Ариун сүмд лацдан холбуулах гэж юу вэ?
Судруудад гэр бүлүүдийг мөнхөд холбох энэ эрх мэдлийг “лацдан холбох” хүч гэдэг. Энэ бол тэнгэрт үргэлжлэх адислалуудыг газар дээр өгч болохын тулд төлөөлөгч Петрт Есүсийн өгсөн эрх мэдэл юм (Maтай 16:19-ийг үзнэ үү).
Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө нь эцэстээ таныг мөн таны гэр бүлийг Өөртэй нь үүрд хамт амьдруулна. Ариун сүмийн доторх лацдан холболтын өрөөнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлтийг гүйцэтгэдэг. Тэнд эрэгтэй, эмэгтэй хоёр энэ амьдралд болон мөнхөд гэрлэхээр ариун нандин тахилын ширээний хоёр талд өвдөг сөгдөн, гар гараасаа барьдаг. Энэ мөнхийн гэрлэлтийг ариун сүмд лацдан холбуулах гэдэг бөгөөд ийм гэрлэлтийн дараа төрсөн хүүхдүүд гэр бүлтэйгээ үүрд холбогддог. Гэр бүлээрээ лацдан холбуулах нь ариун сүмийн хамгийн чухал ёслол бөгөөд Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу адислал юм.
Сүмд нэгдэхээсээ өмнө иргэний хуулийн дагуу гэрлэсэн эсвэл ариун сүмд орох боломжтой болохоосоо өмнө гэр бүл болсон хүмүүс эхнэр, нөхөр болж хамтдаа лацдан холбуулах боломжтой. Хос хоёрыг лацдан холбуулсны дараа тэдний хүүхдүүдийн хэн нь ч тэдэнтэй лацдан холбуулах боломжтой.
Гэр бүлүүд үүрд хамтдаа байх боломжтойг мэдэх нь таныг зовлон шаналал, хайртай нэгний үхэл зэрэг амьдралын сорилт бэрхшээлтэй тулгарах үед амар амгалан, найдварыг авчирдаг. Хэрэв та гэр бүлтэйгээ лацдан холбуулж, гэрээндээ үнэнч хэвээр үлдвэл гэр бүлийн тань холбоо үхлийн дараа ч үргэлжлэх болно.
Та мөн өвөг дээдсийнхээ өмнөөс лацдан холбуулах ёслолыг хүлээн авах боломжтой. Ийнхүү та гэр бүлийнхээ бүх үеийг мөнхөд нэгтгэн, холбож чадна. Мөнхийн гэр бүлтэй байхыг хичээж эрмэлзэх нь энэ болоод ирэх амьдралд гайхамшигтай адислалуудыг авчрах болно.