмээн заасан. Тэрээр Өөрөө баптисм хүртэхдээ үүний чухал ач холбогдлыг илүү харуулсан билээ. Олон хүн амьд байхдаа баптисм хүртэх боломжтой байдаг. Гэвч баптисм хүртээгүй, Есүс Христийн тухай мэдээгүй нас барсан хүмүүс олон бий. Тэнгэрлэг Эцэг тэдний хүн нэг бүрийг Өөртэй нь хамт амьдрахаар эргэн ирээсэй гэж хүсдэг.
Тэнгэрлэг Эцэг Өөрийнх нь олон хүүхэд энэ амьдралдаа баптисм хүртэх боломжгүй байх болно гэдгийг мэдэж байсан учраас энэхүү ёслолыг хүлээн авах өөр нэгэн арга замыг өгчээ. Нас барсан хүмүүс ариун сүмд баптисм болон бусад ёслолыг төлөөний хүнээр (өөрсдийнх нь өмнөөс хүлээн авах боломжтой амьд хүмүүс) дамжуулан хүлээн авах боломжтой. Нас барсан өвөг дээдсийн өмнөөс хүртэх баптисм (төлөөлөн хийх баптисм) бол та гэр бүлдээ болон нас барсан бусад хүнд санал болгож болох ариун нандин бэлэг юм. Нас барсан хүмүүс тэдний төлөө гүйцэтгэсэн баптисм, бусад ёслолыг хүлээн зөвшөөрөх эсэхээ сонгож болно. Төлөөлөн үйлдсэн ёслолууд Есүс Христийн авралын ач ивээлийг бүх хүнд боломжтой болгодог.
Хэрэв та Сүмийн зохистой гишүүн бөгөөд 12 нас хүрсэн бол ёслол хүлээн авалгүй нас барсан бусад хүний өмнөөс баптисм хүртэж, гишүүний баталгааг хүлээн авахаар ариун сүмд орох зөвшөөрөл олгодог ариун сүмийн эрхийн бичгийг хүлээн авах боломжтой. Ёслол хүлээн авалгүй нас барсан бусад хүний өмнөөс ёслол хүлээн авах ажил зөвхөн Бурханы ариун сүмд гүйцэтгэгддэг бөгөөд энэ нь гэр бүлийн чухал үүрэг юм.