Тохинууллын зарчмууд, 2019 оны 3-р сар
Гэрчлэлээ илүү энгийн байдлаар хэрхэн хуваалцах вэ?
Тохинуулал бол гэрчлэх явдал юм. Тохинууллын уян хатан байдал нь гэрчлэлээ албан болон албан бус арга замуудаар хуваалцах боломжуудыг маань ихэсгэнэ.
Бид “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч” (Мозая 18:9) болно хэмээн гэрээ байгуулсан. Гэрчлэлээ хуваалцах нь гэрчлэгч болохын нэг хэлбэр бөгөөд хэн нэгний зүрх сэтгэлийг хөндөж, амьдралыг өөрчлөх Ариун Сүнсийг урих хүчирхэг арга юм.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхийлөгч Рассэлл М.Баллард “Сүнснээс ирж, Ариун Сүнсээр баталгаажсан жинхэнэ гэрчлэл амьдралыг өөрчилдөг” гэж хэлсэн байдаг.1
Гэвч гэрчлэлээ хуваалцах нь бидний заримд сүрдмээр бас эвгүй байж болно. Энэ нь гэрчлэл хуваалцахыг мацгийн болон гэрчлэлийн цуглаан дээр эсвэл хичээл зааж байхдаа хийдэг зүйл гэж бидний боддогоос болж байж магадгүй. Ийм албаны байдалд бид энгийн ярианд тохиромжгүй тодорхой үг хэллэг их хэрэглэдэг.
Бид итгэдэг зүйлээ өдөр тутмын амьдрал дээрээ хуваалцах нь ямар энгийн болохыг ойлгох үед энэ нь бидний болон бусдын амьдралд илүү байнгын адислал болж чадна. Үүнийг хийж эхлэхэд тань туслах хэдэн санааг харуулав. Үүнд:
Энгийн байлга
Гэрчлэлээ “би гэрчлэлээ хуваалцмаар байна” гэсэн хэллэгээр эхэлж, “Есүс Христийн нэрээр, амен” гэж дуусгах шаардлагагүй. Гэрчлэл бол үнэн гэж итгэдэг мөн үнэн гэдгийг нь мэддэг зүйлийн илэрхийлэл юм. Тиймээс асуудалтай байгаа хөрштэйгөө гудамжинд тааралдаад, “Бурхан залбиралд хариулдаг гэдгийг би мэднэ” гэж хэлэх нь сүмийн индэр дээрээс хуваалцсан аливаа гэрчлэлээс дутуугүй хүчтэй байх болно. Хүч чадал гоё сайхан үгсээс биш, харин үнэнийг нь баталдаг Ариун Сүнснээс ирдэг (Сургаал ба Гэрээ 100:7–8-ыг үзнэ үү).
Энгийн ярианд тохируул
Хэрэв бид хуваалцах хүсэлтэй байвал өдөр тутмынхаа яриануудад гэрчлэлээ багтаах боломж бидний эргэн тойронд бий. Жишээлбэл:
-
Хэн нэгэн таны амралтын өдрүүдийн талаар асуужээ. “Сайхан байсан! Сүм яг надад хэрэгтэй байсан тэр зүйл байлаа” гэж та хариулж болно.
-
Хэн нэгэн таны амьдралд тохиолдсон бэрхшээлийг олж мэдсэнийхээ дараа “Надад их харамсалтай байна” гэж харамсаж байгаагаа илэрхийлжээ. Та ингэж хариулж болно. “Санаа тавьж байгаад баярлалаа. Бурхан намайг дэмжинэ гэдгийг би мэднэ. Тэр өмнө нь ч надад тусалж байсан.”
-
Хэн нэгэн “Энэ муухай цаг агаар хэзээ өөрчлөгдөх бол” эсвэл “автобус ч хоцрох нь мэдээж” гэх юм уу “энэ түгжрэлийг ээ” гэж хэлж болно. Та “Бүх зүйлд Бурхан туслах нь гарцаагүй” гэж хариулж болно.
Туршлагаа хуваалц
Бид бүгд бэрхшээлүүдийнхээ тухай бие биетэйгээ байнга ярьдаг. Хэн нэгэн танд өөрт тулгараад байгаа зүйлийн тухай хэлбэл, Бурхан зовлон бэрхшээлтэй үед тань тусалсан үеийг хуваалцаж, тэдэнд ч бас туслах болно гэдгийг мэднэ гэдгээ гэрчилж болно. Их Эзэн “мөн та нар цаашид миний гэрчлэгчид болон зогсох болно, мөн та нар, Их Эзэн Бурхан би өөрийн хүмүүст тэдний зүдгүүрт үед зочилдгийг та нар гарцаагүй мэдэж болохын” тулд зовлон бэрхшээлд маань биднийг хүчирхэгжүүлнэ хэмээн хэлдэг (Moзая 24:14). Тэрээр бидний зовлон бэрхшээлд хэрхэн тусалж байсан тухай гэрчилснээр бид Түүний гэрчлэгчид болон зогсож чадна.
Бэлтгэлтэй бай
Бидний заримд санаандгүй байдлаар гэрчлэлээ хуваалцах нь эвгүй байж болно. Бидэнд урьдчилан төлөвлөх арга замууд байгаа бөгөөд “[бидний] найдварын … талаар [биднээс] асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай” (1 Петр 3:15).
Нэгдүгээрт, бэлтгэлтэй байна гэдэг бол хэрхэн амьдарч байгаагаа анзаарах явдал юм. Бид Ариун Сүнсийг өөрсдийн амьдралд урьж, зөв шударга амьдарснаар өдөр бүр гэрчлэлээ хүчирхэгжүүлж байна уу? Бид Сүнсэнд бидэнд хандан ярих боломжийг мөн хэрэгтэй үгсийг минь залбирах, судар судлах зэргээр дамжуулан бидэнд өгөх боломжийг олгож байна уу? Их Эзэн Хайрум Смитэд зөвлөсөнчлөн “Миний үгийг тунхаглахыг бүү эрэлхийл, харин эхлээд миний үгийг олж авахыг эрэлхийл, мөн тэгвэл хэл чинь чөлөөтэй байх болно” (Сургаал ба Гэрээ 11:21).
Хоёрдугаарт, бэлтгэлтэй байх нь тухайн өдөр юм уу долоо хоногт гэрчлэлээ хуваалцаж болох боломжуудыг урьдчилан харах мөн бодох гэсэн утгатай. Та итгэдэг зүйлээ хуваалцах завшааныг хэрхэн ашиглаж болох тухай бодсоноор эдгээр боломжид бэлдэж чадна.
Аврагч болон Түүний сургаал дээр төвлөрсөн хэвээр бай
Ерөнхийлөгч Баллард “Хэдийгээр бид Сүмийн гишүүний хувьд олон зүйлийн талаар гэрчлэлтэй байж болох ч бие биедээ тогтмол зааж, хуваалцаж байвал зохих үндсэн үнэнүүд бий” гэж заасан. Тэр дараах зүйлсийг жишээ болгон жагсаажээ. “Бурхан бол бидний Эцэг бөгөөд Есүс бол Христ юм. Авралын төлөвлөгөө Аврагчийн Цагаатгалд төвлөрдөг. Иосеф Смит бол Есүс Христийн үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээсэн ба Мормоны Ном нь бидний гэрчлэл үнэн гэдгийн баталгаа юм.” Бид эдгээр чин сэтгэлийн үнэнүүдийг илэрхийлснээр бидний хэлсэн зүйлс үнэн гэдгийг гэрчлэх Сүнсийг урьдаг. Ерөнхийлөгч Баллард “Христийн тухай цэвэр ариун гэрчлэлийг хуваалцаж байхад Сүнс хүлээтэй байж чадахгүй хэмээн” онцолсон.2
Аврагчийн үлгэр жишээ
Самариар хөндлөн гулд аялж, эцэж цуцсан Аврагч худгийн дэргэд түр амраад, нэгэн эмэгтэйтэй уулзсан. Тэрээр худгаас ус татах тухай ярьснаар яриагаа эхэлжээ. Энэ эмэгтэйн хийж байсан өдөр тутмын үйлдэл Есүсийг Өөрт нь итгэсэн бүх хүнд боломжтой байх амьд ус болоод мөнх амьдралын тухай гэрчлэх боломжийг олгосон (Иохан 4:13–15, 25–26-г үзнэ үү).
Энгийн гэрчлэл хүмүүсийн амьдралыг өөрчилж чадна
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хүнд мэс ажилбарын дараа тухайн үеийн Нэлсон эмчид асуулт тавьсан нэгэн сувилагчийн тухай өгүүлсэн. “Та яагаад бусад мэс засалчтай адилгүй юм бэ?” Түүний мэддэг зарим мэс засалч ийм ачаалал ихтэй мэс ажилбарыг гүйцэтгэж байхдаа цухалдаж, хараал хэлэх нь бий.
Нэлсон эмч энэ асуултад хэдэн ч арга замаар хариулж болох байсан. Гэвч тэрээр энгийнээр “Учир нь би Мормоны Ном үнэн гэдгийг мэддэг” гэж хариулжээ.
Түүний хариулт сувилагчийг нөхөртэйгөө хамт Мормоны Номыг судлахад өдөөсөн юм. Хожим нь ерөнхийлөгч Нэлсон тэр сувилагчид баптисм хүртээжээ. Хэдэн арван жилийн дараа ерөнхийлөгч Нэлсон АНУ-ын Теннессий мужийн нэгэн гадасны чуулганыг шинэхэн томилогдсон төлөөлөгчийн хувьд тэргүүлж байхдаа тэр сувилагчтай санамсаргүй таарч уулзсандаа баяртай байв. Түүний энэ энгийн гэрчлэл болон Мормоны Номын нөлөөгөөр хөрвөсөн явдал өөр 80 хүний хөрвөлтийн эхлэлийг тавихад тусалсан гэж тэр эмэгтэй өгүүлжээ.3
Үйлдэхэд урь
Гэрчлэлээ хуваалцахаас бүү ай. Энэ нь таны тохинуулдаг хүмүүсийг адисална. Өнөөдөр гэрчлэлээ хуваалцахдаа та нар эдгээр санааг юм уу өөрсдийн санааг хэрхэн ашиглах вэ?
© 2019 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/18. Орчуулгын зөвшөөрөл: 6/18. Ministering Principles, March 2019-ийн орчуулга. Mongolian. 15764 363