Заах товхимлууд
Ариун сүмийн зорилго юу вэ?


Ариун сүмийн зорилго юу вэ?

Зураг
Хавайн Лаиэ ариун сүмийн ойр байгаа залуу гэр бүл

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.

Сайн мэдээний зарим ёслол, гэрээ нь ариун нандин зүйл учраас тэдгээрийг ариун сүм хэмээн нэрлэдэг онцгой газарт л хүлээн авахыг Бурхан бидэнд зөвшөөрдөг. Ариун сүм бол Бурханы өргөө бөгөөд дэлхийгээс тусгаарлагдсан ариун газар юм. Ариун сүмд та авралын төлөвлөгөөний тухай болон Христийн төгс жишээг хэрхэн дагах талаар суралцана. Бурханы хамгийн агуу адислалууд ариун сүмд л байдаг.

Судруудад Бурхан эрт дээр үеэс эхлэн хүмүүстээ ариун сүмүүдэд шүтэн биширч байхыг зарлигласан хэмээн заадаг. Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сүмээ сэргээсэн бөгөөд ариун сүм дахин баригдах ёстойг зааварласан. Газар дэлхий дээр ариун сүм байгаа нь Бурханы биднийг хайрлах хайрын илрэл юм. Ариун сүм дэх бүхий л зүйл Бурхан бол бидний Эцэг, Есүс Христ бол Түүний Хүү, дэлхийн Аврагч гэдгийг гэрчилдэг.

Сүмийн гишүүдийн хувьд ариун сүм бол газар дэлхий дээрх шүтэн бишрэх хамгийн ариун нандин газар. Ариун сүм бол шүтэн бишрэх бүхий л газраас хамгийн онцгой нь билээ. Ариун сүм гэр бүлүүд үүрд хамтдаа нэгдэж болох, хамгийн ариун нандин ёслолуудыг гүйцэтгэдэг цорын ганц ариун газар. Энэ нь мөн та Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойр байгаагаа мэдрэх амар амгалангийн болоод илчлэлтийн газар; гэр бүлийн харилцаа хүчирхэгжих, амьдралын асуудалтай холбоотой удирдамж эрэлхийлэх газар юм.

Хэдийгээр хүмүүс Сүмийн цуглааны байруудад шүтэн бишрэх цуглаанд очихоор уригддаг ч ариун сүм бол эдгээрээс өөр. Ариун сүмийг онцгойлон адисалсны дараа зочин гийчид ариун сүмийн үзэсгэлэнтэй, амар амгалан цэцэрлэгт талбайгаар зочилж болно. Харин ариун сүм рүү орох хаалга Сүмийн итгэлтэй гишүүдэд буюу эдгээр онцгой ёслол, гэрээ, адислалыг хүлээн авахад бэлтгэгдсэн хүмүүст зориулагдсан байдаг.

Зураг
ариун сүм рүү алхаж буй гэр бүл

Ариун сүм бол амар амгалан, аз жаргал, сүнслэг нөлөө хүлээн авах газар юм.

Ариун сүм бол Их Эзэний өргөө, Түүний хамгийн ариун нандин ёслолууд гүйцэтгэгддэг газар учраас Бурхан хүүхдүүддээ ариун сүмд орохоосоо өмнө хангах ёстой шалгуурыг тогтоож өгсөн. Та ариун сүмд орохоосоо өмнө баптисмын ярилцлагатай төстэй ярилцлагад орох болно. Уг ярилцлагыг ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлага гэж нэрлэдэг. Ярилцлагын үеэр танай бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч таныг зарлиг тушаалуудыг сахиж байгаа эсэхийг нотлох зорилгоор хэд хэдэн асуулт тавина. Хэрэв та зохистой, бэлтгэлтэй байвал ариун сүмд орохыг зөвшөөрсөн ариун сүмийн эрхийн бичиг хүлээн авах болно.

Та ариун сүмд өөрийн ёслолоос гадна өвөг дээдсийнхээ болон ёслол хүлээн авалгүй нас барсан бусад хүний өмнөөс ёслолуудыг хүлээн авах боломжтой. Эдгээрт баптисм, гишүүний баталгаа болон авралд шаардлагатай бусад бүх ёслол орно.

Хэвлэх