Тохинууллын зарчмууд, 2019 оны 8-р сар
Би хэн нэгэнд өөрчлөгдөхөд нь тусалж чадах уу?
Чадна. Гэхдээ таны гүйцэтгэх үүрэг бодож байснаас тань өөр байж болох юм.
Лиахона, 2019 оны Наймдугаар сар
Биднийг өөрчлөгдөх чадавхтай бүтээсэн. Тэнгэрлэг чадавхдаа хүрэхийн тулд өсөж хөгжих нь мөнх бус амьдралын зорилго юм. Бидний тохинууллын хамгийн эцсийн зорилгуудын нэг бол Христэд ирж, Түүний оршихуйд эргэж очихын тулд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхэд нь бусдад туслах явдал билээ. Гэвч тэд сонгох эрхтэй тул Христтэй илүү адилхан болоход нь тэдэнд туслах бидний тусламж хязгаартай.
Бусдын өөрчлөгдөж, Аврагчтай илүү адилхан болохын тулд гаргаж буй хүчин чармайлтад бид хэрхэн тусалж болох талаар Аврагчийн үлдээсэн 7 хүчирхэг сургамжийг доор өгүүлэв.
-
Өөрчлөгдөхөд урихаас бүү ай
Аврагч бусдыг хуучин замаа орхин, сургаалыг нь хүлээн авахад урихаас айж эмээдэггүй байсан. Тэр Петр, Иаков хоёрыг ажлаа орхин, “хүмүүсийн загасчид бол” (Maрк 1:17) хэмээн урьсан. Тэр завхайрч байгаад баригдсан эмэгтэйг “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” (Иохан 8:11) хэмээн урьсан. Тэрээр баян залууг дэлхийн эд хөрөнгөө орхиж, Өөрийг нь дагахад урьсан (Марк 10:17–22-ыг үзнэ үү). Бид ч гэсэн бусдыг өөрчлөгдөж, Аврагчийг дагахад урихдаа зоригтойгоор, хайраар урьж болно.
-
Өөрчлөгдөх сонголтыг тэд хийдэг гэдгийг сана
Аврагчийн хийхийг урьж буй өөрчлөлтийг албадан хийлгэх боломжгүй. Аврагч зааж, урьдаг байсан ч хүчилдэггүй байсан. Баян залуу “гунигтайгаар холдон яв[сан]” (Матай 19:22). Капернаумд Түүний шавь нар “олноороо буца[хад]” Тэр Арван хоёроос бас явах эсэхийг нь асуусан (Иохан 6:66–67-г үзнэ үү). Иохан Баптистын зарим дагалдагч Аврагчийг дагахаар сонгосон бол зарим нь дагаагүй (Иохан 1:35–37; 10:40–42-ыг үзнэ үү). Бид бусдыг Түүнтэй илүү адилхан болоход урьж болох ч өөрчлөгдөх сонголтыг тэдний өмнөөс хийж чадахгүй. Хэрэв тэд өөрчлөгдөх сонголтыг хараахан хийгээгүй байгаа бол бид бууж өгөх ёсгүй ба бүтэлгүйтсэн гэж ч бодох хэрэггүй.
-
Бусдын өөрчлөгдөх чадварын төлөө залбир
Есүс өмгөөллийн залбирлынхаа үеэр шавь нарыг нь хилэнцээс хол байлгаж, Өөртэй нь болон Эцэгтэй илүү адилхан болгож, хайраараа дүүргэхийг Бурханаас гуйсан (Иохан 17:11, 21–23, 26-г үзнэ үү). Харин хүлээн авсан үүрэгт ажлаа гүйцэтгэж сурахад Петрт хүч чадал хэрэгтэй гэдгийг Аврагч мэдэж байсан тул түүний төлөө залбирсан (Лук 22:32-ыг үзнэ үү). Бидний бусдын төлөөх залбирал өөрчлөлт гаргах чадалтай (Иаков 5:16).
-
Аврагчийн хүчинд найдахыг тэдэнд заа
Бид үнэхээр зөвхөн Аврагчаар дамжуулан өөрчлөгдөж, бүгдээрээ өөр өөртөө байдаг тэнгэрлэг чадавхдаа хүрч, өсөж хөгжиж чадна. Тэр “зам, үнэн, амь … юм. Хэн ч [Түүгээр] дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6). Түүний хүч “сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болго[дог]” (Ифер 12:27). Аврагчийн гэтэлгэгч хүчинд итгэх Залуу Алмагийн итгэл өөрчлөгдөх боломжийг өөрт нь өгсөн юм (Алма 36:16–23-ыг үзнэ үү). Аврагчид найдсанаар Түүний цэвэршүүлэгч хүчийг амьдралдаа хүлээн авч болно гэдгийг бид бусдад зааж чадна.
-
Бусдад хандахдаа, ирээдүйд ямар хүмүүс болж чадахаар нь ханд
Хайр ба хүлээн зөвшөөрөх гэдэг хоёр зүйл бол өөрчлөлтийн хүчтэй хүчин зүйлүүд юм. Худгийн дэргэд байсан нэгэн эмэгтэй өөрийн нөхөр биш эртэй хамт амьдарч байв. Есүсийн шавь нар “Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад нь гайхсан боловч” (Иохан 4:27) Есүс тэр эмэгтэйн ирээдүйд ямар хүн болж чадахад санаа тавьж байлаа. Тэрээр түүнд зааж, өөрчлөгдөх боломжийг олгосон бөгөөд тэр ч боломжийг нь хүлээн авсан. (Иохан 4:4–42-ыг үзнэ үү.)
Бид бусдыг ирээдүйд ямар хүн болж чадахаар нь биш, харин өмнө нь ямар хүн байснаар нь харьцах юм бол тэднийг хойш татна. Үүний оронд бид өмнөх алдаа дутагдлыг нь уучилж, мартах ёстой. Бид хүмүүсийг өөрчлөгдөнө гэдэгт итгэж чадна. Бид сул талыг нь харалгүй, өөрсдөөсөө олж харахгүй байгаа эерэг зан чанаруудыг нь хэлж өгч болно. “Бид хүмүүсийг одоо ямар байгаагаар нь биш, харин ямар болсон байхаар нь харах үүрэг хариуцлагатай юм.”1
-
Тэдэнд өөрсдийн хурдаар явах боломж олго
Өөрчлөгдөхөд цаг хугацаа шаардагддаг. Бид бүгд “төгөлдөржих хүртлээ тэвчээрт үргэлжлүүл[эх]” (Сургаал ба Гэрээ 67:13) ёстой. Есүс хүмүүст тэвчээртэй хандаж, Түүнийг эсэргүүцсэн хүмүүст ч гэсэн үргэлжлүүлэн зааж, Эцэгийнхээ Өөрт нь хүлээлгэн өгсөн үүргийг гэрчилж, асуултад нь хариулдаг байсан (Матай 12:1–13; Иохан 7:28–29-ийг үзнэ үү). Бид хүмүүст тэвчээртэй хандаж мөн тэднийг өөрсдөдөө тэвчээртэй хандахад урамшуулж чадна.
-
Тэднийг хуучин замдаа эргэж орсон байсан ч бүү бууж өг
Христийг нас барсны дараа Петр болон зарим төлөөлөгч өмнө нь хийж заншсан зүйл рүүгээ эргэж орсон (Иохан 21:3-ыг үзнэ үү). Христийг Петрт “хоньдыг минь тэжээ” (Иохан 21:15–17) хэмээн сануулахад тэр тохинуулах ажилдаа эргэж орсон юм. Хуучин замдаа эргэж орох шиг амархан зүйл үгүй. Бид найрсгаар үргэлжлүүлэн дэмжиж болох бөгөөд Аврагчийг дагаж, Түүнтэй адилхан болохыг хичээх сүнсээр өдөөгдсөн урилгууд ар араасаа ирэх болно.
Бусдад өөрчлөгдөх боломж олго
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд бусдад өсөж хөгжих боломж олгох талаар нэгэн түүх ярьсан юм. Тэр: “Олон жилийн турш сургууль дээрээ зүсэн зүйлийн доог тохуунд өртдөг байсан нэгэн залуугийн тухай надад хэн нэгэн нь ярьж билээ. Түүнд зарим нэг сул тал байсан тул үе тэнгийнхэн нь тоглоом тохуу хийхэд амархан байдаг байж. Хожим нь тэр уг газраас нүүжээ. Тэр цэрэгт явж, боловсрол эзэмшиж, сайхан туршлага хуримтлуулан, ерөнхийдөө өнгөрсөн үеэ ардаа орхисон аж. Хамгийн чухал нь, цэрэгт ирсэн олон хүний адилаар тэр Сүмийн сайн сайхан болон сүр хүчийг ойлгож, Сүмд идэвхтэй явж, аз жаргалтай амьдрах болжээ.
Тэгээд хэдэн жилийн дараа, бага залуу үедээ амьдарч байсан хотдоо эргэн ирэв. Түүний үе тэнгийнхэн бүгдээрээ биш ч ихэнх нь нүүн шилжсэн байж. Түүнийг өнгөтэй өөдтэй, шинээр төрсөн мэт болоод өөрчлөгдөн эргэж ирэхэд нөгөөх л өмнө нь байсан хуучин сэтгэлгээ түүнийг угтжээ. Төрөлх хотынх нь хүмүүсийн хувьд, тэр хуучны “нэг тиймэрхүү” залуу хэвээр байв.
Өнгөрсөн үеэ орхиж, Бурханы өмнө нь тавьж өгсөн шагналаас бага багаар хүртэхийн тулд уг эрийн гаргаж байсан Паулынхтай адил хүчин чармайлт аажим аажмаар үгүй болж, идэр залуу үедээ амьдарч байсан нөгөөх бахь байдалдаа насан эцэслэсэн гэдэг. Тэр ирээдүйг нь биш, өнгөрсөн үеийг нь илүү сонирхдог … хүмүүсээр дахин хүрээлэгдсэн нь юутай харамсалтай, юутай тусгүй хэрэг вэ! Христийн атгасан байсан түүний гарыг тэд булаан авсан байлаа. Тийнхүү тэрээр буруу гэж чичлүүлэх зүйл бараг хийгээгүй ч хорвоог харамсалтайгаар орхисон юм.
“Хүмүүст наманчлах боломж олго. Хүмүүст өсөж хөгжих боломж олго. Хүмүүсийг өөрчлөгдөж, төгөлдөржиж чадна гэдэгт итгэ.”2
© 2019 Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/18.Орчуулгын зөвшөөрөл: 6/18. Ministering Principles, August 2019-ийн орчуулга. Mongolian. 15769 363