Заах товхимлууд
Манай гэр бүл Бурхантай хамт амьдрахын тулд хэрхэн тийшээ буцаж очиж болох вэ?


Манай гэр бүл Бурхантай хамт амьдрахын тулд хэрхэн тийшээ буцаж очиж болох вэ?

Бурхан танд болон танай гэр бүлд Өөрт нь буцаж очиход туслах нэгэн тодорхой төлөвлөгөө өгсөн. Энэ төлөвлөгөө бол Есүс Христийн сайн мэдээ юм. Бурхан хүүхдүүддээ хайртай учраас бүх хүнд энэ болон ирэх амьдралд сайн мэдээг сонсох, хүлээн авах боломж олдох болно. Та Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх, наманчлах, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлэг авах зэрэг ариун нандин ёслолуудыг хүлээн авснаар сайн мэдээг хүлээн зөвшөөрдөг. Ёслол* бол Бурханаас эрх мэдэл хүлээн авсан хүний гүйцэтгэдэг шашны ариун нандин зан үйл юм. Та ёслол хүлээн авах үедээ Бурханд хайртай гэдгээ харуулдаг бөгөөд таныг Түүнд ариун нандин амлалт өгөх үед Тэрээр танд ариун нандин амлалт өгдөг. Ёслол хүлээн авахад хийдэг амлалтуудыг гэрээнүүд гэж нэрлэдэг. Ёслолууд хүлээн авах, гэрээнүүдээ сахих зэрэг нь Бурханы оршихуйд буцаж очиход зайлшгүй хэрэгтэй.

Есүс ба Иохан Баптист

Иохан Баптист Есүст баптисм хүртээсэн.

Баптисм болон гишүүний баталгаа нь таны Түүний Сүмийн гишүүн болох үедээ хүлээн авах хамгийн анхны ёслолууд юм. Та зохих санваарын эрх мэдэлтэй хэн нэгнээр баптисм хүртээлгэн, гишүүнээр батлуулах үедээ Христтэй адил амьдрах, зарлиг тушаалуудыг сахих, бүхий л хийж байгаа зүйлдээ Христийг дурсан санахаа амладаг. Хэрэв та эдгээр зарлиг тушаалыг үнэнчээр сахивал Бурхан гэм нүглийг тань өршөөж, таныг Ариун Сүнстэй нөхөрлөх болно гэж амладаг. Баптисм, гишүүний баталгаа хоёр нь Бурхантай хамт амьдрах мөнх амьдрал руу хөтөлдөг таны зам дээрх хамгийн анхны ёслолууд юм.

Баптисм, гишүүний баталгаа зэрэг ёслолууд таныг Бурхан руу буцаж очиход нэн чухал. Бусад авралын ёслолд Мелкизедек санваар хүлээн авах (эрэгтэйчүүдийн хувьд), ариун сүмийн хишиг хүртэх, ариун сүмд мөнхийн гэр бүлийн хэсэг болж лацдан холбуулах зэрэг ёслол багтдаг. Та эдгээр ёслол, гэрээгээр дамжуулан Бурханы төлөвлөгөөний талаар илүү ихийг мэдэж авч, амьдралдаа Түүний хүчийг мэдрэх болно (С ба Г 84:20-ийг үзнэ үү). Эдгээр ёслол, гэрээ нь мөнх амьдрал руу аваачих замыг тэмдэглэдэг хувь хүний онцгой үйл явдлууд юм. Та Есүс Христэд итгэх итгэлээ үргэлжлүүлэн хөгжүүлж, наманчилж, Ариун Сүнсний нөлөөг даган, гэрээнүүдээ сахиснаар энэхүү замын төгсгөл хүртэл тэвчих болно. Бурхантай хийсэн гэрээнүүд танд хүч чадал өгч, зорилгыг тань мэдрүүлнэ. Та энэ амьдралдаа илүү аз жаргалыг мэдэрч, сүнслэг хүч тань ихсэн, хамгаалалт, удирдамж хүлээн авч, яваандаа Бурхантай болон гэр бүлтэйгээ мөнхөд хамт амьдрахад бэлтгэгдэх болно.

  • Улаанаар тэмдэглэсэн үгсийг 32–34-р хуудсан дээр тайлбарласан.