“Өөрийн итгэлийг тэтгэ,” Сэдэв ба асуулт (2023)
Асуухад нь бусдад туслах
Өөрийн итгэлийг тэтгэ
Бусдын ачааг үүрэлцэх нь ихээхэн хүчин чармайлт шаарддаг ба бодож ч байгаагүй арга замаар биднийг сорьдог. Сүнслэг байдлын хувьд өөртөө анхаарал тавьж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд тулгуурлахаа бүү мартаарай. Ослын үед онгоцонд сууж буй зорчигчдод эхлээд өөрөө хүчилтөрөгчийн маскаа зүүж, дараа нь бусдад туслахыг зааварчилдаг. Үүний нэгэн адил бид өөрсдийн итгэл, гэрчлэлийг тэжээн тэтгэх чухал ажлыг хийж байж л бусдад туслан дэмжиж чадна.
Дараах зарчмууд нь бусдад тохинуулах явцдаа өөрсдийн итгэлийг бэхжүүлэхэд тусална.
-
Юунд итгэж, юу мэдэрснээ бүү март. Ариун Сүнсний нөлөөг мэдэрч байсан үеэ эргэцүүлэн бод. Амар амгалан, баяр баясгалан, хайрыг мэдэрч, тодорхой ойлгож байснаа сана. Бурхан хэрхэн тантай хувьчлан ярьж, итгэлийг тань батлахыг мэдэрч байснаа бод. Таны өмнөх сүнслэг туршлага эргэлзээ, айдсаас хамгаалах эх ундарга, хамгаалалт болно.
-
Гэрчлэлээ үргэлжлүүлэн хөгжүүл. Сайн мэдээний талаарх гэрчлэлээ хөгжүүлэхэд тань тусалсан зүйлсээ үргэлжлүүлэх нь чухал. Тэдгээрт судраа унших, залбирах, ариун ёслолоос хүртэх, ариун сүмд шүтэн бишрэх, бусдад үйлчлэх зэрэг багтаж болох юм. Эдгээр энгийн зан үйл нь Сүнсний нөлөөг мэдэрч, үнэнч хэвээр үлдэхэд танд тусална.
-
Бусдад хүрч ажилла. Хэрэв найз нөхөд, гэр бүлийнхэндээ үйлчлэх ачаа тань хүнд санагдаж байвал та ганцаараа биш гэдгийг санаарай. Та итгэл хүлээсэн гэр бүлийн гишүүн, найз нөхөд, Сүмийн удирдагчид эсвэл мэргэжлийн хүмүүстэй холбогдож болно. Тэдний өрөвдөх сэтгэл, залбирал, мэдлэг чадвар Бурханыг танд ямар их хайртайг сануулан тусална. Тэд мөн асуултынхаа хариултыг олоход тусална.
-
Эрүүл харилцааны хил хязгаарыг тогтоо. Хэдийгээр бид бусдын асуулт, санаа зовоосон асуудлуудыг сонсож, дэмжиж туслахыг хичээх ёстой ч өөрсдийн хэрэгцээ, хязгаарыг хүлээн зөвшөөрөх ёстой. Таны сэтгэл, мэдрэмж бас чухал. Энэ явцад та айдас, бухимдал, уй гашууг мэдэрч болно. Хэрэв харилцан яриа тань хэтэрхий хүнд санагдвал юу мэдэрч байгаагаа илэрхийлж, өөр цагт ярилцахаар тохир. Таны хайртай хүн ярих бүрдээ өөрийн асуултыг ярианы гол сэдэв болгох гэж оролдох юм уу аливаа сэдвийн талаар итгэлийг тань доромжилсон байдлаар ярьж магадгүй. Та бусдын сонгосон замыг хүндлэх ёстой шиг тэд ч таныхыг хүндэтгэх хэрэгтэй. Хэрэв та хэн нэгний дүгнэснээс өөрөөр дүгнэхэд хүрсэн байлаа ч өөрийгөө тэднээс доогуур эсвэл ухаан муутай гэж бодох хэрэггүй.
-
Илүү сайн мэдээлэлтэй бол. Сайн дэмжигч байхын тулд аливаа асуудлаар мэргэшсэн байх шаардлагагүй. Гэхдээ мэдэхгүй сэдвийнхээ талаар суралцах нь ихээхэн тустай. Сүмийн сургаал, түүхийн талаар сайтар тунгаан бодож судал. Нийтлэг асуултуудыг сайн мэддэг бол. Эдгээр сэдвээр Сүмийн удирдагч, итгэлтэй мэргэжлийн хүмүүс юу хэлснийг сурч мэд. Энэ үйл явцад та олон зүйлийг сурч, сурсан зүйл тань буруу байсныг мэдэж авч, шинээр суралцана.
-
Хариултаа авахыг эрэлхийлэх зарчмуудтай танилц. Энэ материалын “Асуултынхаа хариултыг эрэлхийлэх” хэсэгт авч үзсэн зарчмуудыг судлан, тэдгээрийн дагуу үйлд.
Чухал судар: Лук 22:31–32; 1 Нифай 15:8–11; Иаков 4:6; Алма 32:41–43; Сургаал ба Гэрээ 6:14